| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0502/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А холбогдох эрүүгийн 1806 0435 20521 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш.А, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 31 дүгээр байрны 59 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах яадвартай,
Шүүгдэгч Ш.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Жанжины 23-471 тоотод иргэн Л.А-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Л.Амарбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17-18 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 23-471 тоотод байх гэртээ найз Отгонбаярын хамт ганц шил...архи хувааж ууж байтал гаднаас манай охинтой хамт амьдарч байгаа Ш.А нь халамцуу орж ирээд үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хамар амнаас цус гаргаад...өөрийгөө Дарханы шар А байна гээд хашгичаад агсараад байсан. Тухайн үед би А-т зодуулснаар дээд уруул хавдаж, хоёр нүд, хамар хавдаж хөхөрсөн, одоог хүртэл толгой өвдөөд байна. Би гэртээ ганцаараа амьдардаг даралт харавчихсан бие муу хүн. Амарбаатар нь манай гэрээр үе үе согтуу ирээд чанга чанга дуугараад агсамнаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч А.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надтай өмнө нь хамтран амьдарч байсан Ш.А нь 218 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай аавын гэр болох...тоотод ирээд манай аавыг зодсон байна. Одоо манай аавын бие их муу байна хамар, ам, нүүр, нүдгүй зодсон байна...А нь өөрөө байнга архи уугаад намайг зодоод байсан болохоор би салаад тусдаа байсан юм. Тэгсэн өнөөдөр намайг сурч ирээд аавын найзынх нь хамт зодсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нэг гудамжинд амьдардаг Амарбаярын гэрт нь очоод Амарбаяртай цуг пиво уугаад юм яриад сууж байхад гаднаас Амарбаярын охинтой суух гэж байсан Амарбаатар гэх залуун нилээн согтолттой орж ирсэн...А орж ирээд Амарбаярыг охинтойгоо намайг суулгасангүй гэхэд Амарбаяр чамайг охинтойгоо суулгахгүй гэхэд А Амарбаярыг сууж байсан буйдан дээрээс нь татаж газар унагаагаад нүүр рүү нь 2 гараараа 5-6 удаа цохьсон. Тэгээд ба Амарбаярыг цамцаар нь боогоод байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Яллагдагч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би ээж Хандсүрэнгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний зүс таних Отгонбаяр ахаас юм авахаар очтол гэртээ байгаагүй...хамтран амьдрагч Жаргалмаагийн аав Амарбаярын гэрт байж магадгүй гээд ээжтэйгээ хамт Жаргалмаагийн аавын гэрт очиход Амарбаяр ах Отгонбаяр ах нах дундаа 750 граммын архи тавьчихсан уугаад сууж байхаар нь би уг архинаас сэнжтэй аяганд дүүргэж байгаад уучихсан...ээж маань намайг архи уулаа гээд уурлаад гараад явчихаар нь би ээжийнхээ араас гартал...буцаад гэр рүү ороод тэгээд л юу ч санахгүй байна, нэг мэдэхэхд л би цагдаагийн эрүүлжүүлэх саатуулах байранд ухаан орсон...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна...Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Отгонбаяр ахтай ах байхгүй байхаар нь Амарбаяр ахын гэрт очиход Отгонбаяр, Амарбаяр нар архи уугаад сууж байснаа надад стаканаар дүүрэн архи хийгээд өгөхөөр нь бүгдийг нь уучихаад гараад явсан...Тэгээд тэр хоёртой ууж байсан архийг нь хувааж байснаа тасарчихсан юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэргэсэн. Тэгээд маргааш нь цагдаа дээр ирээд Отгонбаяр, Амарбаяр нарыг цохьчихсон гэдгээ мэдсэн...Би 2018 оны 01 дүгээр сард бас архи ууж Отгонбаяр ахыг зодчихоод шүүхээр орж арга хэмжээ авхуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг /хх 57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6129 дугаартай дүгнэлт:
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 319 дугаартай дүгнэлт:
1. Ш.А нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна.
2. Ш.А нь хэрэг учрал болсон цаг хугацаанд Шизоаффектив эмгэгийг холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
3. Ш.А нь Шизоаффектив, эмгэгийг холимог хэлбэр. Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.
4. Ш.А нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. /хх 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ш.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Жанжины 23-471 тоотод иргэн Л.Амарбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Л.Амарбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17-18 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 23-471 тоотод байх гэртээ найз Отгонбаярын хамт ганц шил...архи хувааж ууж байтал гаднаас манай охинтой хамт амьдарч байгаа Ш.А нь халамцуу орж ирээд үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хамар амнаас цус гаргаад... өөрийгөө Дарханы шар Амараа байна гээд хашгичаад агсараад байсан. Тухайн үед би А-т зодуулснаар дээд уруул хавдаж, хоёр нүд, хамар хавдаж хөхөрсөн, одоог хүртэл толгой өвдөөд байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Л.Амарбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ш.А-ын цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Отгон овогт Ш.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.А-т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.А-т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР