Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0626/З |
Дугаар | 221/МА2019/0316 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0316
|
|
|
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.14-д заасан гурван талт гэрээг байгуулаагүй гэх тухайд: Шүүхээс “...нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх “3” блокт иргэн, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээ байгуулсан гэх боловч гэр хорооллын дэд бүтцийн газарт гурван талт гэрээ байхгүй болох нь тус байгууллагын архив, бичиг хэрэгт хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон” гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Гэр хорооллын хөгжлийн газарт хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Энхбаатарын өгсөн мэдүүлэгт “Гурван талт гэрээг байгуулах гэтэл Гэр хорооллын хөгжлийн газраас тухайн байршил дахь газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиар байхгүй байсан тул гэр хорооллын хөгжлийн газраас гурван талт гэрээг баталгаажуулж, гарын үсэг зураагүй...тухайн “3” блок нь онцлог буюу зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байдаг тул ихэнх нь газар, газрын гэрчилгээгээ барьцаалж зээл авсан байсан тул гэрчилгээг нь эх хувиар гэрээнд хавсаргах боломжгүй байсан” талаар тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, журамд заасан гурван талт гэрээг төрийн байгууллага болох Гэр хорооллын хөгжлийн газар өөрөө баталгаажуулаагүй бөгөөд үүссэн дээрх нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авах, хамтарч ажиллах байтал Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-д “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
Гэтэл хариуцагчаас дээрх гэрээг байгуулж, баталгаажуулаагүй гацаасан бөгөөд гэрээг цаашид хэрхэх, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн арилгах талаар арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй атал “гурван талт гэрээг байгуулах үүргийг шаардаж албан бичиг хүргүүлж байсан байна” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Шүүхээс “...төсөл хэрэгжүүлэх талбайд нийслэлийн төсвийн хөрөнгөөр “З” ХХК-ийн гүйцэтгэсэн дэд бүтэц тус компанийн төслийн хэрэгжилтээс шалтгаалан зорилго, үр дүндээ хүрээгүй бөгөөд “өнөөг хүртэл төслийн ажил эхлээгүй, төсөл хэрэгжүүлэх “3” хэсэгчилсэн талбай дахь иргэд, аж ахуйн нэгжийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 сарын 13-ны өдрийн А/865 дүгээр “Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол, “3” хэсэгчилсэн талбайн гэр хороололд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг баталсны дагуу “З” ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 14/310 дугаар актаар Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 7-р хорооллын Сэлбэ голын дагуу гадна цэвэр усны ф60-219 мм, 087 км шугам, гадна бохир усны ф150-500 мм-ийн 0,87 км шугам угсрах ажлыг байнгын ашиглалтад оруулж хэвийн ажиллаж байгаа болно.
Гэтэл дээрх гүйцэтгэсэн дэд бүтцийн ажиллагаа гэр хорооллыг барилгажуулах төслийн хэрэгжилтээс шалтгаалан үр дүндээ хүрээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүхээс юуг үндэслэж үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хавтаст хэрэгт байх үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар “З” ХХК нь “3” хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхэлсэн буюу барилгын суурийг бэлэн болгосон талаарх гэрэл зураг хэрэгт авагдсан тул барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эдийн засгийн хүнд нөхцөл байдал, барилгын салбарын уналтаас үүдэж барилгын ажил саатсан болохыг тогтоосон Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” олгосон бөгөөд тус гэрчилгээнд “Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямрал, барилгын салбарын тогтворгүй байдал нь тус компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж “З” ХХК-д гэрчилгээ олгож байна” гэсэн байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгч “З” ХХК нь “3” блокт орон сууц барихаар төлөвлөж, зураг төсөл эскизийг батлуулсан байсан боловч байршил дахь иргэдийн саналыг үндэслэн оффис, үйлчилгээний барилга барихаар болж зураг төслийг өөрчлөлтийг бүртгүүлэхээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй байдаг. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэж, дүгнэлт хийгээгүй байдаг.
Шүүхээс “...Хяналтын хорооны 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 01/2 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн байна” гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “...Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэсэн бөгөөд 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Хяналтын хорооны хурлын №01/2 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл уг шийдвэрийг үзвэл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа” гэсэн боловч ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлт, тодорхойлолт байхгүйгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамж нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээс “...нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбар нь “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гаргасныг мэдэгдсэн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 03/275, 2018.05.15-ны өдрийн 03/419, 2018.06.20-ны өдрийн 03/569 дүгээр албан бичгээр тус тус үгүйсгэгдэж байна” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 03/275 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “3” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг үүргээр мэдэгдэж байна” гэх, 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 03/419 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...танай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/433 дугаар захирамж гарсныг үүгээр мэдэгдэж байна” гэх, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 03/569 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг өөрчлөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн эдгээр мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ...” хэмээн заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа байсан.
Гэтэл дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” хэмээн зааснаар Нийслэлийн Засаг даргаас “З” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авахын өмнө холбогдох нотлох баримтыг өгч тайлбар, санал гаргах эрхийг хангах арга хэмжээ аваагүйгээс гадна тус хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулсан сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг мөн адил ирүүлээгүйгээр сонсох ажиллагааг хийх үүргээ төрийн байгууллага хэрэгжүүлээгүй байдаг.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” хэмээн заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 0150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “З” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” тухай А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын 210 га талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг явуулж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/635 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “З” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг “З” ХХК-д олгожээ.
Улмаар нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн архитектор зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор 2013 онд батлуулсан байна.
Харин “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлсэн буюу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төсөл хэрэгжүүлэгч “З” ХХК нь нийслэлийн төсвийн 2.796 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зөвхөн “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбай”-д гэр хороолол хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад оруулсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч “З” ХХК нь дээрх дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3/31дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан тохиолдол төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний газрыг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулан Төслийн удирдах хороонд танилцуулах гэсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.
Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийн гол үүрэг нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй хоёр, гурван талын гэрээ байгуулан тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийг талбайг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 5 жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбай буюу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбайг чөлөөлж, төслийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь цаашид энэхүү төслийн үйл ажиллагааг “З” ХХК-иар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаар “З” ХХК нь “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “3” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР