Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 519

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням, 

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Г.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, Г.З нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0634 40562 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Б, 1996 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувираа автомашины сэлбэг зардаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 8а-13 оршин суух хаягтай, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.З, 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Саруул хороололд цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 8а-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Г.Б нь Г.З-тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Есөнтөмөрийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, газар унагааж хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нурууны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.З 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын гудамжинд хохирогч Д.Азжаргалыг хөлөөрөө зүүн гарын тохойн тус газар нь өшиглөж, гараараа газар татан чирч, эрүүл мэндэд нь “зүүн тохой, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язарсан шарх, хууларсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн Г.Б-тэй бүлэглэн хохирогч Д.Есөнтөмөрийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Шүүгдэгч Г.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

 

Хохирогч Д.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын 02-12 тоотод байдаг гэртээ шөнийн 00 цагийн үед унтаж байхад манай бага дүү болох Есөнтөмөр гэрт орж ирээд “сая намайг З, Б хоёр орж ирээд зодчихлоо” гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд арын гудамжинд байдаг З-ын гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь буцаж гарч байгаад тэр хоёртой гудамжинд таараад “та хоёр яагаад хүүхэд зодоод байна” гэхэд Б гэнэт хажуу талаас үсэрч ирээд хөлөөрөө цохиж, хажуу талаас З гартаа том чулуу барьчихсан цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь Б хажуу талаас цохих гэхээр нь би Б-тэй зууралдаж байхад З миний зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо суухад шууд миний хувцаснаас урагшаа чирч өвдгөнд гэмтэл учирсан. Миний биед учирсан гэмтлийг З миний тохой руу өшиглөж гэмтэл учруулсан…” гэх мэдүүлэг /хх 13/,

Хохирогч Д.Есөнтөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын 02-12 тоотод байдаг гэртээ шөнийн 00 цагийн үед хашааны гадна “Зулзагаа” гээд хүн дуудаад байхаар нь “юу болсон” гэж асуусан чинь “хашаанаас гараад ир, урагшаа яваад юм ярих гэсэн” гэхээр нь би дагаад явсан чинь гэнэт Б миний нүүр рүү гараараа цохиж намайг газар унагаагаад дээрээс З, Б хоёр өшиглөөд байсан. Тэгэхээр нь би зугтаагаад урд талын машин зам руу зугтаад зам дээр З-т баригдаад би “та нар яагаад намайг зодоод байгаа юм” гэж асуухад “чи бид нартай үеийн болчихсон юм уу” гээд нүүр рүү цохиж байхад цаанаас Б ирээд дахиж намайг өшиглөж, цохиод миний өмсөж явсан цамцнаас барьчихсан байхаар нь би цамцаа тайлаад гэр рүүгээ гүйгээд гэртээ ороод, дотор талаас нь хаалгаа түгжсэн. Гэтэл Б байшингийн урд талын цонх хагалаад “чи хаалгаа тайлахгүй бол бүх цонхыг чинь хагална” гэхээр нь хаалгаа онгойлгосон чинь Б шууд намайг мөргөсөн. Тэгэхэд миний уруул дотор талдаа язарсан. Миний биед учруулсан гэмтлийг З, Б хоёр нийлж учруулсан...” гэх мэдүүлэг. /хх 16-17/,

Гэрч Э.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүхбат байрны эзний хүүхэд хоёр маргалдаж байснаа барьцалдаж авахад байрны эзний хүүхэд Сүхбатын нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр газар унаад ноцолдож байхад байрны эзний эхнэр болох эгч гарч ирээд тэр хоёрын дундуур ороод Сүхбатад толгой руугаа цохиулчихсан. Тэгэхээр нь эмэгтэй хүн цохьчихлоо гээд Энэрэл салгасан” гэх мэдүүлэг /хх 26/,

Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч Д.Есөнтөмөрийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Г.З-тай бүлэглэж зодож учруулсан нь үнэн. Хэрэг болдог өдөр би өөрийн уур омгоо барьж дийлэхгүй Д.Есөнтөмөрийг зодож гэмтээсэндээ их харамсаж байгаа, миний буруу“ гэх мэдүүлэг /хх 61/,

Яллагдагч Г.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогч Азжаргалын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Б-ийн хамт бүлэглэн хохирогчийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Хохирогч Азжаргал бид хоёрт тийм асуудал байгаагүй, зүс таних хүмүүс тухайн хэрэг гардаг өдөр л би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ л ийм үйлдэл гаргасан. Их харамсаж байгаа миний буруу” гэх мэдүүлэг /хх 63/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9056 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Есөнтөмөрийн биед хамрын нурууны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-31/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9057 тоот дүгнэлтэд: 

  1. Азжаргалын биед зүүн тохой, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язарсан шарх, хууларсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-32/ шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-39, 41/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40, 42/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь Г.З-тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Есөнтөмөрийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, газар унагааж хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нурууны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.З 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын гудамжинд хохирогч Д.Азжаргалыг хөлөөрөө зүүн гарын тохойн тус газар нь өшиглөж, гараараа газар татан чирч, эрүүл мэндэд нь “зүүн тохой, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язарсан шарх, хууларсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн Г.Б-тэй бүлэглэн хохирогч Д.Есөнтөмөрийн нүүрэн тус газар нь гаараараа цохиж эрүүл мэндэд нь  хамрын нурууны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Д.Азжаргалын: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын 02-12 тоотод байдаг гэртээ шөнийн 00 цагийн үед унтаж байхад манай бага дүү болох Есөнтөмөр гэрт орж ирээд “сая намайг З, Б хоёр орж ирээд зодчихлоо” гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд арын гудамжинд байдаг З-ын гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь буцаж гарч байгаад тэр хоёртой гудамжинд таараад “та хоёр яагаад хүүхэд зодоод байна” гэхэд Б  гэнэт хажуу талаас үсэрч ирээд хөлөөрөө цохиж, хажуу талаас Золбаяр гартаа том чулуу барьчихсан цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь Б хажуу талаас цохих гэхээр нь би Б-тэй зууралдаж байхад З миний зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо суухад шууд миний хувцаснаас урагшаа чирч өвдгөнд гэмтэл учирсан. Миний биед учирсан гэмтлийг З миний тохой руу өшиглөж гэмтэл учруулсан…” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Есөнтөмөрийн: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын 02-12 тоотод байдаг гэртээ шөнийн 00 цагийн үед хашааны гадна “Зулзагаа” гээд хүн дуудаад байхаар нь “юу болсон” гэж асуусан чинь “хашаанаас гараад ир, урагшаа яваад юм ярих гэсэн” гэхээр нь би дагаад явсан чинь гэнэт Б миний нүүр рүү гараараа цохиж намайг газар унагаагаад дээрээс З, Б хоёр өшиглөөд байсан. Тэгэхээр нь би зугтаагаад урд талын машин зам руу зугтаад зам дээр З-т баригдаад би “та нар яагаад намайг зодоод байгаа юм” гэж асуухад “чи бид нартай үеийн болчихсон юм уу” гээд нүүр рүү цохиж байхад цаанаас Б ирээд дахиж намайг өшиглөж, цохиод миний өмсөж явсан цамцнаас барьчихсан байхаар нь би цамцаа тайлаад гэр рүүгээ гүйгээд гэртээ ороод, дотор талаас нь хаалгаа түгжсэн. Гэтэл Б байшингийн урд талын цонх хагалаад “чи хаалгаа тайлахгүй бол бүх цонхыг чинь хагална” гэхээр нь хаалгаа онгойлгосон чинь Б шууд намайг мөргөсөн. Тэгэхэд миний уруул дотор талдаа язарсан. Миний биед учруулсан гэмтлийг З, Б хоёр нийлж учруулсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Б, Г.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Г.З-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б, З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- Г.З-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Б, З нар нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б, Г.З нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б, З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ШИНЭБАЯР