Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 204/МА2024/00006

 

 

                                          

2024 оны 03 сарын 21-ний өдөр          Дугаар 204/МА2024/00006             Өвөрхангай аймаг

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаар шийдвэртэй

          Б.Б-ийн нэхэмжлэлтэй М.О-аас “10,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөг зээлдүүлэхээр харилцан тохиролцож Өвөрхангай аймгийн *** сумын тамгын газарт зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаагаар 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5% хувиар төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд хүүгээ бол бүрэн төлсөн. Иймд зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 10 хоногт алданги тооцож М.О-аас 10,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10,000,000 төгрөг Б.Б-оос зээлийн гэрээ байгуулан авсан нь үнэн зөвшөөрч байгаа. Алдангийн 0.5 хувийг зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг хариуцагчаас хэлж байна. Зээл авсны дараа хүүгээ сар бүрд нь асуудалгүй төлөөд явсан. Үүргээ хугацаанд нь биелүүлээд явсан. Алдангийн талаар тухайн үед тохиролцоогүй. Ийм учраас 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.О-аас зээл, алданги нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О-аас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.О-аас 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.О-аас зээл, алданги 10,500,000 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г би эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...10 хоногийн алданги 500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй... гэж дүгнэсэн байна.

Гэтэл хариуцагч М.О нь ...би 10,000,000 төгрөгийг Б.Б-оос гэрээ байгуулан зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүг тухай бүр хугацаа алдалгүй гэрээнд тохирсноороо төлсөөр өдийг хүрсэн. Хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Анх гэрээ байгуулахдаа хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх талаар тохиролцоогүй. Б.Б нь гэрээн дээрээ сүүлд 5 хувь гэж бичсэн байсан. Хуульд бол 0,5 хувь гэж байдаг... гэсэн тайлбарыг хэлдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ч гэсэн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарыг хэлж 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа ба давж заалдах шатны шүүхээс мөн хянан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо 10,000,000 төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Харин анх гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй. Нэхэмжлэгч Б.Б нь сүүлд гэрээний 0.5% хувиар бичсэн гэсэн байна. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.О-д мөнгө зээлдүүлэхээр харилцан тохиролцож Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газарт зээлийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаагаар 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр нотариатаар батлуулж, өөрсдөө гарын үсгээ зурсан байдаг. Хариуцагч одоо алдангийг харилцан тохиролцоогүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анх мөнгө зээлэхдээ хугацаанд нь төлнө, төлөөгүй бол хариуцлагаа хүлээж ямар ч эрсдэлийг дааж алданги, хүүг төлөөд явна гэдгийг ямар ч эрх зүйн боловсролгүй хүн ойлгож мөнгөө зээлдүүлж авсан байдаг. Хариуцагчийн гомдол дээр бичсэн 0.5% хувь гэж бичсэн байна. Бид 0.5% гэж нэхэмжлээгүй. Гэрээний 3 дахь заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосныг алданги гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 10 хоногт алданги тооцож 500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрвээ өнөөдрийг хүртэлх алданги тооцоод явбал 4,500,000 төгрөгийн алданги тооцогдож байгаа. Зөвхөн 10 хоногийн алдангийг гэрээндээ харилцан тохиролцож аль аль нь зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулчихсан байж ийм зүйл яриагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

7. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.О-аас 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г эс зөвшөөрч маргажээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.О-аас зээл, алданги нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

10. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч М.О нар нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр гэрээ байгуулжээ. 

11. Хариуцагч М.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нараас зээлийн гэрээгээр хүлээсэн 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,5% буюу 500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээггүй үүргийн үнийн дүнгийн хүүг таван хувиар тооцсоныг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн 0,5 хувь болгон 10,000,000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн 10 хоногийн алданги болох 500,000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэдийгээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг сүүлд нь нэмж бичсэн гэж маргаж байгаа боловч  гэж үүнийгээ баримтаар нотолж чадаагүй байна.

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

13. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2024/00033 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                 Т.ДАВААСҮРЭН