Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох, Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нөхөн олговорыг гаргуулах, аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/147 дугаар захирамжаар томилогдсон Д.******* хуулийн үндэслэлтэй томилогдсон эсэхийг тогтоолгох, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлж Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Шилүүстэй сумын Хүүхдийн цэцэрлэгт 2002 онд бүлгийн багшаар орж нийт 15 дахь жилдээ ажиллаж байна. Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд 2012 оны 12 сарын 21-нд тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу Шилүүстэй сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. Хуулинд өөрчлөлт орж цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг даргын захирамжаар томилох болсон тул 2013 онд сонгон шалгаруулалтад орж тэнцэн аймгийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдсон. Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтуудыг үндэслэн намайг Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлөх захирамж гаргасан. Уг захирамжийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг захирамж гарах үед миний ажил үүрэгтэй холбогдсон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн биелэлтийг дүгнээгүй. Аймгийн Боловсролын газар ямар санал гаргасан нь тодорхойгүй байхад захирамж гаргасан нь үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж захирамж гаргасан. Миний оронд томилогдсон Ж. нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах эрхгүй мэргэжлийн бус хүн бөгөөд хууль бусаар томилогдсон. Нэхэмжлэлийн шаардлагаа: 1. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2. Засаг даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/120 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, Ж.д холбогдуулж гаргасан захирамж нь хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн Б/119, Б/120 тоот захирамжуудыг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүчингүй болгож 2016 оны 12 сарын 01-ний өдөр Б/146 тоот захирамж гарган намайг ажлаас халсан. Уг захирамжид үндэслэсэн хуулийн заалтууд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай дүгнэлт, Боловсрол соёл урлагийн газрын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 1/400 тоот албан бичиг нь үндэслэлгүй гэж үзэн, ажлаас халсныг эс зөвшөөрч аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/146 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд буцаан томилуулах, ажилгүй байх хугацааны эрхлэгчийн цалин, бусад нөхөн олговорыг буцаан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/147 тоот захирамжаар томилогдсон Д.******* нь хуулийн үндэслэлтэй томилогдсон эсэхийг тогтоолгох гэжээ.

Ц.******* 2017 оны 2 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/146 тоот захирамжаар намайг ажлаас халахдаа аймгийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулан уг дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 тоот дүгнэлтийг хууль бус, шалгалт хийгээгүй гаргасан гэж үзэн эс зөвшөөрч байгаа тул 1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гаргасныг тогтоолгох, 2. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Намайг Аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б/119 дүгээр захирамжаар Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажил хүлээлцэх комисс томилоод явуулсан байдаг. Энэ үед нь би ажлаа хүлээлгэж өгөөгүй. Яагаад гэвэл гэдэг мэргэжлийн бус хүнийг томилсон байсан учраас ажлаа хүлээлгэж өгөхгүй гэдгээ хэлээд буцаасан. Үүний дараа би шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга Б/119 дүгээр захирамжаа хүчингүй болгоод, дахиад 12 дугаар сарын 1-ний өдөр Б/146 дугаар захирамжийг гаргаж намайг ажлаас халсан байгаа. Уг захирамжиндаа Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, аймгийн Боловсролын газраас ирсэн албан бичиг, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтийг үндэслэж ажлаас халсан. Миний бие Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгт хяналт шалгалт хийгээгүй байж дүгнэлт гаргасан байдаг. Миний бие ажилгүй байсан хугацааны цалин гэж 3444720 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлнэ. Би сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, Боловсролын газрын даргатай дөрвөлсөн гэрээ байгуулдаг. Тийм учраас сумын Засаг дарга бол тухайн байгууллагуудын ажлыг хянах, байгууллагын дарга нарт чөлөө өгөх эрх, үүрэгтэй. Намайг чөлөө авах үед сумын Засаг дарга ******* нь ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Тийм учраас миний бие сумын Засаг даргын орлогч *******оос өргөдлөөр чөлөө аваад явсан. Иймд миний бие ажил тасалсан гэж үзэхгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр албан бичиг очсон гэж ярилаа. Тухайн үед миний бие ажлаасаа халагдаад, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн.

Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 4 дүгээр сард манай цэцэрлэг дээр зөвлөн туслах баг ирж ажилласан. Ингэхдээ хоол үйлдвэрлэлтийн байдал дунд эрсдэлтэй, бусад зүйлүүдийг бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу тайлангаа өгөөгүй нь миний буруу. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш манай цэцэрлэг дээр хяналт шалгалт хийгдээгүй. Хоолноос гарсан гэх төмрийг зөвхөн зургаар нотолж дүгнэлт гаргасан. Ийм учраас төмрийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан нь буруу гэж бодож байна. Тухайн зураг дээрх төмрийн зураг бол тодорхой биш байсан. Иймд төмрийн зураг бол нотлох баримт болохгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нөхөн олговорыг гаргуулах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-04-053-152 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өмгөөлөгчөөр оролцож байна.

Нэгдүгээрт Завхан аймгийн Боловсролын газраас Мэргэжлийн хяналтын газарт хүүхдийн цэцэрлэгийн хоол унднаас гадны биет илэрлээ гэсэн албан бичиг ирүүлсэн байгаа. Уг албан бичгийн дагуу шалгах үүрэг нь Мэргэжлийн хяналтын газарт хуулиар олгогдсон. Энэ албан бичгийг Мэргэжлийн хяналтын газрын даргад танилцуулаад, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу удирдамж батлуулах ёстой байсан. Гэтэл удирдамж батлуулаагүй. Ийнхүү хуулийн дагуу удирдамж батлуулаагүй байж тухайн улсын байцаагч нар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлт гаргасан. Удирдамжгүйгээр дүгнэлт гаргасан байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын тайлбараар нотлогдож байдаг.

Тухайн дүгнэлтийг гаргасан улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Яагаад гэвэл Боловсролын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу өөрсдөө очиж шалгахгүйгээр, мөн шалгалтынхаа дүгнэлтэнд өөр бусад асуудлыг хамруулж дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал уг дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр заалтууд Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтэнд хамрагдахааргүй байна. Тиймээс Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтэнд хамааралгүй асуудлыг дүгнэлтэндээ оруулсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж харагдлаа.

Улсын байцаагч бол тухайн хүсэлтийн дагуу цохолт хийлгээд, удирдамж батлуулаад, хяналтын хуудас бичүүлээд, шалгуулах гэж байгаа этгээдэд зорилго зорилтоо танилцуулах ёстой. Гэтэл тухайн дүгнэлтийг гаргасан улсын байцаагч нар удирдамжаа танилцуулаагүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тайлбарлахдаа өмнө нь бид нар зөвлөмж өгсөн, зөвлөмжийг биелүүлээгүй учраас дүгнэлт гаргасан гэж хэллээ. Хяналт шалгалт гэдэг бол аливаа зүйлийн бодит байдлыг тогтоох зорилгоор хийгдэх ёстой. Гэтэл өмнө нь өгсөн зөвлөмжүүдийг шалгалт хийсэн мэтээр дүгнэлтэнд тусгасан байгаа. Уг дүгнэлтээр ямар хуулийн, ямар зүйл заалтыг зөрчиж байгаа нь тодорхой бус. Ерөнхий нэг хуулийн заалтуудыг дурдсан байдаг. Иймд хууль хэрэглээний алдаа давхар яригдаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дахь хэсгийг хоёр улсын байцаагч зөрчсөн байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6 дахь заалт, 5.7 дахь заалт хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл өмнө нь өгсөн зөвлөмжийг шалгалт мэтээр ойлгож дүгнэлт гаргасан нь буруу. Ийнхүү хууль зөрчиж Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-04-053-152 дугаар дүгнэлт гаргасан учраас уг дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хоёрдугаарт аймгийн Засаг дарга уг захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч Ц.******* бол Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч бол Хөдөлмөрийн тухай хуулиар асуудал зохицуулагдах ёстой. Тэгэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөл журмыг хэрэглэхгүйгээр ажлаас халсан. Ц.*******г ажлаас халахдаа Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* тайлбарладаг. Өмгөөлөгч миний бие тухайн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа. Тэгэхээр хууль бус дүгнэлтийг үндэслэж захирамжаа гаргасан байна.

Маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1, 70.2, 131.1.3 дугаар заалтуудыг үндэслэсэн. Уг хуулийн 70.1-т долоо хоногийн цагийн асуудал байгаа. Харин 70.2-т нэг өдрийн хөдөлмөрлөх цагийн асуудал байдаг. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар ажил тасалсан гэдэгт хэрэглэх хууль хэрэглээ биш байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь заалтыг хэрэглэсэн. Энэ нь ажил хүлээлгэн өгсөн өдрийг ажлаас халагдсан гэж үзэх ерөнхий заалт байгаа. Хүнийг ажлаас халахдаа дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй. Мөн хуулийн 131.1.3-т заасныг баримталсан байгаа. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг зөрчил байна гэж үзсэн. Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл юуг зөрчил гэж үзсэн, түүнийг яаж нотолсон талаарх баримт хэргийн материалд байдаггүй. Иймд хууль бус дүгнэлтийг үндэслэж захирамж гаргасан тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдугаарт Ц.******* нь төрийн үйлчилгээний албан хаагч учраас ажилд эгүүлэн томилох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Яагаад гэвэл маргаан бүхий захирамж болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна. Тийм учраас Ц.*******г ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Дөрөвдүгээрт ажилгүй байсан хугацааны цалингийн асуудал яригддаг. Завхан аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.*******г Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.******* үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохоор ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Одоо Ц.******* нь бүлгийн багшаар ажиллаж байна гээд нэхэмжилсэн мөнгөнөөс хасах эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ Ц.*******г ажил албан тушаалд нь хууль бусаар шилжүүлсэн бол цалингийнхаа асуудлыг арай өөр байдлаар тавих байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар Ц.*******г шууд ажлаас нь халсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байгаа. Тийм учраас ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдсон Ж. нь өөрийн хүсэлтээр татгалзсан тул өмнөх захирамжуудыг хүчингүй болгосон бөгөөд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/400 дугаартай албан бичиг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Ц.*******г ажлаас нь чөлөөлсөн. Хэргийн материалаас харахад Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн хоолноос гадны биет буюу төмөр гарч ирсэн нь тогтоогдсон. Тийм учраас цэцэрлэгийн байгууллагын хоолноос төмөр гарч ирэх нь боломжгүй зүйл юм. Уг захирамжинд ажлаа тасалсан гэж дурдсан байгаа. Яагаад гэхээр Ц.******* Шилүүстэй сумын Засаг даргын орлогч ******* гэдэг хүнд өргөдлөө өгөөд 10 өдөр ажлаа таслаад явсан байдаг. Учир нь Шилүүстэй сумын Засаг даргын орлогч ******* гэдэг хүн Ц.*******д чөлөө олгох эрх бүхий этгээд биш юм. Ц.*******г томилох эрх бүхий албан тушаалтан бол аймгийн Засаг дарга, харьяалах дээд шатны байгууллага нь аймгийн Боловсрол соёлын газар байгаа. Тэгэхэд Ц.******* сумын Засаг даргын орлогчоос чөлөө авч явсан нь ойлгомжгүй байна. Тийм учраас Ц.******* бол хуульд зааснаар чөлөө авч яваагүй. Ийм учраас аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/146 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлт гарсан байгаа. Боловсрол соёлын газраас Мэргэжлийн хяналтын газарт хүүхдийн цэцэрлэгийн хоолноос гадны биет илэрсэн тул хяналт шалгалт хийж өгөөч гэсэн албан тоот ирүүлсэн байдаг. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргаас хүнс хариуцсан байцаагч Н.*******, хүүхдийн эрүүл ахуйн байцаагч Д.******* нарт хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгч талаас энэхүү дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Тиймээс дээрх дүгнэлтийн талаар танилцуулъя.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 5.3-т зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сард Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэг дээр зөвлөн туслах хяналт хийсэн байгаа. Энэхүү хяналтыг хүүхдийн эрүүл ахуйн байцаагч Д.*******, хүнсний эрүүл ахуйн байцаагч Н.******* нар хамтран хийсэн. Ингэхдээ Н.******* нь хүнсний байгууллагыг хариуцаж явсан, харин Д.******* нь хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас, цэцэрлэгийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийг сахих хяналтын хуудсаар шалгалт хийсэн байдаг. Тухайн үеийн зөвлөмжийн удирдамж, хяналт шалгалтын хуудас, шалгалтын тэмдэглэл бүгд байгаа. Энэ шалгалтын дүнд Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэг дээр 16 заалт бүхий зөвлөмжийг гаргаж, 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор биелэлтийг нь ирүүлэхээр хүлээлгэж өгсөн байдаг.

Мэргэжлийн хяналтын газар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийж болох заалттай. Үүний дагуу дүгнэлтийн 2 дугаар заалтыг оруулсан. Үүнийг Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 5.3-т заасан байдаг. Тухайлбал хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, осол гэмтэл гарсан, халдварт өвчин дэгдсэн тохиолдолд удирдамжгүйгээр хяналт шалгалт хийх заалттай. Энэ заалтаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийг хүүхдийн байгууллагын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын байранд эрүүл ахуйн дүгнэлт гаргуул, хоолоо шинжилгээнд ирүүл гэсэн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 07/204 гэсэн албан бичгийг бүх сумдын цэцэрлэг сургуульд явуулсан. Энэ албан бичгийг хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч Н.******* гаргасан байдаг. Үүний дагуу Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгээс хоолны дээж болон хүнсний дээжийг ирүүлээгүй.

Дүгнэлтийн гуравдахь заалт бол Завхан аймгийн Боловсролын газрын 2016 оны 11 дүгээр сарын А/369 дүгээр албан бичгээр Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн хоолноос төмөр гарсан тул хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлээд, хоолноос гарсан төмөр биетийн зургийг давхар ирүүлсэн байдаг. Энэ нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.*******, Н.******* нар дээрх дүгнэлтийг гаргахдаа өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын материалуудыг үндэслэсэн байдаг. Ийм учраас дээрх дүгнэлт нь эрх зүйн чадамжтай хэмээн үзэж байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдсон Д.******* миний бие 2004-2006 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн СӨБ-ны багш арга зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 2006 оноос эхлэн Завхан аймгийн Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгт 2006 оны 8 дугаар сарын 1-нээс хүмүүжүүлэгч багшаар ажилласан. 2006 оноос 2012оны 10 дугаар сарын 8-ны хүртэл хугацаанд багшаар 2012 оны 12 дугаар сарын 8-ны хүртэл эрхлэгчээр 12 дугаар сарын 21-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2012 оны 12 дугаар сарын 21-ний хойш 2016 оны 12дугаар сарын 1-ний хүртэл бүлгийн багшаар Завхан аймгийн Засаг даргын Б/147 дугаар захирамжаар 2016оны 12 дугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байна. Багш ******* нь 11 дүгээр сарын 14-18 хооронд Улаанбаатар хот руу өрөөгөө лацдаад монгол кометод мэдээлэл өгөх зорилгоор явсан байсан нь телевизор гарахад нь мэдсэн. Энэ үед сумын Засаг дарга Я.******* байхгүй байсан. Манай байгууллагын цагийн бүртгэлийг жижүүр багш О.******* энэ хугацаанд бүртгэсэн байна. *******г бүртгээгүй хоосон хаясан байсныг би чөлөө авч явсан гээд ч үсэг тавьсан байна. Би шүүх хуралд биеэрээ оролцох шаардлагагүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийнАжлаас чөлөөлөх тухай Б/146 дугаар захирамж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдэгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нөхөн олговорыг төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.******* Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/277 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 50-р хуудас/ Завхан аймгийн Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан байна.

Хариуцагч болох аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар Ц.*******г Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөөд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/322 дугаар захирамжаар өмнөх Б/119 дүгээр захирамжаа хүчингүй болгож, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай дүгнэлт, аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгийг үндэслэн Ц.*******г Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас дахин чөлөөлсөн байна. Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь үндэслэлгүй, захирамжийн үндэслэх хэсэгтээ баримталсан хуулийн заалтууд нь намайг ажлаас халагдах шалтгаан нөхцөлийг хангаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын албан бичиг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Нэг. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.******* нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар захирамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.*******, Н.******* нарыг хариуцагчаар татсан боловч хариуцагч болох Д.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 31-нээс удаан хугацаагаар суралцаж, мэргэжил дээшлүүлэх болсон гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн /хавтаст хэргийн 79-р хуудас/, оронд нь хүн томилогдоогүй, улсын байцаагч Н.******* нь мөн 2016 оны 02 дугаар сарын 01-нээс жирэмсний болон амаржсаны амралтаа авч /хавтаст хэргийн 80-р хуудас/ Улаанбаатар хот руу явсан, оронд нь хүн томилогдоогүй байх тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар 14-ний өдрийн 07/52 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 73-р хуудас/ Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.ыг хариуцагчаар томилсон байна. Шүүх хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс Б.ыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтэд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 11 сарын 11-нд ирүүлсэн өргөдлийн мөрөөр Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хоол үйлдвэрлэлийн ажлын байр стандартын шаардлага хангаж байгаа эсэх, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын холбогдох заалтуудын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн талаар дурьдсан байна. Тус дүгнэлтэд хүүхдийг өглөө хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг хийж, томуу, томуу төст халдварын болон бусад халдварын анхны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг гэрт нь буцааж, арга хэмжээ авдаггүй, бүртгэл хөтлөөгүй нь Эрүүл мэндийн Сайдын 2002 оны 232 дугаар тушаалын 2-р хавсралтын 9.12 дахь заалтыг, туслах багшийн чөлөөтэй байх хугацаанд эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамрагдаагүй хүнийг ажиллуулсан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг, бэлэн болсон хоолноос гадны биет гарсан, хоол үйлдвэрлэл үйлчилгээ түүнд оролцож буй ажилтанд тавих дотоод хяналт хангалтгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, их цэвэрлэгээ болон өдөр тутмын урсгал цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль-ийн 7, 9 дүгээр зүйл, Хоолны газрын нийтлэг журам-ын 9 дүгээр зүйлийг, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн байранд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль-ийн 6 дугаар зүйлийн 6.5.3 дахь заалтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй талаар дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. дээрх дүгнэлтийн талаар тайлбарлахдаа 2016 оны 4 сарын 20-нд манайх зөвлөн туслах ажлаар Шилүүстэй суманд очоод дээрх зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган тодорхой ажил зохион байгуулан хийж, биелэлтийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг Шилүүстэй сумын цэцэрлэгт даалгасан боловч хариу ирүүлээгүй тул дээрх зөрчлийг арилаагүй гэж үзсэн гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* өмнөх зөвлөмжид заасны дагуу тодорхой ажлууд хийсэн, зөвхөн тайлангаа Мэргэжлийн хяналтын газар хүргүүлээгүй байсан, өмнөх зөвлөмжөөс зөвхөн хүүхдийг өглөө хүлээж авахдаа эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, томуу, томуу төст халдварын болон бусад халдварын анхны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг гэрт нь буцааж, бүртгэл тогтмол хөтлөх гэсэн заалт нь дүгнэлтэд орсон, манай байгууллага дээр очиж биечлэн шалгаагүй гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. уг дүгнэлтийг удирдамжгүй хийсэн, газар дээр нь очиж биечлэн шалгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх шалгалтыг төлөвлөгөөт бус шалгалтын хэлбэрээр явуулсан гэсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэлээр.... хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. 52.3-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ. 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг  хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана: 5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; 5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт; 5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт. 10 дугаар зүйлийн  10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан  тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна гэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ын 9.5 -д Удирдах дээд байгууллагын шийдвэр, байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан асуудлаар болон хуульд заасан бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ, 9.7-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ... гэж тус тус заасан бөгөөд Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт бус шалгалтыг хийхдээ дээрх хууль, журмыг зөрчиж, удирдамжгүй, тэмдэглэлгүй, тухайн үед хоолноос гадны биет гарсан эсэхийг шалгаж тогтоолгүй, хяналт шалгалт хийлгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль бус байна. Аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас ирүүлсэн хоолноос гарсан гэх төмөрний зураг нь бүдэг, төмөр мөн эсэх, хоолноос гарсан эсэх нь эргэлзээтэй, уг төмөр нь бодит байдлаар байхгүй байхад таамгаар дүгнэлт гаргаж байгаа нь буруу байна.

Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээний дагуу 2016 оны 04 сарын 20-нд 07-03-043-45 дугаар зөвлөмжийг /хавтаст хэргийн 98-р хуудас/ Шилүүстэй сумын цэцэрлэгт хүргүүлж байжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. манайх өмнөх зөвлөмжид дурьдсан зүйлүүд биелэгдээгүй байна гэдэг үндэслэлээр дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр заалтыг нэмж оруулсан гэж байх бөгөөд зөвлөмжид заасан үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй мөртлөө зөрчил арилаагүй гэж үзсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53дугаар зүйлд Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна, гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ гэж заасныг зөрчсөн байна. Дээрх 07-03-043-45 дугаар зөвлөмжөөр нийт 16 заалт бүхий зөвлөмжийг Шилүүстэй сумын цэцэрлэгт хүргүүлжээ. Уг зөвлөмжийн 6-р заалт болох хүүхдийг өглөө хүлээж авахдаа эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, томуу, томуу төст халдварын болон бусад халдварын анхны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг гэрт нь буцааж, бүртгэл тогтмол хөтлөх гэсэн заалт нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтэд дурьдагдсан, дүгнэлтэд дурьдагдсан бусад зөрчлүүдийг хэзээ шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна.Б. нь хоолноос төмөр гарсан эсэхийг дахин шалгаж тогтоох боломжгүй, төмөр гарсан байгаа нь Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Нийтийн хоолны ариун цэврийн дүрэмд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангаагүй гэж авч үзэхээс өөр аргагүй байдаг. Тухайн хоолноос төмөр гарсан эсэхийг нотолдог байгууллага биш гэж маргажээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалтыг хийхдээ баримт бичгийг хянан үзэх,... үзлэг хийх, ...дээж авч шинжлэх, турших,...шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаар байна. Мөн Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ийн 4.2-т Хяналт гэж аливаа ажил үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бодит нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг лабораторийн хэмжилт, шинжилгээтэй буюу шинжилгээгүйгээр тандан судалж, тогтоох үйл ажиллагааг; 4.3-т Шалгалт гэж аливаа ажил үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бодит нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг лабораторийн хэмжилт, шинжилгээтэй буюу баримт материалд үндэслэн нэг бүрчлэн шалган тогтоох үйл ажиллагааг хэлэхээр байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар нь дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалт болон дээрх стандарт журмыг зөрчиж, хяналт, шалгалтыг зохих журмаар хийж гүйцэтгээгүй байна. Энэ нь тус журмын 6.2-т заасан Улсын байцаагч үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх бөгөөд гаргасан аливаа шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн, тэдгээрт үндэслэсэн байна гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 07-03-043-152 дугаар дүгнэлтээр холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажил зохион байгуулаагүй талаар дүгнэсэн байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. ...Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлт дээр Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгийн ажил хангалтгүй, хангалттай байна гэж үнэлээгүй. Дүгнэх хэсэгт шалгалтаар илэрсэн Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын холбогдох заалтыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажил зохион байгуулаагүй гэсэн дүгнэлт гаргасан гэж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Дээрх байдлаарЗавхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлт нь хуульд нийцээгүй байх тул уг дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүүхдийн байгууллагын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын байранд эрүүл ахуйн дүгнэлт гаргуул, хоолоо шинжилгээнд ирүүл гэсэн 07/204 гэсэн албан бичгийг 2016 оны 12 дугаар 6-ны өдөр бүх сумдын цэцэрлэг сургуульд явуулсан боловч Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэгээс хоолны дээж болон хүнсний дээжийг ирүүлээгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт гарсны дараа, нэхэмжлэгч Ц.*******г ажлаас чөлөөлөгдсөний дараах нөхцөл байдал байх тул уг асуудал нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

ХоёрЗавхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ц.*******г ажлаас чөлөөлөхдөө дээрх хууль бус дүгнэлтийг, мөн аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын саналыг үндэслэжээ. Завхан аймгийн Боловсрол соёлын газрын 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 1/400 дүгээр албан бичгээр Шилүүстэй сумын хүүхдийн цэцэрлэг дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хууль, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт хийсэн шалгалтын дүнг хүргүүлэв. Шалгалтаар тус цэцэрлэг Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл мэндийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн дүгнэлт гаргасан байна. Иймд холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэжээ. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг дарга, Боловсрол соёлын газрын дарга, сумын Засаг дарга нартай төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 7-10-р хуудас/ байгуулан ажилласан байх бөгөөд түүний гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй байна. Боловсрол соёл урлагийн газар нь 1/400 дүгээр албан бичгийг ирүүлэхдээ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд аймгийн Боловсролын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх бөгөөд боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийнхээ дагуу цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийн талаар бодитой санал дүгнэлт гаргах байтал өөрийн эрх үүрэгт хамааралгүй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хууль бус дүгнэлтийг үндэслэж албан бичиг хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Б/146 дугаар захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэжээ. Нэхэмжлэгч Ц.******* 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй байна. Завхан аймгийн Засаг дарга өмнө нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар Ц.*******г ажлаас чөлөөлсөн мөртлөө түүнийг ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажил тасалсан гэж үзсэн нь буруу байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжид ажил хүлээлцэх комисс томилон ажиллуулж дүнг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор танилцуулахыг аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт үүрэг болгож байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 19-д ажлаас халагдсан өдөр-ийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно. Ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэрт заасан өдрийг, харин ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзэхээр тайлбарласан байна. Ажил олгогчийн шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 16-ныг сүүлчийн өдрөөр тогтоосон байх бөгөөд 2016 оны 11 сарын 11-нд ажил хүлээлцэх комисс очиж ажил хүлээлцэх гэхэд Ц.******* ажлаа хүлээлгэж өгөөгүй болох нь гэрч Р.Шааравдорж /хавтаст хэргийн 104-р хуудас/, С.Доржпалам /хавтаст хэргийн 106-р хуудас/ нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Ц.*******г 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхээр байх тул ажил тасалсан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч Ц.******* ...би сумын Засаг даргын орлогчоос чөлөө авч Улаанбаатар хот явсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* ...сумын Засаг даргын орлогч нь чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш гэж тус тус маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байсан, уг захирамжийн үйлчлэл 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл үргэлжилсэн тул нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж үзэхээргүй байна. Иймд чөлөө хүссэн, олгосон талаарх баримтыг шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсэг нь өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг тодорхойлсон заалт бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хамааралгүй зохицуулалт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах заалт бөгөөд нэхэмжлэгч болон аймгийн Засаг даргын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, Ц.******* хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар шалгаж тогтоогоогүй, Б/146 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, чөлөөлсөн байх тул дээрх хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Ц.*******г ажлаас чөлөөлөх үед охин нь 2 нас хүрээгүй байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 52-р хуудас/-аар нотлогдож байх тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг мөн зөрчсөн байна.

Ийнхүү аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.******* 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Шилүүстэй сумын цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллаж, сард 555000 төгрөгний цалин авдаг талаараа шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн шийдвэрийн улмаас ажилгүй болж эрхлэгчийн албан тушаалыг эрхлээгүй, аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй, учраас үндсэн албан тушаалынхаа цалинг нэхэмжилж байгаа гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэгч нь бүлгийн багшаар ажиллаж цалин, хөлс авч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч Ц.******* нь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар тухайн цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллажээ. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаараа шүүхэд тайлбарлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба Ц.******* нь цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн хэдий ч тухайн цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллаж байсан байх тул бүлгийн багшаар ажиллах явцад сард хичнээн төгрөгний цалин, хөлстэй ажиллаж байсан, эрхлэгчийн албан тушаалын цалингаас буурсан эсэхийг тодруулах, энэ талаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар маргаантай байх тул уг шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 106.6, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3, 5 дугаар зүйлийн 5.9, 10 дугаар зүйлийн 10.9.8, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамж, Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгон, Ц.*******г Завхан аймгийн Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 3444720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг, Мэргэжлийн хяналтын газраас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА