Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 485

 

                                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймгийн 11 дүгээр багт байрлах, 2578697 регистртэй, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын орон сууцны 20 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эмэгтэй, ОП56080505 регистртэй, Булгадар овогт Баатарын Дуламжавд холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.358.694,87 төгрөг, зээлийн хүү 5.439.906 төгрөг, нийт 49.798.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баатар овогтой Дуламжав нь тус банкнаас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1250020443 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан 44.400.000 төгрөгийн зээлийг 360 хоногт 26.4 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох хугацаатайгаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хагуулах баталгаа болгон Увс, Улаангом  сум, 7 дугаар баг, 1-01 тоотод байрлалтай, ГД-000200485, Ү-1520003888, 336 м.кв 2 давхар үйлчилгээний барилга барьцаалуулж авсан болно. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа дараагийн саруудаас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 1250020443 зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх удаа дараа шаардаж уулзаж байсан боловч “Орлого байхгүй, мөнгө хайж байна” гэх зэрэг шалтгаан хэлж зээл төлөхөөс зайлсхийсээр байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай барьцаат байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан “Зээлийн үндсэн хүүг зээлийг ашигласан хугацаанд төлөх”, 3.4.5-д заасан “Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хангаж, шаардсан мэдээ мэдээллийг гаргаж өгнө” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

       Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2, 3.4.3 дахь залтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Б.Дуламжавын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 44.358.694,87 төгрөг, зээлийн хүү 5.439.906 төгрөг, нийт 49.798.600 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банк 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Дуламжааас төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 49.798.600 төгрөгийг нэхэмжилсэн. Цаашид Б.Дуламжаваас энэ төлбөрийг нэхэмжлэх шаардлагагүй болсон тул нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Б.Дуламжавд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.358.694,87 төгрөг, зээлийн хүү 5.439.906 төгрөг, нийт 49.798.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргалын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 406.943 төгрөг төлсөн ба тал хувь болох 203.472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 203.472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Б.Дуламжавд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 44.358.694,87 төгрөг, зээлийн хүү 5.439.906 төгрөг, нийт 49.798.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 203.472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР