Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1325

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/03990 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 7 036 000 төгрөг болон цалингийн зөрүү 353 873,2 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг болон холбогдох хууль тогтоомжид заасан татвар хураамжийг төлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХ миний бие ХХХ-ийн захирлын 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот тушаалаар номын санчаар тус байгууллагад 18 жил ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог журмын дагуу 2015 оны төсөвт суулгуулахаар 2014 оны 5 дугаар сард өргөдөл хүсэлтээ сургуулийн захиргаанд бичгээр гаргаж өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 23-нд 6 054 000 төгрөгийг бэлнээр тэтгэмж гэж өгсөн.

Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолын 5, 2015 оны 338 дугаар тогтоолын 3, 7 дугаар зүйлүүдийг зөрчин надад олгогдох ёстой 26 сарын мөнгийг 12 сараар бодож өгсөн нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул тэтгэмжийн зөрүү 7 063 000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү.

Түүнчлэн 2013 онд ээлжийн амралтыг 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 29 хоног эдлэх ёстой боловч нэхэмжлэгч 7 сард амралтаа эдэлсэн. Ээлжийн амралтын олговроо эхлээд авчихсан. Ингээд 2013 оны 5 сард ажлын 23 өдөр ажиллах боловч ажлын 28 өдрөөр тооцож цалинг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл 5 өдрөөр илүү цалин бодож олгосон. Харин 7 сард 23 өдөр ажиллахаас 9 өдрийн цалинг олгож 14 хоногийн цалин бодогдоогүй байдаг. 8 сард ажлын 22 хоногоос 5 өдрийн цалинг олгож, 17 өдрийн цалин бодогдоогүй. Эдгээр хоногуудыг нэмэхэд нийт 31 хоног болж байгаа. Үүнээс 29 хоногоо хасахаар 2 хоног үлдэж байна. 2013 оны 8 дугаар сард 5 хоног ажиллахад 105 847 төгрөгийн цалин авсан дундаж 5 хоногт хуваахад 1 өдөрт 21 169 төгрөг болж байна.

Үүнийг 2 хоногоороо үржүүлэхэд 42 338 төгрөг гарч байна. Ингээд 3 жилийн нийт цалинд 353 873,2 / 42 338+121 493,4+190 041,8/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цалинг ингэж дутуу бодсон нь миний тэтгэвэрт нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 396 212,6 төгрөг нэхэмжилсэн. Гэвч би буруу тооцоо хийсэн байх тул 353 873,2 төгрөг болгож багасгаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийн холбогдох хууль тогтоомжид заасан татвар хураамжийг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... ХХ нь 2015 онд тэтгэвэрт гаргах хүсэлтээ өгснийг хүлээн авч 2015 оны төсөвд тусгасан. 2015 оны 7 сард боловсролын хэлтэст хүргүүлсэн. Манай байгууллага Баянгол дүүргийн Боловсролын газарт харьяалагддаг. Төсвийн төсөлд нэхэмжлэгч ХХ-ийн өргөдлийг хавсаргаж төслөө захирлаар баталгаажуулснаар амралтын хувиар гаргасан байгаа. Нэхэмжлэгч ХХ нь тус байгууллагад 18 жил ажилласан. Албан тушаал нь Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан боловсролын туслах ажилтанд хамаардаг. Нэхэмжлэгч ХХ-ийн өргөдлийн дагуу сургуулийн захирлын цохолтоор 6 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ч 12 сараар тооцож тэтгэмж олгосон. ХХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 26 сарын тэтгэмж олгох ёстой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана гэж заасан. Үүний дагуу өргөдлийг авч тухайн жилийн төсөвт тусгасан. Уг салбарт 25 биш 18 жил ажилласан бол хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар тэтгэмж авах хуулийн шаардлагыг түүний хувьд хангаагүй. Тиймээс Засгийн газрын 405 дугаар тогтоол, 2015 оны 338 дугаар тогтоолын дагуу бодох боломжгүй.

... 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 343 тоот тушаалын амралт дээр ХХ нь ээлжийн амралтаа эдэлж дуусаад 8 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон нь ирцийн бүртгэлийг тодруулж 10 хоногийн цалин олгосон. 2013 оны 3 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ээлжийн амралтын мөнгийг бодож гаргаж өгөөч гэснээр 22 тоот тушаалаар цалинг олгосон. Ээлжийн амралтаа 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 15-ны дотор биеэр эдэлнэ гэж хүсэлтдээ бичсэн байдаг. 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 32 тоот тушаалаар ээлжийн амралтын хуваарийг 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 29 хоног амарч 8 дугаар сарын 14-ний өдөр орох байсан. Гэвч 7 сарын 10 хүртэл 9 хоног цалин авч ажиллаад 7 сарын 15-ны өдөр амарсан, 8 дугаар сарын 20-ны өдөр орох байтал 8 дугаар сарын 26-ны өдөр ажилд орж ирцэд бүртгүүлсэн. Ирцийн бүртгэл болон цалингийн тодорхойлолтын дагуу 5 хоногийн цалин бодож олгосон. Цалинг бодохдоо ирцийн бүртгэлийг харж байж олгож байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасан байгаа. Ийм учраас мөнгийг олгох боломж байхгүй гэв.

 

Шүүх:

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй 47 дугаар сургуульд холбогдох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 7 036 000 төгрөг болон цалингийн зөрүү 353 873,2 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх, холбогдох хураамжийг төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар шүүх үндэслэл бүхий дүтнэлтийг хийгээгүй, хууль буруу хэрэглэсэн. ... Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтаар багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлиин эрхлэгч, хичээлиин зохицуулагч, ниигмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшийн албан тушаал, ажлын байранд, мөн хуулийн 43 дyraap зүйлийн 43.5-д " ... энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох үндэслэлийг ерөнхий байдлаар зохицуулсан.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар "номын санч" нь "боловсролын туслах ажилтан" гэх ангилалд хамаарах үндэслэлтэй байна. Иймд "номын санч"-ийн ажлын байранд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг мөн авах эрхтэй байна. ... ХХ нь боловсролын байгууллагад 18 жил ажилласан, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан "төрийн үйлчилгээний ажлын байр"-нд 8 жил ажилласан хугацааг оруулан улсад нийт 26 жил ажиллаад, өндөр насны тэтгэвэрт гарсан тул дээрх тэтгэмжийг авах эрхтэй юм. ...

Цалингийн зөрүү 353 873 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн харъяаллын маргаан биш, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагатай байсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт дуусгавар болсны дараа цалин хөлсийг дутуу олгодог байсныг мэдээд уг шаардлагыг гаргаж байх тохиолдолд шууд шүүхэд хандах боломжтой ба хөдөлмөрийн маргаан таслах комист хандах шаардлага нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний болон агуулга, найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан улсад 26 жил, тус сургуульд 18 жил ажилласан байхад тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн тэтгэмжийг 12 сарын хугацаагаар олгосон гээд, тэтгэмжийн зөрүү 7 036 000 төгрөг, цалингийн зөрүү 353 873 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх, холбогдох хууль тогтоомжид заасан татвар хураамж төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Тэрээр тэтгэвэрт гарах үед хариуцагч байгууллагад номын санчаар 17 жил ажилласан нь Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “боловсролын туслах ажилтан” буюу “үйлчилгээний бусад ажилтан” гэх ангилалд хамаарах бөгөөд төрд ажилласан нийт хугацаагаар тэтгэмж олгоогүй нь буруу гэж нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч нь ХХХ-д 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “номын санч”-аар 17 жил ажилласан, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан, төрөөс олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг 12 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр буюу 6 054 000 төгрөгөөр тооцон олгосон үйл баримтын талаар зөв  дүгнэжээ.

/хх-ийн 5, 6, 31, 32 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалд буюу багш захирал, эрхлэгч, орлогч захирал, сургалтын менежер хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш гэх албан тушаалд ажиллаж байгаагүй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын байгууллагад 25 жил ажиллаагүй зэрэг нь буцалтгүй тусламж олгох шаардлагад хамаарахгүй гэж үзсэн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 24.1.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар батлах талаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгээр зохицуулжээ.

 

Тэгвэл Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 21. дахь хэсгийн заалт нь Боловсролын тухай хуулийн 43.1.4 буюу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, 43.5 дахь хэсэгт заасан багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцоход тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “боловсролын туслах ажилтан” гэх ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацааг оруулан тооцохоор зохицуулсан байна.

 

Иймээс нэхэмжлэгч ХХг 26 жил төрийн албанд ажилласан гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Харин тухайн сургуульд “номын санч”-аар ажилласныг боловсролын харилцаанд оролцогчийнх нь хувьд эдлэх нийгмийн баталгаа буюу төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дээрх журмын 3-т заасан “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэсэнтэй нийцүүлэн 17 жил 5 сарын хугацаагаар тооцож олгох боломжтой байжээ.

 

Дээрх үндэслэлээр тооцвол ХХ-ийн цалингийн дундаж 504 500 төгрөгийг тухайн сургуульд ажилласан нийт хугацаа 17 жил 5 сараар үржүүлж, бүгд 8 828 750 төгрөгийг түүнд олгох нь зүйтэй. Хариуцагч байгууллага 12 сарын хугацааны 6 054 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тул уг тэтгэмжийн зөрүү 2 774 750 төгрөгийг 47 дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 288 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нөгөө талаар шийдвэрийн тогтоох хэсэгт анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг баримтлаагүйг зөвтгөх шаардлагатай.

 

Харин цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон эвлэрүүлэн зуучлагчид хандах боломжтой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Гэвч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэл зааж буй тохиолдолд нэхэмжлэлийг бус, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/03990 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар тэтгэмжийн зөрүүд 2 774 750 төгрөгийг хариуцагч ХХХ-иас гаргуулж нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 288 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “цалингийн зөрүү 353 873 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг болон холбогдох хууль тогтоомжид заасан татвар хураамж төлөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч ХХХ-иас улсын тэмдэгтийн хураамжид 59 346 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 11 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА