Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 004/2014/0036/З |
Дугаар | 001/ХТ2016/0029 |
Огноо | 2016-02-01 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/0029
Б.Н-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, О.Зандраа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч П.О, П.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 514 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Н-гийн нэхэмжлэлтэй, ГАА-ийн ИТХТ-ийн НБ-ийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж, 2011 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажилтнаар, 2011 оны 7 дугаар сараас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах болсон. Гэвч 2014 оны 4 дүгээр сард Л.Болормаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга болсноор би энэ хүнтэй үр дүнгийн гэрээ шинэчлэн байгуулж ажиллаагүй. 2014 оны 6 дугаар сарын 20-ны үеэр 4 хоногийн чөлөө хүссэн. Энэ үед Болормаа дарга ажилтай байж таараад амаар чөлөө өгсөн мөртлөө дараа нь 4 хоног ажил тасаллаа, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Иймд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллах хугацаандаа нэхэмжлэгч Б.Н-тэй холбоотой асуудлаар ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулж гаргасан. Манай бүтэц орон тоо шинэчлэгдэж 12 ажилтны орон тоотой болсон. Үүнтэй холбогдуулан Б.Н-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцуулж, бүх дотоод ажлаас чөлөөлсөн.
Гэтэл хагас жилийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн мэдээ, тайланг гаргаагүй, гишүүдэд жилийн ажлын төлөвлөгөөг карталж өгөөгүй, 2014 оны 6 дугаар сард Цагдаагийн эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөгдөж байгаатай холбогдуулаад “Иргэний зөвлөл” байгуулах асуудал гарч ирсэн боловч төсөвгүй дээрх зөвлөлийг байгуулаагүй ганц аймаг нь манай аймаг байсан. Мөн нэхэмжлэгч нь 4 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг алдаа зөрчил гаргасан тул 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан гэжээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Н-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны хоногийн олговрыг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 514 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасанд үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тухайлбал хариуцагч нь дээд албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэгчийн ажлыг дүгнэсэн материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дэх заалтыг зөрчсөн.
2. “Иргэний зөвлөл” байгуулах ажилтай холбоотойгоор хугацаа хоцорсон асуудлыг Б.Н-д хамаатуулж байгаа нь учир дутагдалтай. Учир нь нэхэмжлэгч энэ асуудлыг хариуцаж өөрөөсөө шалтгаалах судалгаа, зар мэдээ гаргах, ажлын хэсгийг цуглуулах зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж байсан.
3. Б.Н- өмнө нь арга хэмжээ авагдсан үндэслэлээр ажлаас халагдаж байгаа нь Төрийн албаны хуульд заасан “нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх”, ажлаас халах гол үндэслэх заалт болж байгаа Төрийн албаны хуулийн 25.1.1-д заасан “давтан” гэдэгт цаг хугацааны хувьд хамаарахгүй байна.
4. Ажлаас халсан хууль зүйн үндэслэл болсон Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар Л.Болормаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зохицуулалтад хамаарах үр дүнгийн гэрээ дүгнэсэн үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
5. Нэхэмжлэгч болон өмгөөлөгч миний бие давж заалдах шатны хуралд биеэр оролцох хүсэлтээ гаргаж хурал зарласан цаг хугацаанд орон нутгаас хүрэлцэн очиж байсан ч 11 дүгээр сарын 11-ний хурлыг хийхдээ бидний хуралд оролцох эрхийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Н- нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай зохицуулжээ. Гэвч энэ тохиолдолд хариуцагчийн нэрлэн заасан нэхэмжлэгчээс “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдсонгүй.
Хариуцагчаас “2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлт F буюу хангалтгүй” гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 6.3-т зааснаар Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл хагас жилээр нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, улмаар түүнийг ажлаас халах нэг үндэслэл болгож байгаа нь дээрх зохицуулалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүхээс үзлээ.
Мөн “өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэх үндэслэл нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 16 дугаар тушаалаар оногдуулсан “цалин бууруулах” зөрчилтэй давхардсан, нэг зөрчил буюу Иргэний зөвлөл байгуулах үйл ажиллагаатай холбоотой байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг буюу нэг зөрчилд нэг удаа хариуцлага тооцох зарчимд нийцэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчид цалин бууруулах тухай тушаалыг хэзээ мэдэгдсэн, гардуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн “ажлаас халахаас 7 хоногийн өмнө мэдэгдсэн” гэх тайлбарыг хариуцагчаас баримтаар няцааж, үгүйсгээгүй байгаа нь Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Хоёрын 6-д заасныг зөрчжээ.
Хариуцагчийн “3 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл байхгүй” гэх үндэслэл нь тодорхой бус, чухам ямар ажлыг хийгээгүй болохыг тодорхой нэрлэн заагаагүй нь буруу байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, ажлаас халах үндэслэл тус бүр тодорхой байх, гаргасан зөрчил болгоныг нотолж баримтжуулсны эцэст нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрхэд халдах эрхтэй болохоос тодорхойгүй зөрчил зааж, төрийн албанаас халах шийдвэр гаргах эрхгүй болно.
Хариуцагчаас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч биш Аюурзана гэх ажилтнаас хийж гүйцэтгэсэн” гэж маргах боловч үүнийг нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгчээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хагас жилийн тайлан мэдээг гаргаж дүгнүүлээгүй” зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн тухай баримтаар тогтоогдсон байна.
Дүгнэж үзэхэд, хариуцагчийн нэрлэн заасан 4 үндэслэлээс зөвхөн 1 үндэслэл нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Давж заалдах шатны шүүхээс “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих ажлуудыг биелүүлээгүй нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу хэрэглэжээ. Учир нь дээрх дурдсанаар нэхэмжлэгчийн гаргасан нэг зөрчилд хоёр удаа хариуцлага тооцсон, ажлын байрны тодорхойлолтод заасан яг ямар ажлыг гүйцэтгээгүй, энэ байдал нь “удаа дараа” гэх хуулийн шаардлагыг хангасан эсэхийг хууль хэрэглэхдээ анхаараагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 514 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ