Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0249/З |
Дугаар | 001/ХТ2016/0047 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/0047
Т.Хаш-Эрдэнийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Т.Хаш-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамжны 126 тоот хаягт байрлах 243 м.кв газарт 1992 оноос хойш одоог хүртэл “Шанд” хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулан амьдарч ирсэн. Чингэлтэй дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай газар ашиглах 2002 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 312 тоот гэрээг байгуулж, 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17005 дугаар акт, 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 44/007 дугаар газрын төлбөр тогтоох актуудын дагуу газрын төлбөрийг төвлөрүүлж байсан. Мөн газрын кадастрын мэдээллийн санд Т.Хаш-Эрдэнэ миний нэрээр 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18643315013177 нэгж талбарын дугаартайгаар 243 м.кв газар бүртгэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар надад газар эзэмших эрх олгосон.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ингээд миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар Нийслэлийн Засаг даргад болон Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга миний гомдлыг хянаад “газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй” гэж шийдвэрлэн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/7085 дугаар албан бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын 13-271 тоот байршилд иргэн Т.Хаш-Эрдэнэд дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжаар 243 м.кв газрыг “амины хашаа” зориулалтаар эзэмшүүлжээ. Уг байршил нь тус дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор барилга баригдаж байгаа буюу Засаг даргын Тамгын газрын хашаан дотор хамаарч байгаа тул тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Т.Хаш-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” дугаар А/227 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт маргаан бүхий газарт 1994 оноос эхлэн хүнсний мухлаг барьж үйл ажиллагаа явуулж байсныг нотлох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-02/1178 дугаар албан бичиг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх тухай” 3/7085 дугаар албан бичиг зэрэг эрх бүхий байгууллагаас явуулсан хангалттай нотлох баримтууд авагдсан байхад “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-д заасныг зөрчөөгүй болно.
Мөн Ц.Баярмаа гэгч эмэгтэй нь “Танд би бичиг баримтыг нь хөөцөлдөөд өгье” гэж худал хэлж улмаар газар эзэмших эрхийг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан хууль бус үйлдэл байсан. Үүнийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа маргаан бүхий газрын хаягийг техникийн алдаа гаргаж зөрүүлж бичсэн бөгөөд харин газар эзэмших эрхийн гэрчилгээнд 10-126 тоот гэж зөв бичсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын “эрх, ашиг нь хөндөгдөж байна” гэж үзэж гуравдагч этгээдээр татах нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөгч оролцож байгаа болно.
Мөн дээрх газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид давхацсан гэдэг. Гэвч Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2015 оны 1/891 тоот албан бичигт хорооны газар болон мараан бүхий газар нь хороондоо давхцалгүй гэдгийг тодорхойлсон байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн а/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг захирамжаар “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хашаан дотор газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
1.“нэхэмжлэгч маргаан бүхий газрыг бодитойгоор ашиглаж байсан” тухайд:
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Чингэлтэй дүүргийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн а/92 дугаар захирамжаар “1391 мкв” газар эзэмшүүлсэн боловч нэхэмжлэгч Т.Хаш-Эрдэнэ нь түүнээс өмнө уг маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьж, газрыг бодитойгоор ашиглаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 1999 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14/05 дугаар “газрын зөвшөөрлийг шийдвэрлүүлэх” тухай албан бичиг, Газрын төлбөр тогтоох тухай 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 44/007 дугаар “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10-126 тоот байршилд Т.Хаш-эрдэнэ газар ашиглаж байсан” тухай акт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/02/1178 дугаар “хүнсний мухлаг барьж, үйл ажиллагаа эрхэлж байгаа, газар эзэмших өргөдөл гаргасан боловч захиргааны байгууллагаас шийдээгүй, хууль бусаар нэхэмжлэгчийн барилгыг буулгасан” тухай албан бичиг, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ.
Хамгийн гол нь маргаан бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн а/08 захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ шинээр газар эзэмшүүлэх биш, харин “газар дээрээ хашаа барьж суурьшаад олон жил болсон боловч өдийг хүртэл газар эзэмших гэрчилгээгээ аваагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулж байжээ.
Энэ байдал нь захиргааны байгууллага уг газрыг бодитойгоор ашиглаж байгаагүй, харин нэхэмжлэгч уг маргаан бүхий газрыг бодит байдалд ашиглаж байсан болохыг нотолж байх тул хариуцагчийн “2012 оноос өмнө эзэмшиж байсан, газрын төлбөр төлж байсан” гэх тайлбар няцаагдаж, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байна.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нэг асуудлыг хоёр өөрөөр шийдэх, эсрэг тэсрэг баримт гаргаж өгөх, тодруулбал маргаан бүхий газарт нэхэмжлэгчийг “олон жил суурьшсан” гэсэн шийдвэрээ үгүйсгэж, Засаг даргын Тамгын газар эзэмшиж байсан гэх нь өөрөө зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй юм.
2.“Газар давхцуулан эзэмшүүлсэн” гэх тухайд:
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг ашиглахыг зөвшөөрч, газрын төлбөр тогтоож, акт үйлдэж байснаас үзэхэд нэхэмжлэгчийг “захиргааны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан” гэж буруутгах боломжгүй юм.
Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэгдмэл, тасралтгүй, эмх цэгцтэй байх зарчимтай, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг захиргааны байгууллага өөрөө хариуцах ёстой.
Иймээс уг маргаан бүхий газрыг нэхэмжлэгч түрүүлж ашигласан, үл хөдлөх хөрөнгө барьж, хууль ёсны ашиг сонирхол үүссэн байхад уг газартай давхцуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн нь буруу байна.
Хариуцагчаас “Т.Хаш-Эрдэнэтэй “Өв-Авзага” хоршоо нь хамааралгүй” гэж тайлбарлаж байгаа тухайд:
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 1999 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14/05 дугаар албан бичигт “Өв-Авзага” хоршоо нь мухлаг ажиллуулдаг, мухлагын байршлын газрын зөвшөөрлийг шийдвэрлүүлэх талаар тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчээс “уг хоршооноос мухлагыг шилжүүлэн авсан” гэж тайлбарлажээ. Энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаагүй, ялангуяа хариуцагч талаас үүнийг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, харин 2012 онд энэхүү мухлагийг захиргааны байгууллагын санаачилгаар буулгасантай холбогдуулан нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын газар болон Өмчийн харилцааны газарт тус тус гомдол гаргаж, нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийг сэргээх нь үндэслэлтэй” гэсэн хариу авч байсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 02/02/1178 дугаар албан бичиг, Өмчийн харилцааны газрын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/7085 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт хүнсний дэлгүүрийн зориулалтаар барилга барьж, газрыг бодит байдалд ашиглаж байсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Хариуцагчаас “газар эзэмшүүлэх захирамжийн байршил нь маргаж байгаа газраас өөр байршилд, Хайлаастын 13-271 тоот гэсэн байршил байгаа” гэж маргаж байгаа боловч захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх гэрчилгээг олгохдоо газрын байршлыг “Хайлаастын 10-126” гэсэн байгаа нь захиргааны байгууллагаас газрын байршлыг зөвтгөж зассан гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл газрын байршлыг тогтоох нь захиргааны байгууллагын эрхийн асуудал бөгөөд газрын байршлыг захирамж болон газрын гэрчилгээнд өөр өөрөөр тогтоосон байдал нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралтай тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Нөгөө талаас нэхэмжлэгчийн “13-271 тоот хаягт манай ээж, дүү хоёр амьдарч байсан” гэх тайлбарыг захиргааны байгууллагаас няцаагаагүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй, хэргийн оролцогчид зөвхөн “10-126” гэсэн байршил бүхий газартай холбогдуулан маргаж байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын байршлыг “10-126” гэж заасан байхад хариуцагчаас захирамж гаргахдаа хүсэлтээс өөр байршлыг нэрлэн зааж байгаа нь ойлгомжгүй, бодит баримтад үндэслээгүй, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан хүсэлтийг нягтлан хянах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “яагаад энэ байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, нэхэмжлэгч хаягийн байршлыг зөвтгөн өөрчлүүлэх талаар хандаж байсан эсэх” зэргийг шалгуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлэх захирамжид “1391 мкв” гэж газрын хэмжээг заасан атал газрын кадастрын зургийг баталгаажуулаагүй, газрын кадастрын мэдээллийн санд газрын хэмжээг “1148 мкв” гэж бүртгэгдсэн, газрын хил заагийг газар дээр тэмдэгжүүлээгүй зэрэг нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгтэй нийцэхгүй.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтуудаар газрын мэдээллийн сангийн зургийн мэдээллийг харуулсан боловч ийнхүү мэдээлэл оруулах болсон эрх бүхий байгууллагын шийдвэр буюу газрын хэмжээ, түүний өөрчлөлтийг тусгасан Засаг даргын захирамж байхгүй тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар маргаан бүхий газрыг “давхцалгүй” гэж дүгнэх боломжгүй, харин маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар газар давхцалтай болох нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс “газар давхцалтай эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэсэн нь буруу байна.
3.“Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй” гэх тухайд:
Хариуцагчийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлээгүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлага тавигдахгүй, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй баримт байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдснаар захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ “олон жил газар дээрээ суурьшсан” гэх үндэслэлээр олгосон, бодит байдалд 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахаас өмнө нэхэмжлэгч нь уг маргаан бүхий газрыг ашиглаж байсан болно.
Ийм байхад давж заалдах шатны шүүхээс “2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодруулж шалгаагүй” гэсэн дүгнэлт хийж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулахаар, хэргийг буцаасан нь буруу болжээ.
4.Бусад үндэслэл Хариуцагчийн “гуравдагч этгээдээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрыг татан оролцуулаагүй” гэх тайлбарын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын ажлын алба болохын хувьд хоорондоо харилцан хамааралтай, Засаг даргын Тамгын газраас уг газрын маргааны талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй байна. Улмаар энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т зааснаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, ноцтой алдаа биш байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчийн “1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдсан, үүнээс өмнө маргаан бүхий газар нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны цогцолбор газрын байршилд байсан, үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх бололцоогоор шүүх хангаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “2012 оноос өмнө дүүргийн Тамгын газарт Хорооны цогцолборт зориулж газар эзэмшүүлж байсан” эсэхтэй холбоотой баримтыг цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч холбогдох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т нийцэхгүй.
Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан боловч холбогдох баримт байгаагүй болох нь шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Архивын газрын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/803 дугаар “1992-2000 оны баримтыг шүүх үзэхэд Хайлаастын 10 дугаар гудамжны зүүн буланд байрлах газрыг эзэмшүүлж, ашиглуулах тухай Засаг даргын захирамж олдоогүй” тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө дээрх баримтыг судлах, шалган тогтоосон байх ёстой бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оноос өмнөх Засаг даргын Тамгын газраас маргаан бүхий газрыг эзэмшиж байсан тухай баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй.
Дүгнэж үзэхэд, хариуцагчаас нэрлэн заасан маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон “газар давхцалтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдээгүй, маргаан бүхий газарт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдээгүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ