Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 474

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-06 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОЭ66021001 регистртэй, Оготор овогт Тожийн Тогтуурын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т.Тогтуур шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Тогтуур нь 1966 онд төрсөн, 50 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би Увс аймгийн Тариалан сумын 8 жилийн сургуулийн 8-р анги төгсөөд 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчаар орж, улмаар тэндээ 1987 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж, нэгдлийн сарлаг, үхэр сааж байсан. Мөн Хөдөө аж ахуйн яам, Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дүгээр тушаалаар жимсчний мэргэжил эзэмшүүлэх сарын курсад суралцаж, жимсчнээр ажилд орж, 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1989 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тушаалаар үйлчлэгчийн ажилд орж, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1989 оныг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй, мөн хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, Тариалан сумын “Туяа” нэгдэл 1990 онд тарсан тул одоо хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болоод байна. Энэ жил би 50 нас хүрч тэтгэвэр авах эрх үүсэж байгаа бөгөөд тэтгэврээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд саальчнаар, 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яам, Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд жимсчнээр, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харъяа Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний зарим тушаал болон бичиг баримтуудад овгийг маань Оньдоо гэж бичигдсэн байдаг юм. Учир нь миний аав Тож нь намайг бага байхад нас барсан ба би ээжтэйгээ хамт ажиллаж амьдарч байсан тул бичиг баримтуудад ээжээр маань овоглосон байгааг харгалзан үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Тогтуур нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл малчнаар /саальчин/, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүртэл жимсчнээр, Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Оньдоогийн Тогтуурын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэл, ШУҮН, МТХУГ-т 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот “Жимсний мэргэжил олгох түр курс нээж ажиллуулах тухай” тушаалын хавсралтын 13-рт “Ондоо овогтой Тогтуур” бичигджээ,

3. Увс аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот “Үйлчлэгчээр ажиллуулах тухай” тушаалд “Оньдоо овогтой Тогтуурыг 3 дугаар сарын 20-иос эхлэн үйлчлэгчээр түр ажиллуулсугай” гэжээ,

4. Гэрч Ц.Намсрайгийн шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд няраваар 1971-1995 он хүртэл ажилласан. Т.Тогтуурыг хар багаас нь мэдэх бөгөөд түүний эцэг нь нас барахад 4, 5 дугаар ангиасаа сургуулиас гарч мал малласан хүн байгаа юм. Миний санаж байгаагаар 1982 оноос 1987 он хүртэл “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаад Улаангом сум руу гэр бүлтэй болоод шилжсэн. Түүний нөхөр нь Улаангом суманд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд ажилладаг байсан бөгөөд Т.Тогтуур нь шилжиж очоод мөн тэнд ажилласан байхаа. Тухайн үед “Туяа” нэгдлийн даргаар Т.Пүрвээ, Г.Баазар, Цэндсүрэн нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ю.Сүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 1988 он хүртэл ажилласан. Т.Тогтуур нь намайг 1987 онд ажилд ороход тус байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан бөгөөд намайг ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Тухайн үед манай байгууллага нь 30 гаруй цэцэрлэгчинтэй байсан бөгөөд бид өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл чацарганы талбайд жимс арчлах, түүх зэрэг ажлуудыг хийдэг байлаа. Тухайн үед манай байгууллагын даргаар Д.Волоож, бригадын даргаар Янжив гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч О.Басангийн шүүхэд өгсөн: “Би Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт грушик, гагнуурчнаар 1980 оноос 1990 он хүртэл ажиллаад, 1990 оноос Худалдаа хангамжийн удирдах газар нэртэй болоход харуулаар, “Арилжаа” ХХК болоход манаачаар тус тус 1995 он хүртэл ажилласан юм. Т.Тогтуур нь 1989 онд манай байгууллагад үйлчлэгчээр ажилд орж 1995 он хүртэл ажилласан санагдаж байна. Т.Тогтуур нь өөрт оногдсон ажлаа сайн хийгээд явдаг ажилчин байсан юм. Тухайн үед манай байгууллагын даргаар Б.Шинэн  гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ц.Намсрайгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар болон Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ю.Сүрэнгийн Увс аймгийн Улаангомын ШУҮН-д ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч О.Басангийн Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт  ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Т.Тогтуур нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл малчнаар /саальчин/, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүртэл жимсчнээр, Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь  Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Оньдоогийн Тогтуурын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэл, ШУҮН, МТХУГ-т 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот “Жимсний мэргэжил олгох түр курс нээж ажиллуулах тухай” тушаал, Увс аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот “Үйлчлэгчээр ажиллуулах тухай” тушаал, гэрч Ц.Намсрай, Ю.Сүрэн, О.Басан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Тож овогтой Тогтуурын эцэг нь Бариагийн Тож, эх нь Дэнцэнгийн Оньдоо болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн 1 дүгээр маягтын лавлагаагаар тогтоогдож байгаа тул Оньдоо овогтой Тогтуур нэртэй цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот “Жимсний мэргэжил олгох түр курс нээж ажиллуулах тухай” тушаал, Увс аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот “Үйлчлэгчээр ажиллуулах тухай” тушаалуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.

      Иймд нэхэмжлэгч Т.Тогтуурын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл 4 жил, 9 сар, 19 хоног малчнаар, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 1 жил, 10 сар, 30 хоног жимсчнээр, Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 сар, 11 хоног үйлчлэгчээр, нийт 7 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Тогтуурын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч Т.Тогтуурт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Т.Тогтуур миний бие нь Увс аймаг дахь Сум дундын Иргний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэтэл төрсөн ах Т.Сэрээ маань даралт харваад хүнд байгаа тул 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр яаралтай Улаанбаатар хот руу явах гэж байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оготор овогт Тожийн Тогтуурын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл 4 /дөрөв/ жил, 9 /ес/ сар, 19 /арван ес/ хоног малчнаар, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 30 /гуч/ хоног жимсчнээр, Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газарт 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ сар, 11 /арван нэг/ хоног үйлчлэгчээр, нийт 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Тогтуурын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР