Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 000028

 

                           М.Гүррагчаад захиргааны шийтгэл

                                 ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэвэртэй, М.Гүррагчаад холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч М.Гүррагчаа давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хууль, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шинэ дархан 21-92 тоотод оршин суух, ФБ-81031973 регистрийн дугаартай, Ажиндай овогт Мягмаржавын Гүррагчаа.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

М.Рүррагчаа нь архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар М.Гүррагчаад 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримт байхгүйг  дурьдаж, зөрчил гаргагчид шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч М.Гүррагчаа давж заалдах гомдолдоо:

 

Миний бие анх удаа эрүүлжүүлэгдэн баривчлагдаж байна. Энд хонох хугацаандаа өөрийн гэм бурууг ойлгон дахин нийгмийн хэв журмыг зөрчихгүй гэдгээ ухаарч  гэмшиж байна.

 

Миний бие Дархан-Уул аймгийн “Уулс ноён” ХХК-нд авто кранчин хийдэг. 12 дугаар сарын 29-ний өдөр машинд засвар хийж байгаад цээжин тус газраа машины кроп унаган зүүн талын VI хавирга хугарсан. Баривчлагдах байранд эмээ уугаад байж байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан.

 

Ажилд орох хугацаа болсон тул баривчлагдсан хоногийг хасах юм уу, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч М.Гүррагчаа нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15-04 тоотод оршин төрсөн эх Т.Пүрэвжавынд агсам тавьж “...пизда авгай минь үхэж далд ор..., дандаа хуцаж байдаг юм...” гэх мэтээр хэл амаар доромжилж, тэдний амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайрсан болох нь зөрчил гаргагчийн өөрийнх нь болон түүний эх Т.Пүрэвжавын тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх М.Гүррагчаад 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэмжээ, шинж байдалд тохирсон байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, түүний “...Ажилд орох хугацаа болсон тул баривчлагдсан хоногийг хасах юм уу, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 31 дүгээр зүйлийн 31.3.2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч М.Гүррагчаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд хүргүүлсүгэй.

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

 

                                                                                            Ц.ТУЯА