Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Ч.Хосбаяр, Б.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Т.Сайнбаяр, Т.Урангэрэл, хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 1479 дугаар магадлалтай, О.Э-д холбогдох 2014260002714 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Батсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Г овгийн О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260002714 дугаартай хэргээс шүүгдэгч О.Э-ыг 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна” гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota land criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг залилан мэхэлсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун”  нэртэй иргэн Л.Д-ийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл, холбогдлыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтож хэргийн зүйлчлэлийг өөрчилж, прокуророос ирүүлсэн шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Э- нь хохирогч Б.Ж-д 546.485.108 төгрөгийн, хохирогч С.Э-т 27.378.468.9 төгрөгийн, хохирогч Х.Г-д 115.440.000 төгрөгийн, хохирогч Х.Г-д 21.440.000 төгрөгийн, хохирогч Э.Т-д 11.239.320 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч О.Э-аас Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж, С.Э, Х.Г, Х.Г, Э.Т нарт тус бүр 560.000 төгрөгийг хувь тэнцүүлэн олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Э-ын “Говьмарал” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын “Алтан тал” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрлийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ж-д буцаан олгож, шүүгдэгч О.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол, магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Хан Мон Лоу” ХХК нь 2012 оны 02 дугаар сард О.Э-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу түүний эзэмшлийн битумын орд бүхий “Говьмарал” ХХК-ийн хувьцааг БНСУ-ын хөрөнгө оруулагчдад 20 сая ам.доллараас багагүй үнээр худалдах асуудлаар зуучлахаар гэрээ байгуулсан болох нь тогтоогддог. О.Э-ын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон тэдний хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байхад шүүх үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Б.Ж, О.Э- нар нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Б.Жы хөөргийг 50 сая төгрөгийн барьцаанд тавьж, уг зээлээ хаягдал шавар ашиглах технологийг гаргасан БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад, дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан болох нь тогтоогдсон. Эдгээр асуудлууд нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд хамаарахаар байхад шүүх үүнийг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

Хохирогч гэх С.Э нь О.Э-д 14,534 ам.долларын бараа хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгт гаргасан өгсөн гоо сайхны бараа хүлээлгэн өгсөн гэх баримтууд дээр О.Э-ын гарын үсэг огт байдаггүй, тэдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангадаггүй. Зөвхөн нэг талын буюу худалдагчийн гарын үсэг бүхий баримт байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн О.Э-ыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй.

Иргэний хуульд зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр хийж болохоор хуульчилсан. О.Э- нь Х.Г, Х.Г нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан бол Э.Т-тай аман хэлбэрээр хийсэн болох нь тогтоогддог. Тэрээр өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын хувьцааг худалдах асуудлаар гэрээ, хэлцэл хийсэн болох нь нотлогдож байна. Эдгээр гэрээ, хэлцлүүд нь О.Э-аас үл хамаарах шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсноор Х.Г, Х.Г, Э.Т нарын зээлийг төлж чадаагүй болох нь тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх Б.Ж-аас хоёр ширхэг Ланд круйзер 200 маркийн автомашиныг залилсан, иргэн Л.Д-гийн ажиллуулж байсан Ялгуун оёдлын газарт хувцас захиалсан хийлгэж, үнийг нь төлөлгүй 1,300,000 төгрөг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн” гэж дүгнэсэн байдаг. Б.Ж-аас хоёр ширхэг Ланд круйзер 200 маркийн автомашиныг залилсан гэх асуудал нь автомашин худалдах, худалдан авах гэрээ, гэрээг гэрчилсэн нотариатчын мэдүүлэг зэргээр автомашины үнэ бүрэн төлөгдсөн нь тогтоогдсон. Хохирогч Б.Ж төлөөгүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин тухайн мөнгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч, нотариатаар гэрчлүүлсэн бодит нөхцөл байдал бий. Иргэн Л.Д-аас 1,300,000 төгрөгийг залилж аваагүй. Захиалгаар хийлгэсэн хувцасны мөнгөө төлөөгүй асуудалд маргасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг зориуд эрүүгийн хэрэг болгож, бидний үйлчлүүлэгч О.Э-ын эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх дээрх үйлдлүүдтэй холбоотойгоор шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдийг заасан байтал давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын зарим зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломж байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах болсон үндэслэлээ “анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхэд чиглэл өгсөн гэж үзэхээр байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1479 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хохирогч Л.Д, Б.Х нартай холбогдох хэсэгт гомдол гаргасан. 9 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан зарлагын баримтыг нэг талаас гаргаж өгсөн бөгөөд баримтад 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн огноо тавигдсан байдаг. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 31 гэж өдөр байхгүй. Бараа материалын тоо ширхэг, өнгө, ажлын хөлсний талаар тухайн баримтад огт дурдагдаагүй, зөвхөн Б.Х-ийн гарын үсэг зурагдсан байдаг. Тийм учраас хохирогчийг буруу тогтоосон, бодит тооцоог гаргаагүй. Тус үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн. Анхан шатны шүүх Ялгуун оёдлын цехэд хувцас хийлгэсэн үйлдлийг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой хэрэг нь иргэний эрх зүйн харилцаа юм. Л.Д хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 2-3 жилийн хугацаанд хувцас хийлгэдэг байсан гэж хэлдэг. 1,300,000 төгрөгийн бараанд ямар бодит хохирол байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогоогүй. Хэрэв Л.Д-д хохирол учруулсан гэж үзвэл хэргийг прокурорт буцааж, бодит хохирлын тооцоог гаргах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх ойлгомжгүйгээр тайлбарлаж магадлал гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Д.Батсүх, Т.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын зарим зөрчлийг зөвтгөх боломжтой байсан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй гэх эсэргүүцлийн хувьд магадлалаар мөн залруулж бичих боломж байсан. Прокурорын эсэргүүцлийн дээр дурдсан хоёр үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд хамаарахгүй байна. Шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон гурван үйлдлийн хувьд үндэслэл болгосон маш олон нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх дутуу шинжлэн судалж, дүгнэлт гаргасанд харамсаж байна. Яллах нотлох баримтуудыг зааглаагүй учир шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.

 

Хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “О.Э, хохирогч С.Э нарын хооронд эртнээс үүссэн, ойр дотны харилцаа байсан. О.Э- нь С.Эрдэнэчимэгээс гоо сайхны болон нэмэлт бүтээгдэхүүн авч байсан нь үнэн. Баримтуудад О.Э гарын үсэг зураагүй хэдий ч бүтээгдэхүүн авч байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мөн төлбөрийг барагдуулах, төлөх талаар мессэжүүдийг С.Э рүү бичиж байсан баримтыг үгүйсгэх аргагүй. Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр С.Э-ийг хохироосон О.Э-ын үйлдэл тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь миний үйлчлүүлэгчтэй холбогдуулж гаргасан шийдвэр гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.

 

Хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч О.Э нь Х.Г, Х.Г нарыг 4 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2014 оны зун зохиомол байдлыг бий болгож, мөнгө залилсан ба мөнгийг буцааж төлөх санаа зорилгогүй байсан нь харагддаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

 

Хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэх боломжгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд өөрчлөх эсвэл хүчингүй болгох ёстой. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр О.Э-ын эрх зүйн байдал дордоно. Б.Ж-д 1,650,000 доллароор газар зарсан талаар холбогдох баримтууд бүгд хэрэгт авагдсан бөгөөд маргах ямар ч үндэслэл байхгүй. Мөн хоёр ширхэг Ланд круйзер 200 маркийн автомашины мөнгийг авч очиж өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлгүүд 5-6 янзаар зөрүүтэй бөгөөд давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. О.Э-ын эзэмшдэг зарим хувьцааны захиран зарцуулах эрхийг тэр даруйд битүүмжлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэг болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн талаар тодорхойлох хэсэгт дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт тухайн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцсон шийдвэр гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч О.Э-аас гаргуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхийг үүрэг болгож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Дээрх нөхцөл байдлуудад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч О.Э-ыг 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говьмарал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “Алтан тал” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253,63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83,854,608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150,000 ам.доллар буюу 197,641,500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200,000 ам.доллар буюу 263,972,000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1,577,000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413,050 ам.доллар, 5000 юань буюу 547,045,108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна” гэж хуурч мэхлэн 111,856,600, 109,224,680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221,081,280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Олимп” хорооны 5 дугаар байрны 27 тоотод Д.Д аваргын хадам эх Эрдэнэчимэгт өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72,377,800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840,504,188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-ийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,534 ам.долларын буюу 29,053,466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-аас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10,000,000, 4,000,000, 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16,000,000 төгрөг, нийт 116,000,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24,000,000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11,917,320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-ийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1,300,000  төгрөгийн хохирол учруулж,  

Нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1,022,774,977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон, их хэмжээний хохирол бусдад учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-д холбогдох хэргээс 221,081,280 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ландкрузер-200 загварын 2 ширхэг автомашин болон хохирогч Л.Д-ийн ажиллуулж байсан “Ялгуун” оёдлын газарт хувцас захиалан хийлгэж, үнийг нь төлөлгүй 1,300,000 төгрөгийг залилсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар давж давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн хуулийн шаардлагуудад нийцээгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Батсүх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Эрүүргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 1479 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Батсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                          Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН