Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 482

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй,  регистрийн дугаар ОО70033068, Тайж овогт Цэвээний Хандхүүгийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуульд холбогдох,

       Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Хандхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэвээний Хандхүү нь нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань даралт харваж явж чадахгүйн улмаас байнгын хэвтэрт асаргаанд байдаг. Том охин амьдрахын эрхэнд Улаанбаатар хотод ажил хийж байгаа, хоёр бага хүүхэд маань Тэс сумын 10 жилийн сургуульд суралцдаг. Манайх гэдэг айлд хөдөлмөрлөх чадвартай хүн надаас өөр байхгүй. Би Тэс сумын Таван улиас бага сургуульд өндөр насны тэтгэвэртээ гарсан Толяа эгчийн оронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр жижүүрээр ажилд орсон болно. Тухайн үед би ажилд орохдоо 200.000 төгрөг хувиасаа өгч байж ажилтай болсон. Гэтэл жирэмсэн амаржсан эх Лхагвасүрэнгийн оронд Оюун гэгчийг ажилд түр авсан бөгөөд Лхагвасүрэн ажилдаа орох үед Оюуныг ажилд нь үлдээж намайг “Ажлаас гар” гэсэн. Би ажлаа өгөхгүй гэхэд сургуулийн захирал О.Ичинхорлоо нь “Би ямар хүн ажилд авах, гаргахаа өөрөө мэднэ, надад ажилд орсон хүн 300.000 төгрөг өгдөг юм” гэж хэлж намайг ажлаас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гар гэсэн. Би халагдсан тушаалаа авмаар байна гэхэд “Өгөхгүй” гээд одоог хүртэл өгөөгүй байна. Ц.Хандхүү миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймээс намайг Тэс сумын Таван улиас сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн Тэс сумын Таван улиас бага сургуулийн захирлаас Ц.Хандхүү намайг тус сургуулийн жижүүрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуулийн захирал О.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сумын Таван улиас бага сургуулийн захирал О.Ичинхорлоо миний бие нь нэхэмжлэгч Ц.Хандхүүгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийин шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Хандхүүг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тус сургуулийн жижүүрээр эргүүлж ажиллуулах болно” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.Ичинхорлоогийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн жижүүрийн үүрэгт ажилд нь эргүүлэн авна гэсэн тул хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Хандхүү, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуулийн захирал О.Ичинхорлоо нь нэхэмжлэгч Ц.Хандхүүг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс түүнийг Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуулийн жижүүрийн ажилд томилохоор хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургууль нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч Ц.Хандхүү нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуулиас 35.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хандхүүгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургууль хүлээн зөвшөөрч Ц.Хандхүүг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тус сургуулийн жижүүрийн ажилд томилохоор хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургуулиас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан улсын орлогод /150000941 тоот данс/ оруулсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Увс аймгийн Тэс сумын Таван улиас бага сургууль /захирал О.Ичинхорлоо/ шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР