Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 499

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч О.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Л- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0121 30665 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Л, 1976 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Их Говь Энержи” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар баг, Санжинт ойчидын 14 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, 

 

Шүүгдэгч О.Л нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-Апартмент” хотхоны 7б байрны 36 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Алтанцэцэгтэй маргалдан, улмаар сандлаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Ц.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав дээрээ ирж золгосон. Л ажлаасаа бууж ирсэн. Аавынхаас 16 цагийн орчим гараад Л-ийн хамаатны залуу болох Даваадоржийн гэрт очсон. Тэнд очоод нилээн архи уусан. Гэхдээ ухаан алдатлаа ууж согтоогүй. Тэр айлын эхнэрийн найз гээд эхнэр нөхөр хоёр орж ирсэн. Тэр найзынх нь нөхөр нь согтуу орж ирээд Л-той маргалдсан. Тэгсэн чинь Л намайг “хүний хүн өмөөрлөө” гээд миний цээж рүү гараараа 1 удаа цохьсон, би бас зөрүүлээд цохьсон. Айлын нөхөр бид хоёрын хэрүүлийг салгаад намайг унтлагын өрөө рүү дагуулаад явж байтал Л сандал аваад миний толгой руу 1 удаа цохьсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Архи хааяа уудаг, агсам согтуу тавиад байдаггүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Яллагдагч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би Алтанцэцэгтэй маргалдаад уурандаа сандал аваад толгой руу нь 1 удаа цохьсон. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтэнд дурьдсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм явдал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2208 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Алтанцэцэгийн биед тархи  доргилт, зулайн хуйханд шарх тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. /хх-ийн 20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Л нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-Апартмент” хотхоны 7б байрны 36 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Алтанцэцэгтэй маргалдан, улмаар сандлаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ц.Алтанцэцэгийн: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...айлын эхнэрийн найз гээд эхнэр нөхөр хоёр орж ирсэн. Тэр найзынх нь нөхөр нь согтуу орж ирээд Л-той маргалдсан. Тэгсэн чинь Л намайг “хүний хүн өмөөрлөө” гээд миний цээж рүү гараараа 1 удаа цохьсон, би бас зөрүүлээд цохьсон. Айлын нөхөр бид хоёрын хэрүүлийг салгаад намайг унтлагын өрөө рүү дагуулаад явж байтал Лхагвадорж сандал аваад миний толгой руу 1 удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Алтанцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Л нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Л-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Л нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР