Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00011

 

2024 01 25 207/МА2024/00011

 

 

А ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 787.866.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.О-, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Алтан дуулга ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Э ТӨҮГ-тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Т ХХК нь Э хот, О аймаг, Б суманд байрлах У 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Т ХХК нь А ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ........ дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр А ХХК нь Э хотын нутаг дэвсгэрт У 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Т ХХК нь ажлын хөлсөд нийт 2.000.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Э ТӨҮГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Т ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь А ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ........ дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Т ХХК болон Э ТӨҮГ-т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, Т ХХК нь гэрээний нийт үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 1.313.086.500 төгрөгийг төлж, үлдэх 686.913.500 төгрөгийг төлөөгүй байна. Нийт төлсөн 1.313.086.500 төгрөгөөс 860.000.000 төгрөгийг А ХХК -ийн дансанд, 53.000.000 төгрөгийг А ХХК-ийн захирал Б.Бын эзэмшлийн дансанд, 50.000.000 төгрөгийг бэлнээр, 90.000.000 төгрөгийг Б.Бын эхнэр Д.Н-н дансанд, 500.000 төгрөгийг А ХХК-ийн ажилтны дансанд, үлдэх 259.586.500 төгрөгийг харилцан тохиролцож суутгал болгон авсан байдаг. Иймд Т ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 686.913.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Т ХХК нь Э ТӨҮГ-тай гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Т ХХК нь Э хот, О аймаг, Б суманд байрлах У 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Т ХХК нь А ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ........ дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр А ХХК нь Э хотын нутаг дэвсгэрт У 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор мантаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргох станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг, Т ХХК нь ажлын хөлсөд нийт 2.000.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Э ТӨҮГ -тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Т ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь А ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ........ дугаар гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заагдсан ба А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгэж дуусган, ажлын үр дүнг Т ХХК болон Э ТӨҮГ-т актаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, Т ХХК нь гэрээний нийт үнэ болох 2 тэрбум төгрөгөөс 1.313.086.500 төгрөгийг төлж, үлдэх 686.913.500 төгрөгийг төлөөгүй байна. Нийт төлсөн 1.313.086.500 төгрөгөөс 860.000.000 төгрөгийг А ХХК-ийн дансанд, 53.000.000 төгрөгийг А ХХК-ийн захирал Б.Бын эзэмшлийн дансанд, 50.000.000 төгрөгийг бэлнээр, 90.000.000 төгрөгийг Б.Бын эхнэр Д.Н-н дансанд, 500.000 төгрөгийг А ХХК-ийн ажилтны дансанд, үлдэх 259.586.500 төгрөгийг харилцан тохиролцож суутгал болгон авсан байдаг. Мөн А ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ........ дугаар Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй ажлыг буюу газар шорооны ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг мөн адил актаар хүлээлгэн өгсөн ба гэрээнд тусгагдаагүй энэхүү ажлын үнийн дүн нь 100.953.000 төгрөг байдаг. Иймд Т ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 686.913.500 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 100.953.000 төгрөг, нийт 787.866.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компани нь А ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч ажлыг бүрэн дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, хүлээлцсэн акт үйлдээгүй, гэрээнд тусгасан үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ

Хариуцагч Т ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа:

А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 286.913.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.913.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.О- бид О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэр ньхууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Нэг: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 286.913.500 төгрөг гаргуулж нэхэмжпэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.913.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компани 2021 оны 05 дугаар сарын 21-ны ........ дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г А ХХК-тай байгуулж, тус гэрээний 2.1-д заасан ажлыг О аймгийн нутаг дэвсгэрт У 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 6-д зохиогчдын хооронд Иргэний хулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, 7-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргииг хүлээнэ. 8-д Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба талууд гэрээний 2.1-д заасан О аймгийн нутаг дэвсгэрт У 2,3 орон сууцны хорооллуудын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотор монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ гэж зөв дүгнэсэн мөртлөө ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 10-д талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д заасан үгийн шууд утгыг анхаарвал цэвэр усны 2 өргөх станц угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч А ХХК хүлээсэн гэж үзэхээргүй байна гэж талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г буруу дүгнэж тайлбарласан байна. Гэтэл А ХХК нь гэрээнд заагдсан ажлаа хийгээгүй, хүн хүч техник хэрэгсэл байхгүй байсан учир манай компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авч, аргагүй эрхэнд иргэн Э.Э-тай гэрээ байгуулан цэвэр усны 2 өргөх станцын угсралтын ажил, мөн Б АЗЗА ТӨХК-иар үл хөдлөх чиглүүлэх тулгуур, цэвэр усны насос станц, техникийн түрээс, барилгын ажлын хөлс, гагнуурын ажлын үзлэг шалгалтын төлбөр болон холбогдох бүх зардал, хүний нөөц, машин механизм, техник хэрэгслийг манай компани гаргаж гэрээнд заасан ажлыг хийж дуусгасан. Учир нь дээрх ажил нь цаг хугацаатай уралдаж өвөл болохоос өмнө хийж дуусгах яаралтай ажлууд бөгөөд цаад талдаа олон олон оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байсан. А ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж дуусгах боломжгүй байдлаа өөрсдөө хүлээн зөвшөөрч ажлаа дуусгаагүй, хүлээлгэн өгөөгүй байдаг. Энэ нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /2х-07, 14-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ....... дугаар дүгнэлтээр 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээж авсан бөгөөд А ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд ажлаа хийгээгүй. Хоёр. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж мөн гэрээний 6.2,3-д заасан ажил хүлээлгэн өгөх үе шат буюу акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын үр дүн гаргаагүй учир бидний зүгээс А ХХК-г ажлаа бүрэн гүйцэд хугацаанд нь хийх талаар удаа дараа шаардлага тавьж байсан. ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 12-д иймд нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ........ дугаар Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж, 286.913.500 /хоёр зуун наян зургаан сая есөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөгийг Т ХХК-иас гаргуулж А ХХК-д олгох нь зүйтэй гэж. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 2 7-ны өдрийн ........ дугаар тооцоо нийлсэн цагаас хойш А ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 13-д 20.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 30-д 2.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 31-д 30.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж 154.913 500 төгрөгийн тооцоо үлдсэн байтал анхан шатны шүүх манай компанийн шилжүүлэн өгсөн 52.000.000 төгрөгийг хасаж тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 13-д /үнийн дүнд барьцаа 5% буюу 80.000.000 төгрөг орсон/ авахаар тохирсон байх ба хэрэгт цугларсан баримтаар талууд тооцоо нийлсэн хариуцагч үгүйсгээгүй байна гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4, 4.2, 5.9-д Барилгын тухай хуульд зааснаар хийсэн ажлын баталгаа 3 жил байхаар тохиролцож, 5 хувийн буюу 80.000.000 төгрөгийн барьцаа биш баталгаа гаргасан. Өөрөөр хэлбэл А ХХК манай компанийн өмнө хийсэ14ажлаа хариуцаж, 3 жилийн хугацаанд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд чанарын баталгааны төлбөрөөсөө засан сайжруулах бөгөөд 3 жилийн дараа гэрээгээ дүгнэн чанарын баталгааны 80.000.000 төгрөгөө авахаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээг буруу дүгнэж, 5% 80.000.000 төгрөгийн барьцаа авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр Т ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.О- миний зүгээс тухайн ажил дээр хяналт тавьж байсан хяналтын инженер Б.М-ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргаж анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/Ш32023/0....... дугаар захирамжийн 7-д шүүх хуралд гэрчээр Б.М-ыг оролцуулсугай гэж, /2хх-1-4 тал/ гэвч анхан шатны шүүх захирамжийн хэрэгжилттэй холбоотой хэргийн болон шүүх хуралдаанд хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан 1затны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар .иийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны ззүүхэд буцааж өгнө үү. Жич: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-, Ц.Б бид шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хурлын товыг мэдэгдэж өгөхийг хүсье. Холбоо барих дугаар: ................... гомдолд улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Т ХХК-иас 787.866.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Т ХХК нь Э ТӨҮГ-тай О аймаг Б суманд байрлах У 2,3-д барих орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байх ба энэхүү үүргээ биелүүлэхийн тулд туслан гүйцэтгэгчээр А ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ........ дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч А ХХК нь О аймгийн нутаг дэвсгэрт баригдах У 2,3 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний холболт болон өргөтгөл хийх, буулгалт болон түр шугам татах, усан сангийн систем угсрах, дотр монтаж, дулааны насос станц, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд хариуцагч Т ХХК 2 тэрбум төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс ажлаа эхэлж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон ба хариуцагч Т ХХК нь ажлын хөлсөнд 1.313.086.500 төгрөгийг төлж үлдэх 686.913.500 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасан бүх ажлыг дуусгаж ажлын үр дүнг хариуцагч Т ХХК, Э ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн байхад ажлын хөлсийг бүрэн төлөөгүй гэж хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч А ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, цэвэр усны 2 өргөх станцын дотор сүлжээ угсралтын ажлыг хийгээгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т ХХК нь шүүхэд тухайн ажлыг гүйцэтгэж байх үед хяналт тавиад явж байсан хяналтын инженер М энэ ажлыг сайн мэдэж байгаа учир гэрчээр оролцуулна гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасны дагуу Мыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ............ дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэж шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлосон байна.

Хэрэгт хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт үйлдээгүй, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагаа хийгээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүгчийн захирамжийг биелүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2., 43 дугаар зүйлийн 43.1, 2-ыг зөрчжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.592.517 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У