| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0079/Э |
| Дугаар | 168/2019/0079/Э |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 168/2019/0079/Э
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Х.Саранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ч-т холбогдох эрүүгийн 1921000039 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 8-15 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЭ регистрийн дугаартай, Б овогт Г.Ч.
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 5-8 тоотод хохирогч Х.Саранчимэгтэй маргалдан улмаар зодож биед нь хуйхны духны орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, баруун шуу, баруун гарын бугуйн цус хуралт, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ч.Саранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ хоёр найзтайгаа дөрвүүлээ архи уугаад сууж байхад Ч-г нь нөхөр хүүхэдтэйгээ орж ирсэн. Тал шил архи үлдсэн байхад тэрийг хувааж уусан. Дараа нь нэг шил архи гаднаас авчирч уусан. Эрчүүд гараад явахад Ч бид 2 гэрт үлдсэн. Ч гадаа гарна гээд би гаргахгүй гэж татах үед Ч миний үсийг үсдэж зулгаахаар нь тавь гэж хэлэхэд тавихгүй байсан болохоор нь Ч үснээс зулгаасан. Тэгэхэд нөхөр нь орж ирээд эхнэрээ аваад гарсан. Эмчид үзүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Гэрч Г.Баттамга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай хүү ээжийгээ хүнд зодуулчихлаа гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд Дагуулгүйсайхан бид хоёрыг цагдаагийн газарт хүргэсэн. Тэр оройдоо эхнэрийг гэмтэж бэртсэнийг анзаараагүй. Маргааш нь тохой, сарвуу хэсгээр нь хөхөрчихсөн, мөн үс нь туг тугаар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Д.Дагуулгүйсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Авсан архиа бүгдээрээ ууж дуусгасан бөгөөд Саранчимэг манай эхнэрийг нөхөртэйгээ хардаад манай эхнэртэй үс гэзгээ зулгаацалдан зодолдсон. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад Баттамга, Баатархүү бид 3 тамхи татчихаад эргээд орж ирэхэд дахиад зодолдож байхаар нь би эхнэрээ салгаж аваад гарсан. Тэгтэл Саранчимэг араас гарч ирээд дахин үснээс нь зулгаахаар нь би болиулаад салгаад хойшоо гэр рүүгээ явтал Саранчимэг араас ирж тэр 2 дахин зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 79 тоот дүгнэлтэд: “1. Х.Саранчимэгийн биед хуйхны духны орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, баруун шуу, баруун гарын бугуйн цус хуралт, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 35/ гэжээ.
-Шүүгдэгч Г.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-45/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 5-8 тоотод хохирогч Х.Саранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогчийг зодож биед нь хуйхны духны орой хэсгийн зөөлөн эдийн няцрал зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, баруун шуу, баруун гарын бугуйн цус хуралт, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Тухайн үед Саранчимэг нэлээн согтсон байсан бөгөөд надад агсам тавиад чи манай нөхөртэй нууцаар явалддаг биз дээ? гэж хэлээд өөдөөс босож ирээд миний үснээс хоёр гараараа зулгаагаад намайг газарт унагаж толгойг минь доош дарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Саранчимэгийн үснээс хоёр гараараа зулгаасан. Тэр үед Саранчимэг миний үсийг тавихгүй байсан учраас би адилхан мөчөөгөө өгөхгүй үснээс нь үргэлжүүлэн зулгаасан. ... тэгж байтал миний нөхөр Дагуулгүйсайхан гаднаас орж ирж биднийг салгасан. ...болсон явдалд их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ түүнийг давхар нотолж баталсан хохирогч Х.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дагуулгүйсайхан гэрт орж ирээд шургуулганаас заазуур авахад нь яах гэж байгаа юм бэ? гэтэл Баатархүүг ална гээд гарсан. Тэгтэл Ч араас нь гарна гээд байхаар нь чи гараад хэрэггүй гэсэн чинь гарна гээд байхаар нь би татаад байж байсан чинь миний үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Г.Баттамгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү ээжийгээ хүнд зодуулчихлаа гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд Дагуулгүйсайхан бид хоёрыг цагдаагийн газарт хүргэсэн. Тэр оройдоо эхнэрийг гэмтэж бэртсэнийг анзаараагүй. Маргааш нь тохой, сарвуу хэсгээр нь хөхөрчихсөн, мөн үс нь туг тугаар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Дагуулгүйсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Авсан архиа бүгдээрээ ууж дуусгасан бөгөөд Саранчимэг манай эхнэрийг нөхөртэйгээ хардаад манай эхнэртэй үс гэзгээ зулгаацалдан зодолдсон. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад Баттамга, Баатархүү бид 3 тамхи татчихаад эргээд орж ирэхэд дахиад зодолдож байхаар нь би эхнэрээ салгаж аваад гарсан. Тэгтэл Саранчимэг араас гарч ирээд дахин үснээс нь зулгаахаар нь би болиулаад салгаад хойшоо гэр рүүгээ явтал Саранчимэг араас ирж тэр 2 дахин зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 79 тоот дүгнэлт /хх-ийн 35/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Саранчимэгт учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ч-ийн хохирогч Х.Саранчимэгийн үснээс санаатайгаар 2 гараараа зулгаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ч-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад хохирогч Х.Саранчимэг нь эмчилгээний зардалд 119,900 төгрөгийг нэхэмжилж энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснөөс гадна толгойны зураг авахуулсаны үнэ болох 20,000 төгрөгийг /энэ талаархи нотлох баримт байхгүй/ давхар нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилж байгаа нийт 139900 төгрөгийг шүүгдэгч нь маргаад байх зүйл байхгүй, төлнө гэж хүлээн зөвшөөрч байгаа тул гэм хорын хохиролд шүүгдэгчээс нийт 139,900 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Саранчимэгт олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ч-ийн ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. .Шүүгдэгч Б овогт Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Шүүгдэгч Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ч-т анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-ээс гэм хорын хохиролд нийт 139,900 /нэг зуун гучин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Саранчимэгт олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Г.Ч-ийн ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР