Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 490

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.У холбогдох эрүүгийн 1906 00294 0582дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дундговь аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин суух,   салонд үсчин ажилтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ч.У .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөнжин гранд" зочид буудлын хувцас солих өрөөнд иргэн Н.Мөнгөнхонхтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж. улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох хохирогч Н.Мөнгөнхонхын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч У.Цэрэндуламын өгсөн мэдүүлэг /хх-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 787 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33-34/, шүүгдэгч Ч.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-48/, шүүгдэгч Ч.У иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/, шүүгдэгч Ч.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөнжин гранд" зочид буудлын хувцас солих өрөөнд иргэн Н.Мөнгөнхонхтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж. улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мөнгөнхонхын өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сөнжин гранд зочид буудал дээр болсон шинэ жилийн арга хэмжээн дээр 21 цаг өнгөрч байхад очсон...тарах дөхөөд ирэхээр нь дээшээ гарч хувцасаа солих гээд хоёр давхар руу гарах хувцасны өрөө түгжээтэй байсан. Тухайн компаний захирлын хүүхэд хаалга онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан. Хүмүүс бухимдаад байсан. Ууганбат тухайн хүүхдийг загнаад байхаар нь чи одоо ямар сонин юм бэ болиоч ээ гэж хэлэхэд чи зайл чи дуугүй байж бай банзал минь янхан минь гэхээр нь тэгээд бид хоёр маргалдсан. Өрөөнд ороод хувцасаа солих гээд зогсож байхад бид хоёр дахин үргэлжилж хэрэлдэх үед Ууганбат намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд би үснээс нь зулгаасан. Бид хоёр зууралдаад үсдэлцэж байгаад би доор нь орчихсон. Ууганбат миний дээр гараад миний нүүр рүү гараараа цохиод байсаг Энийгээ аваачээ гэхэд Цээгий эгч дундуур орж салгасан. Үснээс тавиач гэхэд тэнд байсан хүмүүс салгасан. Босоод ирэхэд миний хамраас цус гарч хамар улайсан байсан..." /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Цэрэндуламын өгсөн: "...тэр үед өрөө онгойгоод бид нар дотогшоо орсон. Мөнгөнхонх ширээний хажууд Ууганбат хананы орчим зогсож байсан. Гэнэт тэр хоёр хоорондоо үсдэлцээд авсан. Би голоор нь салгах гэхэд Ууганбат Мөнгөнхонхын гарыг тавиул би тэгвэл тавьлаа гэж хэлсэн. Тэр хоёр газар зууралдаж байхдаа унасан Би голд хавчуулагдаж унасан. Тухайн үед нэг эгч намайг татаж тэр хоёрын голоос гаргасан. Тэр үед Мөнгөнхонх, Ууганбат хоёр салсан. Мөнгөнхонх хамар руу цохичихлоо гэхэд хамар нь улайсан байсан. Энд тэндээ зулгарчихсан харагдаж байсан..." /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 787 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Н.Мөнгөнхонхын биед тархи доргилт, баруун гарын 3-р хуруу, зүүн гарын 3 дугаар хуруунд шарх, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны хумсны хугарал, хамар, дээд уруул, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-33-34/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.У яллагдагчаар өгсөн:

“...Буудлын ажилтан ирж өрөө онгойлгосон. Өрөөнд ороод хувцасаа солиод байж байхад намайг үгээр идээд байхаар нь би өөдөөс нь үгээр идэлцээд маргалдаж байхад Мөнгөнхонх түрүүлж босч ирээд миний үснээс зулгаагаад авсан. Би палажаа тайлаагүй байсан учир газар унасан. Газар унасан хойно зөрүүлээд үснээс нь зулгаагаад энэ хүүхнийг салгаад гарыг нь тавиулаад өг, тавих юм бол би тавилаа гэхэд Цэрэндулам эгч салгаж бид хоёрыг босгосон. Би  ч хувцсаа солиод гарсан Мөнгөнхонх миний хамрын цохисон гээд орилоод байсан. Нойлын өрөө лүү орчоод чи муу миний хамрыг яаж байна гээд гараараа нүүрлүү цохисон. Мөнгөнхонх түрүүлээд гараад би араас гараад гадаа цагдаа ирэхийг хүлээсэн. ” /хх-46-48/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.У иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/,

 

Шүүгдэгч Ч.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ч.У нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөнжин гранд" зочид буудлын хувцас солих өрөөнд иргэн Н.Мөнгөнхонхтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж. улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Мөнгөнхонхын өгсөн мэдүүлэг, гэрч У.Цэрэндуламын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 787 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

  Шүүгдэгч Ч.У нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөнжин гранд" зочид буудлын хувцас солих өрөөнд иргэн Н.Мөнгөнхонхтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж. улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.У гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ч.У үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Ч.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид торгох ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ч.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Ууганбатыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.У нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС