Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 470

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0057 70618 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамж, 890а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Одсүрэнг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.Одсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би машин янзалдаг хашаан дотроо явж байтал Осоржамаа найз болох Мөнхбаатартай 1 шил архи хувааж ууж байсан. Би тэр архинаас нь ууж сууж байгаад тасарсан байсан. Би нэг сэрсэн чинь намайг зодчихсон байсан. Тэгээд би босоод харуулаасаа “Намайг хэн зодсон бэ” гэж асуутал “цуг ууж байсан Осоржамаа гэх залуу чинь зодсон” гэж хэлсэн. би Осоржамаатай утсаар ярьтал “уучлаарай хөгшөөн. Андуураад цохьчихсон байна. Өгөөмөр захын хашаан дотор хүрээд ир, уулзъя” гэж дуудсан. Би О дээр очтол надтай юу ч ярихгүй шууд ирээд толгой руу нэлээн олон удаа цохиж, хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Гэрч О.Ишваанжил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Одсүрэн О руу утсаар залгаж ярьж байсан. О “Одсүрэнтэй уулзчихаад ирье” гээд явсан. 10 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь араас нь яваад очиход хойд хаалганы орчим О, Одсүрэн нар зууралдаад хөл дээрээ тогтож чадахгүй, газар уначихсан байсан. Одсүрэн тэр хоёрыг салгахад Одсүрэнгийн хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч В.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Үл таних залуу манай ил зогсоол дээр орж ирээд гүзээ Оогий гэх хүнтэй маргалдаад ирсэн..гүзээ Оогий орж ирэхдээ зодуулчихсан байдалтай, нүүр ам нь шалбарчихсан орж ирсэн. Тэгээд би “хэнд зодуулчихсан юм бэ” гэж асуутал “тэр өндөр нөхөр намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1255 дугаартай дүгнэлт:

  1. С.Одсүрэнгийн биед хамрын ясны хугарал, баруун хацар, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. /хх-ийн 19/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Одсүрэнг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Одсүрэнгийн: “...Би машин янзалдаг хашаан дотроо явж байтал О найз болох Мөнхбаатартай 1 шил архи хувааж ууж байсан. Би тэр архинаас нь ууж сууж байгаад тасарсан байсан. Би нэг сэрсэн чинь намайг зодчихсон байсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Одсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.О-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Осоржамаа нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР