Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00576

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00576

 

 

******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03989 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.*******, С.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,502,254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ББСБ ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.*******тэй зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

1.2. Зээлдэгч Г.******* нь зээл төлөх хуваарийг зөрчиж зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.

1.3. Үүрэг гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.4. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,593,601 төгрөг, хүү 1,586,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,276 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 3,502,254 төгрөгийн үүрэг үүсээд байна.

1.5. Мөн зээлдэгч Г.*******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр хариуцагч С.*******, Г.******* нартай бүлгийн батлан даалтын гэрээ байгуулсан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,502,254 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч С.*******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн.Зээлийн гэрээний хугацаанд өөрийн төлбөрийг барагдуулсан.

2.2. ******* ББСБ ХХК-ийн эдийн засагч манайд нэг хүн байна, 3 хүн нийлэх ёстой гэж 1 хүн дагуулж нотариат орсон санагдаж байна.

Г.******* гэдэг хүнийг огт таньж мэдэхгүй тул түүний өмнөөс ямарваа нэг шаардлага хариуцлага хүлээхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Г.*******ийн татгалзлын үндэслэл:

Үндсэн зээлийн 50 хувийг төлсөн байхад 50 хувийн тогтоож байгааг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар гаргасан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 485 дугаар зүйлийн 485.1, 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар хариуцагч Г.*******, С.******* нараас 3,184,979 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 317,276 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******ээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, С.******* нараас 70,987 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 317,276 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 24 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан.

5.2. Зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сараас хойш зээл төлөх үүргээ биелүүлээгүй ба сүүлд мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, төлөлт хийгээгүй.

5.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-т Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******, С.*******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,593,601 төгрөг, зээлийн хүү 1,586,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,276 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 3,502,254 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.*******ээс татгалзсан байна.

Хариуцагч С.******* нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, Г.******* гэдэг хүнийг танихгүй гэж, хариуцагч Г.******* нь үндсэн төлбөр, тодорхой хэмжээний хүүг төлнө, бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. ******* ББСБ ХХК, Г.******* нар 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 029010120025 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 3.0 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Г.******* уг гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

 

4. Уг гэрээний баталгаа болгож, ******* ББСБ ХХК, Т.*******, С.*******, Г.******* нар мөн өдрөө 023010120025 дугаартай Бүлгийн батлан даалтын гэрээ-г байгуулж, 2019.01.14-ний өдрийн 029010120025 дугаартай Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч, бүлгийн гишүүдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түүний зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг бусад гишүүдэд хуваарилж, өөрсдийн батлан даасан барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний болон батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 3,000,000 төгрөгийг 2019 оны 01 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч Г.******* нь үндсэн зээлд 1,406,399 төгрөг, зээлийн хүүд 970,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 38,489 төгрөг нийт 2,415,100 төгрөг ******* ББСБ ХХК-д төлж, үлдэх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-11, 44/

Нэхэмжлэгч нь ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******, С.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 3,184,979 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нараас 3,184,979 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

7. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 317,276 төгрөгт холбогдох шаардлагыг хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Талууд зээлийн гэрээний 3.1.7-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан, хариуцагч Г.******* нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

8. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нотариатын зардал 5,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа шаардах эрхийн холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн заалтыгшийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь алдаатай байгааг залруулна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03989 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******, С.******* нараас 3,502,254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД