Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0999/З |
Дугаар | 221/МА2019/0317 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0317
|
|
|
Ү.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ү.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ү.М-ын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0217 дугаар шийдвэрээр: Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.М-ын Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Нэхэмжлэгч нь 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улиралд 3 хичээлд хангалтгүй үнэлгээ авсан тул дахин болон нөхөн шалгалтад орох эрх үүсэхгүй, түүнчлэн 3 хичээлд хангалтгүй үнэлгээ авсан болон нэг улиралд 68 цагийн хичээл тасалсан явдал нь сургуулийн дотоод журам, суралцагчтай байгуулсан гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн тул маргаан бүхий акт сургуулийн дотоод журамд нийцсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Мөн түүнчлэн шүүхээс: “2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын 231 дүгээр ангийн дүнгийн нэгтгэлд О.Б, Г.О нь тус бүр 2 хичээлд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн байх тул дахин шалгалтад орох эрхтэй. Г.О болон Д.Ц нар нь хангалтгүй үнэлэгдсэн хичээлүүдээр дахин болон нөхөн шалгалтыг тус бур 2 удаа өгөх эрхтэй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “суралцагчдад ялгавартай хандсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Хууль сахиулах их сургууль нь суралцагчдад ялгавартай байдлаар хандсан гэж узэж байгаа бөгөөд шүүхээс нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Тухайлбал: 231 дүгээр дамжааны ангийн оюутан О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц, гэм судлал хичээлийн шалгалтад ирээгүй, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх нягтлан бодох бүртгэл хичээлийн шалгалтад ирээгүй, иргэний хууль тогтоомжийн шалгалтад ороогүй, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-1 хичээлийн шалгалтад ирээгүй нь хавтаст хэргийн материалд тусгагдсан.
Мөн тус дамжааны ангийн оюутан Г.О 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх нягтлан бодох бүртгэл хичээлийн шалгалтад ирээгүй, иргэний хууль тогтоомжийн шалгалтад ороогүй, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-1 хичээлийн шалгалтад 7 оноо авсан боловч дүнгээ ахиулахын тулд дахин шалгалт өгсөн нийт 3 хичээлийн шалгалт өгч анги дэвшин суралцаж байгаа зэрэг нь хавтаст хэргийн материал болон өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байдаг.
Үүгээр зогсохгүй 231 дүгээр дамжааны ангийн оюутан Д.Ц 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц, гэм судлал хичээлийн шалгалтад явцын үнэлгээ хангалтгүй шалтгаанаар орох боломжгүй, иргэний хууль тогтоомжийн шалгалтад ороогүй, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-1 хичээлийн шалгалтад ирээгүй, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэглээ хичээлийн шалгалтад өвчтэй гэх шалтгаанаар ороогүй нийт 4 хичээлийн шалгалтад ороогүй байдаг нь хавтаст хэргийн материалд авагдсаар байхад шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн тайлбарт тулгуурлан асуудалд хандсанд гомдолтой байгаа бөгөөд зөвхөн шүүх сэтгэц, гэм судлалын хичээлийн шалгалт дээр шалтгаантай байсан гэж үзэхэд бусад 3 хичээлийн давтан шалгалт дээр түүний нэр байгаа болон давтан шалгалт өгсөн зэрэг нь сургуулиас хэрхэн суралцагчдад ялгавартай хандан асуудлыг шийдсэн болохыг хавтас хэрэгт тусгагдсан баримт болон гэрчийн тайлбар зэргээс бэлхнээ харж болохоор байсан боловч шүүхээс асуудалд бүрэн дүүрэн ул суурьтай хандаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна.
Сургуулийн зүгээс тухайн улирлын давтан болон нөхөн шалгалтыг дараагийн улиралд зохион байгуулж авах ёстой байсан бөгөөд хичээл хаасан хэмээн мэдэгдэж дадлагын удирдамж өгч тараасан атлаа 2018 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд давтан шалгалтыг гэнэт зохион байгуулж явуулсан, түүгээр зогсохгүй 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл давтангийн давтан шалгалт зохион байгуулж явуулсан нь хууль бус ба нэхэмжлэгчтэй ижил шалтгаан бүхий нэр бүхий оюутнуудыг давтан шалгалтад оруулж анги дэвшүүлсэн, ижил шалтгаанаар сургуулиас хасагдсан оюутанд жилийн чөлөө олгосон атлаа намайг сургуулиас хасч ялгамжтай хандсан байдлаар шийдвэрлэсэн, хэрвээ журмынхаа дагуу намар авсан бол шалгалтаа өгөх байсан, ядаж урьдчилан мэдэгдсэн бол гадаад явахгүйгээр шалгалтаа бүрэн өгөх боломжтой байсан, түүнчлэн сонсох ажиллагааг хийсэн бол гэрийнхнээсээ хүн явуулах бүрэн боломжтой байсан зэрэг шалтгаануудаа хэлсэн боловч асуудалд нэг галыг барьсан өнцгөөс хандаж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж ирүүлсэн “фэйсбүүк”-ийн зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүйн дээр Ү.М нь 2018 оны 06 дугаар сарын 17-ноос мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монгол Улсад байгаагүй нь түүний гадаад паспортад дарагдсан Монгол Улсын хилээр гарсан болон орж ирсэн дардсаар тогтоогдож байх тул сонсох ажиллагааг хийх боломжгүй байжээ.
Түүнчлэн Ү.М нь 2017-2018 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын шалгалтуудын нэгдсэн дүнгээр 3 хичээлд хангалтгүй үнэлгээг авч сургуулиас хасагдах нөхцөлийг нэгэнт хангасан байх тул хариуцагчаас Б/441 дүгээр тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх нь ач холбогдолгүй байхаар байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулах үндэслэл журам, хэрхэн хүргүүлэх талаар тодорхой тусгагдсан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрүүд байсаар байтал сургуулийн зүгээс сонсох ажиллагааг явуулах боломжгүй байсан гэж дүгнэж байгаад гайхаж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2018 оны 06 сарын 29-ний өдрийн Хууль сахиулах их сургуулийн захирлын тушаалын төсөлд Ү.М-ын нэр байхгүй байсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалд нэр нь тусгагдсан зэргээс харахад өмнө нь сонсох ажиллагааг хийгээгүй, боломж нь байсаар байхад илт хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Өмнө нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ү.М-ын ар гэрээс хүн очиж уулзахад сургуулиас хасах талаар юу ч яриагүй болно. Мөн түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 19-21-ний өдөр шалгалтыг гэнэт товлон зарласан боловч суралцагчид мэдээгүйн улмаас ирж чадаагүй нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд мөн оны 06 дугаар сарын 29-ний өдөр шалгалт дахин зохион байгуулж ирж өгсөн суралцагчид нь дэвшин суралцах боломжтой болсон бөгөөд ирээгүй буюу мэдэж амжаагүй суралцагчид хасагдсан байгааг анхаарч үзээгүй.
Мөн түүнчлэн сонсох ажиллагааг явуулсан ч нэгэнт ач холбогдолгүй байхаар байна гэж дүгнэсэн нь шүүхээс хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байж болох тохиолдлуудыг тусгасан бөгөөд Ү.М-ын хувьд уг зүйл заалтад хамаарахгүй, Хууль сахиулах их сургуулиас хуульд заасан сонсох ажиллагаа явуулах арга хэлбэрээс сонгож сонсох ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ү.М-ын хувьд давтан болон нөхөн шалгалтад орох эрх үүсэхгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тухайн захиргааны актыг гаргахдаа шат шатандаа алдаа гаргасан гэж үзэж байгаа бөгөөд зарим суралцагчид 3 ба түүнээс дээш хичээлийн шалгалтад ороогүй байхад заримд нь жилийн чөлөө олгож, заримыг нь сургуулиас хасаж, нэг хичээл дээр унасныг нь хасаж, 3 ба түүнээс дээш хичээл дээр унасан суралцагчдыг давтангийн давтан шалгалтад оруулан тэгш бус хандсан. Шалгалтад орох эрх үүссэн эсэх асуудал нь тухайн үеийн нөхцөл байдлаар шалгалтад орох эрх үүсээгүй байсан бол одоо суралцаж байгаа суралцагчид ч бүгд хасагдах ёстой. Мөн түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 19-21-ний давтан шалгалт өгөх суралцагчдын нэрсэд Ү.М миний нэр байсныг шүүхээс үнэлж дүгнээгүйг тодотгон дурдмаар байна. Мөн түүнчлэн 3 ба түүнээс дээш хичээлийн шалгалтад ороогүй суралцагсдын нэрс ч давтан шалгалт өгөх суралцагсдын нэрсийн жагсаалтад тусгагдсан бөгөөд шалгалт болохыг мэдэж шалгалт өгсөн суралцагсад анги дэвшин суралцсан эсхүл жилийн чөлөө болгосныг шүүхээс анхаарч үзээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0217 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ү.М нь “Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 дүгээр тушаалаар Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.18, 12.2, Хууль сахиулахын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.1. “б”, Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчтай байгуулах сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.3-д заасныг тус тус үндэслэн “2017-2018 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд 3 болон түүнээс дээш хичээлд хангалтгүй дүгнэгдсэн, 48 болон түүнээс дээш цагийн хичээл, сургалт хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан тул 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс тасалбар болгон Эрх зүйн, нийгмийн ухааны сургуулийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан Ү.М-ыг их сургуулиас нь хассан байна.
Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч “Хууль сахиулахын их сургууль нь суралцагчдад ялгавартай байдлаар хандсан, сургуулийн зүгээс тухайн улирлын давтан болон нөхөн шалгалтыг дараагийн улиралд зохион байгуулж авах ёстой байсан бөгөөд хичээл хаасан хэмээн мэдэгдэж дадлагын удирдамж өгч тараасан атлаа 2018 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд давтан шалгалтыг гэнэт зохион байгуулж явуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй” гэж маргажээ.
Хууль сахиулахын их сургуулийн дотоод журмын 5.6.1 дэх хэсгийн а-д “...сургалтын өдрийн ангийн суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 48 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, б-д “бакалаврын зэргийн сургалтад суралцагч хичээлийн жилийн улирлын шалгалтаар 3 хичээлд, эсхүл 1 хичээлд 3 удаа хангалтгүй /F/ дүгнэгдсэн, ...”, Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчтай байгуулах сургалтын гэрээний 4.4 дэх хэсгийн 4.4.1-д “...хичээлийн жилийн нэг улиралд 48 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан”, 4.4.3-д “суралцагч нэг улирлын шалгалтаар 3 хичээлд ... хангалтгүй дүгнэгдсэн бол” суралцагчийг их сургуулиас хасахаар заасан байна.
Нэхэмжлэгч нь Хууль сахиулахын их сургуулийн 3 дугаар дамжааны суралцагчаар сурч байх хугацаандаа хоёрдугаар улиралд нийт 68 цагийн хичээлд хүндэтгэн үзэх шалтгаангүй суугаагүй, Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ, Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ, Шүүх нягтлан бодох бүртгэл гэсэн 3 хичээлд хангалтгүй буюу /F/ үнэлгээтэй гарсан болох нь хэрэгт цугларсан сургуулийн оюутны ирцийн дэвтэр, шалгалтын үнэлгээний хуудас зэргээр нотлогдсон байна.
Хэдийгээр “Хууль сахиулахын их сургууль суралцагчид ялгавартай хандсан” гэж нэхэмжлэгч нь шүүхэд маргаж байгаа хэдий ч бусад суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй 48 ба түүнээс дээш цагийн хичээл тасалсан гэх нотлох баримт байхгүй, энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.
Тиймээс маргаан бүхий Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/441 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР