Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Н.Гэрэлтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Д.Батсүх, Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Б.Болормаа / онлайнаар/

Шүүгдэгч Ш.Т-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.У, Л.Д, Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.У, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Д, Ш.Т нарт холбогдох 1716001140012 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б-н У.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Л-н Д.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Ш-н Т.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-н ээж Л.Д-с 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан,

Шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-г ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөн,

Мөн шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-с 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сард бэлнээр авсан,

Шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сард бэлнээр өгсөн гэмт хэрэг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-г ажилд томилуулах  зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-д албан өрөөндөө байх үед нь 500.000 төгрөгийн хээл хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөн, дараа нь цагдаагийн байгууллагаас ярихаар нь буцааж авсан мөнгөө хураалгасан, шүүгдэгч Б.У  шүүгдэгч Д-н өгсөн 500.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сард ярихаар нь буцааж өгсөн нөхцөл байдал, 

шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар Г.Б-н ээж Л.Д-с 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан нөхцөл байдал нь тус тус  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Б.У, шүүгдэгч Л.Д нар гэм буруутай болох нь:

 Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсан дахь шүүгдэгч Б.У-н 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Авилгатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг аваад 500.000, 800.000 төгрөг авсан гэсэн асуудал ярьсан. Би 500.000 төгрөг хүн ажлын байраар хангаж өгнө гэж хэлж аваагүй. Л.Д гуай баярлалаа гэж хэлээд 500.000 төгрөг ширээн дээр тавьсан. Би та энэ мөнгөө ав гэсэн авалгүй гараад явсан. Араас нь өгөх гэтэл хүн орж ирээд өгөлгүй байж байгаад таарахад тэр юмаа аваарай гэж хэлж байсан. 11 сард Авилгатай тэмцэх газрынхан ярихад тэр мөнгийг нь буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг,

хавтаст хэргийн 84 дүгээр хуудсан дахь шүүгдэгч Л.Д-н “...Б.У даргад 500.000 төгрөг гарт нь бариулж өгөөгүй, ширээн дээр нь тавьсан. Хахууль гэж өгөөгүй, ажилд оруулж өгсөнд баярлалаа гэж өгсөн. Дараа нь коридорт таарахад чи мөнгөө ав гээд хэлж байсан. Бид нарт нааш цааш ороод явах зав байдаггүй. Ийм асуудал гаргахад мөнгөө авсан. Нэг өдөр цагдаагаас утасдаад та 500.000 төгрөгөө аваад ир гэсэн. Бид нар төрийн албан хаагчид цалингаас цалингийн хооронд байдаг учраас нөгөө мөнгөө аваад хэрэглэсэн байсан. Тэгээд энд тэндээс цуглуулж авчирч өгсөн. Тэгсэн хураагаад авсан. Тэгэхээр нь хураагаад авчдаг юм уу гэсэн түр хурааж авна гээд 500.000 төгрөгийг авсан..” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын 500.000 төгрөг өгсөн, авсан талаар маргахгүй байгаа байдал нь тогтоогдож байгаа бөгөөд гэрч Ё.Н-н 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Ш.Т, Л.Д эгч нарыг мөнгө өгсөн байх үндэслэлтэй гэдгийг хүний амнаас сонссон. Сувилахуй албаны дарга хийж байсан О.Г-н амнаас сонссон учраас хууль хяналтын байгууллагад нь хандсан байгаа. Хүний нөөцийн албан дээр орсон байгаа би өөрөө Анагаахын сургуульд цагийн багш хийдэг учраас Буянхишигтийг ямар сурч байсан гэдгийг мэднэ. Тийм учраас Б гэнэт манай боловсон хүчнээр ороод ирсэн. Тэгээд үүний цаана юм явж байсан байж болзошгүй гэдэг үүднээс хууль хяналтын байгууллагад нь хандаад тухайн хүмүүс шалгалтаа явуулсан... ” гэсэн мэдүүлэг /4-р ХХ100/,

гэрч Ё.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “Б-н ээж Д нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйлчлэгч ажилтай бөгөөд удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажилладаг хүн байдаг юм. Тэрээр өөрийн охин Б-г нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилуулахаар 500.000 төгрөг өглөө, үүнээс ихийг өгч чадсангүй гэж хэлснийг мэс заслын тасгийн ахлах сувилагч ажилтай миний бэр эгч Г надад хэлсэн юм. Б нь 2017 оны 4 сард нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилогдсон” гэсэн мэдүүлэг /1-р ХХ7-8/,

 гэрч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “....Эхнэр, охин хоёр өөрсдөө л ажил төрөлд орно гээд хөөцөлдөөд яваад байсан. Би хөөцөлдөж яваагүй болохоор мэдэхгүй байна.           Б-г ажилд оруулахаар эмнэлгийн даргатай ярьсан,эмнэлгийнхээ даргад мөнгө төгрөг өгөхгүй бол болохгүй гээд охины ажлын талаар ярьж л байдаг байсан. Надад яг мөнгөний хэмжээ хэлээгүй. Гэхдээ захиралд мөнгө өгчихлөө гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй “ гэсэн мэдүүлэг /2-р ХХ214/,

шүүгдэгч Л.Д-с хураан авсан AC7980739, AZ5817613, AC8081632,  AZ8533675, AG0269182, AD68600440, AC5128406, AA3700893, AD9677416, AD7966340, AA6965049, AC3945375, AH7267714, AH6061927, AB3216375, AD9324929, AE0204662, AC3802709, AZ6455405, AH8980104, AD5635777, AD1552055, AZ2991009, AD9450064, AE4072661 серийн дугаар бүхий 25 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт бүхий 500.000 төгрөг, иргэн      Ё.Н-с гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р ХХ3-6/ зэргээр нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.У-н  хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй  буюу  хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэл нь шүүгдэгч Л.Д-с 2017 оны  1-3 сарын үед 500.000 төгрөгийн хээл хахууль авч, түүний охин Г.Б-г 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерийн ажилд томилохдоо  хууль болон Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын /1–р ХХ 82/ ажилтныг ажилд авах талаарх заалтуудыг зөрчиж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын Б/31 дугаарын тушаал /1-р ХХ13/-аар томилсон  байдлаар батлагдаж байна.

 Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжигдэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүх шүүгдэгч Б.У, шүүгдэгч Л.Д нарт холбогдох хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг,  2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөх нь зүйтэй гэж  дүгнэлээ.

Иймд шүүгдэгч  Б.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус,тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 2. Шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр бэлнээр өгсөн, мөн шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-с 800.000 төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр бэлнээр авсан гэх  нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд дурдсан яллагдагч нарыг гэрчээр асуусан /2хх-,203,226/  мэдүүлгүүдийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Д.Батсүх, Ж.Мөнхнасан нарын нотлох баримтад тооцохгүй байх хүсэлтийг тус шүүхийн 02 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн, гэрч Б.Б-г гэрчээр асуусан мэдүүлгийг авсан байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэхэд эргэлзээтэй, түүний 3 удаагийн мэдүүлгийн 2 нь эхнэр Т шүүгдэгч У-д 800.000 төгрөг өгснийг үгүйсгэсэн мэдүүлэг байгаа  гэсэн өмгөөлөгч нарын  дүгнэлт үндэслэлтэй  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж,  Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.У-д холбогдох хэрэг, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Ш.Т-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ш.Т нь ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, нэгдсэн эмнэлгийн хүний нөөцөд бүртгэлтэй байсан байдал болон өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Д.Батсүх, Ж.Мөнхнасан нарын хүсэлтээр нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн  ХААН банкны дансны хуулгыг  улсын яллагч хэлэлцүүлээгүй бөгөөд дүгнэлтдээ дурдаагүй байх тул шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дээрх нөхцөл байдал нь   улсын яллагчийн дүгнэлтийг няцаах үндэслэл болж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Б.Болормаагийн миний үйлчлүүлэгч Л.Д-с шөнийн цагаар 22 цаг өнгөрсөн байхад мэдүүлэг авсан гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн тогтоолоор нотлох баримтад тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.

Шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 169-172 дугаар хуудсан дахь шүүгдэгч Л.Д-с эд мөрийн баримтаар 500.000 төгрөг хурааж авсан талаарх мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хурааж авсан тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдагдсан “... шүүгдэгч Л.Д-с эд мөрийн баримтаар хурааж авсан 500.000 төгрөг нь хэргийн эд мөрийн баримт биш...” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Д.Батсүхийн “....өнөөдрийн  шүүх  хуралдаан дээр өмгөөлөгч бид нарын улсын яллагчтай тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх эрх хязгаарлагдаад байна. Хуульд заасан журамд нийцээгүй гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ яллах талыг авчихаад цагаатгах талыг авахгүй байгаа байдал миний хэлсэн тайлбарт хамаарч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна. Б.Болормаа өмгөөлөгчийн зүгээс Л.Д-г ээж уул явсан гэх үйл баримттай холбоотой баримтыг шүүх хүлээж авахгүй байгаа. Тэгш хандах ёстой. Энэ нь 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх энэ, авахгүй бол хоёуланг нь авахгүй байх ёстой. Авбал хоёуланг нь авах ёстой...” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.Учир нь өмгөөлөгч Б.Болормаагийн Л.Д-н ээж уул явсан талаарх өмнөх шүүх хуралдааны үед шүүхэд өгсөн нотлох баримтыг нотлох баримтад тооцуулахгүй байх эсэх талаар талуудаас ямар нэгэн хүсэлт гараагүй байдлыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 Шүүгдэгч Б.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.У-н удирдах албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Д-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.У, Л.Д нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, шүүгдэгч Б.У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Л.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар  хянан харгалзах  үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.У, Л.Д нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Мөн хуулийн  56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын орон сууц, шүүгдэгч Л.Д-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хувийн орон сууцыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бичгийн нотлох баримтыг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.У, Л.Д нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.У-д холбогдох хэрэг, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Ш.Т-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон,  2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-н удирдах албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын орон сууц, шүүгдэгч Л.Д-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хувийн орон сууцыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бичгийн нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/31, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/50, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай тушаалууд, Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн албанд гаргасан тодорхойлолт, Ш.Т-н ажилд орох тухай өргөдөл зэргийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.У, Л.Д нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг  дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                   ШҮҮГЧИД                          З.НАНДИНЦЭЦЭГ                    

                                                                              Б.ӨЛЗИЙХИШИГ