Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00009

 

2024 01 25 207/МА2024/00009

 

 

О аймгийн Ц-ийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: О аймгийн Ц-ийн газрын хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Г.У-д холбогдох,

Албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Гуравдагч этгээд Г.У-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О аймгийн Ц-ийн газрын дарга А.Л шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О аймаг Б сумын Э баг 14-05 тоотод оршин суух Г-ын У /РД:...................../ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.У- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Надад ганц удаа тэтгэмж, картын бараа өгдөггүй байж, намайг ажил хийж байхад яагаад ингэж байгаа юм бэ? Би уурхайд ажиллаж байгаад өөрийгөө мэдсэн. 14 хоног ажил хийхэд нэг ч удаа архи бодогдоогүй, би өөрийгөө гайгүй юм байна гэж бодсон. Би нөхрөөсөө салаад архи уусан, гэхдээ одоо найз нөхөдтэй болоод гайгүй болж байгаа. Би байнга архи уудаггүй аав ээж хоёр минь ч мэдэж байгаа. Би гадуур дотуур бар, сав, захаар явдаггүй. Надад эмчилгээ хэрэггүй гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан Ш овогт Г-ын У /РД:...................../-г албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Г.У-г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.Д-ийг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Ц-ийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Г.У- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:Би ажил гэр хоёрын хооронд л явдаг. Баар караокед ч бараг ордоггүй. ...Би өөрийгөө архины эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Өрх толгойлсон намайг, ар гэрийнхнийг минь харгалзан үзээд миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Хүсэлт гаргагч О аймгийн Ц-ийн газар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.У-д холбогдуулан түүнийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг баримтлан Ш овогт Г-ын Уг архины албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэжээ.

Г.У- нь эрүүлжүүлэх байранд 4 удаа, баривчлах байранд 1 удаа баривчлагдаж удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн, эрүүлжүүлэгдэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчиж, архины хамааралтай, архидан согтуурах донтой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шаты шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Г.У-г албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гуравдагч этгээд Г.У-гийн ...Би ажил гэр хоёрын хооронд л явдаг. Баар караокед ч бараг ордоггүй. ...Би өөрийгөө архины эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Өрх толгойлсон намайг, ар гэрийнхнийг минь харгалзан үзээд миний хүсэлтийг хүлээн авна уу гэсэн агуулгатай давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд Г.У-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.У-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар гуравдагч этгээд Г.У-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б