Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00479

 

 

 

 

 

 

             

    2024          03            11                                       210/МА2024/00479

 

АА ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03932 дугаар шийдвэртэй,

 

АА ХХК -ийн нэхэмжлэлтэй

ХГ ХХК-д холбогдох,

 

428,642,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. АА ХХК ХГ ХХК-д 2012 онд 600,628,500 төгрөгийн, 2013 онд 799,204,350 төгрөгийн, 2014 онд 932,974,000 төгрөгийн, 2015 онд 456,028,500 төгрөгийн, 2016 онд 1,611,913,680 төгрөгийн, 2017 онд 289,002,000 төгрөгийн, 2018 онд 163,396,880 төгрөгийн нийт 4,853,147,910 төгрөгийн улаан буудай нийлүүлсэн ба ХГ ХХК нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр 4,243,154,350 төгрөгийн төлбөрийг төлсөн.

 АА ХХК улаан буудайн тээвэр, хатаалга, дизель түлшний үнэнд 181,350,710 төгрөгийг ХГ ХХК-аас урьдчилан авсан учир нийлүүлсэн улаан буудайн үнээс хасаж тооцсон.

1.2. ХГ ХХК-иас 4,243,154,350 төгрөгийг, тээвэр, хатаалга, дизель түлшний үнэд 181,350,710 төгрөгийг төлсөн учир улаан буудайн үлдэгдэл төлбөр болох 428,642,850 төгрөгийг ХГ ХХК-иас нэхэмжилж байна. Үлдэгдэл төлбөрийн асуудлаар ХГ ХХК-тай олон удаа уулзсан боловч төлбөр төлөх талаар ямар нэгэн бодит арга хэмжээ авахгүй байсан.

1.3. Манай компани 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ХГ ХХК-иас 932,841,450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ нэхэмжлэлийн дүнгээс 504,198,600 төгрөгийн төлбөр авахаас татгалзаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ХГ ХХК-ийн удирдлагууд солигдсоноос олон жилийн өмнөх баримт бичгүүд хэд хэдэн газарт хуваагдаж хадгалагдсан учир хаана юу байгааг нь шинэ удирдлагууд тодорхойлох боломжгүй.

ХГ ХХК АА ХХК -аас 2012 онд 574,500,000 төгрөг, 2013 онд 799,204,350 төгрөг, 2015 онд 456,028,500 төгрөг, 2016 онд 1,601,667,600 төгрөг, 2017 онд 150,381,280 төгрөг, 2018 онд 163,396,880 төгрөгийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Энэ нь нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэл болон гурилын үйлдвэр дээрх буудай хүлээн авсан баримтуудтай тохирдог бөгөөд тооцоо нийлсэн зарим актаар баталгааждаг.

2.2. Харин АА ХХК -ийн хүсэлтээр буудайн урамшуулал илүү авахад нь зориулан илүү дүнгээр хийсэн. 2012 болон 2017 онуудын гэрээнд заасан хэмжээний буудайг манайх хүлээн аваагүй болно.

АА ХХК -аас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан гэх 930,000,000 төгрөг нь зээл биш, харин талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагаанд оруулахаар тохирсон хураамж байсан.

Дээрх гэрээгээр АА ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 930,000,000 төгрөг, буудайгаар 970,292,360 төгрөгийн хөрөнгийг, ХГ ХХК өөрийн эзэмшлийн үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаар тус тус хөрөнгө оруулахаар тохирсон байна. Нийт ашиг болон алдагдлын 40%-ийг нэхэмжлэгч, 60%- ийг хариуцагч тус тус хуваарилахаар уг гэрээнд заасан. Уг гэрээний дагуу АА ХХК 970,292,360 төгрөгийн буудайг шилжүүлсэн боловч 930,000,000 төгрөгийн бэлэн мөнгийг огт өгөөгүй. Гэрээний дагуу шилжүүлсэн буудайн төлбөрийг хүү тооцон буцаан төлөх талаар гэрээнд нэмэлт оруулсан баримт байгаа.

Гэрээний нэмэлтэд зааснаар ХГ ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тодорхой үүргийг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд уг хугацаанаас хойш 8 жил өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагавар үүснэ.

2.3. Талууд гэрээгээр тээврийн зардал болон хатаалгын зардлыг АА ХХК хариуцахаар тохирсон тул 2012 онд худалдан авсан буудайн төлбөрт 574,500,000 төгрөгийг, 2013 онд худалдан авсан буудайн төлбөрт 799,204,350 төгрөгийг, 2014 онд зээлээр худалдан авсан буудайн төлбөрт 970,292,960 төгрөг, гэрээнд заасан 3 сарын хүү 52,395,819 төгрөг, 2015 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 23,062,430 төгрөг, хатаалгын зардал 10,562,540 төгрөг, уг гэрээний урьдчилгаанд төлсөн 47,677,700 төгрөг, нийт 81,302,670 төгрөгийг хасаж, үлдэх 374,725,830 төгрөгийг, 2016 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 83,414,240 төгрөг, хатаалгын зардал 11,015,860 төгрөг, нийт 94,430,100 төгрөгийг хасаж, үлдэх 1,507,237,500 төгрөг дээр тарианы хаягдлын нийт үнэ 10,246,080 төгрөгийг нэмж, бүгд 1,517,483,580 төгрөгийг, 2017 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 2,423,520 төгрөг, хатаалгын зардал 3,194,420 төгрөг, нийт 5,617,940 төгрөгийг хасаж, үлдэх 144,763,340 төгрөгийг, 2018 онд худалдан авсан буудайн төлбөрт 163,396,880 төгрөгийг буюу буудайн төлбөрт 4,596,762,795.84 төгрөг төлөх үүргийг хүлээсэн.

2.4.  Буцаан төлсөн төлбөрийн хувьд 2012 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270******** тоот данснаас Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 114,000,000 төгрөг,

2013 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270********, 5094********* тоот данснаас АА ХХК -ийн Хаан банкны 5009********** тоот данс руу 8 удаагийн гүйлгээгээр, мөн Б.Бнэд 4 удаа бэлэн мөнгөөр, нийт 580,500,000 төгрөг,

2014 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270********, 5094********* тоот данснаас АА ХХК -ийн Хаан банкны 5009********** тоот данс руу 13 удаагийн гүйлгээ, мөн Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу нийт 1 удаагийн гүйлгээгээр, нийт 14 удаагийн гүйлгээгээр 679,204,350 төгрөг,

2015 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270******** тоот данс болон С.Нгийн Хаан банкны 5286076385 тоот данснаас АА ХХК -ийн Хаан банкны 5009********** тоот данс руу 18 удаагийн гүйлгээ, Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу 22 удаагийн гүйлгээ, Н.Пүрэвсүрэнгийн Хаан банк ХХК-ийн 5022566906 тоот данс руу 1 удаагийн гүйлгээ, нийт 40 удаагийн гүйлгээгээр 1,651,500,000 төгрөг,

2016 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270******** тоот данс, Улаанбаатар хотын банкны 2600059606 тоот данс болон касснаас Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу 17 удаагийн гүйлгээгээр, мөн Б.Бнэд 4 удаа бэлэн мөнгөөр, нийт 21 удаагийн гүйлгээгээр 639,950,000 төгрөг,

2017 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270******** тоот данс, Улаанбаатар хотын банкны 2600059606 тоот данс болон касснаас “Актив-Агро ХХК-ийн Хаан банкны 5009********** тоот данс руу 18 удаагийн гүйлгээ, Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу 22 удаагийн гүйлгээ, Б.Бнийн Төрийн банкны 106200279952 тоот данс руу 1 удаагийн гүйлгээ, Б.Бнэд бэлэн мөнгөөр 2 удаа, нийт 42 удаагийн гүйлгээгээр 1,861,300,000 төгрөг,

2018 онд ХГ ХХК-ийн Хаан банкны 5270******** тоот данс, М.Чингүний Хаан банкны 5447214453 тоот данснаас тус тус Б.Бнийн Хаан банкны 50********* тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр, Б.Бнэд 2 удаа бэлэн мөнгөөр, нийт 163,500,000 төгрөг, нийт 5,689,954,350 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Мөн ХГ ХХК-аас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд бензин, түлш, гурил, хивэг аяллын зардал зэрэг бартер хэлбэрээр 79,643,000 төгрөгийг төлсөн байна.

2.5. Тооцоо нийлсэн актуудаар төлөгдсөн төлбөрийг баталгаажуулсан тухайд, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15/06 тоот тооцоо нийлсэн актаар ХГ ХХК, АА ХХК -ууд 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд тооцоог нийлэхэд ХГ ХХК нь 1,273,474,960 төгрөгийн өглөгтэй гарсанг баталгаажуулсан.

Ийнхүү тооцоо нийлснээс хойш “Хангай гурил” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 35 удаагийн гүйлгээгээр 1,396,500,000 төгрөгийг АА ХХК -д төлж барагдуулсан.

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин тооцоо нийлэхэд 00 төгрөгийн үлдэгдэлтэй болсонг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БА-2015/11-03 тоот тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Мөн өдрийн байдлаар 2015 онд худалдан авсан 822.190 тонн буудайн төлбөрийн үлдэгдэл 374,726,317 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

 БА-2015/11-03 тоот тооцоо нийлсэн актаар 374,726,317 төгрөгийн төлбөртэй гарснаас хойш ХГ ХХК нь 2016 оны буудайн төлбөрт 1,517,483,580 төгрөг, 2017 оны буудайн төлбөрт 144,763,340 төгрөг, 2018 оны буудайн төлбөрт 163,396,880 төгрөг буюу өмнөх өрийн хамт АА ХХК -д нийт 2,200,369,630 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байснаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 384,000,000 төгрөгийг, 2016 онд 639,950,000 төгрөгийг, 2017 онд 1,861,300,000 төгрөгийг, 2018 онд 163,500,000 төгрөгийг буюу бүгд 3,048,750,000 төгрөгийг төлсөн.

2.6. ХГ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар худалдан авсан улаан буудайн төлбөр,  оруулсан гэх хөрөнгө оруулалтыг бүрэн барагдуулсан байх бөгөөд мөн хугацаанаас хойш худалдан авсан буудайн төлбөрт нийт 2,200,369,630 төгрөгийн төлбөр төлөх ёстой байтал АА ХХК -д нийт 3,048,750,000 төгрөгийн төлбөр барагдуулсан байна. /848,380,370 төгрөгийн илүү төлөлттэй/

Иймд ХГ ХХК нь 2012-2018 оны хооронд худалдан авсан улаан буудайн төлбөр болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлэн авсан буудайн төлбөрийг, хүүгийн хамт нэхэмжлэгч АА ХХК -д бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХГ ХХК-иас 344,223,415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АА ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 84,419,435 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,822,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хангайнгурил ХХК-иас 1,879,067 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АА ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Хариуцагч ХГ ХХК-ийн зүгээс АА ХХК -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2012 онд 574,500,000 төгрөгийн, 2013 онд 799,204,350 төгрөгийн, 2015 онд 456,028,500 төгрөгийн 2016 онд 1,601,667,600 төгрөгийн, 2017 онд 150,381,280 төгрөгийн, 2018 онд 163,396,880 төгрөгийн улаан буудай худалдан авсан үйл баримтад болон мөн АА ХХК -тай 2014 оны 10 дугаар сарын 15- ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу 970,292,360 төгрөгийн улаан буудайг хүлээн авсан гэдэгт огт маргадаггүй.

Харин АА ХХК -иас 2012-2018 онуудад худалдан авсан улаан буудайн төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан,

2017 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн Буудай-2017/12/-06 дугаар худалдах худалдан авах гэрээний дагуу 150,381,280 төгрөгийн улаан буудайн хүлээн авч, 130,620,720 төгрөгийн улаан буудайг хүлээн аваагүй.

4.2. АА ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу 970,292,360 төгрөгийн улаан буудайг шилжүүлсэн боловч 930,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй учир үүнийг төлөх үндэслэлгүй.

Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний харилцаа худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа асуудал юм. “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш хуулиар тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

ХГ ХХК-ийн зүгээс худалдан авсан улаан буудайн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ч гэсэн улаан буудайн төлбөр тооцоотой холбоотой шаардлага гаргах хугацаа өнгөрсөн.

Гэвч шүүхээс хариуцагчийн татгалзлын 3 дахь үндэслэлийг ... ХГ ХХК нь нэхэмжлэгч АА ХХК -иас бэлнээр 930,000,000 төгрөг, мөн 970,292,960 төгрөгийн улаан буудайг авахаар, гэрээний нийт үнэ 1,900,292,960 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 3 сарын дотор төлөхөөр, ашгийн 40 хувийг нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус үндсэн болон нэмэлт гэрээгээр хариуцагч хүлээн авсан байна. Гэвч уг гэрээний дагуу хариуцагч 970,292,960 төгрөгийн буудайг авсан, харин бэлэн мөнгөнөөс 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогддог. ... хэлцлийн дагуу шаардах эрхтэй ” гэж дүгнэсэн.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу 970,292,960 төгрөгийн улаан буудайг хүлээн авсан гэдэгт маргадаггүй боловч уг гэрээний дагуу 930,000,000 төгрөгийг АА ХХК нь ХГ ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир шаардах эрхгүй гэж эс зөвшөөрч маргадаг.

Анхан шатны шүүхийн шилжүүлсэн гэх 500,000,000 төгрөгийг цаг хугацааны хувьд АА ХХК , ХГ ХХК-иудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдахаас өмнө иргэн Б.Бнэ иргэнийхээ хувиар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХГ ХХК-ийн дансанд 'Б-ээс зээл Хангайнгурил” гэх агуулгаар өөрийн хаан банк дахь 50********* тоот данснаас шилжүүлж зээлдүүлсэн.

Уг зээлийг ХГ ХХК-ийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 17 удаагийн гүйлгээгээр иргэн Б.Бнийн хаан банк дахь 50********* тоот дансанд үндсэн зээлд 452,000,000 төгрөг, зээлийн хүүд 132,500,000 төгрөг нийт 584,500,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад анхан шатны шүүх уг зээлийг төлөөгүй, АА ХХК -ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн.

Зээлийг иргэн Б.Бнээс ХГ ХХК-д олгосон байхад анхан шатны шүүх шаардах эрх шилжүүлсэн аливаа нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад дээрх иргэнээс олгогдсон, бүрэн төлөгдөж барагдсан зээлийг дахин АА ХХК шаардах эрхтэй гэж дүгнэн 500,000,000 төгрөгийг хүү, 40 хувийн алдангийн хамтаар ХГ ХХК-иас гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны дээрх дүгнэлтээс болж ХГ ХХК нь иргэн Б.Бнээс зээлсэн 500,000,000 төгрөгийг буцаагаад 584,500,000 төгрөг болгож, АА ХХК -д дахин 500,000,000 төгрөгийг хүү 79,395,820 төгрөг, анз 529,305,465 төгрөг болгон төлөх болоод байна.

Энэ нь анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүйтэй холбоотой.

4.3. Шүүх шийдвэртээ “Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз төлөх үүрэгтэй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ... заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан нийт анзын 40 хувь буюу 588,117,184 төгрөг бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анзыг 10 хувиар багасгаж 529,305,465 төгрөгийн анз шаардах эрхтэй байна. Зээлийн гэрээний дагуу нийт 1,016,494,245 төгрөг /487,188,780 +529,305,465/-ийг шаардах эрх үүссэн байна...” гэж дүгнэсэн.

2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 15/06 тоот тооцоо нийлсэн актаар ХГ ХХК, АА ХХК тус тус 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ХГ ХХК нь 1,273,474,960 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталгаажуулсан.

Ийнхүү тооцоо нийлснээс хойш “ХГ” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 35 удаагийн гүйлгээгээр 1,396,500,000 төгрөгийг АА ХХК -д төлж барагдуулсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин тооцоо нийлэхэд 0 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Үүнийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БА-2015/11-03 тоот тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, мөн өдрийн байдлаар 2015 онд худалдан авсан 822.190 тонн буудайн төлбөрийн үлдэгдэл 374,726,317 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Тооцоо нийлсэн актуудаас үзвэл ХГ ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу оруулсан 970,292,960 төгрөгийн улаан буудайн төлбөрийг хүүгийн хамтаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулсан.

Гэвч анхан шатны шүүх төлж барагдуулсан улаан буудайн 970,292,960 төгрөг болон иргэн Б.Бнээс зээлсэн мөн төлж барагдуулсан 500,000,000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэн нийт 529,305,465 төгрөгийн анз төлүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Иймд хариуцагч ХГ ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлсэн, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй аливаа эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгч хариуцагчаас анз шаардаагүй байхад шүүх сайн дураараа анз тооцож нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна.

4.4. Э.А 2023 оны 10 дугаар сарын 05, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2021 он гарсны дараа С.Н над руу залгаад Б.Бнэ ахад өртэй болчихсон хүрээд ирээч гэхэд нь би С.Нгийн ажилладаг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажлын өрөөнд нь би очсон. Б.Бнэ ах, С.Н надад өртэй байгаа тэгээд би энэ өрийг төлүүлэхээр график гаргасан байна. Чи надад гэрч болоод баталгаажуулж өг гэж шаардлага тавьсан. Тухайн үед би гэрч болж чадна харин ямар нэгэн баталгаа гаргахгүй гэж хэлээд С.Н гарын үсэг зураад өөрийнхөө нэртэй бичиг гаргаж өгсөн өгөхөд би хажууд нь байлцсан. Тэгээд тухайн жилийнхээ 7 сард Б.Бнэ ах хүрээд ирээч ээ гэж над руу залгасан. Очиж уулзахад танай найз хэлсэн амандаа хүрсэнгүй. Би одоо яах вэ гэсэн. Тэгээд би С.Нтэй ярихад бололцоо байвал надад бага ч гэсэн мөнгө зээлээч гэсэн болохоор 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг Б.Бнийн хувийн данс руу шилжүүлсэн. С.Н, Б.Бнэ нарын хооронд хувь хүн хоорондын өглөг авлага байсан гэж ойлгосон. Тухайн үед С.Н ХГ ХХК-ийн захирлаар ажиллахаа болиод ажлаа өгөөд явчихсан байсан. С.Нг гуйсан болохоор нь шилжүүлсэн. С.Нд зээлсэн мөнгөө одоо хүртэл авч чадаагүй. Энэ төлбөр “ХГ” ХХК-ийн төлбөртэй огт хамаагүй” гэж мэдүүлсэн.

Гэвч шүүх шийдвэртээ гэрчийн мэдүүлгийг илтэд гуйвуулан “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж заажээ. Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулалт ба Хамтын ажиллагааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан ба гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид бэлэн мөнгө болон буудай шилжүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгчид зээл болон буудайны үнэ гэх агуулгаар төлбөрийг төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сараас 08-ны өдөр төлбөр төлсөн байна. Уг гүйлгээг гэрч Анар хариуцагч компанийн захирал Нямсүрэн нь буудайны төлбөрийг өглөгтэй АА ХХК -ийн захирал Бат-Эрдэнэд Нямсүрэнгийн өмнөөс би шилжүүлсэн гэх мэдүүлгийг шүүхэд өгдөг. Иймээс хариуцагчаас шилжүүлж байгаа төлбөр төлсөн сүүлчийн өдрийн гүйлгээгээр дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймээс хариуцагчийн шаардах эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзал үндэслэлгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

С.Нгийн хувьд 2016 он хүртэл ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “Тариалан эрхлэлтийг дэмжих санд менежерээр ажиллах болсноор гүйцэтгэх захирлын ажил албан тушаалаа одоогийн захирал болох М.Чингүнд хүлээлгэн өгсөн.

Иймд С.Н ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 5 жил гарангийн дараа С.Нгийн Б.Бнэд төлөх өглөгт зориулж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Э.Ааас Б.Бнэд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг ХГ ХХК-ийн улаан буудайн төлбөрт тооцох ямар ч үндэслэлгүйгээс гадна гэрч Э.А энэхүү мөнгө "Хангайнгурил” ХХК-ийн улаан буудайн төлбөртэй огт хамаагүй болохыг шүүхэд мэдүүлсэн.

Мөн АА ХХК нь С.Нгээс Б.Бнэд шилжүүлсэн бүхий л төлөлтүүдийг тэдгээрийн хоорондын өглөг авлагатай холбоотой учир ХГ ХХК-ийн буудайн тооцоонд оруулахгүй гэж тайлбарласан тул хариуцагч зүгээс С.Нгээс Б.Бнэд шилжүүлсэн бүхий л төлбөрийг тооцооноосоо хассан.

Энэхүү тайлбараас С.Н Б.Бнэд өртэй гэдэг нь тодорхой харагдах бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэгт дурдагдсан С.Нгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Бнэд гараар бичиж өгсөн төлбөр төлөх график бүхий гар бичмэлийг АА ХХК , Б.Бнэ нараас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч тал энэхүү баримтыг гаргаж өгөхөөс эрс татгалзсан.

Иймд нэхэмжлэгч АА ХХК С.Н Б.Бнэд өртэй гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрч Э.А С.Нгийн өр төлбөрт зориулан Б.Бнийн данс руу түүний өмнөөс 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ төлбөр нь ХГ ХХК-д огт хамааралгүй, учир нь уг мөнгийг шилжүүлэхээс 5 жилийн өмнө С.Н ХГ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буусан байсан учир компантай огт хамааралгүй гэж мэдүүлснээр шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх ямар учраас гэрчийн мэдүүлгийг илтэд гуйвуулан нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэн төлсөн төлбөрийг төлөөгүй мэтээр хүү, анз тооцож байгааг ойлгохгүй байна.

4.5. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, шүүх шийдвэртээ “2.4. Түүнчлэн, гэрээний 3.2.1 "... А тал нь энэхүү гэрээний хугацаанд Б талын үндсэн үйл ажиллагаанаас олсон нийт ашгийн 40 хувь...”, нэмэлт гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашгийн 40 хувийг хуваарилахаар тохиролцсон тохиролцоо буюу гэрээний хүсэл зориг, үгийн шууд утгаас дүгнэвэл уг гэрээний дагуу хариуцагч төлбөр төлөх үндсэн үүргийг тус хэлцлээр хүлээж, тохиролцсон байна.

4.6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ..., 208.1-д .... талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлтээр 2015-07-01 гэхэд Зээлдэгч тал хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол гэрээний 40 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр гэрээнд заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан анзын агуулгыг илэрхийлж талууд хэлцлээр тохиролцсон байна гэж дүгнэхээр байна.

4.7. Иргэний хуулийн 232.3-т ... 232.5-д ...гэж зааснаас үзвэл зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар уг заалтыг тайлбарлавал анзын агуулгаар тайлбарлагдаж байх тул үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тал анз төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.” гэж дүгнэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-нээс үзвэл гэрээний 3.1-д зааснаар А тал болох АА ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор бэлнээр 930,000,000 төгрөгийг, 970,292,960 төгрөгийн улаан буудайн хамтаар хөрөнгө оруулалт хийх бол Б тал болох ХГ ХХК нь гэрээний 3.1.2-т зааснаар өөрийн эзэмшлийн үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаар хөрөнгө оруулж, талууд 3.2, 3.3-т зааснаар А тал болох АА ХХК нь ашиг, алдагдлын 40 хувийг, Б тал болох ХГ ХХК ашиг, алдагдлын 60 хувийг хариуцахаар тохиролцсон байдаг.

Уг гэрээний дагуу Актив-Агро” ХХК нь 970,292,960 төгрөгийн улаан буудайг гэрээнд заасны дагуу нийлүүлж хамтран ажилласан боловч 930,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг огт оруулаагүй, “Хангайнгурил" ХХК түүнийг хүлээн аваагүй.

4.8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд талууд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ”-гээр анз буюу торгууль, алданги төлөхөөр тохироогүй, үүнтэй холбоотой гэрээг огт бичгээр хийгээгүй байдаг.

Харин дээр дурдсанчлан талууд ашиг, алдагдлаа 40, 60-аар хамтран хариуцахаар тохиролцсон тул ХГ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаанаас олсон нийт ашгийн 40 хувийг АА ХХК -д төлөхөөр тохиролцсон байдаг.

Шүүхийн зүгээс энэхүү тохиролцоог холимог гэрээ гэж үзсэн боловч чухам ямар гэрээнүүдийн холимог болох, уг харилцаанд Иргэний хуулийн тусгай ангийн аль гэрээний зохицуулалт хэрэглэгдэх талаар огт дүгнэхгүйгээр зөвхөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх зохицуулалтаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн шаардлагыг ямар нэг аргаар хангахыг хүссэн илт нэг талд үйлчилсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Үүгээр зогсохгүй шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар дүгнэсэн ч зээлдэгч тал хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол 40 хувьтай тэнцэх торгууль, анз төлөхөөр тохиролцсон байна гэх дүгнэлт хийсэн нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг харуулж байна.

4.9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр талууд ашиг, алдагдал хуваарилах тохиролцоо хийх боломж огт байхгүй. Гагцхүү Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд энэ тохиролцоо боломжтой бөгөөд бодитоор ашиг олсон тохиолдолд уг ашгаас тохирсон хэмжээгээр талууд хувь хүртэх ойлголт байж болох юм.

Гэвч шүүх хариуцагчийг хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу ямар хэмжээний ашиг олсныг, эсхүл эсрэгээрээ алдагдалтай ажилласныг огтоос тогтоогоогүй атлаа хариуцагчаас мөнгө гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд огтоос нийцсэнгүй.

Мөн 40 хувиар ашиг хүртээх талаарх талуудын тохиролцоог үгийн шууд утгаар нь гэх тайлбартайгаар үүрэг гүйцэтгүүлэгчид торгууль төлөх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дэх хэсэгт заасан үүрэгт шууд хамаатуулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь зохицуулалтуудыг хамтад нь шийдвэртээ дурдан нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн дээрх илт үндэслэлгүй дүгнэлтээр хариуцагч нь ашиг олсон тохиолдолд түүний 40 хувийг, ашиг олоогүй бол 40 хувийн торгууль, эсхүл 40 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 40 хувийн төлбөрийг заавал, ямар нэг үндэслэлээр нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн мэтээр ойлгогдож байна. Ямар ч тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр төлөх үүргийг хариуцагчид ийнхүү хүлээлгэхдээ шүүх хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актууд, төлбөр төлсөн баримтууд, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанууд, гэрчийн мэдүүлэг болон холбогдох бүхий л нотлох баримтуудыг огтоос хайхрахгүйгээр Иргэний хуулийн холбогдох маш олон зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тодруулбал, талууд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны гэрээ"-ээр торгууль, алдангийн алийг ч төлөх талаар тохиролцоо хийгээгүйг, мөн хариуцагч шүүхийн дүгнэсэн 500,000,000 төгрөгийг болон 970,292,960 төгрөгийн улаан буудайн төлбөрийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор шударгаар тохирсон хугацаандаа төлж барагдуулсан болохыг, зохигч бус этгээдүүдийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн бусад харилцаа нь зохигчдод огтоос хамаарахгүйг тус тус хайхраагүйгээс хууль зүйн алдаатай олон дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1,187 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.5, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1,476 дугаар зүйлийн 476.1,478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгүүдийг буруу хэрэглэх үндэслэл болсон.

Иймээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаагүй, нэхэмжлэлд огт дурдагдаагүй ашгийн 40 хувийг ашиг олсон эсэхийг харгалзан үзэлгүйгээр анз, торгууль гэж дүгнэн 529,304,465 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ эрх хэмжээнийхээ хүрээнд хэмээн өөрийнхөө үндэслэлгүйгээр гарган ирсэн анзыг хариуцагчийн хүсэлтгүйгээр 10 хувиар бууруулсан нь ч хуульд нийцсэнгүй.

4.10. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талууд болон хувь хүн, хуулийн этгээдүүдийн бүх дансны хуулгыг нэг бүрчлэн нягталж үзсэн тул өмнөх авсан, өгсөн тооцоолол дээр будилаан байгаагүй. Холбогдох баримтууд он, сар, өдрөөрөө байгаа.

Хамтран ажиллах гэрээг анхан шатны шүүх холимог гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус гэрээ анх хамтран ажиллах гэрээ гэж явж байгаад гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 6 сарын дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлтээр мөнгөө буцааж өгөх үндэслэлээ эдийн засгийн хямрал болон зах зээлийн үнийн түвшинг харгалзан үзэж хамтран ажиллах гэрээнд байхгүй 1,8 хувийн хүү оруулсан. Хүүтэй нь буцааж өгөхийг хамтран ажиллах гэрээнд оруулаагүй.

Талууд нэмэлт гэрээ хийхдээ зах зээлийн хямрал, үнийн өөрчлөлтөөс болж хамтран ажиллах гэрээгээ болиод буцааж өгөх мөнгөө 1,8 хувийн хүүтэйгээр өгнө гэдгийг зааж графикт оруулсан. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тул тус мөнгийг 40 хувийн торгуультай буцааж өгнө гэж гэрээний нэмэлт өөрчлөлт дээр график гаргасан.

5.2. Улаан буудай болон мөнгийг авсан, энэ мөнгөнөөс хүү тооцож буцааж өгнө гэж заасан байгаа тул хариуцагчийн яриад байгаа хувь хүний мөнгө гэж байгаа нь үндэслэлгүй. Хувь хүний данснаас гарсан байх боловч хариуцагч гэрээндээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга дараад дараа нь дахиад тэрийгээ нэмэлт болгож оруулсан.

Мөнгө болон улаан буудай хариуцагч авсан учир холимог гэрээ гэж дүгнээд анз хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.3. Э.Ааас гэрчийн мэдүүлэг авсан ба хариуцагч зөвхөн өөрт ашигтай тайлбарыг иш татаж тайлбарлаж байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн Э.А хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд эхний мэдүүлэгт хариуцагчтай ямар хамааралтай талаар тодорхой мэдүүлсэн. С.Н ажлаа хүлээлгэж өгсөн, хувийн тооцоо байсан гэж тайлбарлаж байна. Мөнгө авсан, өгсөн асуудлын талаар ярих боловч хэдэн зуун саяар нь авсан, өгсөн тооцоо байхгүй. Хариуцагч үйл баримтыг зөвхөн өөрийнхөө өнцгөөр тайлбарлаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч АА ХХК нь хариуцагч ХГ ХХК-д холбогдуулан 428,642,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Буудай-2012/10/15-01 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр АА ХХК 2,200 тонн улаан буудайг, нэг тонныг 300,000 төгрөгөөр буюу нийт 660,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч  ХГ ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 88-93/ Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нийт 600,628,500 төгрөгийн буудай нийлүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч 574,500,000 төгрөгийн буудай хүлээн авсан, үлдэх хэсгийг хүлээн аваагүй гэж маргасан. 

Талууд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн 2 тоот акт үйлдэж, нэхэмжлэгч 2002.095 тонн буудай нийлүүлснийг хариуцагч хүлээн авч, 600,628,375 төгрөгийг төлөхөөр тохирчээ. Иймд хариуцагч тал буудай дутуу хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй. /1хх-ийн 94-97/

 

3.2. Мөн тэдний хооронд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Буудай-2013/08 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АА ХХК  2,283.441   тонн улаан буудайг нэг тонныг 350,000 төгрөгөөр буюу нийт 799,204,350 төгрөгөөр худалдах, худалдан авагч  ХГ ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /1 хх-ийн 98-102/. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн 5 тоот акт үйлдэж, нэхэмжлэгч 2283.441 тонн буудай нийлүүлснийг хариуцагч хүлээн авч, 799,204,350 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

 

3.3.  2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Буудай-2014/07 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ гэрээгээр 2,472.312 тонн улаан буудайг нэг тонныг цавуулгийн хэмжээнээс хамааран 500,000-520,000 төгрөгөөр буюу нийт 1,273,474,960 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 2,472.312 тонн улаан буудайг ХГ ХХК-д хүлээлгэн өгсөнг баталгаажуулсан байна.

 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр талууд тооцоо нийлж 15/06 тоот акт үйлдэж, ХГ ХХК нь 1,273,474,960 төгрөгийг АА ХХК -т төлөх өглөгтэй талаар дүгнэжээ./1 хх-200/

Нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэл /1 хх 1-2 дахь тал/, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэл /3хх 28-29 дэх тал/-д тус тус 2014 оны 10 дугаар сарын 27-ын өдрийн гэрээний талаар шаардлага, үндэслэл гаргаагүй, мөн 2023 оны  11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарт мөн дурдагдаагүй байна. /3хх-ийн 2-3 дахь тал/ Иймд энэ гэрээний талаар шүүх дүгнэлт өгөхгүй болно.  

 

3.4. Талуудын хооронд  2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  Буудай-15/11-03 дугаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АА ХХК    800,050   тонн улаан буудайг нэг тонныг 570,000 төгрөгөөр буюу нийт 456,028,500 төгрөгөөр худалдах, худалдан авагч  ХГ ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /1 хх-ийн 98-102/. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх 201-204/

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БА-2015/11-03 тоот Тооцоо нийлсэн акт үйлдэж, ХГ ХХК 800,050 тонн улаан буудай хүлээн авсан, гэрээний үнэ болох 456,028,500 төгрөгөөс тээврийн зардал 23,062,430 төгрөг, хатаалгын зардал 10,562,540 төгрөг, түлшний үнэ 47,677,700 төгрөгийг тус тус хасч 374,726,317 төгрөгийг АА ХХК -д төлөхөөр тохиролцжээ.  /1 хх-205/

 

3.5. Талуудын хооронд  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  Буудай-16/12-07 дугаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АА ХХК      3,080.130 тонн улаан буудайг нэг тонныг 520,000 төгрөгөөр буюу нийт 1,601,667,600  төгрөгөөр худалдах, худалдан авагч ХГ ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /1 хх-ийн 6-7/. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

 

Талууд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БА-2016/12-07 тоот Тооцоо нийлсэн акт үйлдэж, ХГ ХХК  3,080.130 тонн улаан буудай хүлээн авсан, гэрээний үнэ болох 1,601,667,600 төгрөгөөс тарианы хаягдал 10,246,080 төгрөг, тээврийн зардал 83,414,240 төгрөг, хатаалгын зардал 11,015,860 төгрөгийг тус тус хасч 1,517,483,580 төгрөгийг АА ХХК -д төлөхөөр тохиролцжээ.

 

3.6. Талуудын хооронд  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  Буудай-17/12-06 дугаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АА ХХК    516.075     тонн улаан буудайг нэг тонныг 560,000 төгрөгөөр буюу нийт 283,384,060 төгрөгөөр худалдах, худалдан авагч  ХГ ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /1 хх-ийн 11-12/. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

Талууд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БА-2017/12-06 тоот Тооцоо нийлсэн акт үйлдэж, ХГ ХХК   516.075 тонн улаан буудайнаас 268.538 тонныг АА ХХК -ийн агуулахаас, 247.537 тонныг АА ХХК -ийн үтрэмээс авсан, ХГ ХХК-ийн төлөх 289,002,600 төгрөгөөс  тээврийн зардал 2,423,520 төгрөг, хатаалгын зардал 3,194,420 төгрөгийг тус тус хасч 283,384,060 төгрөгийг АА ХХК -д төлөхөөр тохиролцжээ.

 

3.7. Талууд  2018 онд  Худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр АА ХХК 163,500,000 төгрөгөөр улаан буудай ХГ ХХК-д худалдсан  талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

3.8. Иймд хариуцагч ХГ ХХК нь дээр дурдсан 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018 оны худалдах, худалдан авах гэрээгээр  нийт 3,738,926,682 /600,628,375+ 799,204,350+ 374,726,317+ 1,517,483,580+283,384,060+163,500,000/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

4.1.  АА ХХК болон ХГ ХХК-ийн хооронд  2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны” гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр АА ХХК бэлнээр 930,000,000 төгрөгөөр,  970,292,960 төгрөгийн улаан буудайгаар тус тус ХГ ХХК-д хөрөнгө оруулахаар, АА ХХК ашгийн 40 хувь, ХГ ХХК ашгийн 60 хувийг тус тус хуваарилан авахаар тохиролцжээ.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулахдаа АА ХХК -ийн 1,900,292,960 төгрөгийг  хуваарийн дагуу хүү тохиролцож буцаахаар болжээ. Уг хуваарьт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 300,000,000 төгрөгийг хүүгүй, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү 28,805,273 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800,146,480 төгрөгийг хүү 28,805,273 төгрөгийн хамт, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 800,146,480 төгрөгийг хүү 14,402,636 төгрөгийн хамт тус тус буцаан төлөх, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ашгийн 40 хувийг төлөхөөр болжээ. /3хх52-56/ 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтэд зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасны дагуу зээлийн гэрээний харилцааг зохицуулсан мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Талууд гэрээндээ хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй.

 

4.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч АА ХХК 970,292,960 төгрөгийн улаан буудайг хариуцагч ХГ ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.3. Харин иргэн Б.Бнээс 2014 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч ХГ ХХК-д өөрийн эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь 50********* тоот данснаас 500,000,000 төгрөгийг “Бат-Эрдэнээс зээл хангайн гурил” гэх агуулгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг талууд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны” гэх нэртэй гэрээнд заасан нэхэмжлэгч АА ХХК -иас хариуцагч ХГ ХХК-д шилжүүлэх байсан 930,000,000 төгрөгт оруулан тооцсон гэж дүгнэнэ. Учир нь тэдгээрийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт оруулахдаа  хариуцагч ХГ ХХК 1,900,292,960 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч АА ХХК -д буцаан төлөх үүргийг хүлээж, гарын үсэг зурсан байдлаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл хариуцагч ХГ ХХК нь  2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт оруулахад  2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны” гэх нэртэй гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч АА ХХК шилжүүлээгүй гэж татгалзаагүйгээс гадна буцаан төлнө гэж үүргээ тодорхойлсон байна.

Гэрээний үүргийг харилцан тохиролцож тодорхойлсон тул гэрч Э.Аын мэдүүлгээр гэрээний үүргийг өөрөөр дүгнэх боломжгүй.

Иймд иргэн Б.Бнийн зээлийн маргааныг энэ гэрээний маргаанд оруулан тооцохгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч ХГ ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

4.4. Хариуцагч ХГ ХХК нь дээр дурдсан гэрээний дагуу бэлнээр  хүлээн авсан  500,000,000 төгрөг, улаан буудайгаар авсан 970,292,960 төгрөг нийт 1,470,292,960 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай төлөх үүргийг хүлээсэн гэж дүгнэвэл нийт  1,549,688,780 / үндсэн төлбөр 1,470,292,960+26,465,273*3 сар/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагч ХГ ХХК 1,062,500,000 /132,500,000+452,000,000+478,000,000/ төгрөг төлсний хасвал 407,792,960 төгрөгийн үүрэгтэй байна.   

 

4.5. Гэрээнд талууд алдангийн талаар тохиролцоогүй байхад анхан шатны шүүх гэрээний 3.2.1-д заасан ашиг хуваарилахаар тохиролцсоныг гэрээний хариуцлагад тооцно гэж гэрээг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч ХГ ХХК-иас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Уг алдааг залруулах боломжтой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд алдангийн талаар бичгээр тохиролцох учиртай. Гэрээнд алдангийн талаар талууд тохиролцоогүй тул нэхэмжлэгч АА ХХК нь хариуцагч ХГ ХХК-иас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй.    

 

5. Хариуцагч ХГ ХХК нь улаан буудайн үнэд 3,738,926,682 төгрөг төлөхөөс 4,243,154,350 төгрөгийг төлсөн тул илүү 504,227,668 төгрөгийг нэхэмжлэгч АА ХХК -д илүү төлжээ.

Энэ илүү төлсөн 504,227,668 төгрөгөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааны” гэх нэртэй гэрээний дагуу төлөх 407,792,960 төгрөгийг хасч тооцвол 96,434,708 төгрөгийг илүү төлсөн байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ХГ ХХК-д холбогдох 428,642,850 төгрөг гаргуулах тухай АА ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,879,068 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЭНЭБИШ                                      

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Г.ДАВААДОРЖ                                                                                            

              ШҮҮГЧ                                             Э.ЗОЛЗАЯА