Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 510

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Ц.Отгонням,                            

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Энхтогтох,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1906 0032 50556 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн лаан лам Б.Б, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол   суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байр 56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны 50 дугаар байр 56 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх Б.Энхтогтохыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн мөн догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг нь үнэн, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн, харин гэрийн эд хогшлоо зарж борлуулж байгаагүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Энхтогтох шүүх хуралдаанд: Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу төрсөн хүү болох Б.Б-ын эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Энхтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Б нь аавтайгаа хоёулаа байнга өдөр болгон архи уудаг аавтайгаа нийлээд гэрийнхээ эд хогшлыг зарж жижиг ундааны саванд хийж орж ирээд болкон дээр юм уу нойлд уудаг байж байгаад одоо бүр нууж уухаа болиод ил тавиад уудаг болсон... доромжилдог, галзуу авгай, мэдрэл муутай гичий, янхан гээд л доромжилдог...урьд нь цагдаагийн байгууллагад 5-6 удаа дуудлага өгч байсан...манай хүүд арга хэмжээ байнга авч байсан 7 хоногоор нэг удаа баривчлагдаж, 10 хоногоор нэг удаа, 30 хоногоор 2 удаа явж байсан. Сүүлд явахдаа 2018 оны 11 дүгээр сарын 28-нд баривчилгаанаас ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10/,

...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би охинтойгоо хамт ажлаасаа ирсэн чинь манай хүү Баасанбямба нөхөр Билэг-Эрдэнэ нар хамт архи уугаад сууж байсан, тэгээд дуугүй сууж байтал манай хүү Б аавтайгаа нийлээд гар зайл гээд хөөгөөд байсан тэгээд би охинтойгоо хамт гэрээс гараад орцонд нэг хэсэг сууж байгаад хувцсаа аваад айлд ороод сууж байгаад гэртээ орсон чинь дүү рүүгээ дайраад яв зайл гэх мэтээр дайраад байсан тэгэхээр нь цагдаа дуудсан...ганцаараа үглээд манай охин бид хоёрыг доромжлоод зайл та нараас болж архичин болсон гээд ганцаараа яриад шүлсээ хаяад байдаг.

...манай хүү Б байнга архи ууж агсам тавиад, гэрийнхээ эд зүйлийг эвдэж устгаж, над руу гарт таарсан зүйлээ авч чулуудан, хэл амаар доромжилж, гэрийнхээ эд зүйлийг хулгайлаад зарж үрээд архи уудаг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12, 13/,

Гэрч Б.Дэлгэрсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ээж бид хоёр ажлаа тараад гэртээ ирсэн чинь аав Билэг-Эрдэнэ, Б ах хоёр согтуу байсан. Аав, ах хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод Б ээж бид хоёр руу дайраад хэл амаар доромжлоод байхаар  нь ээж бид хоёр айгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Б хааяа л архи уудаг. Архи уухаараа өөрийнхөө ухаан мэдрэлээ алдаад агсам тавиад аав, ээж бид гурвыг хэл амаар доромжилдог. Хувцас хулгайлж зараад архи уучихдаг, гэрийнхээ эд зүйлийг авч чулуудаж аав, ээж хоёр руу шиддэг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би аав Билэг-Эрдэнэтэй хамт 0.5 литрийн Хараа архи 1 шилийг хувааж уусан...ээж Энхтогтох, дүү Дэлгэрсайхан нар хүрч ирээд үхэж байсан хоёр хүүр нийлээд архи уусан байна гэж хэрүүл хийж, аав бид хоёрыг загнаад цагдаад дуудлага өгчихсөн...би архи уухаараа орондоо үглээд байдаг юм тэгээд л ээж тайван амруулсангүй гээд цагдаад дуудлага өгчихдөг...2017 онд найзынхаа гар утсыг хулгайлсан гэж шүүхээр орж байсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар 4 удаа баривчилгаанд явж байсан...Би аавтайгаа хамт архи уугаад байхаар ээж уурлаад цагдаад өгчихдөг...Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 46/,

Цагдаагийн газрын асап сан буюу Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 33-41/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаартай шийтгэвэр /хх-ийн 27-28/, тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1410 дугаартай шийтгэвэр /хх-ийн 29-30/, тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1652 дугаартай шийтгэвэр /хх-ийн 31-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 18/ шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны 50 дугаар байр 56 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх Б.Энхтогтохыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба түүнд хуульд заасан зарим хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал: шүүгдэгч Б.Б-ыг хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч нь гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөө эзэмших ашиглах эрхийг зөрчсөн талаар хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу нотлож ирүүлээгүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалах яамны 50 дугаар байр 56 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх Б.Энхтогтохыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн догшин авирласан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Хохирогч Б.Энхтогтох нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Улаан лам овогт Б.Б-ыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР