| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0208/э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Г.Н, /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г.Н т холбогдох эрүүгийн 1811014930124 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Г.Н, 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хилийн цэргийн 151 дүгээр ангид холбоочин ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 79-917 тоотод оршин суудаг гэх,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар ОК91031704.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-917 тоот хашаанд иргэн Б.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яг үнэндээ тухайн өдөр зодож цохисон асуудал байхгүй. Анх бүүр өөр хүнд холбогдуулаад гомдол гаргасан байсан. Сүүлд нь манай ээжийг цохисон гээд байсан. Би мөрдөн байцаагчаас манай ээжийг хамааралгүй болгоод өг гэж гуйсан. Гэрч нар мөн болсон явдлын талаар худал мэдүүлсэн. Энэ талаар гомдол гаргах гэхээр нөхрийн дүү нар учраас надад ямар ч арга алга, хэлэх ч үг алга. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй, тийм нөхцөл ч байгаагүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Буянжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нарангарав араас орж ирээд намайг гэрээс гар зайл битгий энэ эмэгтэйг гэрт оруулаад бай гээд намайг гэрээс хөөгөөд гар зайл гээд зүүн хөлийн өвдөг рүү өшиглөөд хөөгөөд гаргасан. ...” гэжээ /хх-23-29/.
Гэрч Т.Дарьбазар мэдүүлэхдээ: “...Нарангарав Буянжаргалыг гэрээсээ хөөгөөд зууралдаад гарч ирсэн бөгөөд гадаа Нарангарав Буянжаргалыг өшиглөж унагаасан..” гэжээ /хх-35-36/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6028 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Буянжаргалын биед баруун гуя, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-61/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-917 тоот хашаанд иргэн Б.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Буянжаргалын “…Нарангарав араас орж ирээд намайг гэрээс гар зайл битгий энэ эмэгтэйг гэрт оруулаад бай гээд намайг гэрээс хөөгөөд гар зайл гээд зүүн хөлийн өвдөг рүү өшиглөөд хөөгөөд гаргасан…”/хх-23-26/, гэрч Т.Дарьбазарын “...Нарангарав Буянжаргалыг гэрээсээ хөөгөөд зууралдаад гарч ирсэн бөгөөд гадаа Нарангарав Буянжаргалыг өшиглөж унагаасан..”/хх-35-36/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6028 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хуульд торгох ял шийтгэв.
Хохирогч Б.Буянжаргал нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Г.Нт ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Н бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН