Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням,                            

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ч.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох эрүүгийн 1806 0194 10405 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.А, 1989 оны 10 дугаар сарын 05-ны Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-323 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 байрны ойролцоох байрны жижүүрийн өрөөнд гэр бүлийн асуудлаас болж маргалдан Г.Дэлгэрзаяагийн нүүрэн тус газар нь  цохиж дух, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, эрүүний баруун болон зүүн хажуу хэсэгт баруун, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун болон зүүн хажуу хэсэгт баруун, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун хэсэг, 2 талын чихний омогт зулгаралтууд, зүүн хөх, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, үс уналт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Одоо хохирогч гэж байгаа эмэгтэй манай нөхөртэй явалдаж байсан. Нөхөр бид хоёр салаад 1 жил гаруй хугацаа болж байна. Гэвч албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй. Тэр өдөр манай охины төрсөн өдөр болоод манай нөхөр энд орцны жижүүр хийж байгаа гэж хэлээд, охиндоо 20.000 төгрөг өгсөн. Тэгээд гараад явах гэж байтал Дэлгэрзаяа нь ороод ирсэн. Тэр хоёр уулзахаа больсон салсан гэж байсан боловч салаагүй байсан. Тэгээд бид нар хамтдаа караоке ороод явж байгаад гараад Амараагийн эгчийнх рүү явсан. Гэнэт орж ирээд үүдэнд байсан усыг нүүр рүү цацаад хэрүүл маргаан үүсч, үснээс нь зулгааж, зодолдсон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Хохирогч Г.Дэлгэрзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Амараагийн эгчийн гэр рүү очиж шалгахаар явсан. Амараагийн эгчийн гэрт очиход А Амараа хоёр хоёулахнаа байсан. Алтанцэцэг намайг хараад над руу шууд уурлаад үсдэж авсан. Үсдэж авсныхаа дараа миний нүүр, хүзүүг маажсан. Би болиулах гээд зууралдаад байж байхад Амараагийн эгч Хишигжаргал хүрч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Гэрч О.Амараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Би дундуур нь ороод салгатал Дэлгэрзаяагийн нүүрийг нь А маажсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2850 дугаартай дүгнэлт:

  1. Г.Дэлгэрзаяагийн биед дух, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, эрүүний баруун болон зүүн хажуу хэсэгт баруун, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун хажуу хэсэг, хүзүүний зүүн хажуу хэсэг, 2 талын чихний омогт зулгаралтууд, зүүн хөх, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 байрны ойролцоох байрны жижүүрийн өрөөнд гэр бүлийн асуудлаас болж маргалдан Г.Дэлгэрзаяагийн нүүрэн тус газар нь  цохиж дух, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, эрүүний баруун болон зүүн хажуу хэсэгт баруун, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун болон зүүн хажуу хэсэгт баруун, зүүн хацар, шанаа, хүзүүний баруун хэсэг, 2 талын чихний омогт зулгаралтууд, зүүн хөх, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, үс уналт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  болох нь

Хохирогч Г.Дэлгэрзаяагийн: “...Би Амараагийн эгчийн гэр рүү очиж шалгахаар явсан. Амараагийн эгчийн гэрт очиход А, Амараа хоёр хоёулахнаа байсан. А намайг хараад над руу шууд уурлаад үсдэж авсан. Үсдэж авсныхаа дараа миний нүүр, хүзүүг маажсан. Би болиулах гээд зууралдаад байж байхад Амараагийн эгч Хишигжаргал хүрч ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Дэлгэрзаяа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.

Шүүгдэгч Ч.А-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.А-ийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.А-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.А-т шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулын ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР