Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 473

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, ОЗ56071517 регистртэй, Монголмууд овогт Бямбын Доржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд төрсөн. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 16 настайгаасаа буюу 1972 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1990 он хүртэл хонь маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатй болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтрэ гээгдсэн учраас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Дорж нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1972 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Бямбын Доржийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар цалингийн тодорхойлолт,

2. Б.Доржийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа буюу 1980 онд авахуулсан фото зураг,

3. Итгэмжлэл,

4. Гэрч М.Долгорын шүүхэд өгсөн: Би 1960 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1990 он хүртэл мал маллаж байсан. Би Б.Доржийг нэг нутгийн хүмүүсийн хувьд хар багаас нь таньж мэдэх бөгөөд Б.Дорж 3 дугаар ангиа төгсөөд шууд мал дээр гарч эхэлсэн хүүхэд юм. Улмаар нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан. Түүний аав, ээж нь мөн нэгдлийн малыг насаараа малласан хүмүүс байсан, түүний эхнэр Цожоо нь мөн нэгдэлд ажиллаж байсан одоо ч малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Тухайн үед нэгдлийн даргаар Т.Цэвээн, н.Доржсүрэн, н.Орших гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

5. Гэрч Ш.Гармаагийн шүүхэд өгсөн: Би Би 1967 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1990 он хүртэл мал маллаж байсан. Б.Доржийг нэг нутгийн хүмүүс тул багаас нь танина. Б.Доржийг хэдэн оноос нэгдэлд малчнаар ажилд орсныг санахгүй байгаа боловч намайг нэгдэлд орсноос хойш санагдаж байна. Бид нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан. Б.Дорж нь ажиллах хугацаандаа 3 жилийн цэргийн алба хаасан гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Долгор, Ш.Гармаа нарын Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Б.Дорж нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Б.Доржийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг малчнаар ажиллаж авч байсан талаарх цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1980 онд авахуулсан фото зураг, гэрч М.Долгор, Ш.Гармаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Б.Доржийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Харин нэхэмжлэгч нь 1972 оны 1 дүгээр сараас 1979 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх боловч гэрч Ш.Гармаагийн Б.Доржийг хэдэн оноос нэгдэлд малчнаар ажилд орсныг санахгүй байгаа боловч намайг нэгдэлд орсноос хойш санагдаж байна гэх мэдүүлэг, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Дорж нь 1972 оны 1 дүгээр сараас 1979 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1972 оны 1 дүгээр сараас 1979 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Доржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гаасүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Миний бие иргэн Б.Доржийн шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох ёстой. Гэтэл манай эгчийн хүүхэд хүнд өвчний улмаас хөдөө явах болсон тул шүүх хуралд оролцох боломжгүй боллоо. Иймд миний хүсэлтийг харгалзан намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголмууд овогт Бямбын Доржийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1972 оны 1 дүгээр сараас 1979 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Доржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.БОЛОР