| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0059/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 64
2019 03 12 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С.Гт холбогдох эрүүгийн 1921000000019 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд механизмын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, З овогт С.Г.
Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “East palace” ресторанд иргэн Э.С-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Гын хувьд нөгөө нэг залуутайгаа архиа уугаад хоорондоо нэг уяачийг ална гэх зэргээр ярьж байгаад С.Г уусан архиндаа согтоод манай байгууллагын манаач Энхболдыг арчаагүй пизда үзэх үү? гэх зэргээр хэрүүлийн үг хаяад байхаар нь би манаач Энхболд ахыг пабаас гаргаад хажуу талынх нь ширээн дээр суугаад гарахыг нь хүлээгээд сууж байхад С.Г намайг хүрээд ир гэж дуудахаар нь би очсон бөгөөд намайг хажуудаа суулгаад “надтай зодолдох хүн байна уу, чи надтай зодолдох уу, би мөнгө төгрөгийг нь өгнө” гэх зэргээр над руу дайрч давшлаад байхаар нь би өөдөөс нь юм хэлэлгүй “тийм зүйл байхгүй ш дээ ахаа” гээд гаргах санаатай менежер Оюунбаатарыг дуудах гээд сандал дээрээс босоход “чи ямар овоо пизда вэ” гээд босч ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би пабаас гараад менежер Оюунбаатарыг дуудаж хөөж гаргуулсан юм. Тухайн үед миний үүдэн нэг шүд хөдлөөд толгой өвдөөд байсан бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй юм. Харин маргааш нь энэ болсон асуудлыг манай захирал Гэрэлмаа сонсоод уяачдын холбооны тэргүүнтэй холбогдоход битгий цааш нь хэлээрэй манай холбооны нэр хүндтэй холбоотой асуудал байна, би өөрөө уулзаад зохицуулна гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь С.Гтай уулзахад би хүн зодох хүн биш гэх зэргээр өөрийгөө өмөөрч байсан бөгөөд миний хувьд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр одоо өдөр хоногийг нь сайн санахгүй байна цагдаагийн байгууллагад гомдол гаргах гээд ирэхэд С.Г манай ажил дээр ирээд надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардал гэж бэлнээр 500000 төгрөг өгсөн. ...Одоо би ахиад 500000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/
Гэрч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний хувьд мөн их согтоод босч чадахгүй сууж байхад манай найз С.Г одоо гаръя гээд намайг татаж байсныг санаж байгаа юм. Тэгээд нэг ухаан ороход найз С.Г нэг залуутай маргалдаад ч юм уу эсвэл юм яриад ч байгаа юм уу ойлгогдохгүй зогсож байсан бөгөөд түүнээс хойш яаж тэр газраас гарч гэртээ очсоноо хүртэл санахгүй байгаа юм. Ямар ч байсан өглөө сэрэхэд гэртээ унтаж байсан. Харин сүүлд нь найз С.Гтай уулзахад тэр орой тус газарт ажилладаг Самданцоодол гэх залууг дуудаж Өлзийсайхан бид хоёрыг хажуунаас өргөөд өгчих гэж хэлэхэд дургүйцсэн гэсэн, тэгэхээр нь С.Г уурлаад нэг удаа цохисон гэж хэлсэн, мөн С.Г надад өгөх гэж байсан 500000 төгрөгийг С гэх залууд өгөөд гар бариад хоорондоо учраа олсон гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 65 тоот дүгнэлтэд: “1. Э.Самданцоодолын биед зүүн дээд 1-р шүд /21-р шүд/-ний хугарал, сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 25/
-Шүүгдэгч С.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “East palace” ресторанд хохирогч Э.Самданцоодолтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус хэсэгт нь цохиж биед нь зүүн дээд 1-р шүд /21-р шүд/-ний хугарал, сулрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...миний хувьд найз Батмөнхийн хамтаар найз Өлзийсайханыг аваад гарах гэж байгаад дийлэхгүй болохоор нь тус газарт ажилладаг Э.Самданцоодол гэх залууг дуудаж хамжаад өргүүлэх гэсэн боловч хажууд ирээд уурлаад цухалдаад байхаар нь би Самданцоодолд хандан танайх үйлчилгээний байгууллага биздээ, үйлчлүүлэгчээ гаргаж өгдөггүй юм уу? гээд уурлаж бухимдсандаа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон юм...“ гэж /хх-ийн 30-32/, түүнийг давхар нотолсон хохирогч Э.Самданцоодолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... С.Г намайг хүрээд ир гэж дуудахаар нь би очсон бөгөөд намайг хажуудаа суулгаад “надтай зодолдох хүн байна уу, чи надтай зодолдох уу, би мөнгө төгрөгийг нь өгнө” гэх зэргээр над руу дайрч давшлаад байхаар нь би өөдөөс нь юм хэлэлгүй “тийм зүйл байхгүй ш дээ ахаа” гээд гаргах санаатай менежер Оюунбаатарыг дуудах гээд сандал дээрээс босоход “чи ямар овоо пизда вэ” гээд босч ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би пабаас менежер Оюунбаатарыг дуудаж хөөж гаргуулсан юм. Тухайн үед миний үүдэн нэг шүд хөдлөөд толгой өвдөөд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 65 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Самданцоодолын эрүүл мэндэд учирсан “зүүн дээд 1-р шүд /21-р шүд/-ний хугарал, сулрал” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ нь шүүгдэгч С.Гын хохирогчийн нүүр рүү нь цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Гт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхэс шүүгдэгчийн гэм бурууг нотолсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Хохирогч Э.Самданцоодол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Гаас эмчилгээний зардалд 500000 төгрөгийг авсан байх ба дахин 500000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байхаас гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч энэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийнхээ талаархи холбогдох баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Гын .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зээрднүүд овогт С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Гт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь Э.С нь цаашид эмчилгээний зардлын 500000 төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Гын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР