Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 488

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням, 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С, Б.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 1806 0493 90553 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.С, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын Агац багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Н 1996оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн үйлдвэрлэл технологийн сургуулийн 5 дугаар курсын оюутан, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7-185 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 7-185 тоотод Г.Эрдэнэчимэгтэй маргалдан, цээж рүү нь цохиж эрүүл мэндэд нь дух цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Ннь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 7-185 тоотод Д.С-ай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 30 минутын орчим 8 тоот өрөөнд байдаг айлд 3 залуу гаднаас ирчихээд архидаад орилолдоод байсан. Тэгэхээр нь би ороод би та нар одоо архидахаа больцгоо гэхэд шоотой цамцтай махлаг залуу би найзындаа байна та хэн юм гээд надтай муудалцсан...гэрийн эзэн залууд наад хүмүүсээ явуул гээд байж байхад нөгөө шоотой цамцтай махлаг залуу миний цээж рүү гараараа түлхээд байсан. Тэр шоотой цамцтай залуу буюу С амайг гараа атгаж байгаад миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон тэгээд цээж рүү 2 удаа цохисон …” гэх мэдүүлэг /хх 19-21/,

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нийтийн байрны эзэн гэх эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд архи зөөж уулаа явцгаа гэснээс болж би тэр хүмүүстэй маргалдаж муудалцсан. Тэр эмэгтэйн хүүхэд болох залуутай барьцалдаж аваад ноцолдож байх явцдаа нэг удаа цохьсон, тэрнээс болж миний нүд хөхөрсөн. Тэр залуутай барьцалдаад ноцолдож газар унахад хөл гар шалбарсан, үууралдаж байхад цээж шалбарсан...” гэх мэдүүлэг. /хх 22-24/,

Гэрч Э.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С байрны эзний хүүхэд хоёр маргалдаж байснаа барьцалдаж авахад байрны эзний хүүхэд С-ын нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр газар унаад ноцолдож байхад байрны эзний эхнэр болох эгч гарч ирээд тэр хоёрын дундуур ороод С-д толгой руугаа цохиулчихсан. Тэгэхээр нь эмэгтэй хүн цохьчихлоо гээд Энэрэл салгасан” гэх мэдүүлэг /хх 26/,

Гэрч Д.Энэрэлбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөгөө байрны эгч хүүхдээ өмөөрөөд Сүхбатыг салгах гээд түлхээд байсан. Тэгж байхад С нөгөө эгчийн толгой руу цохьчих шиг болсон...нөгөө залуу С-н толгой руу ямар ч гэсэн цохиж байсан. Нөгөө залуу С миний харснаар цохиж харагдаагүй. Би тэгэхээр нь эмэгтэй хүн цохьчихлоо гээд С-ыг нөгөө эмэгтэйн хүүхдээс салгаад хашаанаас гаргаад явж байхад цагдаа ирсэн“ гэх мэдүүлэг /хх 27/,

Яллагдагч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нийтийн байрны эзэн гэх эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд архи зөөж уулаа явцгаа гэснээс болж би тэр хүмүүстэй маргалдаж муудалцсан. Тэр эмэгтэйн хүүхэд болох залуутай барьцалдаж аваад ноцолдоод байж байхад ээж нь дундуур орж ирсэн тэгэхэд би тэр эгчийг цохьчихсон” гэх мэдүүлэг /хх 55-56/,

Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрт ороход ээжийн нүүр цохиулсан байдалтай хавдсан байсан...би С-н толгойд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 25, 50-52/,

Шинжээч С.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.С-ын биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх 39/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6875 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Эрдэнэчимэгийн биед дух, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-29/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6907 тоот дүгнэлтэд: 

  1. Д.С-ын биед баруун нүдний зовхи, хацар, цээж, өвдгөнд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэндмхөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-35/ шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-45, 42/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62, 64/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 7-185 тоотод Г.Эрдэнэчимэгтэй маргалдан, цээж рүү нь цохиж эрүүл мэндэд нь дух цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Б.Ням нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 7-185 тоотод Д.С-тай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.С, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С, Б.Н нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.С, Б.Н нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С, Б.Н нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.С, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.С, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР