Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00499

 

 

 

 

 

 

 

      2024         03            13                                           210/МА2024/00499                           

 

 

“******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03968 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******ад холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэл: түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,133,184 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 55,842,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “******* *******” ХХК нь Б.*******тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2019/3 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, авто угаалгын зориулалтаар талбай түрээслэхээр харилцан тохиролцсон. 

1.2.Хариуцагчийн зүгээс 2020 оны 5 сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 6 сар 10 хоногийн төлбөр төлөөгүй тул “******* ******* ХХК нь түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан.

1.3. Түрээсийн төлбөр 50,666,600 төгрөг болсон, үүнээс барьцаанд тавьсан 8,000,000 төгрөгийг хасаж, 42 666 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.4. Гэрээний 4.5-д заасны дагуу алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар тооцож 21,333,300 төгрөг гаргуулна.

1.5. Ашиглалтын зардал буюу ус, цахилгааны төлөгдөөгүй төлбөрт 5,133,185 төгрөг төлөхгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 69,133,184 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Анх түрээсийн гэрээний төлбөрийг цаг тухайд нь төлж байсан боловч ковид-19 цар тахал гарснаас шалтгаалан түрээсийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон.

2.2. Тухайн үед “******* *******” ХХК-ийн захиралтай аман хэлэлцээр хийгээд түрээсийн үнэ 8,000,000 төгрөгийг бууруулж, 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж байсан.

2.3. Миний бие 11 сард гарахдаа 5-8 дугаар сарын төлбөрийг 4,000,000 тооцож төлөөд барьцаанд үлдсэн 8,000,000 төгрөгийг эдгээр саруудаас хасаж төлбөрөө төлөхөөр тохиролцсон. 5-10 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, үүнээс барьцааны 8,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 16,000,000 төгрөгөөс үлдээсэн тоног, төхөөрөмжөө хасаад барагцаагаар 8,000,000 төгрөгийн үлдэгдэл төлөхөөр тохиролцож байсан.

2.4. Миний ашиглаж байсан маркетинг суваг сүлжээ, бүх оруулсан хөрөнгө оруулалт, тавилга эд зүйлийг үнэгүй ашиглаад өөрсдөө авто угаалга ажиллуулсан.

2.5. Анхны тохиролцоогоор сарын 4,000,000 төгрөг, барьцааны мөнгө хасуулж, миний үлдээсэн тоног төхөөрөмж бүгдийг суутгаж үлдэх төлбөрийг төлж болно. Тухайн үед тохироход 9,000,000 төгрөг болсон, үүнийг зөвшөөрнө гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас 55,842,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.1. 25,000,000 төгрөгийг барилгын материал, ажлын хөлсөнд 20,500,000 төгрөгийн засварын газартай гэрээ хийсэн. Үүнд: барилгын гадна, дотор ханыг будах, гэрэлт самбарыг байрлуулах, машин угаалгын газарт шаардлагатай бохир усны сувгийг шал дээр гаргаж, усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж, сувгууд дээр стандартын дагуу байрлуулах, лед гэрлийг суурилуулж, цахилгаан монтаж зэргийг хийсэн. Дотор заалны ажилчдын өрөө, агуулахын өрөө, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольсон.

3.2. Шал цутгалтын ажилд 6,285,000 төгрөгийн зардал гарсан. Эдгээр зардлыг тал талаас хувааж төлсөн.

3.3. Үлдээсэн тоног төхөөрөмж усан буу 3, усны сав 2, хийн копресер 1, хогийн сав 2, тоос сорогч, хүлээлгийн өрөөний ширээ, сандал нийт 7,200,000 төгрөгийн эд хөрөнгө үлдээсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл, агуулга:

4.1. Б.******* нь ковид-19 цар тахалын үеэр хаалгүйгээр 4, 6, 7, 8 саруудад ажилласан. Төлбөр тооцооны үлдэгдэл, тооцоо нийлсэн тухайн гэрээнд тусгасан бичгүүдийг тухайн үед хийлгэж авч байсан. Түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөгөөр бууруулж тохиролцоогүй. Түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр тохиролцоод үлдэгдэл төлбөр дээрээ тооцоо нийлсэн акт үйлдэж, гарын үсэг зураад өөрөө бичиж өгсөн.

4.2. Гэрээний 5.2-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар, үйлчилгээ, засан сайжруулалт хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслэгчээс шаардах эрхгүй гэж заасан. Эд хөрөнгө хөлслөх гэрээ болон түрээсийн гэрээнд талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд шаардах эрх нь үүсэх нэмэлт зохицуулалт байгаа. Гэрээгээр нарийвчлан зохицуулж Б.******* эрх зүйн чадвар, чадамжтайгаар гэрээнд гарын үсгээ зурсан.

4.3. Энэ барилга нь авто угаалгын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг. 20,500,000 төгрөгийн зардал гарсан бол санхүүгийн баримт гаргаж өгөөгүй, баримтаар нотлогдохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Б.*******аас түрээсийн гэрээний үүрэгт 42, 666,666 төгрөг гаргуулан “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас 5,162,500 төгрөг гаргуулан Б.*******ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 26,466,518 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 50,680,000 төгрөгийг болон түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,700 төгрөгийг, хариуцагч Б.*******ын төлсөн 438,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 371,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д, нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас 97,550 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.*******ад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүх талуудын маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс маргааны агуулгын нягтлан үзээгүй, эрх зүйн зөв дүгнэлт шийдвэр гаргаж чадаагүй.

6.1. Гэрээ байгуулах үед түрээслүүлэгчийн өмчлөлийн барилгад автомашин угаалгын зориулалтаар хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд тухайн барилгыг засварлах, тоног төхөөрөмжийн зардал гарах нь хэн алинд нь тодорхой байсан.

6.2. Нэхэмжлэгч тохиролцооноосоо буцаж хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд гэрээ хэвийн үргэлжилсэн, харилцан маргаагүй тохиолдолд хэрэгжүүлэхээр тохиролцсон гэрээний 5.2 дахь заалтаар татгалзлаа тайлбарладаг учир уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэж шаардсан. Анхан шатны шүүх 292.2.5-д заасныг зөв иш татсан атлаа талуудын хэн нь ямар хэмжээгээр хариуцахыг гэрээгээр тохиролцохыг хориглоогүй” гэж буруу дүгнэлт хийж, гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

6.3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн хүрээнд барилгын мэргэжлийн шинжээчээр тухайн барилгад орсон засвар, засан сайжруулалтын үнэ, өртөг, төсөв зардлын талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, татгалзсан.

Шинжээч дүгнэлт гаргаснаар шүүх барилгад орсон засвартай холбоотой эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой байсан.

6.4. Шүүх хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн харилцах дансны зарлагын гүйлгээнээс буйдан, ширээ, сандал, сав гэсэн нэрлэгдсэн гүйлгээг мөн байх гэсэн таамгаар хангаад, 45 сая төгрөгийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зардлын гүйлгээг тооцоогүй, үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн.

6.5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, зар сурталчилгаанд зориулж 19,850,000 төгрөг, 500,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг нэхэмжилсэн. Шүүх ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь иргэний эрх зүйн эрх тэгш байх зарчимд нийцээгүй, шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7.1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардах эрхтэй гэсэн заалтыг хэрэглэх боломжгүйгээр гэрээнд оруулсан учраас шаардах эрхийг хязгаарласан заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Гэтэл Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан зохицуулалт нь урьдчилсан нөхцөл байдаг.

Хэрэв талууд харилцан тохиролцоогүй нөхцөлд засан сайжруулалт хийсэн тохиолдолд шаардах эрхтэй талаар гэрээний заалтад орсон. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаас өөрөөр талууд харилцан тохиролцсон гэрээний заалт.

Энэ боломжийг хэрэглэсний дагуу уг заалт хэрэгжиж байгааг хууль зөрчсөн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. 25,000,000 төгрөгийн барилгын материал авсан, 20,500,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн гэж тайлбарласан. Анхан шатны шүүхээс дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

7.2. Талууд 2 удаа тооцоо нийлсэн бичиг үйлдсэн. 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөр төлөөгүй нь үнэн, үүнийг хэрэглээний зардалтай нийлүүлээд төлөх нь үнэн болно гэсэн баримтыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. Анхан шатны шүүх тухайн үед хариуцагч бүтэн ажиллаж байсан ч гэсэн ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас 22 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсан. Гэхдээ хариуцагч тал 22 цаг хүртэл ажиллаад түрээсийн зүйлийг ашигласан.

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 21,000,000 төгрөгийн алданги болон хэрэглээний зардлыг гаргуулахгүй байхаар шийдэж, төлөх ёстой төлбөрөөс нь хангалттай хассан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,133,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, засан сайжруулахад гарсан зайлшгүй зардал 55,842,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3. Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Уг шаардлагыг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2023/22254 дугаар захирамжаар “… шүүх хуралдааныг хойшилсноос хойш өнөөдрийг хүртэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх … боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн нотлох баримтаар тогтоогдсон …” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна. /хх-151/

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрхийг эдлэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг ихэсгэх эрхийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр хязгаарлах боломжгүй юм. Энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

           

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,283 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                       

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР

 

        ШҮҮГЧИД                                            Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

     Ч.ЦЭНД