Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1324

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0701 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

 

Эмчилгээний зардал 60 481 450 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч ХХ 1986 оноос 2012 он хүртэл Увс, Хөвсгөл аймгуудын ерөнхий боловсролын сургуульд, 2012 оноос Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, төрийн албанд нийт 29 жил тасралтгүй ажилласан. 1995 онд эмнэлэгт хэвтсэн ба тухайн үед манай улсын эмнэлгийн нөхцөл байдал муу байсан бөгөөд хэрэглэсэн тариурыг дахин буцалгаж хэрэглэсний улмаас шар өвчин тусч элэгний В вирустай болсон. 2014 онд биеийн байдал муудаж, Улсын нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв болон хувийн эмнэлгүүд элэгний хатуурал болон хорт хавдар гэж оношилсон бөгөөд уг өвчнийг эмчлэх цорын ганц арга нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхийг эмч нар хэлж байсан.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар баталсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад элэгний вирусын идэвхижил өндөртэй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа багтсан байдаг. Өөрөөр хэлбэл Элэг шилжүүлэн суулгах хагалгааг зайлшгүй гадаадад хийлгэх шаардлагатай байдаг юм байна. Улмаар Энэтхэг улсад хагалгааг бусад орноос хоёроос гурав дахин хямд буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 70 орчим сая төгрөгөөр хийдгийг олж мэдсэн. Эмч нар тус хагалгаа хийлгээгүй тохиолдолд дээд тал нь 6 сарын настай гэж хэлсэн ба хагалгаанд явахын тулд ах, дүү хамаатан саднаасаа бага хэмжээний хандив цуглуулж үлдсэн мөнгийг нь банкнаас болон хувь хүн, албан байгууллагаас зээлээр бүрдүүлсэн.

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хоёр донорын хамт Энэтхэг Улс руу ниссэн ба 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Фортис эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн. Хагалгааны үндсэн төлбөр 2 400 000 рупи буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 72 360 000 төгрөг болсон ба шинжилгээ, эмний мөнгө, ирж очих зардалд 90 гаруй сая төгрөг гарсан. Элэг шилжүүлэн суулгаснаас хойш эхний нэг жилд сар бүр, хоёр дахь жилээс улирал тутам Улаанбаатар хотод шинжилгээ өгөх шаардлагатай байдаг тул Увс аймгаас Улаанбаатарт сар бүр онгоцоор ирж шинжилгээ өгч, насан туршдаа уух дархлаа дарангуйлах 3 эмийг худалдаж авдаг. Үүнтэй холбоотойгоор сар бүр 1 000 000 орчим төгрөгийн зардал гарч байгаа ба өмнөх хагалгааны төлбөрийн зээлийн мөнгө, уг зардлууд зэргийг төрийн албан хаагчийн цалингаар төлөх боломжгүй хүнд байдалд ороод байна.

Төрийн албан хаагч нь ажлаас гадна нэмэлт орлого олох боломжгүй, цалин хязгаартай, их хэмжээний хуримтлал үүсгэхэд бэрхшээлтэй байдаг тул гэнэтийн өвчин тэр тусмаа гадаад улсад хагалгаа хийлгэх тохиолдолд түүний төлбөрийг төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсдэг юм байна. Харин дээрх нөхцөл байдлыг хууль тогтоогч анхаарч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэж оруулж өгчээ. Өөрөөр хэлбэл төр өөрийн албан хаагчаа гэнэтийн өвчинтэй тулгарсан тохиолдолд түүнд нь тус дэм болно гэдгээ уг хуулиар баталгаажуулсан байна. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй гэжээ.

Гэвч Засгийн газрын зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас гадна, энэ хугацаанд би харъяа сумын болон аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга нар, Төрийн албаны салбар зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандахад асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Насаараа төрийн алба хашсан миний бие төрийн албан хаагчийн баталгаагаа эдэлж чадахгүй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д гадаад улсад эмчлүүлэх зардлын 100 хүртэл хувийг төр хариуцахаар заасны дагуу хагалгааны зардлын 85 хувь буюу 60 481 540 төгрөгийг Засгийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

ХХ-ын шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн Газрын Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох тухай 2011 оны 7 дугаар сарын 06 өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан журам, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 314 дүгээр тушаалаар баталсан журмаар Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт байдаг. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтын дагуу ХХ хүсэлт гаргасан байгаа. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 31-ний 326 дугаар тушаалаар иргэн ХХд нэг удаагийн 3 700 000 төгрөгийн тусламж үзүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар заасан боловч уг эмчилгээний зардлыг ажил олгогч буюу тухайн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллага нь Төсвийн тухай хуулиар өөрийн төсөвтөө тусгуулан, батлуулж эмчилгээний зардлын тодорхой хувийг олгож байгаа.

ХХ-ын эмчилгээний зардлын талаар маргахгүй. Иймд ХХ-ын ажиллаж байгаа байгууллагыг хариуцагчаар татаж, ХХХ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэгт зааснаар Монгол улсын Засгийн газраас 42 692 852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 788 688 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлөх 460 358 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 371 414 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Төрийн албан хаагчийг баталгаа болон нэмэгдэл баталгаагаар хангахтай холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулж байгаа бөгөөд уг зүйлийн төрийн албан хаагчийг баталгаа /нэмэгдэл баталгаа/-аар хангахтай холбоотой 27.1 дэх хэсэг нь бүтцийн хувьд нийт 11 заалт /27.1.1-27.1.11 дэх заалт/-аас бүрдэнэ. Энэ хэсэгт төрийн албан хаагч цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, ажиллах нөхцөлөөр хангуулах, албаны унаа хэрэглэх, ажилдаа ирж буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах, ээлжийн амралт эдлэх, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх зэрэг баталгаагаар болон төрөөс орон байраар хангагдах, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах нэмэлт баталгаагаар хангагдахаар тус тус заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Энэ хуулийн 27 1 5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно" гэж заасан бөгөөд уг хэсгийн томьёоллыг үзвэл төрөөс орон байраар хангах, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах баталгаа нь "нэмэлт баталгаа" байх бөгөөд уг баталгаагаар төрийн албан хаагчийг хангахтай холбоотой асуудлыг Засгийн газраас журам тогтоосны дараа хэрэгжих байдлаар хууль тогтоогч баталсан байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс уг асуудлыг нэн тэргүүний, яаралтай, заавал шийдвэрлэх үүрэг ногдуулсан байдлаар томьёолоогүй бөгөөд улсын төсөв, санхүүгийн байдал сайжирсан үед тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой байх үүднээс "нэмэлт баталгаа" байдлаар буюу "дэд акт" гаргах бүрэн эрхээ Засгийн газарт хуулиар шилжүүлж, хуульчилсан байна.

Монгол Улсын төрийн албанд нийт 186.458 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, ажиллах нөхцөлөөр хангуулах, удирдах ажилтан албаны унаа хэрэглэх, ажилдаа ирж буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах, ээлжийн амралт эдлэх, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх зэрэг баталгаагаар хууль тогтоомжид заасны дагуу хангаж байна. Харин төрөөс орон байраар хангах, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах нэмэлт баталгааг хэрэгжүүлэх эдийн засгийн бодит нөхцөл, боломж хараахан бүрдээгүй байна.

Улсын Их Хурлаас зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багцад жил бүр тусгаж баталдаг бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны төсвийн багцад гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар 500 сая төгрөг туссан байна. Засгийн газар батлагдсан төсвийн хүрээнд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд зохих журмын дагуу тодорхой хэмжээний санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлдэг.

Гэтэл анхан шатны шүүх иргэн ХХ-ын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасанчлан Засгийн газраас нэмэлт баталгаагаар хангах журам батлаагүй Улсын Их Хурлаас төсөв, хөрөнгийн эх үүсвэр нь батлагдаагүй байдалд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг үндэслэн гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг шүүгч буруу ойлгож хэрэглэсэн, туйлын ноцтой сөрөг үр дагавартай шийдвэр юм.

Хуульч буюу шүүгч нь аливаа хуулийг хэрэглэхдээ түүний дан ганц заалт бус, хуулийн зохицуулалтыг бүхэлд нь, цогцоор нь уншиж, ойлгож, хэрэглэх учиртай бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь төрийн албанд ажиллаж буй 186 000 төрийн албан хаагчид төрөөс орон байраар хангуулах, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах нэмэлт баталгааг шаардах эрх үүсгэх шүүхийн практик тогтоож байгаагаараа ноцтой үр дагавар дагуулана.

Шүүх хэрэг маргааныг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой бөгөөд гарсан шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг. Харин шүүхээс дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзаагүй бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн үр нөлөөг тооцоогүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан эмчилгээний зардал болох 60 481 450 төгрөг гаргуулах, уг шаардлагаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан үндэслэснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч  төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар дээрх хуульд заасан боловч үүнийг ажил олгогч буюу тухайн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллага Төсвийн тухай хуулиар төсөвтөө тусгуулан, батлуулснаар тодорхой хувийг олгох тул Засгийн газар уг баталгааг хариуцахгүй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч ХХ нь 1986 оноос хойш төрийн албанд ажилласан, 2014 онд Магадлан итгэмжлэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн тодорхойлолт, дүгнэлтээр “элэгний хатуурал” өвчний улмаас гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай эмчилгээ буюу элэг шилжүүлэн суулгах мэс засал Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгт хийгдсэн, төлбөрт 2 360 025 Энэтхэг рупи /монгол төгрөгт харьцах ханшаар 71 154 753 төгрөг/ төлсөн, Эрүүл мэндийн яамнаас эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг болгон 3 700 000 төгрөг олгосон зэрэг үйл баримт тогтоогдсон ба шүүх энэ талаарх нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн байна.

/хх-ийн 87-111, 55-56, 154, 80 дугаар тал/

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах баталгаагаар төрийн албан хаагч хангагдахаар зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч эмчилгээнд гаргасан зардлыг шаардах эрхтэй боловч 71 154 753 төгрөгийн 85 хувь буюу 60 481 540 төгрөг  нэхэмжилснийг шүүх хуульд нийцүүлэн 60 хувиар тогтоож, 42 692 852 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх, дээрх эмчилгээний зардлыг Засгийн газар хариуцахгүй, ажил олгогч байгууллага хариуцах тул хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэх татгалзал үндэслэлгүй талаар Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, 2, Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудтай уялдуулан дүгнэсэн нь зөв болжээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 27.1.8-д төрийн албан хаагчийн нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газраас батлаагүй, хөрөнгийн эх үүсвэр төсөвт тусгагдаагүй нь төрийн албан хаагчийн хуулиар зохицуулсан баталгааг хангахгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд дээрх байдал саад болох учиргүй юм.

Үүнээс гадна нэхэмжлэгчид Эрүүл мэндийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 323 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, хавсралтын 12-т “ХХд 3 700 000 төгрөг олгосон”-ыг хариуцагч тусламж үзүүлсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэгч үүнийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй.

Энэ нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох” журам, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүжилт үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-д зааснаар тухайн эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр бодож олгосон дэмжлэг байжээ.

Үүнийг нэхэмжлэгч эмчлүүлсэн иргэнийхээ хувьд хүсэлтээ гарган зохих журмын дагуу авсан дэмжлэг тул төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар тусгайлан зохицуулсан баталгаатай давхцсан гэж үзэхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА