| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0492/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Амарбаясгалан, А.Оч-Бадрал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ш-д холбогдох эрүүгийн 1902 0000 60029 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Ш, 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 18-9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 96 дугаар байрны 93 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Насанд хүрээгүй гэрч Б.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэрэг болох үед Шинэтөр тэр ууттай өвс болон хуванцар савтай зүйлийг минийх гэдгийг Амгаланд бас тэнд байсан цагдаа нарт хэлсэн байна лээ. Амгалан бид хоёрыг гэрт нь очиход тийм зүйл харагдаагүй. Хэрэв талийгаачид өвс байсан бол пиво ууж байхдаа сонирхуулаад гаргаж ирэх байсан. Гэтэл Амгалан бид хоёрыг өдөржин гэрт нь байхад хэлээгүй болохоор тэр зүйл Ш-х байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 30/,
Насанд хүрээгүй гэрч Э.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг Бинагийн гэрт очиход ширээн дээр нь ууттай өвс болон цоолсон хуванцар сав байсан. Би тэр зүйлийг сонирхоогүй болохоор хэнийх нь гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 32/,
Гэрч Ц.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найзууд ч бас пиво уусан мөн тамхи татсан. Өөр ямар нэгэн зүйл хэрэглэсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Учир нь Ялгуунтай хамт Төрөөгийн өөрийнх нь өрөөнд хэвтэж байсан...2018 оны 04 дүгээр сарын орчимд найз байсан Бинагийн гэрт очих үедээ өвс гэх нэртэй зүйл хэрэглэж үзсэн. 2019 оны 01 дүгээр сард Америк улсаас ирсан найз болох Түвшөө болон түүний нэг найзын хамт Prime кино театрт кино үзэх гэж байгаад найз Бинагийн найз залуу байсан Широтой тааралдсан. Широтой кино театрын гадаа нь хамт тамхи татаж байтал Широ тамхи шиг ороосон өвс байгаа юм авах уу гэсэн учраас би аваад татаж үзсэн. Энэ тухайгаа өөрийн ээж болох Ариунаад хэлж шинжилгээ өгч байсан. Өөрөөр ямар нэг сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх 45/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 12 давхарт 93 тоот орон сууц байх...зурагтын баруун талд газарт буйдан хоорондын зайд жижиг цэнхэр өнгийн хужирт усны савыг цоолж мөнгө хуйлж хийсэн байсны эд мөрийн баримтаар зургаар бэхжүүлэн хураан авав. Урагш харсан цонхны наагуур хөшигтэй бөгөөд хөшгийг хагас хаасан байв...цахилгаан зуухны дэргэд хатаасан өвс мэт зүйл мөн шишний гэх жимсний хайрцагтай зүйл байсныг кримналистикийн мэргэжилтэн бэхжүүлэн авав ” /хх 13-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. 3 Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуйлж ороосон АН0363447 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. “Энхтайвны Шинэтөр ТНС эсрэг” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “Хужирт” гэсэн шошготой хуванцар савнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.1334 гр, цэвэр жин нь 0.3583 грамм байна. Фото зураг /хх 47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 228 дугаартай дүгнэлт:
1. Э.Ш нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
2. Э.Ш нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Э.Ш нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Э.Ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Э.Ш нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.
6. Э.Ш нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол улс, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.
7. Э.Ш-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /58-59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 84/, ял шалгах хуудас /хх 90/, Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх 10-11/, хувийн байдалтай холбоотой баримт /94-104/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Э.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 96 дугаар байрны 93 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь
Насанд хүрээгүй гэрч Б.Соёлмаагийн: “...хэрэг болох үед Ш тэр ууттай өвс болон хуванцар савтай зүйлийг минийх гэдгийг Амгаланд бас тэнд байсан цагдаа нарт хэлсэн байна лээ. Амгалан бид хоёрыг гэрт нь очиход тийм зүйл харагдаагүй. Хэрэв талийгаачид өвс байсан бол пиво ууж байхдаа сонирхуулаад гаргаж ирэх байсан. Гэтэл Амгалан бид хоёрыг өдөржин гэрт нь байхад хэлээгүй болохоор тэр зүйл Ш-нх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Э.Амгалангийн: “...намайг Бинагийн гэрт очиход ширээн дээр нь ууттай өвс болон цоолсон хуванцар сав байсан. Би тэр зүйлийг сонирхоогүй болохоор хэнийх нь гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Жаргалмаагийн: “...манай найзууд ч бас пиво уусан мөн тамхи татсан. Өөр ямар нэгэн зүйл хэрэглэсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Учир нь Ялгуунтай хамт Төрөөгийн өөрийнх нь өрөөнд хэвтэж байсан... 2018 оны 04 дүгээр сарын орчимд найз байсан Бинагийн гэрт очих үедээ өвс гэх нэртэй зүйл хэрэглэж үзсэн. 2019 оны 01 дүгээр сард Америк улсаас ирсан найз болох Түвшөө болон түүний нэг найзын хамт Prime кино театрт кино үзэх гэж байгаад найз Бинагийн найз залуу байсан Широтой тааралдсан. Широтой кино театрын гадаа нь хамт тамхи татаж байтал Широ тамхи шиг ороосон өвс байгаа юм авах уу гэсэн учраас би аваад татаж үзсэн. Энэ тухайгаа өөрийн ээж болох Ариунаад хэлж шинжилгээ өгч байсан. Өөрөөр ямар нэг сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж байгаагүй” гэх мэдүүлэг, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Ш-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ш-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Ш-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Ш-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Тэнссэн хугацаанд Э.Ш-д хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсагт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АН 0363447 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэртийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол банкинд даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлэх,
Мөн 0.8 грамм каннабис өвс, Хужирт бичигтэй 500 мл-ын багтаамжтай хөх өнгийн хуванцар сав, 2 ширхэг мөнгөлөг өнгийн тугалган цаас зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР