Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 41

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч С.Болортуяа, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

            Шүүгдэгч: Ж.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Р холбогдох 1935000180009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 08-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:, Ж.Р

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

                                                                                                                                                                           

            Шүүгдэгч Ж.Р нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Майхан толгой гэх газарт 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч, эхнэр Б.Э-ийн нуруун тус газарт хайчийг зэвсэг болгон хэрэглэн шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  1. Шүүгдэгч Ж.Р-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

           Шүүгдэгч Ж.Р нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Майхан толгой” гэх газарт гэртээ эхнэр Б.Э-тэй маргалдаж байхдаа үйлийн хайч шидэж нуруун тус газар нь гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Ж.Р малын хашаа барихад хэрэгтэй байгаа зүйл авахаар 10 цагийн орчим мотоциклиор Өндөрхангай сумын төв явсан юм. Орой нь 17 цаг өнгөрч байхад цоохор гялгар цаас, олс, уяа зэргийг авч ирэхдээ архи уучихсан халамцуу байсан юм. Би Ж.Р-г “Ойрхон газар өглөө явчихаад ямар орой ирдэг юм. Эрт ирж малынхаа хашааг барихгүй алга болчихдог” гэж хэлэхэд Ж.Р “Ямар сүртэй юм, хийх материалаа аваад ирсэн, хийж л таарна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гадна харанхуй болж байхад чи юугаа хийдэг юм бэ?” гэхэд Р гэрийн баруун талд сууж байгаад босоод хаалга руу явж байхаар нь гадагш гарах гэж байгаа юм байлгүй гэж бодоод галынхаа урд дээшээ хоймор луу хараад сууж байгаад эргэж харахад гэрийн зүүн хатавчинд байдаг тогоо хийдэг жижиг шкаф дээрээс хайч авч байгаа нь харагдсан юм. Тухайн үед би над руу шидэх гэж байна гэж огт бодоогүй, гарч цоохор гялгар цаасаа хайчлах гэж байгаа юм байна гэж бодсон. Нэг мэдэхэд далны доод хэсэгт хүйт даагаад явчихсан ба тэр хооронд би хэсэг хугацаанд юу болсныг мэдээгүй бөгөөд нэг мэдэхэд нуруунаас нэг юм сугалж авч байгаа юм шиг мэдэгдсэн. Тэгээд манай нөхөр Ж.Р, том хүү Р.Э нар миний нуруунаас гарч байгаа цусыг тогтоох гэж хөвөн шатааж шархан дээр тавьж байж цусыг нь тогтоогоод цэвэр даавуу тавьж боогоод намайг орон дээр хэвтүүлчихээд манай гэр дотор сүлжээ барьдаггүй болохоор эмнэлэгт дуудлага өгөхөөр сүлжээ барьдаг газар гарахаар хамтдаа гарцгаасан юм. Тэр хоёр буцаж ирэхдээ “эмч нярай хүүхдийн дуудлаганд явсан байна. Тэр хүүхдийг сумын төв оруулчихаад очъё гэнээ” гэж хэлсэн юм. Бид нар эмч ирэхийг хүлээсэн боловч тэр орой ирээгүй бөгөөд Р, Э нар орой 22 цагийн орчим дахин миний нурууны боолтыг шинэчилж боогоод унтаж амарцгаасан юм. Маргааш нь 16 цагийн үед манай багийн эмч Н ирж миний нурууны шархыг үзээд төв орж оёдол тавиулахгүй бол болохгүй гээд сумын төв орж ирсэн. Тэгээд сумын төв орж эмнэлэгт очоод М эмчид үзүүлэхэд миний нурууны шархыг цэвэрлээд хайчинд зүсэгдсэн шарханд хоёр оёдол тавьж, надад өвчний түүх нээж эмнэлэгт хэвтүүлээд 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед М эмч дахин үзчихээд Улаангом явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зураг авахуулах шаардлагатай гэхээр би Өндөрхангай сумын эмнэлэгийн сувилагчийн хамт Улаангом орж ирсэн юм. Би эмч дуудаад гэрт байхад яагаад чи хүн руу ийм том хайч шидэж байгаа юм бэ? гэж асуухад Ж.Р юу ч хэлэхгүй “хүн алчихлаа” гэж сандарч гүйгээд, уйлаад байсан юм. Тухайн үед би нимгэн цагаан фудволк, нимгэн бэлтгэлийн цамц, ширмэл дотортой цэнхэр өнгийн майк зэрэг хувцастай байсан юм. Бид хоёр хааяа л хэрэлдэж муудалцаад эвлэрдэг юм. Бид хоёр 2000 онд гэр бүл болсон бөгөөд энэ хугацаанд Ж.Р намайг зодож цохиж байгаагүй болохоор би нөхөртөө зодуулсан талаар гомдол гаргаж төрийн аль нэг байгуулагад хандаж байгаагүй. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 5 хоног эмчлүүлээд миний биеийн байдал хэвэндээ орсон, одоо ажил төрлөө хийж байгаа. Эмчлүүлэхэд шаардлагатай бүхий л зардлыг манай нөхөр гаргасан.  Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Ял шийтгэлийг нь багасгаж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 40-41-р тал/,

 

                  Насанд хүрээгүй гэрч Р.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед сургуулийн амралт тавьсан байсан болохоор би хөдөө гэртээ байсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өглөө аав 10 цагийн орчим сумын төв рүү ганцаараа явсан бөгөөд орой 17 цагийн үед архи уучихсан халамцуу гэртээ ирсэн юм. Тэгээд аав гэрт орж ирээд гэрийн баруун талд суухад нь ээж ямар удаан явдаг юм бэ? Хаана архи уучихдаг юм бэ?, малаа харахгүй алга болчих юм, чи харахгүй бол энэ малыг чинь хэн хардаг юм бэ? гэж уурлахад аав чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд уурлаж босч ирээд гэрийн зүүн хатавчинд байдаг тогоо хийдэг жижиг шкаф дээр байсан том хайчийг аваад ээж рүү шийдсэн юм Тухайн үед ээж гал дээр юм хийгэд галын урд гэрийн хоймор луу хараад сууж байхад хайч зүүн дал орчимд  нь ирж үзүүр хэсгээрээ цохисон юм. Тэгээд би ээж рүү очиж хайчинд цохигдсон хэсгийг нь харахад цээжээрээ өмссөн байсан ноосон цамц, ширмэл дотортой майк нь цоороод цус нэвчээд гараад ирчихсэн байхаар нь аавд “та яаж байгаа юм вэ? цус гарч байна” гэхэд аав бас ирж хараад ээжийн өмсөж байсан цамцыг дээш нь хийж харахад зүүн далных нь доод хэсэгт хэвтээ байрлалтай 1 см орчим зүсэгдсэн шарх үүссэн байсан юм. Тэгээд аав бид 2 ээжийн нуруунаас гарч байгаа цусыг цэвэр марль тавьж боогоод тогтоосон ба аав эмчид үзүүлэхгүй  бол болохгүй гэж хэлээд гарч сүлжээтэй газраас багийн эмчид дуудлага өгсөн юм. Тэр оройдоо манайд эмч ирээгүй бөгөөд маргааш нь 16 цагийн орчим эмч ирж ээжийг үзээд сумын төв авч явахад аав хамт явсан юм. Манай аав ээжийг өмнө нь ер нь зодож цохиж байгаагүй, хааяа хоорондоо хэрэлдэж ам зөрдөг л байсан юм. Тухайн үед аав архи уусан халамцуу байж байгаад гэнэт уурлаад хайч авч шийдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/, 

 

            гэрч Ж.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчим байх гэж бодож байна гэртээ хоол хийгээд байж байтал манай дүү Ж.Р над руу утсаар ярьж эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь яасан, юу болов гэхэд Э-ийн бие муудаад байна хурдан хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд би хоолоо хийж дуусаад хувцасаа өмсөөд юу болсон юм бол гэж бодоод эмнэлэг дээр очиход Р ганцаараа эмнэлгийн коридорт зогсож байсан ба би “юу болов” гэхэд Э эмчид үзүүлж байна гэж хэлсэн ба өөр юу ч хэлээгүй юм. Би тухайн уед тулгамдаад дахин юу болсон талаар асуугаагүй бөгөөд эмнэлгийн коридорт байж байхад Р надаас нуугаад цаашаа хараад уйлаад байхаар нь Э-ийн бие гайгүй байдаг байгаа гэж санаа зовоод дахин Р-аас “чи яагаад уйлаад байгаа юм вэ? юу болсон” юм гэж асуухад Р надад юу ч хэлээгүй юм. Тэгээд зогсож байтал Э-ийн үзүүлж байгаа өрөөний хаалга онгойхоор нь харахад Э гайгүй сууж байгааг хараад тайвширсан юм. Ж.Р намайг та гэр лүүгээ яваад шөл хийгээд ир гэхээр нь буцаж гэрт ирээд бэлэн мах байснаараа хар шөл хийж, сүүтэй цай чанаж аваад очиход Э оёдол тавиулсан гээд байж байсан ба Э надтай дуугарахгүй болохоор би бас ямар асуудал болсон гэдгийг нь мэдэхгүй эмээгээд юм дуугараагүй юм. Тэгээд Р намайг та цагаан хэрэглэл аваад ир гэхээр нь би дахиад гэрлүүгээ явж хөнжил, гудасны даавуу авч очиход эмнэлгийн сувилагч Э-гийн хэвтэх өрөөг нь заагаад та ороод даавууг нь хийгээд өгчих гэж хэлэхээр орж хийж өгсөн юм. Тэгээд би гэртээ ажилтай байсан болохоор гэрлүүгээ буцаж очоод Р уйлаад сэтгэл санаа нь тогтворгүй байсан болохоор хүүхдээ эмнэлэг рүү явуулж хамт хань болж байж байгаад ир гэж хэлээд явуулсан ба Р манай хүүг удаалгүй явуулчихсан байсан юм. Тэгээд би гэртээ хүмүүсийн дээл оёхоор авчихсан байсан болохоор дээлээ оёж байтал шөнө 24 цагийн орчим Р манайд Э эмнэлэгт хэвтчихсэн гээд ирэхээр нь юу болоод яагаад байгаа юм бэ? гэж асуухад Р би ёстой болохгүй юм хийсэн, би ёстой мэдэхгүй гэж хэлээд уйлаад байсан ба би одоо унтаж амар гэхэд хувцастайгаа хэвтчихээр нь дээрээс нь хучсан боловч шөнө 03 цагийн орчим гараад явчихсан. Маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өглөө Р ирэхгүй болохоор нь цай хоол хийж аваад эмнэлэгт очиход Р эмнэлэгт байсан ба надад “Э бид 2 хоорондоо маргалдаж байгаад би нуруу луу нь хайчаар шаачихсан юм. Одоо намайг Э-ийг авч аймаг яв гэнээ. Та унаа олоод өгөөч” гэхээр нь би Ж.Р-г чи яахлаараа ийм хэрэг хийдэг юм гээд загнасан юм. 10 цагийн орчим Ж.Р утсаар ярьж би 200.000 төгрөгөөр машин хөлсөлж явахаар боллоо гэж хэлэхээр нь очиж уулзсан юм. Манай дүү Р архи уух нь уудаг боловч ямар нэгэн хэл үг гаргадаггүй юм. Би урьд нь энэ 2-г гэртээ ямар нэгэн асуудал гаргаж байсныг мэдэхгүй байна Э ч гэсэн Р намайг зодлоо цохилоо гэж надад огт хэлж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

 

гэрч Г.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээр байж байтал 17 цагийн орчим байх Жаргалант багийн эмч Н миний өрөөнд орж ирээд хөдөөнөөс нуруундаа хайчаар бүлүүлсэн хүн авч ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр хайчаар бүлүүлсэн гэх хүнийг үзлэгийн өрөөнд оруулж үзлэг хийхэд биеийн зүүн далны доод хэсэгт хэвтээ байрлалтай 3-4 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан ба уг шархны цусыг хөвөн шатааж дарж тогтоосон байдалтай байсан. Би мэс заслын сувилагч П-ээр шарханд мэдээ алдуулагч тариа хийлгэж шархыг ариутгалын уусмалаар угааж цэвэрлэж шарх руу хийсэн шатсан хөвөнг нь авсан. Уг шарханд хийсэн зуйлийг авсны дараа дахин цэвэрлэж шархны гүнийг хэмжиж үзэхэд гүн байсан бөгөөд цээжний хөндий рүү нэвтэрсэн байж болзошгүй байсан юм. Тэгээд би шарханд цус тогтоох оёдол тавьж ариун боолт хийж, өвчний түүх нээж, эмнэлэгт хэвтүүлж, эмийн эмчилгээг эхлүүлээд тэр шөнөдөө ажиглаж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өвчтөн Э-ийг дахин үзэхэд шарх цээжний хөндийд нэвтэрсэн байх магадлалтай байсан учир нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр Улаангом руу эмч байлцуулан хүргүүлсэн юм. Би анх Э-ийг эмнэлэгт ирээд шархыг нь цэвэрлэж, оёдол тавьж байхдаа Э-ээс юу болсон тэлаар асуухад гэр бүлийн маргааны улмаас нөхөр Р санамсаргүй байтал араас хайчаар бүлсэн гэж хэлж байсан юм. Тухайн үед Э-ийн даралт бага зэрэг ихэссэн, цээжээр бага зэрэг хөндүүртэй байна гэж хэлж байсан. Өөр биед нь онцын зовиур байхгүй биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр байсан учраас эмнэлэгт хэвтүүлж эмийн эмчилгээ эхлүүлсэн юм. Манай эмнэлэгт Э ирсэний дараа намайг биеийн цээжний хэсэгт үзлэг хийхэд зүсэгдсэн шархнаас өөр ямар нэгэн шарх, бэртэл гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

 

          гэрч Ж.П-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 04-ний орой 17 цаг өнгөрч байхад манай эмнэлгийн дарга М эмч над руу ярьж “шархтай хүн ирлээ хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд М эмч манай сумын 4 дүгээр багийн иргэн Б.Э гэдэг эмэгтэйг хүлээн авахын өрөөнд оруулчихсан биед нь үзлэг хийж байсан ба М эмч үзлэг хийж дуусаад шархыг угааж цэвэрлэж, оёдол тавих шаардлагатай байна. Хэрэгтэй зүйлсийг бэлдээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би шархыг нь цэвэрлэх, оёдол тавих материалыг бэлдэж өгөхөд М эмч өөрөө Э-ийн нурууны зүүн далны хэсгийн доод талд хэвтээ барлалтай 2 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шархыг ариутгалын бодисоор цэвэрлээд 2 оёдол тавьсан юм. Би дараа нь ариун боолт хийж өвчин намдаах болон цус тогтоох үйлчлгээтэй эм тариа хийгээд өвчний түүх нээж, мэс заслын тасагт хэвтүүлчихээд тухайн өдрийн жижүүрийн сувилагчид нь хүлээлгэж өгөөд гэрлүүгээ харьсан юм. Би гэрлүүгээ явахын өмнө Э-ийн биед шингэн залгачихаад осол гэмтлийн хуудас, яаралтай тусламжийн бүртгэл зэргийг зэргийг хөтөлж Эээс юу болсон талаар асуумж асуухад Э нөхөртэйгээ хэрэлдэж маргалдсаны улмаас нөхөр Р араас хайчаар нуруу луу шаасан гэж хэлж байсан юм. Би Э-гийн биед зүүн далны хэсэгт үүссэн зүсэгдсэн шархнаас өөр ямар нэгэн шарх болон бэртэл гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Э намайг осол гэмтлийн хуудас, яаралтай тусламжийн бүртгэл хөтөлж байхад өөр шарх бэртэл гэмтэл байгаа талаар юу ч хэлэхгүй байсан юм. Мөн биед ил харагдах ямар шарх, бэртэл гэмтэл байхгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

 

               гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Манай дүү Э Жаргалант багийн иргэн Ж.Р гэх залуутай гэр бүл болсон хөдөө амьдардаг юм. Би хөдөө хүнээс үхэр авах байсныгаа авахаар яваад 2 хоноод 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирэхэд манай эхнэр Х надад Э хөдөөнөөс ирж сумын эмнэлэгт 1 хоноод Улаангом явах шаардлагатай гээд явчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би юу болсон юм бэ? гэж асуухад “Р араас нь хайч шидээд нурууг чь зүсээд хаячихсан гэнэ. Сумын эмнэлэгт нуруундаа 2 оёдол төвиулсан байна” гэж хэлсэн юм. Мөн надад Ж.Р юунаас болж яагаад хайч шидсэн юм бүү мэд нарийн учрыг олсонгүй гэж хэлсэн юм. Тухайн үед нь би Э рүү биеийг нь асуухаар ярих гэхэд утас нь дуудаад огт авахгүй байсан ба 2 хоногийн дараа байх Х надад нурууны шархандаа гуурс тавиулж гэнэ гэж хэлэхээр нь Х-г утсаар залгуулаад утсаа авахаар нь би аваад биеийг асуухад Э бие гайгүй байна гэж хэлснээс өөр онц юм ярилгүй тариа хийлгэх гэж байна гээд утсаа тасалчихсан юм. Би хөдөөгүүр мал махны ажил хийгээд яваад байгаа болохоор өөр мэдсэн зүйл байхгүй байна. Ж.Р, Б.Э нар гэр бүл болсноос хойш хоорондоо хэрэлдэж, муудалдсан болон Р, Э-ийг зодож цохиж байсан талаар огт сонсоогүй. Манай дүү Э ч надад болон манай эхнэрт, өөрийн ах, дүү нартаа Р зодож цохисон талаар юм ярьж байгаагүй болохоор огт мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

 

гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ байтал манай нөхрийн ах М-ы эхнэр Х эгч манайд орж ирээд Э эмнэлэгт байгаа юм байна. Өнөөдөр аймаг явах гэж байгаа гэж сонслоо. Р нуруу руу нь хайчаар шаачихсан юм шиг байна. Би бас тодорхой мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг хамт эмнэлэг рүү очъё гэж хэлэхээр нь хамтдаа эмнэлэг ороход коридорт нь Р зогсож байсан ба хажууд нь 2 эгч нь байсан юм. Бид 2 очоод Р-аас юу болсон юм бэ? гэж асуухад Р бид 2-т юу ч хэлээгүй бөгөөд хажууд нь байсан эгч нь Р-г чи одоо яаж байгаа юм вэ? хүний биед мэс хүргэдэг нь яаж байгаа юм бэ? гээд загнаад байсан ба Р юу ч хэлэлгүй Улаангом явах машин хайж байгаа бололтой хүмүүстэй утсаар яриад байсан юм. Тэгээд бид 2 Р-ийн 2 эгчтэй хэсэг хугацаанд зогсоход Р ийш тийш нь хүнтэй утсаар яриад бензин тос, машин гээд яриад гүйгээд байсан ба би Х эгчийг 2-лаа ирснийх платанд нь ороод Э-тэй уулзаад гаръя гэхэд бид 2-той хамт байсан Р-ийн 2 эгч нь оруулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн коридорт зогсож байтал эмнэлгийн ерөнхий эмч М бид 4-г дуудахаар нь ороход та нар Э-тэй ямар холбоотой хүмүүс вэ? гэж асуухаар 2 хадам эгч, 2 бэр эгч нар нь байна гэхэд М эмч Эг Улаангом явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай цаанаа уушгиндаа нөлөөлсөн байх магадлалтай гэж хэлсэн. Мөн Улаангом явах унаа, бензиний зардлыг өөрсдөө гаргах ёстой гэж хэлсэн. Тэгээд бид нар М эмчийн өрөөнөөс гарч ирээд буцаж явцгаасан юм. Түүнээс биш надад тухайн үед нь Э-тэй уулзаж юу болсон талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Биед нь ямар шарх гэмтэл учирсан талаар үзэж харсан ч зүйл байхгүй. Р, Э-ийг цохиж зодсон гэнэ гэж юм сонсож байгаагүй, Э-гийг нөхрөөрөө цохиулсан байхыг харж байгаагүй юм. ”  гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

 

гэрч Ж.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Улаангомд явж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 04-ний орой гэртээ ирсэн юм. 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өглөө босоод байж байтал манай эгч Д орж ирж надад Р Э-ийг зодоод нуруу руу нь хайчаар шаачихсан юм шиг байна. Э эмнэлэгт байна хамт очих уу? гэхээр нь би хамт эмнэлэг орсон юм. Д эгч бид 2-г эмнэлэг орж 2 давхарт гараад Э-ийн хэвтэж байгаа платанд орж болохгүй байх гэж бодоод зогсож байтал Э платныхаа хаалгаар харагдахаар нь дуудсан чинь гараад ирсэн юм. Тэгээд би юу болсон талаар асуухад Э Д эгч бид 2-т Р бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Р намайг санаандгүй байтал хайч аваад шидсэн нь миний нуруун дээр цохиод унасан гэж хэлсэн бөгөөд би айгаад дахин юу ч асуугаагүй. Э ч өөр юм хэлэлгүй платруугаа орсон юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/,

 

гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны шөнө би гэртээ байтал тасгаас цээжиндээ гэмтэл авсан хүн ирсэн байна гэж дуудахаар нь ажил дээр ирэхэд Өндөрхангай сумаас цээжний зүүн ар хэсэгт далны доор хатгагдсан гэсэн өгүүлэмжтэй ирсэн байсан эмэгтэйг рентгэн харалтаар үзэхэд хоёр оёдол тавьсан бага зэрэг цус хуралттай, цээжний хөндий дотор Синуст бага зэрэг цус хурсан, зүүн синус хаалттай байсан.. Тухайн үед Б.Э гэх эмэгтэйн амьсгал чөлөөтэй байсан ба гэмтлийн тасагт хэвтүүлж өвчний түүх нээлгэж эмчилгээ эхэлсэн. Б.Э манай тасагт нийт 6 хоног хэвтэн эмчлүүлж, гадна шарх анхдагчаар эдгэрч, цээжний хөндийд хурсан зүйл шимэгдсэн тул зөвлөгөө өгч сумын эмчийн хяналтанд гаргасан юм. Би Б.Эг хэвтэж байх хугацаанд 3 удаа рентгенд хянахад хэвийн байсан. Нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн шархны улмаас зүүн цээжний хөндийд бага зэрэг цус хурсан учир би Б.Э-ийн биед цээжний хөндийд мэс нэвтэрсэн гэж үзэж байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

 

гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Р-гийн гэрт ирээд юу болсон талаар асуухад Р надад “Ах нь нэг том хэрэг хийчихлээ” гэж хэлсэн юм. Би Р-гаас тэгээд юу болсон юм гэж дахин асуухад Р их сандарсан байдалтай “Ах нь эхнэр Э рүү хайч шидчихсэн чинь их цус гараад. Чамд халуун бууруулах эм байна уу? Чи очоод үз дээ” гэж хэлэхээр эхнэр Э нь зүүн орон дээрээ хэвтэж байхаар нь дөхөж очоод цамцыг нь дээшээ хийж байгаад харахад шарх нь ямар нэгэн боолт байхгүй тэр хэсэгт нь бинт давхарлаж тавьсан байсан юм. Би тавьсан бинтийг авч үзэхэд зүүн далны доод хэсэгт 2-3 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан ба би “Зайлшгүй сумын төв орж оёдол тавих шаардлагатай” гэхэд Р за тэгвэл явахаас одоо цагдаа мэдчих байхдаа гэж хэлж байсан юм. Тэгээд би Р, Э нартай хамт сумын төв орж ирж шууд эмнэлэг дээр ирж М эмчид хүлээлгэж өгсөн юм. Тухайн үед би Р-гийн гэрт дуудлагаар очиж Э-гийн биеийг үзэхэд халуунтай, шархандаа зовиуртай байсан бөгөөд би Э-ийн нуруунд үүссэн зүсэгдсэн шархны гүн болон уртыг нь эмнэлгийн бус орчинд халдвар авчих байх гэж бодоод хэмжигч багажаар нарийн хэмжиж үзээгүй юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,

 

гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх “Майхан чулуу” гэх газар өөрийн нагац ах Ж.Р-йн хамт өвөлжиж байгаа юм. 2019 оны 1 дүгээр арын 01-ний өдөр манайхан гэрээрээ Цагаанхайрхан сумын Хулж багийн нутагт оршин суух хадам аав Ч-д очиж 3 хоноод 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ харилгүй шууд Өндөрхангай сумын төв орсон юм. Бид 2 сумын төвд байдаг ээжийнд очоод байж байтал манай хөрш байдаг Р ахын Э гэх хүүхэд нь над руу утсаар ярьж ээжийн бие муу байна эмч дуудах гэсэн юм. Та багийн эмчид дуудлага өгчихөөч гэж хэлсэн юм. Тэгээд манай эхнэр Б миний утсыг авч Э-тэй яриад ээж чинь яасан юм гэж асуухад бие нь жоохон өвдөөд эмчид үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр багийн эмч Н-тай утсаар Р ахын эхнэр Э эгчийн бие нь муу байна гэнэ дуудлага өгөх гэсэн юм гэж хэлээд дуудлага өгсөн. Би түүний дараа өөрөө Р ахтай утсаар ярьж Э эгчийн бие яагаад байгаа талаар асуух гэхэд утас нь холбогдохгүй байсан юм. Маргааш нь оройхон Р ах над руу утсаар ярьж бид нар сумын төвд эмчтэй хамт ороод ирсэн эмнэлэг дээр байна. Та 2 явахаараа эмнэлэг дээр ирээд уулзаад гараарай гэж хэлсэн юм. Тухайн үед нь бид 2 сум орж ирсэн ажлаа амжуулаад гарах болчихсон байсан болохооо удалгүй эмнэлэг дээр очиж утсаар ярьж эмнэлгийн гадна ирсэн байна гэж хэлэхэд Р ах гарч ирсэн бөгөөд бид 2 юу болов гэж асуухад өчигдөр орой Э-тэй барьж байсан малын хашаанаас болж муудалцаад хайч аваад шидчихсэн чинь нуруунд нь цохиод үзүүр нь нуруу руу нь шаачихсан байна цус гараад сайн тогтохгуй болохоор нь дуудлага дуудуулсан юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 одоо Э эгчийн бие нь гайгүй юу гэж асуухад гайгүй байна эмч үзэж байна та 2 ямар ч гэсэн гэртээ хариад малаа хараад байж бай маргаашнаас ярья гэж хэлэхээр бид 2 шууд гэр лүүгээ явчихсан юм. Бид 2 гэртээ хариад байж байгаад би Э-ээс юу болсон талаар асуухад өчигдөр аав сумын төв рүү барьж байгаа хашаанд хэрэгтэй зүйлс авахаар яваад оройхон архи уучихсан ирэхээр нь ээж хашаагаа барилгүй алга боллоо гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байгаад аав хайч аваад ээж руү шидсэн чинь ээжийн нуруу руу нь үзүүр хэсгээрээ шаагаад их цус гарсан аав бид 2 арай гэж зузаан бинт тавьж боож байж цусыг нь тогтоосон гэж хэлсэн юм. Ер нь Р ахынх гэртээ их эвтэй тогтуун байдаг юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

 

гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Өндөрхангай сумын төв орж ирээд хадам ээжийнд очоод байж байтал манай нөхөр Б-гийн утас нь дуугарахаар авч ярьсан ба би Бямбасүрэнгээс хэн вэ? гэж асуухад “Э эгчийн бие муу байна гэнэ. Намайг багийн эмчтэй яриад дуудлага өгчих гэнэ” гэсэн. Тэгээд би Б-гийн утсыг авч Э-ээс ээж чинь яасан юм гэж асуухад “Бие нь жаахан өвдөөд эмчид үзүүлж шингэн залгуулах гэсэн юм шингэн аваад ирээрэй” гэсэн юм. Тэгээд би Жаргалант багийн эмч Н-тай утсаар ярьж Р ахын эхнэр Э эгчийн бие нь муу байна гэнэ дуудлага өгөх гэсэн юм гэхэд Н надаас “бие нь яагаад байгаа юм” гэхээр нь би “бие нь өвдөөд үзүүлэх гэсэн юм та шингэн аваад гараач” гэхэд Насанбаатар “ямар байгааг нь мэдэхгүй шингэн хийж болохгүй би дуудлагатай байна эндээсээ очно” гэж хэлсэн юм. Тэгээд Б бид 2 гадуур гарч ажил төрлөө амжуулаад орой гарах гэж байхад Р ах Б-ийн утасруу залгаж ярьсан ба Б надад “эмчтэй хамт сумын төв ороод ирсэн эмнэлэг дээр байна гэнэ. Намайг гэр лүүгээ гарахаасаа өмнө уулзаад гар” гэнээ гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 сум орж ирсэн ажлаа амжуулаад гарах болчихсон байсан болохоор удалгүй эмнэлэг дээр очиж зогсоод Р ахтай уулзаад бид 2 юу болсон юм вэ? Э эгчийн бие гайгүй юу гэж асуухад өчигдөр орой сумын төв яваад жоохон архи ууж ирээд Э-тэй барьж байсан малын хашаанаас болж муудалцаад хайч аваад шидчихсэн чинь нурууг нь цохиод үзүүр нь нуруу руу нь орчихсон юм шиг байна. Цус гараад сайн тогтохгүй болохоор нь та 2-луу ярьж дуудлага дуудуулсан юм гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 одоо Э эгчийн бие нь гайгүй юу гэж асуухад гайгүй байна, эмч үзэж байна. Та 2 ямар ч гэсэн гэртээ хариад малаа хараад байж бай. Маргаашнаас ярья гэж хэлэхээр нь шууд гэр лүүгээ хөдөлсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/,

 

гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр саоын 04-ний өдөр би Улаанбаатараас Улаангом явах автобусанд ирж байгаа найзыгаа тосохоор урагшаа Чигжийн голруу явах гээд гудамжинд явж байтал багийн эмч ажилтай Нр гэх найз таарсан юм. Тэгээд Н бид 2 юм ярьж байгаад би Н-ийг тосож авахаар урагшаа Чигжийн гол явлаа гэхэд Н надад урдаас дуудлага ирээд байна мотоцикльтой явах гэхээр хүйтэн байна. Бензин нэмэрлэж хийгээд хамт яваад ирье эхлээд 2-лаа засмал зам гараад хүнээ тосож авчихаад наашаа эргээд замаараа дуудлаганд очоод ирье гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 миний 59-98 ЗАН улсын Subaru forester маркын машинтай урагшаа гарч яваад Чигжийн голд засмал зам дээрээс би Н-ийг тосч авсан бөгөөд буцаад 3-лаа “Майхан чулуу” гэх газарт Р, Б гэх 2 таньдаг айлд очсон ба Н баруун талын гэр лүү ороод 30 орчим минут болоод гарч ирэхдээ энэ айлын эхнэрийн даралт ихэссэн байна аваад явахаас гэж хэлсэн юм. Бид 3 машиндаа хүлээгээд сууж байтал Р ахын эхнэр гарч ирж суугаад бид нартай хамт сумын төв явж, Р ах хойноос мотоцикльтойгоо дагаж орж ирсэн юм. Тэгээд Н болон Р-ийн эхнэр 2-г эмнэлгийн гадна буулгачихаад шууд хөдлөөд явчихсан юм./хх-ийн 65-р тал/,

 

гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээ юм угааж байтал Р манай гэрт орж ирээд та эмнэлэг дээр очмоор байна гэж хэлсэн юм. Тэгээд би яасан, юу болсон юм бэ? гэхэд Э-ийн бие муу байна гэж хэлсэн, мөн юм ярьж байхдаа цагдаа гээд юм ярихаар нь би юун цагдаа вэ? яагаад Э-ийн бие муу байгаа юм бэ? гэж асуухад Р надад “би хайч шидээд Э-ийн нурууг цохиод цус гаргасан юм” гэж хэлэхээр нь “Чи яагаад хүн рүү иртэй үзүүртэй хайч шиддэг юм бэ?” гэж загнасан. Тэгэхэд эмч ойрынх нь ах, дүү нараас байх ёстой гэнэ, та эмнэлэг ороод М эмчтэй уулзмаар байна гэж хэлэхээр нь би Р-г явж бай араас чинь очъё гэж хэлчихээд угааж байсан хувцасаа хаяад эмнэлэг рүү явахаар гарсан юм. Тухайн үед манай нөхөр М байхгүй байсан болохоор би эмнэлэг рүү ганцаараа явж байгаад Б.Э-ийн ах А-ын гэр лүү орж болсон явдлыг хэлж эхнэр Б-г дагуулж хамтдаа эмнэлэг явсан юм. Бид 2 эмнэлэг ороход коридорт нь Р 2 эгчтэйгээ хамт байсан бөгөөд Б очоод Р-аас юу болсон юм гэж асуухад Р- бид 2-т юу ч хэлээгүй бөгөөд хажууд нь байсан эгч нь Р-г чи одоо яаж байгаа юм бэ? Хүний биед мэс хүргэдэг нь яаж байгаа юм бэ? гээд загнаад байсан ба Р юу ч хэлэхгүй байсан. Тухайн үед Р Улаангом явах машин хайж байгаа бололтой хүмүүстэй утсаар яриад байсан юм. Тэгээд бид 2 тэнд Р-ийн 2 эгчтэй хэсэг хугацаанд зогсож байгаад Б бид 2 эмнэлэг дээр ирчихээд уулзалгүй явж болохгүй платанд нь ороод Э-тэй уулзчихъя гэхэд бид 2-той хамт байсан Р-гийн 2 эгч нь оруулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн коридорт зогсож байтал миний утас дуугарахаар нь гадна гарч утсаар ярьчихаад орж ирэхэд Б, Р-ийн 2 эгчтэй хамт эмнэлгийн ерөнхий эмч М-той орж уулзаад гарч ирж байсан юм. Тэгээд би юу гэж байна гэж асуухад Э-ийг Улаангом явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай цаанаа уушгиндаа нөлөөлсөн байх магадгагтай гэж хэлж байна гэсэн. Мөн Улаангом явах унаа бензиний зардлыг өөрсдөө гаргах ёстой гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар эмнэлгийн коридорт байж байгаад Б-тай 2-лаа Э-ийг явах үеэр нь утсаар ярья гэж ярилцаад эмнэлгээс гарч явцгаасан юм. Тэгээд орой нь Э-ийн утас руу нь ярихад дөнгөж сая Улаангомд эмчэлэгт ирээд байж байна гэж хэлсэн юм. Түүнээс хойш нь би Э-г Улаангомд эмнэлэгт хэвтэж байхад 2 удаа биеийг асуухад гайгүй байна гэж хэлж байсан юм. Би тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдсан болон Ж.Р Эг цохиж зодсон талаар юу ч сонсож байгаагүй. Э, Р-р зодуулж цохиуллаа гэж надад юу ч хэлж байгаагүй. ”  гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

 

           шүүгдэгч Ж.Р-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэрийн гадна очоод төвөөс авч гарсан юмаа буулгачихаад гэрт ороод Б.Э-ийг гарч хашаагаа гүйцээе гэж хэлчихээд гарсан бөгөөд би гарч эхнэр Б.Э-ийг хашааныхаа босгосон ханыг салхи оруулахгүй байх зорилгоор ойр зуур материалаар дулаалж бай гэсэн хашааны ханыг харахад юу ч хийгээгүй хэвээрээ байсан юм. Тэгээд би гэртээ орж чи хашаагаа янзлахгүй яасан юм бэ? гэхэд чи архидаж явахаар өөрөө хийхгүй юу гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан юм. Тухайн үед би гэрийнхээ баруун талд сууж байсан ба бид 2 хоорондоо хэрэлдэж муудалцаж сүртэй юм болоогүй. Тэгээд би эхнэр Б.Э-ийн хэлсэн үгийг сөргүүлж хэдэн үг хэлчихээд гэрээс гарахаар хаалган дээр ирэхэд гэрийн зүүн багцанд байдаг цагаан өнгийн тогооны суурин дээр хайч байхаар нь тухайн үед уур хүрсэн байсан болохоор уурандаа аваад эхнэр Б.Э галынхаа хоймор луу хараад сууж байтал нь араас нь шидчихээд гараад явчихсан юм. Намайг гэрээс гарч байхад эхнэр Б.Э орилохоор нь тоохгүй  гадагш гарч бие засчихаад орж ирэхэд эхнэр Б.Э орилж байхаар нь очиж харахад нурууны зүүн далны орчимд цус гараад өмсөж байсан ширмэл дотортой майкны тэр хэсэг нь нэвтэрсэн байсан юм. Тухайн үед манай эхнэр Б.Э эндээс цус гарч байна гээд гараараа дарчихсан сууж байсан ба миний шидсэн хайчинд оногдсон юм байлгүй майк нь цоорчихсон байсан. Тэгээд би том хүү Эийн хамт Э-ийн нуруунаас гарч байгаа цусыг тогтоохоор оролдож олон давхар ОО-н цаас тавиад боохоор цус нэвчээд байхаар нь марль олон давхар тавьж чанга татаж бооход цус нь тогтсон бөгөөд би гэр дотроос сүлжээ барьдаггүй болохоор гэрээсээ гарч яваад сүлжээтэй газар очиж багийн эмчтэй утсаар дуудлага өгсөн юм. Тэгээд манай хүү Э бид 2 Э-гийн нуруунаас гарч байгаа цусыг тогтоогоод орон дээр ор засаж хэвтүүлсэн бөгөөд орой унтахын өмнө шархных нь боолтыг харахад цус нэвтэрсэн байхаар нь дахин шинээр боолт хийсэн юм. Тухайн үед манай эхнэр Б.Э-ийн ухаан санаа нь саруул, өвдөж зовиурлах зүйл байна уу? гэж асуухад гайгүй байна гэж хэлж байсан. Маргааш өглөө нь Э өөрөө босоод гарч бие засаад орж ирэхэд нь би нурууны шархны боолтыг нь харахад боолт нь цус нэвтрээгүй зүгээр байсан юм. Тэгээд Э-ийг хэвтүүлээд цай хоол хийж өгчихөөд байн байн шархны боолтыг нь хараад гайгүй байхаар нь эмч хүлээгээд байж байтал 16 цаг өнгөрч байхад багийн эмч Н ирж Э-ийн биеийг үзээд сумын төв орж оёдол тавиулах шаардлагатай гэж хэлэхээр нь би Э-ийг аваад сумын төв хамт орж ирсэн юм. Сумын ерөнхий эмч М Э-ийн биеийг үзээд шархыг цэвэрлэж 2 оёдол тавьж, өвчин намдаах болон цус тогтоох үйлчилгээтай тариа хийсэн ба өвчний түүх нээж, эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тухайн үед М эмч өнөөдөртөө биеийн байдлыг нь хараад хоноё гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өглөө ирж үзчихээд Улаангом явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж харуулах шаардлагатай хувиараа унаа олоорой гэж хэлэхээр нь би гадуур гарч унаа олоод Улаангом руу авч явсан юм. Би тухайн үед ганцаараа 0,5 литрийн архи уусан боловч би их согтоогүй гайгүй байсан. Би тухайн үед манай гэрт болсон бүх үйл явдлыг бүгдийг нь сайн мэдэж байсан. Би эхнэрийгээ хийж бай гэсэн ажлыг хийгээгүй, дээр нь хүйтэнд мотоцикльтой явж юм авч ирж байхад архи уулаа гээд загнахаар нь уур хүрээд ийм үйлдэл хийчихлээ. Бид 2 гэр бүл болж амьдрах хугацаанд амьдралд тулгарсан  асуудлаас болж хааяа л хоорондоо маргалдсан байх. Түүнээс биш би гэр бүлийн гишүүд болох эхнэр, хүүхдүүдээ зодож цохиж, дарамталж байгаагүй. Би эхнэр Б.Э-г ер нь зодож цохиж байгаагүй болохоор ямар нэг байдлаар биед нь гэмтэл учруулж байгаагүй. Би гэр бүлийн ялимгүй маргаанаас болж эхнэрлүүгээ хайч шидэж биед нь хүнд гэмтэл учруулсандаа их гэмшиж харамсаж байна. Ард хоцорч байгаа гэр бүл, хөгшин аав, ээжийг минь бодолцож надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөөч. Та бүхэн намайг уучлаарай. Энэ бүгд миний буруу. Өөрөө өөртөө гомдолтой байна. Манай аав, ээж байнгын асаргаанд манай гэрийн гадаа жижиг гэртэйгээ өвөлжиж, зусдаг. Манай бага хүүхэд Улаанбаатар хотод бөөрний хагалгаанд орсон байнгын эмчилгээтэй байдаг. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү?.” гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримт /хайч / хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р тал/, Эд мөрийн баримт /майк / хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-р тал/,  Бичмэл нотлох баримтыг /хохирогч Б.Э эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас/ хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-20-р тал/,  Б.Э-ийн өвчний түүх  /хх-ийн 14-20-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “... Үзүүлэгч Б.Э-ийн биед цээжний зүүн талын хөндий руу нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, цээжний зүүн ард зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 77-р тал/ -ээр шүүгдэгч Ж.Р-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

                    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-2.5 дахь  хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд энэ зүйлийн 2.4-д: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцоор хуульчилсан байна.

Энэ зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэсэн байх тул үйлийн хайч нь аливаа биетийг гэмтээх чадвартай, иж бүрдэл бүхий хүйтэнд зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Ж.Р зэвсэг хэрэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Р нь хохирогч Б.Э рүү хайч шидэх нь хууль бус бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирол учирч болохыг мэдсээр байж зориуд шидсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Ж.Р-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Р нь “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

              

            2. Шүүгдэгч Ж.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

             Шүүгдэгч Ж.Р нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Э.Р нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, малчин болох нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 296-ний өдрийн 084 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96-р тал/-оор  нотлогдож байна.

                  

              Хохирогч Б.Э шүүгдэгч Ж.Р-с нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ж.Р-ийн хувийн байдлын талаарх гэрч Б.Э-ын “...Би Өндөрхангзй сумын Жаргалант буюу 4 дүгээр багийн засаг дарга гэх ажлыг сүүлийн 6 жил хийж байна. Энэ хугацаанд хариуцсан багийнхаа иргэдийн амьдрал ахуй, зан ааш зэргийг ерөнхийд нь мэддэг болсон. Ж.Р нь гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж гэрийнхнийгээ зодож цохидог, агсам тавьдаг зүйл байхгүй. Ер нь миний бодлоор дотроо байгаа зүйлийг бусдад ойлгомжтой байдлаар зөв илэрхийлж чаддаггүй юм байна гэж боддог юм. Ж.Р нь намайг багийн засаг дарга хийж байх хугацаанд огт архи, тамхи хэрэглэдэггүй байсан ба сүүлийн 2 жилээс хааяа хааяа архи дарс ууж явж харагдаад байдаг болчихсон байна лээ. Гэхдээ Ж.Р багийн ард иргэд дунд нэр хүнд сайн, хувийнхаа амьдрал ахуйг авч явах, мал ахуйгаа харах тал дээр сайн, амьдралын түвшин нь дундаас дээш амьжиргаатай айл байгаа юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

 

гэрч Р.Ц-ын: “Ж.Р бид 2 нэг багийн хүмүүс бөгөөд жилийн 4 улиралд хоорондоо ойролцоо нутагладаг найз нөхөд хүмүүс юм. Манай 2 гэрийн өвөлжөө хоорондоо ойр болохоор зав чөлөөтэй үедээ гэр бүлийн хамтаар нэг нэгнийхээ гэрээр орж, гарч хоорондоо дотно холбоотой байдаг хүмүүс юм. Ж Р гэртээ уриалгахан зантай, хүнд тусархуу, хүнээс гэр бүлийн асуудлаа нуугаад байдаггүй илэн далангүй, цагаан цайлган зантай хүн гэж боддог юм. Манай 2 гэрийнхэн нэгэнд нь ажил гарахаар нөгөөгийнхөө малыг дааж хоцордог хааяа ажил гараад малаа орхиод яваад ирэхэд өөрийнхөө малтай адилхан хариулж маллаад найдвартай байж байдаг, малч, хөдөлмөрч хүн байгаа юм. Ж.Р тамхи татдаггүй, хааяа архи уудаг боловч уухаараа хэтрүүлж үргэлжлүүлж уудаггүй тааруулж уугаад амарчихдаг үлгэр дуурайлал авмаар зан энэ хүнд байдаг юм. Ер нь бараг зайлшгүй шаардлага гарахгүй бол сумын төв рүү явахгүй гэртээ малаа хараад байж байдаг хүн юм. Ж Р, Б.Э нар манай эхнэр бид 2-оос түрүүлж гэр бүл болсон богохоор хүүхдүүд нь том болоод тусад орчихсон хүүхдүүддээ зааж сургаад малаа сайхан маллаж өсгөж байгаа айл юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/,

гэрч Г.А: “Ж.Р бид 2 багаасаа бие биеэ сайн мэддэг найзууд болохоор бид 2 багаасаа хамт малд явдаг нутаг бэлчээр нэг байсан болохоор бие биеэ сайн мэднэ. Манай найз Р даруухан, худал хэлдэггүй, хүнд тусархуу найз нөхөд болон багийн ард иргэд дотроо нэр хүндтэй, мал маллах арга ухаан сайтай, сайн залуу гэж боддог юм. Ж.Р хүнтэй ярьж тохирвол ярьсандаа байж чаддаг. Ядарсан зүдэрсэн юм гээд хүнийг дээрэлхээд муухай ааш авир гаргаад байдаггүй нэг зангаараа, бусадтай нийлэмжтэй байдаг юм. Би тэдний гэрт зөндөө очиж хонож өнжиж байсан гэр дотроо эхнэр, хүүхдүүдтэйгээ энгийн хэвийн харилцаатай байдаг. Ж.Р тамхи татдаггүй. архийг хааяа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хэтрүүлж уулгүй тааруулаад уучихдаг юм. Архи уухаараа янз янзын юм яриад яваад байдаггүй зүгээр амарчихдаг хүн юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Р-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын  доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.             

 

                                                                                                                      Шүүгдэгч Ж.Р энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн майк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Эт буцаан олгож, төмөр хайчийг устгахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Рд хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  тогтоов.      

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                                                                                                                      1. Шүүгдэгч Ж.Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-г  3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан  шүүгдэгч Ж.Р-д  оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Ж.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн

эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн майкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Э буцаан олгож, төмөр хайч 1 ширхэгийг устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р мнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ