Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00393

 

 

 

 

 

 

 

       2024          02            26                                          210/МА2024/00393                          

 

 

“******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******д холбогдох,

 

30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “******* *******” ХХК нь******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газарт барилга барихаар төлөвлөж, шугам сүлжээ тавихын тулд зэргэлдээ газар эзэмшигч Б.*******тай харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, холбогдох зөвшөөрлийг авсан.

1.2. Тус гэрээгээр Б.******* нь өөрийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 146002/0178, 18644310229783 дугаартай, 1600 м.кв талбай бүхий газар дээр “******* *******” ХХК-ийн дулааны шугам сүлжээний барилга байгууламж, барих зөвшөөрлийг олгох, төлбөрт нь 30,000,000 төгрөг авахаар тохиролцсон.

1.3. “******* *******” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу газар ашиглах нөхөн төлбөрт 30,000,000 төгрөгийг иргэн Б.*******гийн заасан этгээдийн дансанд шилжүүлсэн.

1.4. Манай байгууллага 2020 онд шугам сүлжээний барилга байгууламж барих ажлаа эхлүүлэх үед Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Б.*******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Тиймээс манай компани шугам сүлжээний барилга байгууламжаа өөр газар дээгүүр барьж байгуулсан болно.

1.5. Хариуцагчийн газар дээгүүр дулааны шугам сүлжээ барьж байгуулах боломжгүй болсон тул нөхөн төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгөө буцаан шаардахад өгөөгүй тул уг мөнгийг  Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “******* *******” ХХК болон Б.******* нарын хооронд байгуулсан гэрээний дагуу Б.*******гийн газар дээгүүр барилгын шугам сүлжээний ажил хийгдэх ёстой байсан.

2.2. Гэтэл 2020 онд буюу 3 жилийн дараа барилгын шугам сүлжээний ажлаа эхлүүлсэн, өөр газар дээгүүр ажлаа хийсэн тухай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг гардан авахдаа мэдсэн. Нэхэмжлэлд дурдсан газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буюу Б.*******гаас шалтгаалахгүйгээр хүчингүй болгосон.

2.3. Мөн “******* *******” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 4 жил өнгөрсөн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан тул уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2.4. “******* *******” ХХК нь гэрээний төлбөр 30,000,000 төгрөгийг С.*******ид хүлээлгэн өгсөн баримтыг хэрэгт өгсөн байна. Гэрээний төлбөрийг Б.******* өөрөө хүлээн аваагүй бөгөөд төлбөр хүлээлгэн өгсөн С.*******оос нэхэмжлэх эрхтэй. “******* *******” ХХК нь Б.*******гаас дээрх төлбөрийг шаардах эрхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.*******гаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч С.*******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04500 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүхээс надад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэнд мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг  зөрчиж тус өдрийн шүүх хуралдаанд намайг төлөөлөн оролцсон төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаагүй оролцуулсан. Миний өмгөөлөгч авах, өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах эсвэл өөрийн биеэр тайлбар, нотлох баримт нэмж гаргаж өгөх боломжгүй болсон ба шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг дордуулсан.

4.2. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь миний бие нэхэмжлэгчтэй 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд зааснаар нэг удаа зөвшөөрөл олгосноор тус гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Хэдийгээр зөвшөөрөл олгож байгаа нь ямар нэг зардал гаргахгүйгээр хөрөнгө олж авч байгаа мэт боловч уг чанартаа тус газрын тодорхой хэсгийг ашиглах боломжгүй болж, түүний нөхөн төлбөрт мөнгө шилжүүлэх утга агуулгатай.

Энэхүү гэрээг байгуулснаас хойш тус газрын эрх цуцлагдах хүртэл 3 жилийн хугацаанд миний бие гэрээнд заасан газрын тодорхой хэсгийг ашиглах боломжгүй болсон гэдгийг шүүх харгалзан үзээгүй нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэх шалтгаан болсон гэж үзэж байна.

4.3. С.*******ийн данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Шүүх тус нотлох баримтыг үнэлэлгүйгээр намайг хөрөнгө олж авсан этгээд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал хамтран хариуцагч С.Бямбодоржийг гадаад улсад байгаа шалтгаанаар түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг анхаарч үзээгүй.

4.4. Шүүх намайг мөнгө төлөхийг шаардаж байгаагүй, түүнийг мөнгөө хүлээн авсан болохыг нотолж байна гэсэн нь үндэслэлгүй. Учир нь шугам сүлжээний ажил нь ил, нүдэнд харагдахаар хийгддэг, олон төрлийн зөвшөөрлүүд шаардагддаг тул тус ажил нь эхэлмэгц мөнгөө шаардахаар бодож байсан. Гэтэл шугам сүлжээ татах ажил огт эхлэлгүй байсаар газрын эрх хүчингүй болсон.

Хөрөнгө олж авсан этгээдийг шууд заасан бодит нотлох баримт байхад түүнийг үнэлж, дүгнээгүй. Мөн гэрээнд С.*******ийг мөнгө авах хүнээр зааж нэрлээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******, С.******* нарт холбогдуулан 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч Б.******* нэхэмжлэлийг  эс зөвшөөрч, “... гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал надаас шалтгаалаагүй, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг хүлээн аваагүй тул шаардах эрхгүй..., .... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан,” гэх үндэслэл заан, маргажээ.

 

3. Талууд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Б.******* нь өөрийн эзэмшлийн газар дээрээ дулааны шугам сүлжээний барилга байгууламж барих зөвшөөрөл өгөх, “******* *******” ХХК нь нөхөн төлбөрт 1 удаа 30,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 6/ Энэ үйл баримтад талууд маргаангүй. Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар талууд хэлцэл байгуулах хэлбэрээр Б.******* нь өөрийн эзэмшил газарт дулааны шугам сүлжээ зөвшөөрөл олгох, “******* *******” ХХК нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

4. Анхан шатны шүүх, хэргийн баримтыг үндэслэн хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

4.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/759 дугаартай захирамжаар Б.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /хх-82/ Үүнтэй холбогдон нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр хэлцлээр шилжүүлсэн хөрөнгөө хариуцагчаас буцаан шаардсан байна.

4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг хөрөнгийг буцаан шаардах үндэслэл нь хариуцагч Б.*******д 30,000,000 төгрөг шилжүүлсэн байхыг шаардана.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.*******ийн ХААН банк дахь ******* тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр газар ашигласны нөхөн төлбөрийг гуравдагч этгээд буюу С.*******ийн дансанд шилжүүлэхээр тохиролцоогүй ба нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.*******гийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Талуудын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх тул энэ талаар гаргасан  хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч Б.******* нь Г.Тэмүүлэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх оролцох эрх, үүргийг итгэмжлэлээр олгожээ. /хх-22/ Хариуцагч нь бусдад олгосон  итгэмжлэлээс татгалзаж байгаа талаар шүүхэд бичгээр мэдэгдээгүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул “... шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй ..., ... итгэмжлэл шалгаагүй” гэх агуулгатай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.*******д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.*******д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   Ч.ЦЭНД