Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0010/З |
Дугаар | 13 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ий өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 24-нд Гуулин багийн Засаг дарга бөгөөд тосгоны захирагчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн. Тус сонгуульд Монгол Ардын Нам болон Ардчилсан намаас тус бүр 1 хүн 2 хүн бие дааж нэр дэвшсэн билээ. Бид 4 хүн дээр санал хураахад ******* 93 хүний санал ******* 90 хүний санал, Ч.Нармандах 53 хүний санал, Д.Цээноров 46 хүний санал авч бидний хэн нь ч 50 хувьдаа хүрсэн санал аваагүй учир өндөр санал авсан 2 хүн дээр дахин санал хураалт болсон. Санал хураалтанд 282 сонгогч оролцсон. Санал хураалтын дүн гарахад ******* 151 хүний саналаар 53,5 хувийн санал, Р.Дархабаатар миний бие 130 хүний саналаар сонгогчдын 46.5 хувийн санал авсан юм. Миний өрсөлдөгч ******* Ардчилсан намын гишүүн хүн Гуулин тосгоны ажлын албаны нягтлангаар ажилладаг. Засаг дарга тосгоны захирагч Төвшинзаяа нь мөн Ардчилсан намын гишүүн энэ 2 хүн дахин санал хураалт явуулахын өмнөх завсарлагаанаар малчдыг дуудан санал худалдаж авах зорилгоор албан тушаалаа ашиглан 9 малчинд төсвийн мөнгөнөөс бензиний бичиг хийж өгч санал хураалтанд нөлөөллөө. Энэ 9 хүн төдийгүй 9 өрхийн санал болж хувирсан мөн Гуулингийн харьяат биш Нэргүй овогтой Лхагва-Очирыг санал өгүүлсэн. Санал хураалт хаасан байхад 2 хүний санал өгүүлсэн. Ч.Нармандах Монгол Ардын Намын гишүүн намаасаа нэр дэвших санал гарахад хугацаа хэтэрсэн 4365000 төгрөгийн өртэй байсан шалтгаанаар хасагдсан хэдий ч хууль зөрчин санаатайгаар бие даан нэр дэвшин санал хуваасан. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сонгууль болсон. Сонгуулийн орой дахин сонгууль болж байхад тухайн бензиний бичгийг хийж өгсөн гэж үзсэн. Тэр бензиний бичгээр өглөө 9 цагаас эхлэн петровис клонкоос бензин авч эхэлсэн. Би тийм бензиний бичиг тараасан гэж мэдээгүй амарч байхад хөдөлмөрчид клонк дээрээс бензиний бичиг тараагдсан байна гээд надад хэлсэн би тэрний дагуу аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол нь яагаад хүчин төгөлдөр бус болсон гэж үзээд байгаа бэ гэхээр энэ бол багийн Засаг дарга сонгох сонгууль байсан. Энэ дээр бол өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцаад үзэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт баг хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг хорооны сонгуулийн насанд хүрсэн иргэн оролцоно гээд заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ сонгуульд тухайн багийн харьяалалгүй Лхагва-Очир гэдэг хүн санал өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Захирагчийнх нь өгсөн тодорхойлолтоос энэ хүн 2010 онд шилжээд явсан нь тодорхой байгаа. Тийм учраас энэ сонгууль нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Мөн энэ хурал нь багийн Засаг дарга сонгох хурал дээр хурлын дэгийг баталсан тогтоол байхгүй байна. Энэ нь бас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасан байгаа. Хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хурал дээр дэгийг нь хуралдаанаар тогтоож тогтоол баталсан зүйл байхгүй байна. Ийм учраас багийн Засаг дарга сонгох сонгууль нь эхнээсээ хууль бус явагдсан гэж харагдаж байна. Хурлын тэмдэглэл дээрээ дэгийг тогтоож тогтоол батална гэж оруулсан байгаа хэдийч тогтоол баталсан зүйл байхгүй нь тодорхой харагдаж байна. Энэ хурал нь хүчингүй болох үндэслэл тогтоогдож байна. Мөн хурлын тэмдэглэл дээрээс харахад анх 280 хүн сонгуульд саналаа өгсөн харагдаж байгаа. Хурлын төгсгөлд 282 хүн санал өгснөөр тооцож авсан байгаа. Гэрч нарын мэдүүлгээс харахад сүүлд орж ирсэн хоёр хүн нь хуралд анхнаасаа оролцоогүй хурал дуусаж байхад өөрөөр хэлбэл хурлын санал авсан хайрцагны лацийг нээсэн байхад, зарим нэг гэрч нь энэ саналын хуудсыг асгасан байхад хоёр хүн орж ирсэн гэж байгаа. Энэ хурлыг хаах уу, хаая гээд хуралд оролцогчид гар өргөөд сонгуулийн санал хураалтын явцийг хаасан, санал хураасан хайрцагныхаа лацийг авсан байхад энэ хоёр хүн орж ирээд санал өгсөн байгаа нь мөн энэ сонгууль нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн тэр хоёр хүний нэг нь харьяалалгүй хүн байсан байгаа. Тийм учраас багийн Засаг даргыг томилсон 03 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Засаг дарга бензиний бичиг хийж өгсөн талаар яригдаад байдаг. Засаг дарга нь ардчилсан намын хүн байгаа. ******* нь ардчилсан намаас нэр дэвшсэн байгаа. Энийг өнөөдөр шүүх хуралдаан дээр тодруулж асуусан байгаа. Яагаад тодруулаад асуугаад байгаа юм бэ гэхээр хурлын тэмдэглэл дээрээс харахаар аль аль намаас ямар ямар хүн нэр дэвшиж явсан нь ямар ч тодорхойгүй энэ дөрвөн хүн хувиараа нэр дэвшээд явсан юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр энэ Засаг дарга нь ардчилсан намын хүн учраас ардчилсан намаас нэр дэвшсэн *******оо дэмжих зорилгоор бензиний бичиг өгсөн байна гэж үзэж байна. Үнэхээр энэ Засаг дарга малчдаа явах унаагүй болсон гээд бензиний бичиг хийгээд шөнө явах шаардлагатай юм бол тэр шөнөө явах нь яасан юм яваагүй байгаа. Энэ хийж өгсөн бензиний бичгээр маргааш өглөө нь бензин авсан байгаа. Энэ хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Мөн гэрч хэлсэн байдаг. Би авахгүй яах юм бэ гэхэд ав ав зүгээрээ гээд надад өгсөн тэгээд би тэр бичгийг нь сумын төв дээр байдаг хүүхэддээ үлдээгээд явсан гээд гэрчийн мэдүүлэг байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинээр авчирч өгсөн тодорхойлолт байгаа эндээр төрийн сангаар ямар нэгэн байдлаар мөнгө нь дамжаагүй 2016 оны 12 дугаар сарын 24-ний бензиний мөнгө төрийн сангаар дамжаагүй энэ нь бид нарт ямар ч хамаагүй юм гэсэн тодорхойлолт байсан. Энэ тодорхойлолт бол өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн ******* бензин түгээх станцийн хүн ******* бензиний мөнгийг өөрөө ирээд бэлнээр төлөөд явсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр яг энэ 40 литр бензиний мөнгөний тооцоог хэн хийсэн бэ гээд өөрийг нь оруулж ирээд асуухаар хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр сарынхаа сүүлд бөөнөөр нь өгсөн гэдэг байдлаар хариулж байгаа. Өмнө нь 1 дүгээр сарын 4-ний өдөр Цагдаагийн албан хаагчаас очоод авсан мэдүүлэг дээрээ ******* 40 литр бензиний мөнгийг хувиасаа хийсэн гээд маш тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ сонгуульд оролцсон ******* мөн үү гээд асуухад мөн гэж тодорхой хариулсан байгаа. Энэ хүний сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ сонгууль хууль бус болсон. Энэ хурал дээр хариуцагч ч гэсэн хэлсэн Лхагва-Очир гэдэг хүнийг манай багийн харьяаны хүн биш гэдгийг бид нар ч тухайн үед мэдээгүй дараа нь мэдсэн гэдэг зүйл ярьсан. Тэгэхээр энэ зүйл нь тухайн үед мэдээгүй байж байгаад дараа нь мэдээд, миний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн байна гэдгээ мэдээд энэ хүн цагдаагийн байгууллага хандаад, дараа нь прокурорын газар хандаад хариу аваад эрүүгийн хэргийн шинжтэй асуудал биш байна. Захиргааны хэргийн шүүхээр яв гэхэд нь захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын материал бүрэн эхээрээ надад байна. Хурал 13 цаг 50 минтуд эхэлсэн байгаа. Хурал эхлээд дэгийн дагуу явагдсан. Засаг дарга Төвшинзаяагийн 2014-2016 оны үйл ажиллагааны тайлан, багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2012-2016 онд зохион байгуулсан ажлын тайлан, зохион байгуулалтын асуудал, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох төлөвлөгөөтэй байсан. Тухайн хурлын үеэр би багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшээд сонгогчдийн 50-аас дээш хувийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон байгаа. Би ажлаа аваад дараа нь багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан. Багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдсан. Эхний үе шатанд дөрвөн хүн өрсөлдөөд аль аль нь 50 хувьдаа хүрээгүй учир дараагийн шатны сонгууль болсон. Хурлын завсарлагааны үеэр би гараагүй, тэнд иргэдийг хараад хурлаа удирдаад сууж байсан. Нэхэмжлэгч талаас хуралтай холбоотой хоёр асуудал тавьсан байгаа. Гадны хүн санал өгүүлсэн гэдэг. Тэр Лхагва-Очир гэдэг залуу манай Гуулин тосгонд сургууль төгссөн. Зун ирээд морь уяад, хонь хариулаад байж байдаг. Би иргэдийн нийтийн хурлыг хянаад сууж байсан. Тэгэхэд гаднаас Дэлгэр, Шилүүстэй, аймгийн төвөөс ч юм уу танихгүй хүн орж ирж санал өгөөгүй. Тухайн хурал дээр Лхагва-Очирыг Гуулингийн харьяалалаас гарсан гэдгийг би мэдээгүй. Засаг захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэр хурал дээр байж байсан. Статистик хариуцсан Бүдлхам тооллогын комиссын даргаар сууж байсан. Улсын бүртгэгч Соёл-Дэлгэр мөн тооллогын комисст байсан. Хүмүүсийг бүртгээд сууж байсан. Санал хураалт тасалсаны дараа 2 хүн санал өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр би тэр хурлыг даргалаад тэнд сууж байсан. Тооллогын комисс Баярмаа гэдэг хүн босч ирээд 280 хүн санал өгсөн байна. Санал асуулгаа тасалах уу гээд босоод ирсэн. Энэ үеэр хүмүүс шуугилдаад 2 хүн ороод ирсэн байна саналыг аваач гэсэн. Тооллогын комисс санал хураалт хааж ширээн дээр асгасан зүйл болоогүй. Би өөрөө хараад сууж байсан. Тэгээд би Баярмаад хэлсэн энэ хоёр хүн санал өгөх гээд ирж байхад энэ хоёр хүний саналыг аваад санал хураалтаа таслаад тооллогоо явуулья гэж хэлсэн. Тэгээд саналыг нь аваад тооллогоо явуулсан. Бензиний мөнгөний асуудал дээр хурлын завсарлагааны үеэр тийм асуудал гарсан гэж нэхэмжлэгч бичсэн байгаа. Хурлын завсарлагааны үеэр тийм ажил болоогүй гэдгийг би гэрчлэнэ. Яагаад гэхээр хурал тараад хүмүүс ирээд гар бариад баяр хүргэсэн. Тэгэхэд нэр бүхий малчид хөдөө явах гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихлоо Засаг даргатай уулзаж бензиний бичиг гуйхаас гээд орж байхыг би хараад зогсож байсан. Засаг даргын өрөөнд ямар үйл ажиллагаа явагдсаныг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал болоод тэнд Гуулин багийн иргэний хувьд Засаг даргын сонгуульд бие дааж нэр дэвшсэн. Энэ сонгуульд дөрвөн хүн нэр дэвшсэн. Ардчилсан намаас Цээноров, Ардын намаас *******, бие дааж Нармандах, ******* нар өрсөлдсөн. Эхний санал хураалтаар хэн хэн 50-аас дээш хувийн санал аваагүй миний бие 93 хүнийг санал, ******* 90 хүний санал аваад эхний 2 хүн дахин санал хураалт аваад 282 хүн оролцсоноос нэг хуудас хүчингүй болоод 151 хүний санал буюу 53.6 хувийн саналаар би ялалт байгуулсан. ******* 130 хүний санал авсан. Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 03 тоот тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Бензиний бичгийн талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сонгууль болсон. 12 дугаар сарын 26-ны өглөө багийн Засаг дарга чи машинтай явж байна уу гэхээр нь машинтай явж байна гэхэд чи бензиний бичиг авчираад өг гэсэн. Манай клонк зайтай байдаг. Тэгээд би түгээч дээр нь очоод бензиний бичиг аваад ир гэж байна гэхэд түгээч нь надад бичигнүүд өгсөн. Тэгээд би авчирч өгөөд энэ надад хамаагүй юм байна таны бичиг байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бензиний бичиг тараасан, харьяалалын бус хүн санал өгсөн, сонгууль хаах гэж байхад хоёр хүний санал авсан асуудал учраас Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн нийтийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар багийн Засаг даргаар томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа 2017 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан байгаа. Энэ тогтоолын хуулийн үндэслэлийг аваад үзэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт мөн санал тооллогын комиссын саналыг үндэслэж тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаад байгаа шаардлага агуулга маань өөрийнх нь ямар эрх ашгийг яаж хөндөөд байгаа нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага агуулга гэсэн хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүн хуулийн этгээдийн ямар эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн ямар хуулийн заалтаар энэхүү тогтоол маань ямар эрх ашгийг зөрчөөд байгааг тодруулж нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт тухайн нутаг дэвсгэрийн харьяалалтай хүнийг сонгуульд оруулах ёстой гээд байна. Ганцхан багийн Засаг даргаар томилуулах тухай тогтоол гараагүй. Тухайн иргэдийн нийтийн хуралтай холбоотой иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчийг сонгох, даргыг сонгох, дээрээс нь багийн Засаг даргыг томилуулах тухай энэ асуудлыг шийдсэн санал хураах асуудал болсон. Иргэдийн нийтийн энэ хурал нь өөрөө хүчин төгөлдөр бус хурал юм дээрээс нь санал тооллогын комиссын дүнг үндэслэж гарсан гэж байгаа. Санал тооллогын комиссын дүн ч гэсэн иргэдийн нийтийн хурлын дарга оролцож дүнд нөлөөлөөгүй. Харьяалалгүй хүн санал өгсөн гээд байгаа тэр хүний үнэмлэхийг нь хэн шалгаж санал өгүүлэх ёстой юм. Санал тооллогын комисс авах ёстой энэ хүмүүс ажлаа хийгээгүй санал тооллогын комиссын энэ дүн хүртэл энэ хүний эрх ашгийг зөрчөөд байгаа. Хэрвээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах байсан бол энэ санал тооллогын комиссын дүнг хүчингүй болгож өгнө үү, иргэдийн нийтийн хурал хүчинтөгөлдөр бус болсон гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь өөрөө багийн Засаг даргаар томилуулах тогтоол маань хүчинтөгөлдөр бус байна гэдэг асуудал хөндөж гаргасан байгаа. Өмгөөлөгчийнх нь зүгээс гаргаад байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг гэдэг асуудал дээрээс тэр дэг батлаагүй гэдэг асуудал нэхэмжлэлийнхээ шаардлагын хүрээнд ярихгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 14.1-14.4 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэг нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн иргэний үнэмлэхийг шалгахгүй санал өгүүлдэг тооллогын комиссын буруутай үйл ажиллагаа байгаа. Хоёрдугаарт бензиний бичиг тараасан асуудал яригддаг. Энэ сонгуулийн тухай хуульд баг хорооны засаг даргын сонгуульд хамаарна гэсэн ойлголт байгаа. Энэ сонгуулийн тухай хуулиар юм тараасан асуудал байвал Цагдаагийн байгууллагад өгч шалгуулаад тухайн зөрчлийг захиргааны зөрчилд тооцох тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлээд хариуцлага тооцох асуудал байдаг. Сонгуулийн байгууллага, үйл ажиллагаатай холбоотой зөрчил нь дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргах эрх нээлттэй байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт баг хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх чөлөөлөх огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээн авах эсэх талаар сум, дүүргийн Засаг даргад уламжлах иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх байгаа, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг хорооны иргэдийн хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэсэн байгаа. Тэгэхээр олонхын санал 151 хүн буюу 53.3 хувийн саналаар ******* олонхын санал авсан байгаа. 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан баг хорооны Засаг дарга тухайн нэгжийн иргэдийн хуралд оролцож байгаа иргэд аймаг нийслэл тухайн нутаг дэвсгэрийн нас эсвлийн хурал, эсхүл хурлын төлөөлөгчид тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанаар иргэдийн төлөөлөгчидийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж байна. Хариуцагч Төмөрбаатарын хувьд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн нийтийн хурлын 03 дугаартай тогтоолоор хуулийн дагуу, хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу үйлдсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Гэрч ******* нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Манайх нарийн цагийн хувиартай 8 цаг хүртэл ажилласан. Тэрнээс хойш эмнэлэгийн яаралтай дуудлага, онцгой байдал зарласан үед ажиллана өөр нөхцөлд ажиллахгүй. 8 цаг гэж хаагаад хүмүүс саналаа өгсөн. Энэ бичгээр сонгууль болсоны маргааш өглөө нь 8 өнгөрч байхад 7 хүн авсан. Тэр бичгийг манай Засаг дарга өөрөө бүгдийг нь хурааж авсан. Тэгээд би хүн болгоноос мөнгийг нь авч чадахгүй энийгээ янзалж өгөөрэй гэсэн тэгээд тооцоог хийсэн байгаа. Нэг хүн нь өөрөө тооцоогоо хийсэн.
Гэрч ******* нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Багийн Засаг даргын сонгууль, иргэдийн нийтийн хурлын даргын сонгууль 12 дугаар сарын 24-ний өдөр болсон. Тооллогын комисс тооллого хийх гээд дуусгая гэж саналаа хэлсэн. Хүмүүс тэгье гээд зарим нь гараа өргөсөн тэгсэн ар талаас хоёр гурван хүн болоогүй хоёр хүн ирнэ гээд байсан. Зарим нь тэр хоёр хүний саналыг өгүүлэхгүй гээд зарим нь өгүүлнэ гээд жоохон маргаан гарсан. Тэгээд тооллогын комиссын хүмүүс хүлээж байж байгаад хайрцгаа тооллогын комиссынхон барьцан амыг нь нээх гээд байж байсан. Тооллогын комиссынхон 5 минут сунгах уу гээд хөдөлмөрчдөөс асуусан чинь зарим нь юу гэж тийм юм байдаг юм гээд зарим тэгье гэсэн санал гарсан. Тэгээд удаагүй 2 минутын дараа нөгөө хүмүүс нь орж ирсэн. Тэр хоёр хүний саналыг тойрч яваад өгүүлсэн. Тэгээд 5 минут болгоод саналын хайрцгаа задлаад тооллогоо хийж эхэлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэн *******ын нэхэмжлэлтэй, Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуралдсан байна. Иргэдийн Нийтийн Хуралд 130 өрхийн 178 иргэн хуралд ирсэн тул иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Ойнбаяр хурлыг нээж, удирдсан байна. Иргэдийн Нийтийн Хурлаар хуралдааны дэгээ батлах, 2016 онд зохион байгуулсан ажлын тайлан, хурлын дарга тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцсэн байна.
Багийн Засаг даргын сонгох, санал хураах үйл ажиллагаа 20 цаг 51 минутад эхэлсэн. Хурлын явцад багийн иргэд нэмэгдэж ирснээр багийн Засаг дарга сонгох санал хураалтад 282 иргэн оролцож, багийн Засаг даргад *******, *******, Ч.Нармандах, Д.Цээноров нар өрсөлдөж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж зааснаар нэр дэвшигч нар хэн хэн нь олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан *******, ******* нарыг өрсөлдүүлэхээр дахин санал хураалт явуулсан байгаа нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хурлын тэмдэглэлд тусгагдсанаар дахин санал авах үйл ажиллагаа 21 цаг 17 минутад эхэлж 22 цаг 27 минутад дуусаж, тооллогын комиссын дүн гаргахад 282 иргэн санал өгсөнөөс хүчингүй саналын хуудас 1, хүчинтэй саналын хуудас 281 түүнээс ******* 151 иргэн буюу 53,5 хувийн санал, ******* 130 иргэн буюу 46,0 хувийн санал авсан тул Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлаас 03 дугаар тогтоол гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн *******ийг Гуулин багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.
Нэхэмжлэгч ******* *******той дахин санал хураалтаар багийн Засаг даргад өрсөлдсөн бөгөөд уг багийн Засаг даргыг сонгон санал хураалт сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц зөрчил өрсөлдөгчийн талаас гаргасан учир Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
1. Дахин санал хураалт явуулахын өмнөх завсарлагаанаар малчдыг дуудаж санал худалдан авах зорилгоор албан тушаалаа ашиглаж 9 малчинд төсвийн хөрөнгөөр бензиний бичиг хийж өгч санал хураалтанд нөлөөлсөн тухайд:
Хавтаст хэргийн материалд: Б.Энхбаатар, А.Баяржаргал, Ж.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Элбэгбаяр, Р.Сайнхүү, Б.Баярсайхан, О.Адинсамбуу, С.Энхзаяа нарт Гуулин тосгоны захирагч Б.Төвшинзаяа 5 литр бензиний бичиг хийж өгсөн нь баримтаар авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх дээр иргэдийг гэрчээр асуухад Р.Сайнхүү “...сонгуулийн өдөр хурлын дараа унаагүй болчоод хүмүүст 5 литр бензиний бичиг өгч байна гэхээр орж багийн хуучин Засаг дарга Б.Төвшинзаяагаас бензиний бичиг авсан мөнгийг нь маргааш буцааж өгсөн ... хурал тарсан байсан”, гэрч Н.Элбэгбаяр “ ...Засаг даргыг сонгодог өдөр миний бие бензиний бичиг авсан нь үнэн ...орой болсон хурал тарсан байсан”, гэрч Ж.Алтангэрэл “ ...гэрт харих унаа гаргаж өгөөч гээд орсон тэгтэл орой үдэш унаа гаргаж өгөх боломжгүй бензиний бичиг хийж өгсөн, дараа нь төлөөрэй гэсэн”, гэрч А.Баяржаргал “ ...хурал тараад бүх хүн тарсаны дараа Засаг дарга Б.Төвшинзаяагийн өрөөнд орж 5 литр бензиний бичиг авсан. Буцааж төлсөн”, гэрч О.Адинсамбуу “...хурал тараад хамт явж байсан хүмүүс Засаг даргын өрөөнд ороод ир гэхээр нь ороход 5 литр бензиний бичиг өгсөн, би авахгүй гэхэд зүгээр зүгээр гээд надад өгсөн, дараа мөнгийг нь Засаг даргад өгсөн”, гэрч Б.Баярсайхан “...орой хурал тарсаны дараа явах гэсэн мөнгөгүй болчоод банк хаасан байсан учир ... Б.Төвшинзаяагаас орж 5 литр бензиний бичиг аваад удалгүй мөнгийг нь дарга Б.Төвшинзаяад өгсөн”, гэрч Б.Батбаатар “ ...хурал тараад бензиний мөнгөгүй болоод Засаг дарга дээр ороод 5 литр бензин авсан, буцааж төлсөн”, гэрч Б.Энхбаатар “сонгууль тараад би тосгоны захирагч Б.Төвшинзаяа дарга дээр орж та надад бензин өгөөч буцах бензин байхгүй байна гэсэн чинь дарга би хийж өгье, дараа нь тооцоогоо хий гэж хэлээд 5 литр бензиний бичиг хийж өгөөд ” гэрч Б.Төвшинзаяа “...хурал 22 цаг 30 минут дууссан ...бүх хүмүүс явсан байсан... өрөөндөө ороод гарах гэж байхад өөдөөс 10 гаруй малчид орж ирсэн ...маргааш шилжүүлээрэй гээд 9 хүнд 5, 5 литр бензиний бичиг өгсөн ...бүгд хувь хувиараа тооцоогоо хийгээд дуусгасан” гэсэн гэрч нарын тайлбараас үзэхэд багийн Засаг дарга сонгох санал хураалт дууссаны дараа буюу багийн иргэдийн Нийтийн Хурал тарсаны дараа тухайд иргэдэд Гуулин багийн Засаг дарга /багийн Засаг дарга байсан/ Б.Төвшинзаяа 9 хүнд 5 литр бензиний бичиг хийж өгсөн байна. Өөрөөр хэлбэл санал худалдаж авах зорилгоор бус хурал тарсаны дараа малчдад гэртэй харихад нь туслах үүднээс эргэж төлөгдөхөөр бензиний бичиг өгсөн гэж үзэхээр байх бөгөөд санал хураалт явуулахын өмнөх завсарлагаанаар санал худалдан авах зорилгоор бензиний бичиг хийж өгч, санал хураалтад нөлөөлсөн байдал нь тогтоогдохгүй байна.
2. Гуулинд харьяалалгүй Нэргүй овогтой Лхагва-Очирыг санал өгүүлсэн, санал хураалт хаасан байхад 2 хүний саналыг нэмж өгүүлсэн гэх тайлбарын тухайд:
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нарыг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаар багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт дуусаж байхад 2 иргэн нэмэгдэж ирсэн, хуралд оролцож байсан иргэд саналыг өгүүлэх, өгүүлэхгүй талаар маргасан, 2 иргэний саналыг өгүүлсэн гэсэн байна.
Шүүх хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, шүүх гэрчээр асуусан тэмдэглэлээс “...тухайн үед саналын хуудас асгаагүй байсан...тооллогын комисс шийдвэр гаргаад 2 иргэний саналыг авсан”, гэрч ******* шүүх хуралдаанд “...тэр хоёр хүний саналыг өгүүлсэн ...тэгээд 5 минут болоод саналыг хайрцагаа задалсан” гэсэн мэдүүлэгээс багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт дууссан байхад 2 иргэн саналаа өгөхөөр ирсэн, санал тоолох ажиллагаагаа эхлээгүй буюу саналын хайрцаг задраагүй байсан тул тухайн 2 иргэний саналыг өгүүлсэн байна гэж үзлээ. Харин нэхэмжлэгч *******ын тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот тодорхойлолтоор сүүлд ирж саналаа өгсөн 2 иргэний нэг Н.Лхагва-Очир нь Дэлгэр сумын Гуулин багийн харьяалалгүй иргэн багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон байна. Н.Лхагва-Очирыг санал хураалтад оролцуулахдаа тухайн харьяалалгүй гэдгийг мэдэх боломжтой байсан хэдий ч мэдээгүй санал хураалтад оролцуулсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуралдсан Гуулин багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн 130 өрхийн 178 төлөөлөл оролцсон тул хурлыг хүчинтэй тооцоод хуралдсан бөгөөд энэ талаар маргаагүй байна.
Харин багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтад Гуулин багийн харьяалалгүй Н.Лхагва-Очир санал хураалтад оролцсон хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцоно” гэж зааснаар 130 өрхийн 281 иргэн /төлөөлөл/ санал хураалтад оролцсон байхад харьяалалгүй нэг иргэнийг санал хураалтад оролцуулсан гэсэн үндэслэлээр 281 иргэнээс 151 санал буюу 53.5 хувийн санал авч багийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 заасны дагуу уламжилсан Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжэгчийн тухайд уг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг бус багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт хууль бус болсон, уг санал хураалтын дүнд багийн Засаг даргад томилуулахаар уламжилсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан тул “Ч.Нармандах намаасаа нэр дэвших санал гаргахад хугацаа хэтэрсэн өртэй шалтгаанаар хасагдсан гэсэн ч хууль зөрчин бие даан нэр дэвшиж санаатайгаар санал хураалтад нөлөөлсөн” эсэх асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуралдаж 03 дугаар тогтоолыг гаргасан, нэхэмжлэгч ******* хурлын 03 дугаар тогтоолын хүчингүй болгуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа хэдий ч ******* тухайд санал худалдаж авах зорилгоор бензиний бичиг тараасан, санал хураалтад нөлөөлсөн зөрчил гаргасан гэж үзэж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг асуудлаар аймгийн Прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны 08 дугаар хүсэлтийг шийдвэрлэсэн талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан зэргээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсгүүдэд заасныг баримтлан *******ын Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ