Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 98

 

      Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Ө.Б-,

шүүгдэгч У.С-,

шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Б-, У.С-, Т.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ө.Б-, Монгол Улсын иргэн, .......... төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “S” пабад зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............ суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн  дугаар ..........,

2. У.С-, Монгол Улсын иргэн, ............ төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...........” биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан, Метромалл худалдааны төвийн лангуу түрээслэгчийн туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2 дугаар гудамжны 3-19 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн  дугаар ..............

3. Т.М-, Монгол Улсын иргэн, .......... төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд үйлдвэрийн механик инженер мэргэжлээр суралцдаг, “.......” нарийн боовны цехэд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хат...........оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ....................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Б-, У.С-, Т.М- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвд байрлах “Намуун” нэртэй рестароноор үйлчлүүлсэн иргэн Ж.Н-ын гээсэн “Хаан” банкны виза картыг олж авч, уг картыг ашиглаж бэлэн мөнгөний өөртөө үйлчлэх автомат машинаас 6 удаагийн үйлдлээр 4.785.000 төгрөгийг авч завшсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ө.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

2. Шүүгдэгч У.С- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

3. Т.М- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед өөрийн найз болох Ганболдын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүүгээр хороонд байрлах “Намуун” ресторанд орж 6 шил 0.5 граммын шилтэй пиво хувааж уугаад 23 цаг 40 минутын үед бэлнээр 10.000 төгрөг өгөөд үлдэгдэл 10.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны картаар пин кодоо хэлж уншуулсан. Бид хоёр тэндээсээ гараад...такси бариад Ганболдыг Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын Номингийн байранд хүргэж өгөөд би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байранд гэртээ...12 цаг 05 минутын үед ирсэн. Би ирчихээд эхнэр лүүгээ залгаж таксины ...10.000 төгрөгийн тооцоо хийлгүүлээд гэртээ орсон. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 11 цагийн үед сэртэл гар утсанд баахан мессеж ирчихсэн байхаар нь хартал Хаан банкинаас таны данснаас 6 удаагийн зарлага гарсан байна гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд гайхаад картаа үзтэл байхгүй байхаар нь Хаан банк руу залгатал та цагдаагийн байгууллагад ханд гээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд Хаан банкинд мөрдөгчтэй хамт очоод хяналтын камерын бичлэгийг үзтэл урьд өдөр нь үйлчлүүлсэн газрын зөөгч залуу миний картаар мөнгө авч байсныг харсан...Нийт 4.785.000 төгрөг алдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)

“...Миний картаас...мөнгө авсан 3 залуу миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад ямар нэг санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

2. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр компаныхаа жолооч нартай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байрлах нэг пабад бөөнөөрөө архи уучихаад тэндээсээ Нармандахын хамт хоёулаа Нарлаг ресторанд ороод 6 шил 0.5 граммын шилтэй пиво хувааж уугаад 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Намайг гэрт Нармандах хүргэж өгөөд явсан. Тэгээд маргааш өглөө нь картаа алдаад данснаасаа мөнгө алдсан талаараа Нармандах хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

3. Ж.Н-ын “ХААН” банкны 531....537 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...03 цаг 17 минутад...300.000 төгрөгний, ...03 цаг 24 минутад 85.000 төгрөгний, ...03 цаг 25 минутад 3.000.000 төгрөгний, ...03 цаг 26 минутад 500.500 төгрөгний, ...03 цаг 27 минутад 500.000 төгрөгний, ...03 цаг 27 минутад 400.000 төгрөгний зарлага...” тус тус гарсан гэх баримт (хавтаст хэргийн 26),

4. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 5), Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 6-7),

5. Эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11),

6. Хохирогч Ж.Н-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...1 гэж дугаарласан (Б-) пабын зөөгч эрэгтэй мөн байна. ...Энэ эрэгтэй бол миний үйлчилүүлсэн пабын зөөгч байгаа юм. Би сайн санаж байна....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 48, 49)

7. Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2017 оны 5 сард Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн Намуун пабад зөөгчөөр ажилд орсон. Тэрнээс хойш ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс ажлаа хийхээ болиод гарчихсан. ...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би ажил дээрээ байсан. Тэр үед 22 цаг өнгөрч байхад гаднаас нэг ах жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд 1 шил пиво аваад ууж суусан. Тэгээд удалгүй нэг найз нь ирсэн. Тэр хоёр нийлээд пиво авч уусан. Ууж дуусаад гарахдаа 10.000 төгрөгний тооцоог картаар уншуулж хийсэн. Картных нь пин код цээжлэхэд амархан 8888 гэсэн дугаартай байсан. ...Тэр ах 23 цаг өнгөрч байхад тооцоогоо хийчээд гарахаар нь би ...ширээгээ цэвэрлэх гээд очтол буйдан дээр тэр ах картаа унагаасан байсан. Уг картыг аваад ажлаас гараад Драгоны Номин худалдааны төвийн 1 давхарт байх АТМ-д уншуулж 300.000 төгрөг авсан. Тэгээд би 21-р хороолол орж найз М-ыг дуудаад “Найз нь хүний карт олоод уншуулсан чинь мөнгө гарч байна яахуу” гэж хэлсэн чинь М- “хоёулаа мөнгийг нь авчихья” гэсэн. Тэгээд М- бид 2 Содон хорооллын Хаан банкны ATM орж би 85.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь М- 3.000.000 төгрөг уншуулж авсан. Уг 3.000.000 төгрөгийг тус бүр 1.500.000 төгрөгөөр нь хувааж авсан. Ингээд М- бид 2 С- гэх найзруугаа утсаар залгаад карт оллоо мөнгийг нь авчихлаа гараад ир гэж хэлсэн. Тэгтэл С- гэрээсээ гарч ирээд 21-р хороололд уулзсан. ...С-д 1.400.000 төгрөгтэй карт олсон гэж хэлсэн. Ингээд С- Их нарангийн шинэ эцэс дээр байрлах ATM орж 2 удаа 500.000 төгрөгөөр 1 удаа 400.000 төгрөгөөр авсан. Энэ 1.400.000 төгрөгнөөс М- бид 2 тус бүр 400.000 төгрөг С- 600.000 төгрөг авсан. Уг ахын картнаас нийт 4.785.000 төгрөгийг авснаас би 2.285.000 төгрөгийг авсан. М- 1.900.000 төгрөгийг С- 600.000 төгрөг авсан. Уг мөнгийг бид нар авчихаад 21-р хороололд байрлах “Хишигт-Од” караокед орж пиво уусан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-63),

8. Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед Ө.Б- надруу утсаар залгаад 21-р хорооллын автобусны буудал дээр хүрээд ирээч гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад яваад очтол миний машинд Б- бензин хийхүү гэхээр нь үгүй ээ надад мөнгөний хэрэг байна. Мөнгөө авчихья гэсэн. Тэгээд Б- ATM ороод 80.000 төгрөг өгсөн. Б- өмнө нь надаас 80.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд бид хоёр 21-р хорооллын буудал дээр тамхи татаад зосгож байхад Б- “өөрийнхөө ажилдаг пабын сандал дээрээс “Хаан” банкны карт олж авсан, кодыг нь хийсэн чинь мөнгөтэй байна лээ” гэж ярьсан.  Тэгэхээр нь бид хоёр ATM орж үлдэгдэлийг нь шалгахад 4 сая гаран төгрөг байсан. Тэгээд бид хоёр АТМ-ээс 3.000.000 төгрөгийг нь аваад 1.500.000 төгрөгөөр нь хувааж авсан. Ингээд С-г дуудаад...1.400.000 төгрөгтэй карт байна гэж хэлээд Их нарангийн эцсийн ATM орж 500.000 төгрөг авсан. Дараа нь Толгойтын ATM орж 500.000 болон 400.000 төгрөгөөр уншуулж авсан. Ингээд уг мөнгөнөөс С-д 600.000 төгрөгийг нь өгөөд 800.000 төгрөгийг нь Б- бид 2 хувааж авсан. Би нийт 1.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76),

9. Шүүгдэгч У.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой гэртээ байж байтал манай найз Б- 23 цаг өнгөрч байхад утсаар залгаад 21-р хорооллын автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд гэрээс гараад яваад очтол Б-, М- нар байсан. Би Б-, М- хоёртой 10 жилийн нэг ангид сурч байсан багийн найзууд байгаа юм. Тэгээд уулзсан чинь Б- хоол идэх үү гэхээр нь за яасан ч яахав цалин чинь буусан юм уу гэтэл үгүй гэсэн. Тэгээд хаанаас мөнгөтэй болсон юм гэтэл ажил дээр нэг хүн картаа орхисон. Дансыг нь шалгатал 1.400.000 гаран мянган төгрөг байна гэсэн. Тэгэхээр нь пин кодыг нь мэдэхгүй байж яаж авах гэж байгаа юм гэтэл пин кодыг нь мэднэ гэсэн. Тэгэхээр нь мөнгийг нь гурвуулаа авья гээд Их нарангийн эцсийн Хаан банкны ATM орж эхлээд 500.000 төгрөгөөр, дахиад Толгойтын ATM ороод дахиад 500.000 төгрөг аваад дахиад 400.000 төгрөгөөр авсан. Үүнээс 600.000 төгрөгийг нь би аваад тэр хоёрт 400.000 төгрөгөөр нь хувааж өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-70),

10. Шүүгдэгч Ө.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83, 86), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 87-92),

- Шүүгдэгч Т.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 118, 121), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 122-124, 126-131), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 125, 132-133),

- Шүүгдэгч У.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 105), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 106-111, 113) хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 107-111) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ө.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвд байрлах “Намуун” пабад, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зөөгчөөр ажиллаж байхдаа тус өдөр үйлчлүүлсэн иргэн Ж.Н-ын эзэмшлийн “ХААН” банкны виза картыг олж авч, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж Т.М-, У.С- нарын хамтаар бүлэглэн, шунхайн сэдэлтээр, картан дахь мөнгийг  авах зорилгоор, шууд санаатай үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн “ХААН” банкны “Драгон”, “Содон”, “Их Наран”, “Толгойт” дахь бэлэн мөнгөний өөртөө үйлчлэх автомат машинуудаас нийт 6 удаагийн үйлдлээр 4.785.500 төгрөгийг авч завшиж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь, 

- Хохирогч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед өөрийн найз...Ганболдын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүүгээр хороонд байрлах “Намуун” ресторанд орж 6 шил 0.5 граммын шилтэй пиво хувааж уугаад 23 цаг 40 минутын үед бэлнээр 10.000 төгрөг өгөөд үлдэгдэл 10.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны картаар пин кодоо хэлж уншуулсан. Бид хоёр тэндээсээ гараад...такси бариад Ганболдыг Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын Номингийн байранд хүргэж өгөөд би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байранд гэртээ...12 цаг 05 минутын үед ирсэн. ...Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 11 цагийн үед сэртэл гар утсанд баахан мессеж ирчихсэн байхаар нь хартал Хаан банкнааас таны данснаас 6 удаагийн зарлага гарсан байна гэсэн мессеж ирсэн байсан. ...Тэгээд Хаан банкинд мөрдөгчтэй хамт очоод хяналтын камерын бичлэгийг үзтэл урьд өдөр нь үйлчлүүлсэн газрын зөөгч залуу миний картаар мөнгө авч байсныг харсан...Нийт 4.785.000 төгрөг алдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)

- Ж.Н-ын “ХААН” банкны 531....537 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...03 цаг 17 минутад...300.000 төгрөгний, ...03 цаг 24 минутад 85.000 төгрөгний, ...03 цаг 25 минутад 3.000.000 төгрөгний, ...03 цаг 26 минутад 500.500 төгрөгний, ...03 цаг 27 минутад 500.000 төгрөгний, ...03 цаг 27 минутад 400.000 төгрөгний зарлага...” тус тус гарсан гэх баримт (хавтаст хэргийн 26),

- Эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11),

- Хохирогч Ж.Н-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...1 гэж дугаарласан (Б-) пабын зөөгч эрэгтэй мөн байна. ...Энэ эрэгтэй бол миний үйлчилүүлсэн пабын зөөгч байгаа юм. Би сайн санаж байна....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15),

- Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр...би...Драгон төвийн Намуун пабад...ажил дээрээ байсан. Тэр үед 22 цаг өнгөрч байхад гаднаас нэг ах жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд 1 шил пиво аваад ууж суусан. Тэгээд удалгүй нэг найз нь ирсэн. Тэр хоёр нийлээд пиво авч уусан. Ууж дуусаад гарахдаа 10.000 төгрөгний тооцоог картаар уншуулж хийсэн. Картных нь пин код цээжлэхэд амархан 8888 гэсэн дугаартай байсан. ...Тэр ах 23 цаг өнгөрч байхад тооцоогоо хийчээд гарахаар нь би ...ширээгээ цэвэрлэх гээд очтол буйдан дээр тэр ах картаа унагаасан байсан. Уг картыг аваад ажлаас гараад Драгоны Номин худалдааны төвийн 1 давхарт байх АТМ-д уншуулж 300.000 төгрөг авсан. Тэгээд би 21-р хороолол орж найз М-ыг дуудаад “Найз нь хүний карт олоод уншуулсан чинь мөнгө гарч байна яахуу” гэж хэлсэн чинь М- “хоёулаа мөнгийг нь авчихья” гэсэн. Тэгээд М- бид 2 Содон хорооллын Хаан банкны ATM орж би 85.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь М- 3.000.000 төгрөг уншуулж авсан. ...Ингээд М- бид 2 С- гэх найзруугаа утсаар залгаад карт оллоо...гараад ир гэж хэлсэн. Тэгтэл С- гэрээсээ гарч ирээд 21-р хороололд уулзсан. ...С-д 1.400.000 төгрөгтэй карт олсон гэж хэлсэн. Ингээд С- Их нарангийн шинэ эцэс дээр байрлах ATM орж 2 удаа 500.000 төгрөгөөр, 1 удаа 400.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-63),

- Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед Ө.Б- надруу утсаар залгаад 21-р хорооллын автобусны буудал дээр хүрээд ирээч гэсэн. ...бид хоёр 21-р хорооллын буудал дээр тамхи татаад зосгож байхад Б- “өөрийнхөө ажилдаг пабын сандал дээрээс “Хаан” банкны карт олж авсан, кодыг нь хийсэн чинь мөнгөтэй байна лээ” гэж ярьсан.  Тэгэхээр нь бид хоёр ATM орж үлдэгдэлийг нь шалгахад 4 сая гаран төгрөг байсан. Тэгээд бид хоёр АТМ-ээс 3.000.000 төгрөгийг нь...авсан. Ингээд С-г дуудаад...1.400.000 төгрөгтэй карт байна гэж хэлээд Их нарангийн эцсийн ATM орж 500.000 төгрөг авсан. Дараа нь Толгойтын ATM орж 500.000 болон 400.000 төгрөгөөр уншуулж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76),

- Шүүгдэгч У.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой гэртээ байж байтал манай найз Ө.Б- 23 цаг өнгөрч байхад утсаар залгаад 21-р хорооллын автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд гэрээс гараад яваад очтол Б-, М- нар байсан. ...Тэгээд уулзсан чинь Б-... ажил дээр нэг хүн картаа орхисон. Дансыг нь шалгатал 1.400.000 гаран мянган төгрөг байна гэсэн. Тэгэхээр нь пин кодыг нь мэдэхгүй байж яаж авах гэж байгаа юм гэтэл пин кодыг нь мэднэ гэсэн. Тэгэхээр нь мөнгийг нь гурвуулаа авья гээд Их нарангийн эцсийн Хаан банкны ATM орж эхлээд 500.000 төгрөгөөр, дахиад Толгойтын ATM ороод дахиад 500.000 төгрөг аваад дахиад 400.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-70) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нар бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н-ад 4.785.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох “ХААН” банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н-ад 4.785.500 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нар нь хохирогчид хохирлыг барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 24) баримтаар тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан гэх баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ө.Б-, Т.М-, У.С- нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасны дагуу торгох ялыг 3 (гарав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн  камерын бичлэг бүхий 1 ширхэгийг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн 111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.Б-, Т.М-, У.С- нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

- Ө.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр,

- У.С-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр,

-Т.М-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б-, Т.М-, У.С- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 111111111111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цэнхэр өнгийн HP invent cd-r 52x 700MB/ 80min гэсэн бичиглэлтэй СD-ийн дээр 20149 гэж гараар бичигдсэн 1 (нэг) ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ