Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01024

 

Ц.Б, Б.Б  нарын нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 958 дугаар магадлалтай,

Ц.Б, Б.Б  нарын нэхэмжлэлтэй,

“В” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцалж, 244.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, Д.Ганцэцэг, өмгөөлөгч Н.Цогт, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б, Б.Б  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "В" ХХК-аас гэрлийн бүрхүүл, хөшиг авахаар үзэж сонирхсон ба гэрлийн бүрхүүл, цонхны хөшигний зургийг каталогоос танилцуулаад захиалж болно гэсэн. Компанийн ажилтан Б.Оюунсүрэн болон захирал Елизабет Коппад 6 нэр төрлийн 9 ширхэг гэрлийн үнэ 205.890.000 төгрөг, 6 цонхны хөшигний үнэ 38.000.000 төгрөгийг үнийн саналын дагуу өгсөн. Үнийн санал дээр дурдсан гэрлэн бүрхүүлүүдээс эхний дөрөв нь бэлэн байсан тул суурилуулсан. Суурилуулсны дараа 2 гэрлийн хэмжээ зөрсөн, дээрх 4 бүрхүүлд ямар ч дагалдах бичиг баримт ирээгүй. Үлдэх 4 гэрэл дээр бэлгэнд өгөх гэрлийг нэмж 5 гэрлийг 2016 оны 6 дугаар сарын эхний 7 хоногт суурилуулахаар тохирсон. 7 дахь гэрлийг суурилуулахад хэмжээ өөр, өнгө үзэмж огт өөр гэрэл суурилуулсан. Мөн гал тогооны өрөөнд нэг хайрцагтай юм орхиод явсан ба дотор нь гэрлэн бүрхүүл буюу гэрэл байхгүй суурь төмөр байсан. Түүнийгээ 6 гэрэл гэж тооцоод байгаа. Хөшигний материал болон чимэглэлийг Итали улсад үйлдвэрлэгдсэн болохыг баримтаар нотлохоос татгалзсан. Тиймээс Эрээн, Хятадаас ирсэн эд зүйл нийлүүлж байгаа байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Хэдийгээр дээрх гэрлэн бүрхүүлээс 4 ширхгийг суурилуулсан боловч 9 ширхэг гэрлэн бүрхүүл маань цуг цогц байж гоё сайхан харагдах байсан. Иймд худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангасан, анх захиалсан эд зүйлийг нийлүүлээгүй, доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзэж гэрээнээс татгалзаж, 9 ширхэг гэрлэн бүрхүүл, 6 өрөөний цонхны хөшигний үнэ 244.490 000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б  болон Ц.Б нар нь дэлгүүрт ирж, 4 гэрэл авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Португал дахь Серипийн үйлдвэрт янз бүрийн хэлбэр дүрстэй шилэн унжлагуудтай гар аргаар хийдэг гэж хэлэхэд тэд мэдэж байсан. Унжлагуудыг уулын болор гэж тэдэнд хэлээгүй. Гэрлийн эх биеийг металлаар хийдэг учраас хүнд, үнэтэй, гэрлийг хүссэн хэмжээгээрээ захиалж хийлгэх боломжтой, энэ тохиолдолд бүх төлбөрийг бүтнээр нь урьдчилан төлөх ёстой гэж хэлсэн. Тэдэнд Серип гэрлийн каталогийг дахин үзүүлж 9 гэрэл сонгосноос 2 нь манай дэлгүүрт бэлэн байсан. Би гэрэл үйлдвэрлэх хугацаа 4-6 долоо хоног байдаг бараа хүргэх хугацаа агаараар эсвэл контейнероор авч ирэх эсэхээс хамаарна гэж тайлбарласан. Бид ойролцоогоор 6 дугаар сарын дундуур бүх гэрлүүдийг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Манайх бүх бараагаа дагалдах сертификат, баталгааны шаардлагатай бичиг баримтуудын хамт хүргэж өгдөг. Би тэдэнд гэрлийн 5 хувийн 10.836.353 төгрөгийн хөнгөлөлт өгсөн. Хөнгөлөлт болон бэлэглэсэн 5.157.750 төгрөгийн үнэтэй 1 гэрлийн дараа цэвэр барааны үнэ 205.890.700 төгрөг болж, Б.Б  8-ны өдөр бүх төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 70.000.000 төгрөгийг компанийн ажлын байранд бэлнээр төлсөн. Баримт үйлдэх гэхэд хүсээгүй, Б.Б  Хятад улс руу явсан шалтгаар үлдэгдэл төлбөрийг хоцроосон. 3 гэрэл нь тусгай хэмжээ, өнгөөр захиалгаар хийгдэж, үйлдвэрээс 6 дугаар сарын 15-ны өдөр гарах байсан. Ц.Б 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрлийн үлдэгдэл төлбөр 135.890.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ц.Б хэдэн өдрийн дараа манай ажил дээр ирээд химийн үелэх системтэй хөшиг, ханын цаас хийлгэхийг хүссэн. Ханын цаасыг буруу ойлголцол, мэдээлэл хожуу дамжуулснаас 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрт нь наасны дараа Ц.Б гэрээг цуцлахыг хүссэн. Би 2.798.640 төгрөгийн ханын цаасыг үнэ төлбөргүй өгсөн.  Би гэрлийн бүх хэсгүүдийг авч 5 дугаар сарын 24-ний өдөр ирэх байсан ч Монголын билетийн агентын алдаанаас болж 3 хонож, 27-ны өдөр ирсэн. Би 3 дахь удаагаа явж бэлэн болсон гэрэл, үлдсэн ачааг авч 6 дугаар сарын 16-ны өдөр ирж, үлдсэн барааг нийлүүлж суурилуулахад бэлэн болсныг мэдэгдсэн албан бичиг илгээхэд "дугаар андуурсан байна, юу ч захиалаагүй" гэсэн хариу авсан. Б.Б  нь нэмж 45.000.000 төгрөгийн хөнгөлөлт өгсөн нөхцөлд үлдсэн бараагаа авъя гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үйлчлүүлэгчийн гэрлэнд үзүүлсэн хөнгөлөлт 10.836.353, бэлэглэсэн гэрэл 5.157.750, хөшигний хөнгөлөлт 10.000.000, үнэгүй өгсөн ханын цаас 2.798.640, үйлчлүүлэгчийн өмнөөс төлсөн гэрлийн НӨАТ 20.589.000, нийт 49.381.743 төгрөг. Захиалгыг Серип компанид өгсөн, Серип баталгаа ирүүлсэн, 44 хуудсанд байгаа баримтаар тусгай захиалгаар хийж болохыг нотолно. 57.007.106 төгрөгийн үнэтэй гэрлийн бүрхүүлийн хэмжээ зөрсөн, 37.790.300 төгрөгийн бүрхүүлийн хэмжээ 20-25 см зөрсөн. 2 ширхэг бүрхүүлийг хүлээн авсан тул худалдан авагч шаардах эрхээ алдсан ба эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах боломжтой байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, хариуцагч /РД:5014638/ "В" ХХК-аас 244.490.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Б, Б.Б  нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.360.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 1.360.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 958 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч Ц.Б, Б.Б  нараас AP1426/5-FP,CT3313/1-FP, AP1467 гэрлийн бүрхүүл, гал тогооны гэрлийн суурийг /CT3313/3 FP/ тус тус гаргуулан "В" ХХК-д тус тус олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Н.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.380.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 958 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтын хувьд шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатч гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. Гэвч шүүхийн гэрээ гэж дүгнэсэн баримтад талууд гарын үсэг зураагүй, нотариатаар батлуулаагүй байдаг. Энэ алдааг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Анхан шатны шүүх дээрх хуульд заасан журмыг зөрчиж үзлэг хийгээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй электрон шуудангийн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн “гэрээ байгуулагдсан”, “эд хөрөнгө доголдолтой” гэх үндсэн дүгнэлтүүд нь бүхэлдээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудад үндэслэгдсэн байна. Дээр дурдсан захидлуудаас гадна хэрэгт авагдсан бусад электрон шуудан, мессэж, зураг, англи хэл дээрх орчуулгагүй баримтууд нь бүгд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Ийнхүү нотлох чадваргүй баримтыг хэргийн материалаас хасаагүйн улмаас талууд тухайн баримтыг шаардлага хангуулан дахин гаргаж өгөх, хассан захирамжид гомдол гаргах, мэтгэлцэх эрхүүд зөрчигдсөн болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30- ны өдрийн 183/ШШ2017/00292 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 958 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б, Б.Б  нар нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 244.490.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  “...уулын болор гэж хэлээгүй, 2 ш бүрхүүлийг хүлээн авсан тул шаардах эрхээ алдсан, гарал үүслийн бичиг баримт авах хүсэлт гаргаагүй, доголдолтой барааг солих боломжтой” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч нар нь “В” ХХК-с 205.890.704 төгрөгөөр гэрлийн бүрхүүл, 38.599.296 төгрөгөөр хөшиг, чимэглэл, хивсэнцэр худалдан авахаар харилцан тохиролцож, 244.490.000 төгрөг төлсөн байна /хэргийн 1 дүгээр хавтас 7-12, 20-40 дүгээр тал/. 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр байна.   

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн нийлүүлсэн гэрлийн бүрхүүл болор биш шил байсан, хөшиг захиалсан материалаар хийгдээгүй, бүрхүүл, хөшиг, хивсэнцэрийн хэмжээ, өнгө, шинж байдал нэхэмжлэгчийн захиалсантай нийцээгүйгээс гадна худалдагч эд зүйлийн дагалдах бичиг баримтыг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар  худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө, худалдсан хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

Таазны гэрэл өөр хэмжээтэй байсан, мөн хөшиг 10 метрээр дутсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрснөөс гадна гэрлийн бүрхүүлийн унжлагууд шил байсныг мөн худалдсан эд зүйлийн дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй болохоо үгүйсгээгүй байна.  

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид биет байдлын хувьд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч мөн хуулийн 254 зүйлийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нар доголдолтой эд хөрөнгийг солиулах, үнийг багасгах шаардлага гаргаж байсан ба хариуцагч доголдлыг арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг буруутгах боломжгүй юм. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой болох нь тогтоогдсон тул худалдан авагч гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлыг бүрхүүл, хөшигний үнэнд төлсөн 244.490.000 төгрөгөөр тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч нэхэмжлэгчид байгаа гэрлийн бүрхүүлийг хариуцагчид буцаан олгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 958 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1.380.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ