Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 542

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ч холбогдох эрүүгийн 1906000910595 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй,   уул уурхайн компанид менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Ч .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 1001 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч Б.Гантуяаг хэл амаар доромжилон биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох хохирогч Б.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэгдсэн маягт /хх-6/, Шинжээчийн 642 дугаартай дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Б.Ч яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-41/, шүүгдэгч Б.Ч иргэний үнэмлэхний хуулбар /хх-21/, шүүгдэгч Б.Ч урьд ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 1001 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч Б.Гантуяаг хэл амаар доромжилон биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантуяагийн өгсөн: "...Би өөрийн нөхөр Чөдөр-Эрдэнэтэй 2012 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй..., 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай найз Цээгийгийнд очиж байж байгаад 23:00 цагийн үед гэрээс нь гарч гэртээ ирсэн. Манай хүүхэд өвөөгийндөө байсан тул бид хоёр гэртээ хоёулаа байсан. Бид хоёр хоёулаа бага зэрэг архи уусан байсан. Бид хоёр унтах гээд байж байтал манай нөхөр надаас ёс бусаар бэлгийн харьцаанд орохыг шаардаад байсан. би нөхөртөө хандаж боль гэтэл миний хоёр гараас бариад дарсан. Би эсэргүүцэж хашгиртал миний амыг гараараа дараад амьсгал боогдуулаад байсан. Би тэвчээр алдаад уруулаас нь хазсан. Надад өөр үйлдэл хийх боломж байгаагүй. Намайг манай нөхөр муу янхан гэх мэтээр харааж миний нүүрэн хэсэгт цохисон. Би арай гэж босоод гэрээсээ нүцгэн гарч хөрш айлын хаалгыг тогшсон. Намайг цагдаа дуудах гэхээр миний гар утсыг аваад өгөхгүй байсан. Намайг айлын хаалга тогшоод явж байхад манай нөхөр гарч ирж намайг гэрт оруулаад гаднаас түгжээд явсан. Би хаалга нүдээд хөрш айлын хүнээр цагдаад дуудлага өгүүлсэн. Удалгүй Одбаяр гэдэг цагдаа ирээд бид хоёр хаалганы хоёр талаас ярьж байгаад өргөдөл өг гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь 12:00 цагийн үед ирж хаалга нээсэн. Бид хоёр эмнэлэг яваад үзүүлтэл миний гар гэмтсэн байсан. Би нэг өдөр ажилдаа явж байгаад бодож байгаад өргөдөл өгөхөөр ирж байна..." /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэгдсэн маягт /хх-6/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн 642 дугаартай дүгнэлт:

1. Б.Гантуяагийн биед зүүн зовхи, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-17/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Ч яллагдагчаар өгсөн: “....Тэгээд бид 2 гэртээ ороод унтах гэж байгаад хэрүүлийн чанартай үл ойлголцлоос болж маргалдсан. Тэгээд Гантуяа нь намайг чимхээд байхаар нь нүүрэн тус газарт нь би гараараа түлхсэн. Тэгсэн чинь Гантуяа нь намайг зодлоо барилаа гээд гэрээс орц руу гүйгээд гарсан. Тэгээд би араас нь гарч Гантуяаг гэрт оруулаад гаднаас түгжээд өөрөө гарч явсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед намайг Гантуяагийн нүүр рүү түлхэх үед түүний зүүн зовхинд цус хурсан харагдаж байсан.”/хх-39-41/ гэх

мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Ч иргэний үнэмлэхний хуулбар /хх-21/,

 

Шүүгдэгч Б.Ч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 1001 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч Б.Гантуяаг хэл амаар доромжилон биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Гантуяагийн өгсөн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэгдсэн маягт, Шинжээчийн 642 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ч яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

  Шүүгдэгч шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 1001 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч Б.Гантуяаг хэл амаар доромжилон биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Ч гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ч үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Ч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан торгох ялыг оногдуулах нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид торгох ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй,

битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ч 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ч нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС