Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00353/И |
Дугаар | 475 |
Огноо | 2016-07-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 14 өдөр
Дугаар 475
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын Ховд багт оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, ОП60102307 регистртэй, Юүжингүүд овогт Шавганцын Намсрайгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Намсрай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн аптект угаагч, цэвэрлэгчээр ажилласан. Анх ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Байгалмаа, М.Даваажав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Намсрай нь Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн аптект 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл угаагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд сумаас Шавганцийн Намсрайд нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Ш.Намсрайд 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээсэн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Шавганцын Намсрайгийн Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэг болон нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
4. Увс аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 55 тоот “Уран сайханчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтын 32-рт Намсрайгийн нэр бичигджээ,
5. Итгэмжлэл,
6. Гэрч Б.Байгалмаагийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт лаборантаар 1985 оны 6 дугаар сарын 01-ий өдөр хүртэл ажиллаад Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин ажилласан юм. Би анх Ховд сумын Хүн эмнэлэгт лаборантаар томилогдож очоод амьдрах айлгүй байсан учраас Ш.Намсрай эгч, түүний нөхөр Ц.Цэрэнчимэд нарын гэрт амьдарч байгаад 1983 оноос гэр бүлтэй болсноор тусдаа гарсан юм. Намайг Ховд сумын эмнэлэгт ажилд ороход Ш.Намсрай манай эмнэлгийн харьяа аптект цэвэрлэгч, угаагчаар ажиллаж байсан бөгөөд намайг Улаангом сум руу шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн. Би Ш.Намсрагийн гэрт 1 жил гаруй амьдарсан хүний хувьд түүнийг Ховд сумын Хүн эмнэлгийн аптект ажиллаж байсныг баталж байна. Түүний нөхөр Ц.Цэрэнчимэд нь Ховд сумын “Хөгжил” нэгдэлд тракторчин байсныг бас санаж байна. Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн эрхлэгчээр миний нөхөр Г.Лхамжав ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч М.Даваажавын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос эхлэн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид барааны нярав, сумын эвлэлийн хорооны дарга, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, засаг даргын орлогч, засаг дарга зэрэг ажлуудыг 2004 оныг дуустал хийсэн хүн юм. Би Ш.Намсрайг нэг нутгийн хүмүүсийн хувьд эртнээс таньж мэдэх бөгөөд 1982 онд манай сумын эмнэлгийн аптект угаагч, цэвэрлэгчээр, сумын цэцэрлэг, яслид тогооч, асрагчаар тус тус 1990 он хүртэл, 1990 оноос “Хөгжил” ХХК-д 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Байгалмаагийн Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт, М.Даваажавын Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл анги, ХЗЭ, АДХ-ын гүйцтэтгэх захиргаанд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ш.Намсрай нь Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн аптект 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл угаагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд сумаас Шавганцийн Намсрайд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Ш.Намсрайд 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээсэн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх, Увс аймгийн Архивын тасгаас 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Шавганцын Намсрайгийн Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэг болон нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 55 тоот “Уран сайханчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Байгалмаа, М.Даваажав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Намсрайгийн Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн аптект 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 жил, 11 сар, 28 хоног угаагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Намсрайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнчимэдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие нэхэмжлэгч Ш.Намсрайгийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох ёстой. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод эхнэр болох Ш.Намсрайгийн хамтаар эмчилгээ, рашаан, сувилалд явж байгаа учир энэ хугацаанд шүүх хуралд зарлагдвал өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Юүжингүүд овогт Шавганцын Намсрайгийн Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн аптект 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 11 /арван нэг/ сар, 28 /хорин найм/ хоног угаагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Намсрайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР