Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00353

 

 

 

 

 

 

 

       2024         02            21                                            210/МА2024/00353          

              

 

С.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т*******эд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Т*******тэй зээлийн гэрээ байгуулан, 8,000,000 төгрөгийг, сарын 500,000 төгрөгийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлэх, ******* УБХ улсын дугаартай ******* арлын дугаартай, “Тоуоtа Land 80” маркийн, хөх өнгөтэй авто машиныг унаж явах нөхцөлийг харилцан тохиролцсон барьцаалсан.

1.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдэгч Т*******ийн “Хаан банк” ХК дахь 5039296893 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Т******* нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Иймээс хариуцагчаас үндсэн зээл 8,000,000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

1.3. Мөн миний бие хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэмж 10,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй тул хариуцагчаас нийт 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч Т******* нь нэхэмжлэгч С.*******аас 8,000,000 төгрөг зээлж авч байгаагүй бөгөөд 2021 оны 05 дугаар сард манай нөхөр Д.******* нь самарт явах зорилгоор нэхэмжлэгчтэй уулзаад 8,000,000 төгрөг авсан байсан юм. Өөрөөр хэлбэл, манай нөхөр Д.******* болон нэхэмжлэгч С.******* хоёрын хооронд амаар хэлцэл хийсэн. Үүнээс хойш нэг сар гаруй хугацааны дараа манай нөхрийг хөдөө модонд байхад нь С.******* над руу залгаад заавал гэрээ хийх хэрэгтэй байна, энэ гэрээнд гарын үсэг зураад өг гэж байсан. Ингээд намайг очиход миний машиныг барьцаалсан зээлийн гэрээг бичгээр байгуулаад нотариатаар гэрчлүүлсэн.

2.2. Нэхэмжлэгч С.******* нь өөрөө самрын ченж хийдэг хүн учир манай нөхөрт “... би ирэхээр чинь самрыг чинь авна ...” гэж хэлээд мөнгө зээлдүүлсэн гэж байсан. Гэтэл их самартай ирээгүй. С.******* намар манай нөхрийг хөлслөөд самарт яваад ирэхдээ авч ирсэн самрынхаа ашгаас өгөх байсан 11,000,000 төгрөгийг өөрөө аваад “ ... ах нь чиний машиныг барьцаалсан 8,000,000 төгрөгийг буцааж авахгүй ...” гэж нөхөрт хэлсэн гэсэн.

2.3. Үүнээс хойш нэхэмжлэгч С.******* нь мөнгөө нэхээд байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөгийг түүний өгсөн “ХААН банк” ХК дахь 5075081817 тоот дансанд шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч тал манай нөхрийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу шалгаад ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй бөгөөд мөнгийг буцаагаад өгсөн гээд хэргийг хаасан.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* миний бие 9,500,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин 10,000,000 төгрөгийг огт төлөх ёсгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч С.*******, гэрч Ж.******* нар бид нарын түүж ирсэн самрыг аваад явсан, уг 10,000,000 төгрөг бол зээл биш, харин самар авах зорилгоор уул руу самарт явуулсан хүмүүсийн хоол хүнс, унааны зардал бөгөөд үүнийг С.******* өөрөө ч мэдэж байгаа, гэрч Ц.Оюунбаатар, Р.Энхбаяр, Ж.******* гэрчлэх болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т*******ээс 9,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

4.2. С.*******, Ж.******* нараас Д.******* нь эхнэр Т*******ээрээ дамжуулан 50 гаруй сая төгрөг зээлж аваад самарт явсан байдаг юм. Самарын гарц муу байсан тул авсан зээлээ бүрэн төлж чадаагүй. Тэгээд зээлийн үлдэгдлээ төлөөгүй учир С.*******, Ж.******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж Ж.******* 29,500,000 төгрөг, С.******* 8,000,000 төгрөг нэхэмжилсэн, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг хаагдсан. Д.*******ын мэдүүлэгт 38,000,000 төгрөгийн өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөрөө иргэний шүүхийн журмаар гаргуулахаар тус тусдаа нэхэмжлэл гаргаад явж байна. Ж.*******ын 29,500,000төгрөгнөөс 10,000,000 төгрөг нь С.*******ын мөнгө байсан ба Ж.******* нь С.*******т хэлээд 10,000,000 төгрөгийг Т*******эд шилжүүлсэн байдаг юм.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-т “ ... гэсэн тайлбараас тус тус үзвэл зохигчдын маргаж байгаа 10,000,000 төгрөгийг гэрч Н.*******, аль эсхүл нэхэмжлэгч С.*******ын хэн нь хариуцагч Т*******, эсхүл түүний нөхөр Д.*******т зээлдүүлсэн, эсхүл өөр учир шалтгааны улмаас өгсөн болох нь тодорхойгүй, гэрч Ж.******* нь хариуцагч Т*******эд холбогдуулан дээрх мөнгийг түүнээс мөн адил нэхэмжилж байгаа ажээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь С.*******ын данснаас 10,000,000 төгрөгийг Т*******ийн дансруу шилжүүлсэн байдаг. Тэрийгээ ч гомдол, мэдүүлэгтээ өгсөн байдаг. С.*******ын данснаас 10,000,000 төгрөг шилжүүлснийг Ж.******* нэхэмжлэх ямар ч боломж байхгүй юм. Тодорхой баримт нотолгоогүй, нэхэмжлэл гаргасан гэсэн сургаар хэргийг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т*******ээс зээлийн гэрээний дагуу 9,500,000 мөн нэмж зээлсэн 10,000,000 буюу нийт 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Миний бие “*******-80” маркийн автомашин үлдээж, “самар авчирч өгнө” гэж хэлээд 8,000,000 төгрөгийг сарын 500,000 төгрөгийн хүүтэйгээр авсан. Гэвч самрын гаралт муу, шавар ихтэй байсан учраас “С.******* нь мөнгө авахаа болилоо, намар чи самарт яваад өг” гэсний дагуу 2 сарын турш би явж өгсөн.

Миний бие 2 сарын турш ууланд машин барьж яваад 2 тонн самартай ирсэн. Гэвч С.******* тухайн самарт явсан хүмүүст мөнгийг нь өгөөгүй. Мөн С.******* гэрээний төлбөрийг нэхэмжилсэн учраас би 7,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Тухайн үед самрын ханшийг 12,000 төгрөг байна гэж хэлсэн боловч 20,000 төгрөгийн үнэтэй байхад намайг хууран мэхэлсэн. Гэвч тухайн үеэс хойш 1 жилийн дараа “намайг самарт яваад өг гэж асуухаар нь би явахгүй” гэж хэлээд маргаан үүссэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.Нэргүйд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 9,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3979 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч С.******* нь 8,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар, сарын 500,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Т******* нь зээл, хүүг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-3/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

5. Нэхэмжлэгч С.******* нь гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг хариуцагч Т*******эд шилжүүлсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байхаас гадна зохигч маргаангүй байна. Иймээс хариуцагч Т*******ээс үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

6.1. Тодруулбал, С.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк  дахь ******* дугаарын данснаас хариуцагч Т*******ийн ******* дугаартай данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигч талууд маргаангүй. /хх-62/

6.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.******* нь “...Д.******* гар утсан дээрээ самар ургасан талаар бичлэг хийчихсэн 20-25 тонн цайруулсан самар гарна, зах зээлийн ханшнаас 2000 төгрөг доогуур өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ж.******* гэх хуурай дүүгээс ... 2021.09.19-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. .... шилжүүлсэн гэх мөнгөнүүд нь хоол, хүнс, унаа, бензин зэрэгт зарцуулна гэж авсан ...” гэсэн,  Ж.*******  “... ******* ******* ахад самар түүсэн зургаа харуулсан байсан. Самраа авчираад зах зээлийн ханшнаас 2000 төгрөгөөр доогуур өгнө гэж байна, одоо мөнгийг өгчих гэж хэлсэн, ... 2021.09.19-ний өдөр 10,000,000 төгрөг ... өгсөн, тухайн үед бага зэргийн самар орж ирсэн боловч ******* ахаас авсан мөнгөндөө самраа өгчихсөн, харин надад самар өгөөгүй” гэсэн мэдүүлэг тус тус өгч байжээ. /хх-68-69, 79/

6.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ж.******* нь “... 10,000,000 төгрөг нь С.*******ын мөнгө, ... буулгаж ирсэн 11,000,000 төгрөгийн самарнаас С.******* юу ч аваагүй, би авсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна. /хх-102-103/

6.4. Хариуцагч Т*******ийн ХААН банк дахь 5039296893 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл, 2021.09.19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн орлого орсноос хойш хийсэн зарлагын утгад “хүнс, урьдчилгаа, тамхи, тос, масло, шатахуун, сэлбэг” гэх  агуулга тусгажээ. /хх-83-84/

 

7. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т*******эд 10,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн гэх үйл баримт хэргийн баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

8. Дээрх үндэслэлээр “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй” гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   Ч.ЦЭНД