Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 15 өдөр

Дугаар 478

 

              Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан

        авсныг батлах тухай

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, ОО58070579 регистртэй, Еншибу овогт Дүүдэйгийн Батмөнхийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

       2007 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2008 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэл 1.096.854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батмөнх миний бие нь 1956 онд төрсөн, 60 натай. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Би 1993 оны 12 дугаар сарын 13-нын өдөр Увс аймгийн Тэс сумын Эрчим хүчний салбарын эрхлэгчээр анх ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл 23 жил тасралтгүй тус салбарт эрхлэгч, гэрлийн байцаагчаар ажиллаж байна. Миний 2007 оны долоон сарын, 2008 оны долоон сарын бүгд 300.534 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 2009, 2010 оны нийгмийн даатгалын шимтгэл 796.320 төгрөгийг цалингаас авсан мөртлөө нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Би 2009, 2010 онуудад ажиллаж байсан /эрчим хүчний гэрлийн байцаагчаар/ цалингийн тодорхойлолт авсан бөгөөд 2016 оны 7 дугаар сард тэтгэврээ тогтоолгох гэхэд 2007, 2008, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас хохирч байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Эрчим хүчний салбарт эрхлэгч, гэрлийн байцаагчаар ажиллаж байсан хугацааны буюу 2007 оны долоон сарын, 2008 оны долоон сарын, 2009, 2010 оны бүтэн жилүүдийн нийгмийн даатгалын шимтгэл бүгд 1.096.854 төгрөгийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэс сумын иргэн Д.Батмөнхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өргөдлийн дагуу Засаг даргын Тамгын газрын 2007, 2008, 2009, 2010 онуудын санхүүгийн баримтыг шалган үзэхэд Д.Батмөнх нь Засаг даргын Тамгын газраас цалин авч ажиллаж байгаагүй байна. Тухайн үед эрчим хүчний салбар нь хөдөө аж ахуйн банкинд тусдаа данстай орлого, зарлагаа тооцдог аж ахуйн нэгж байсан. Иргэн Д.Батмөнхтэй холбоотой сумын Засаг даргын тушаал нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 66 тоот захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот Засаг даргын Тамгын газрын тушаал нь эрчим хүчний орсон орлогын цэвэр ашгаас цалинжуулахаар тушаал гарсан байна. Энэ байдлыг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Ц.Энхбаяраас асууж лавлахад тухайн үед тэр байгууллага ашиггүй ажиллаж байсан тул цалин олгож байгаагүй болно. Иймд иргэн Д.Батмөнхийн өргөдөлд тусгагдсан 2007, 2008, 2009, 2010 онд Засаг даргын Тамгын газраас цалин авч байгаагүй тул энэхүү хүсэлтийг Засаг даргын Тамгын газар хариуцахгүй болохыг тодорхойлж байна” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, 2007 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2008 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэл 1.096.854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Нэхэмжлэгч Д.Батмөнх нь шүүх хуралдаанд “Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул нэхэмжлэлээ татан авсныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэлээ татан авсан шалтгаан арилсаны дараа шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.874 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгож шийдвэрлэв. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 2007 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2008 оны 1, 2, 3, 4, 10, 11, 12 дугаар саруудын, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэл 1.096.854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталсугай. 

       2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.874 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгосугай.

        Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.                            

                                   

                              

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР