Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/0033

 

 “Хт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Хт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын КХ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“Хт” ХХК-ийн захирал Х.Цэгмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоож өгсөн солбицлын хүрээнд манай компани нь АМГ-ын КХ-т 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061045 өргөдлийн дугаар авч, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15:15-15:30 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах 17011 га талбай бүхий газарт, мөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 201504061065 өргөдлийн дугаар авч, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11:45-12:00 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 10326 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг ханган гаргасан.

Гэтэл Кадастрын хэлтэс нь үндэслэлгүйгээр манай компанийн гаргасан өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэхгүйгээр буцаасан нь хууль зөрчсөн. Иймд Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061045, Х201504061065 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг хүлээн авч бүртгэхийг Кадастрын хэлтэст даалгаж манай компанийн хуульд заасан эрхийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Кадастрын хэлтэс нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөрөгөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөрөгөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Иймд “Хт” ХХК-ийн Х201504061045, Х201504061065 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 639 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10,1.1, 10.1.3, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16-д заасныг баримтлан АМГ-ын КХ-т холбогдуулан гаргасан “АМГ-ын КХ-т 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х201504061045, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х201504061065 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” тухай “Хол түрүү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 639 дүгээр шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн захирал Х.Цэгмид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 104 дүгээр уртрагаас зүүн талд өргөдөл хүлээн авахгүй тухай холбогдох эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр байдаггүй. Уул уурхайн сайдаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, тэдгээрээс авсан чиглэл зөвлөмжийн дагуу 104 дүгээр уртрагаар зааглан өргөдөл хүлээн авч байгаа гэдэг. Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тусгайлан тогтоосон бөгөөд энэхүү тогтоол болон түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан Уул уурхайн яам болон Ашитт малтмалын газраас гаргасан шийдвэрүүдэд мөн нутаг дэвсгэрийг 104 дүгээр уртрагын зүүн хэсэгт өргөдөл хүлээн авахыг хориглосон хэм хэмжээ байхгүй болно. Гэтэл шүүхээс 104 дүгээр уртрагаас зааглан өөр өөр цаг хугацаанд өргөдөл хүлээн авах талаар ямар ч шийдвэр байхгүй байхад “зөвшөөрөгдөөгүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн аваагүй байгаа эс үйлдэхүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн байгаа нь зохих хуулийг хэрэглэлгүйгээр гаргасан дүгнэлт байна.

Мөн Засгийн газрын Агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Ашигт малтмалын газар нь бүрдүүлбэр хангагдсан өргөдөл гаргасан хуулийн этгээдүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг ил тод нээлттэй, хууль тогтоомжид үндэслэсэн аргаар зохион байгуулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж тусгайлан зааж өгсөн.

Түүнчлэн Ашигг малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор иргэн, хуулийн этгээдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг ямарч төрийн байгууллага, албан тушаалтанд олгож хуульчилсан зохицуулалт байдаггүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 575 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Хол түрүү” ХХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан өргөдлийг буцаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх эрхтэй байна. Улмаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоожээ.  

Ашигт малтмалын газар нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг эмх цэгцтэй, олон нийтийн хяналтын дор явуулах, ил тод байдлыг бүрдүүлэх, нэгдсэн хяналт тавих зорилгоор эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд багатжээ.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд захиргааны байгууллагын өргөдлийг буцаасан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “Засгийн газраас тогтоосон хил хязгаарт багтаан, өргөдлийн дугаар авч, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан, 104 дүгээр уртрагын зүүн хэсэгт өргөдөл хүлээн авахыг хориглосон шийдвэр байхгүй” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Захиргааны байгууллагаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт өргөдөл хүлээн авах болсон тухайгаа нийтэд мэдээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ашигт малтмалын газрын 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн цахим хуудасны мэдээлэл зэргээр тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч нь баруун хэсэгт бус, зүүн хэсэгт өргөдөл гаргасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс “эхний ээлжинд баруун хагаст хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэсэн, зүүн талд сонгон шалгаруулалт зарлаад олгоод эхлэнгүүт эхний ээлж дуусаад, дараагийн ээлж эхэлж байна гэсэн ойлголт төрсөн” гэж тайлбарласан бөгөөд өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмаар олгох ажиллагаа нь өөр өөр журамтай, ялгаатай үйл ажиллагаа юм.

Эндээс нэхэмжлэгчийн “баруун, зүүн гэж ялгаж зааглан, өөр өөр цаг хугацаанд өргөдөл хүлээн авах талаарх захиргааны байгууллагын шийдвэр байхгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь захиргааны байгууллагаас шийдвэрийг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болохоор зохицуулсан, энэ тохиолдолд бичгийн шийдвэр гаргаагүй хэдий ч эхний ээлжинд баруун хэсэгт олгох болсон тухайгаа олон нийтэд хангалттай мэдэгдсэн, нэхэмжлэгчийн тухайд ч энэхүү шийдвэрийг мэдэж байсан болно. Өөрөөр хэлбэл бичгээр шийдвэр гаргаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчид сөрөг үр дагавар учруулаагүй байна.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг буцаасан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв болжээ.    

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 639 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ