| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0195/э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Э.С, /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/
хохирогч С.Ичинноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.С холбогдох эрүүгийн 1911001160092 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э.С, 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны мэргэжилтэй, Интерекс дизайн" ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хөнгөн хүнсний 2/30 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦД89062572.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.С нь 2018 оны 12 дугаар сарым 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Андууд караокены гадна хохирогч С.Ичинноровыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Согтуу байсан учраас ийм байдалд хүрлээ. Унтаж байгаад сэрэхэд С.Ичинноров гэх нөгөө салбарын зөөгч охин эгч нар шигээ хүмүүстэй муудалцаад байсан. Миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэв.
Хохирогч С.Ичинноров нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед би ажлыхнантайгаа муудалцаж, маргалдсан зүйл байхгүй. Би хамт олонтойгоо баяр тэмдэглэх гэж явсан болхоос хүнд зодуулна гэж бодоогүй. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардалд баримтаар 306.600 төгрөгийн баримт өгсөн. Үүн дээр шүдний эмчилгээ хийлгэхэд 3.400.000 төгрөгийн төлбөр гарна гэсэн мөн тархи доргисон, эмчилгээнд 840.000 төгрөг, ажилгүй хугацааны цалин 3 сая төгрөг, нийт 7.240.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс миний дансанд Э.С 100.000 төгрөг шилжүүлсэн. Би байгууллагаас 292.500 төгрөг зээлсэн байсныг нягтлан Э.Сын цалингаас суутгаад авсан байсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Ичинноров нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын газар Интерекс дизайн ХХК-ны бүх салбарын ажилчид нийлээд шинэ жилээ тэмдэглээд тэндээсээ тараад хэсэг хүмүүс нийлээд Чиигэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андууд караокед 00 цагийн үед ирцгээсэн. Тэнд 10 орчим хүн ирсэн бөгөөд нэлээд сууцгааж байгаад шөнө 02-03 цагийн үед гарцгаасан. Би ажлынхаа тогооч болох Амартүвшинтэй хамт тооцоо хийчихээд гарсан бөгөөд гадаа гараад шатаар буугаад ирэхэд өөр салбарын буюу Манхеттен лоунжид тогооч хийдэг Сармандах гэдэг залуу над руу дунд хуруугаа гаргасан бөгөөд би яагаад байгаа юм бэ гээд уурлатал над руу дайраад намайг үснээс зулгаагаад газар унагаагаад нүүр ам руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. ...Би Сармандахыг урд нь ганц хоёр удаа л зүс харж байсан болохоос сайн танихгүй. Бид хоёрын хооронд урдны ямар нэгэн асуудал байхгүй. Манай өөр салбарт ажилладаг гэдгийг нь л мэднэ /хх-11/. ...Яг одоогоор надад эмчилгээний зардал гэж 326.000 теөрөг гарсан байгаа. Манай байгууллагын нягтлангаас Сармандахын цалингаас эмчилгээний төлбөр гэж 292.500 төгрөгийг гаргуулан авсан. Цаашид эмчилгээ хийлгэхэд нийт 1.360.000 төгрөг болж байгаа юм. Тухайн үед өөр ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Надтай хамт явсан хүмүүс л хоорондоо маргалдахаар нь би салгахад надтай хэрэлдээд бидний хооронд маргаан болоод дууссан. Тэгээд түүний дараа тухайн хэрүүл маргаанаас хамааралгүйгээр Сармандах надруу дайрч намайг зодсон...” гэжээ /хх-12/.
Гэрч Ц.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...Сүүлд нь гадагшаа гарахад Ичинноров караокены гадаа уйлчихсан сууж байхаар нь очоод босгох гэтэл нүүр нь цус болчихсон байхаар нь дотогш нь оруулаад нүүрийг нь угаалгах гэтэл угаахгүй байсан ба эгч рүү нь залгуулж яриулаад дуудахад эгч нь хүрч ирээд авч явсан. Сармандах, Ичинноров хоёрын хооронд юу болсон талаар бол би мэдэхгүй. Би зодоон, цохионыг хараагүй бөгөөд сүүлд нь гараад харахад л Ичинноров нь гадаа сууж байсан...” гэжээ /хх-13/.
Гэрч Н.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Бөмбөгөрийн зүүн талд байх караокед орсон юм. Тэндээ байж байх үед нөгөө салбарын зөөгч Ичинноров нь байнга дуулаал байхаар нь бид нар дуулъя гэхэд та нар хөгшин авгай нар 3, 4 хүүхэдтэй янханууд та нар дуулаад байхдаа яадаг юм бэ гээд надтай маргалдсан ба микрофоноо булаацалдаад шидчихсэн чинь эвдэрсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ болиоч гээд буйдан дээр очоод суүхад хажууд Сармандах унтаж байсан. Тэгтэл Ичинноров ширээн дээр байсан шилтэй пиво аваад шидсэн ба тэр нь миний мөрөнд оноод асгарахдаа Сармандахын нүүрэн дээр асгарсан. Тэгэхэд Сармандах цочиж босч ирээд юу болоод байгаан, чи яагаад манай эгч нар руу пиво шидэж байгаан гээд маргахад караокены хүмүүс ороод ирсэн. Тэгээд бид нар гарцгаасан. ...Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ /хх-14/.
Гэрч М.Амартүвшин мэдүүлэхдээ: “...Ичинноров нь хүмүүстэй маргалдаад байсан ба ихэнх хүмүүс нь түрүүлээд яваад өгсөн. Ичинноров Сармандах, Шижирээ, Отгонбаяр, Норовсүрэн бид нар үлдсэн байсан. Гадаа гарахад Сармандах, Ичинноров хэрэлдэж байсан ба Сармандахыг Ичинноров нь нүүр орчимд нь 2 удаа цохьчихсон бөгөөд тэр үед хамраас нь цус гарчихсан. Тэгэхэд нь би болиулж салгасан бөгөөд учраа ол гээд тэр хоёрыг цааш нь салгасан бөгөөд эргээд харахад Сармандах Ичинноровыг нүүр лүү нь алгадаж урагш нь татаад газар унагаачихаад цаашаа яваад өгсөн. Би Ичинноров дээр яваад очиход суучихсан, хамар амнаас нь цус гарчихсан, доошоо хараад уйлаад байсан. Тэгээд эмнэлэг явах уу, гэрт чинь хүргээд өгөх үү гэхэд надтай ярихгүй байсан ба би жолооч дуудчихсан байсан ба жолооч хүрээд ирэхээр нь яваад өгсөн..” гэжээ /хх-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №333 дугаар дүгнэлтэд:
“1. С.Ичинноровын биед тархи доргилт, нүүрний баруун зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд шарх, баруун дээд 2-р шүдний эмтрэл, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-18/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Э.С нь 2018 оны 12 дугаар сарым 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Андууд караокены гадна хохирогч С.Ичинноровыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Ичинноровын “…гадаа гараад шатаар буугаад ирэхэд өөр салбарын буюу Манхеттен лоунжид тогооч хийдэг Сармандах гэдэг залуу над руу дунд хуруугаа гаргасан бөгөөд би яагаад байгаа юм бэ гээд ууралтал над руу дайраад намайг үснээс зулгаагаад газар унагаагаад нүүр ам руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн…” гэх мэдүүлэг, гэрч М.Амартүвшингийн “...Ичинноров нь хүмүүстэй маргалдаад байсан ба ихэнх хүмүүс нь түрүүлээд яваад өгсөн. Ичинноров Сармандах, Шижирээ, Отгонбаяр, Норовсүрэн бид нар үлдсэн байсан. Гадаа гарахад Сармандах, Ичинноров хэрэлдэж байсан ба Сармандахыг Ичинноров нь нүүр орчимд нь 2 удаа цохьчихсон бөгөөд тэр үед хамраас нь цус гарчихсан. Тэгэхэд нь би болиулж салгасан бөгөөд учраа ол гээд тэр хоёрыг цааш нь салгасан бөгөөд эргээд харахад Сармандах Ичинноровыг нүүр лүү нь алгадаж урагш нь татаад газар унагаачихаад цаашаа яваад өгсөн. Би Ичинноров дээр яваад очиход суучихсан, хамар амнаас нь цус гарчихсан, доошоо хараад уйлаад байсан. Тэгээд эмнэлэг явах уу, гэрт чинь хүргээд өгөх үү гэхэд надтай ярихгүй байсан ба би жолооч дуудчихсан байсан ба жолооч хүрээд ирэхээр нь яваад өгсөн...”/хх-15/, гэрч Н.Амаржаргал мэдүүлэхдээ “...Бөмбөгөрийн зүүн талд байх караокед орсон юм. Тэндээ байж байх үед нөгөө салбарын зөөгч Ичинноров нь байнга дуулаал байхаар нь бид нар дуулъя гэхэд та нар хөгшин авгай нар 3, 4 хүүхэдтэй янханууд та нар дуулаад байхдаа яадаг юм бэ гээд надтай маргалдсан ба микрофоноо булаацалдаад шидчихсэн чинь эвдэрсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ болиоч гээд буйдан дээр очоод суүхад хажууд Сармандах унтаж байсан. Тэгтэл Ичинноров ширээн дээр байсан шилтэй пиво аваад шидсэн ба тэр нь миний мөрөнд оноод асгарахдаа Сармандахын нүүрэн дээр асгарсан. Тэгэхэд Сармандах цочиж босч ирээд юу болоод байгаан, чи яагаад манай эгч нар руу пиво шидэж байгаан гээд маргахад караокены хүмүүс ороод ирсэн. Тэгээд бид нар гарцгаасан...” /хх-14/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Сын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №333 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Сад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч С.Ичинноров нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 7.240.000 төгрөг нэхэмжилснээс 306.600 төгрөг эмчилгээнд зарцуулсан болох нь баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Харин бусад ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С нь нийт 392.500 төгрөгийг хохиролд төлсөн байна. Иймд шүүгдэгчийг баримтын хүрээнд хохирлыг төлсөн гэж үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч С.Ичинноров нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН