| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/27 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/27
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 1917000110019 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 19-нд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Очирмөнх ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлаастын........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:........./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9 дүгээр байрны хажууд Д.Н-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, төмсөгрүү нь өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 9 дүгээр байрны хажууд Д.Н-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, төмсөгрүү нь өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Н гэдэг хүнд Улаанбаатар хотоос дайвар ирсэн. Тэгээд гарч ирээд дайвраа авна уу гэсэн чинь хүүхэд гарч ирсэн. Тэгээд тэр хүүхдийг тээврийнхээ хөлсийг өгөөрэй миний дүү гэсэн чинь би аавыг дуудаад ирье гэсэн. Тэгээд аав нь согтуу гарч ирээд намайг элдвээр хэлж доромжилсон. Тэгээд муудалцацгаасан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг.
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай эхнэр 2019 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос таксигаар юм дайж авчруулсан юм. Тухайн такси нь 16 цагийн үед ирсэн байна 12-р байрны гадаа байна гэхээр нь охин О, хамаатны охин Э нарыг яваад юмыг нь аваад ир гээд явуулсан. Тэгтэл манай охин Оюунбилэг удалгүй орж ирээд таксины жолооч мөнгө нэхээд байна 9-р байрны урд талд ирээд зогссон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө гараад очтол хар өнгийн Соната-6 маркын машинтай хүн байсан. Тэр жолооч надаас 3000 төгрөг нэхэхээр нь би 1-р байрнаас хүнээс аваад өгье гэтэл жолооч залуу уурлаад наашаа цаашаа явж байх бинзен тос байхгүй, муусайн гуйлагчингууд минь мөнгөгүй байж яах гэж юм авчруулдаг юм бэ гэсэн. Тухайн үед би таньдаг хүн таараад нэг хундага архи уусан байсан. Тэгээд би толгойгоо тэр залуугийн машины буруу талын цонхоор оруулаад 3000 төгрөгнөөс болж үхлээ юу гэсэн чинь тэр залуу дайж авчирсан ачаагаа авах гэхээр нь би толгойгоо буцааж гаргах гэж байгаад буруу талынх нь хаалганы борооны хамгаалалтыг нь унагаасан. Тэгсэн тэр залуу машинаасаа бууж ирээд шууд миний эмзэг эрхтэнрүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би доошоо суутал миний цамцны ар хэсгээр татаад арагш унагаад мөн хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн нэг удаа гараараа зүүн шанааруу цохисон. Тэгээд би манараад юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн манай охин намайг түшээд явж байсан. Тэгээд гэртээ ортол эмзэг эрхтэн өвдөөд болохгүй болохоор нь эмнэлэг дуудаж үзүүлсэн…Б.Б эмчилгээний зардал гаргаж өгөхөөр болсон, бид сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Насанд хүрээгүй гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 01 сарын 09-ний өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотын таксинаас юм аваад ир гээд аав намайг явуулсан. Би аавын утсыг аваад гарсан чинь таксины жолооч ах залгаад яасан удаан юм бэ, би дээшээ гарлаа шүү, 9-р байрны гадаа ирсэн байна гэж хэлсэн. Таксины жолооч ах 9-р байрны зүүн урд зогсож байсан. Надаас дайвар авчирсан мөнгө 3000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би буцаж ороод аавд хэлсэн чинь би өөрөө гарья гэсэн. Аав гараад тэр ахад хэдэн төгрөг болсон юм 1-р байранд очоод өгье гэсэн чинь таксины жолооч ах ийш тийшээ явдаг бинзен тос алга гээд ууралсан. Тэр ах аавыг муу гуйлгачин гээд элдэв бусаар хэлээд байсан. Тэгээд би гэрлүүгээ орох гээд явж байхад таксины жолооч ах машинаасаа буугаад ирэхээр нь би буцаад яваад очсон чинь жолооч ах аавын салтааруу 2 удаа өшиглөсөн, аав доошоо тонгойсон чинь заамдаж аваад машиндаа тулгаад нүүрлүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд газар унагаад дээрээс нь 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 01 сарын 09-ний 16 цагийн үед хөдөөнөөс орж ирээд Сүмбэр сумын 3-р баг 7-р байранд гэрийнхээ гадаа ирээд зогстол Б нэг хүнтэй маргалдаж байсан. Б машин дотроо суусан нөгөө хүн машиных нь буруу талын цонхон дээр зогсож байсан. Тэгтэл нөгөө хүн Б-ийн Соната 7 маркийн машиныг цохиж балбаад байсан, баруун талын борооны хаалт хуванцарыг хуулаад хаясан байсан. Намайг харахад тэр залуу согтуу байсан. Б машинаас гарч ирээд тэр залуугийн гуя хавьцаа өшиглөх шиг болсон, би холоос харж байсан болохоор яг хаана нь өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд тэр хүнийг Б шанаа хавьд нь 2 удаа цохисон би наанаас нь явж очоод боль гээд болиулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Ш.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.Б даруу төлөв зантай, Хүнтэй эвсэг найрсаг харьцаатай, хэр баргийн хүнтэй маргалдахгүй, их тайван зантай хүн байгаа юм. Алиа хошин зантай, өөрийнхөө хийж байгаа ажлыг сэтгэлээсээ хийдэг,. Машинаа их цэвэр цэмцгэр авч явдаг. Б-ээр үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл өндөр ам сайтай байдаг..” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/,
Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.Б хүнтэй эвлэг харьцаатай, даруу төлөв зантай. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу зантай...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,
Үнэлгээ тогтоох комиссын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай акт /хх-ийн 27-р тал/,
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтэд:
- Д.Н-ийн биед зүүн шанаа, төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1917000110019 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ