Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01017

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00529 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 934 дүгээр магадлалтай,

С.Д-ийн нэхэмжлэлтэй,

“Г” ТББ-д холбогдох,

4.600 ам.доллар буюу 11.274.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би олон улсын Интернейшнл Доорвей Эдүкэйшн Атлетик байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газар гэх Х.Юмчмаа захиралтай “Г” ТББ-тай холбогдож АНУ-ийн их дээд сургуульд оюутан зуучилж, сургалтын төлбөрийн 60-аас дээш хувийг хөнгөлнө гэсэн гэрээний саналыг зөвшөөрч тус төвтэй 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү Д.Буяндэлгэрийг төлөөлж гэрээ байгуулан ажлын хөлсөнд 5.100 ам.долларыг төлсөн. Буяндэлгэр нь 2014 оны 01-р сард АНУ-ын “Хойд Дакота”-ийн их сургуульд “Уул уурхайн инженер” мэргэжлээр сурахаар явсан. “Г”-өөс гэрээний 3.2-т заасан сургалтын төлбөрийн 60-аас дээш хувийг тэтгэлэг олгохыг сургууль төгсөх хүртэл хугацаанд хүлээсээр байсан ч бид нэг ч төгрөгийн тэтгэлэг аваагүй болно. Гэрээний 4.3-т “Тэтгэлэг олгогдоогүй тохиолдолд 4.600 ам.долларыг буцаан олгоно” гэж заасны дагуу бид “Г”-д тус төлбөрийг буцаан олгохыг хүссэн мэдэгдэл, шаардлага гаргасан ч гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй болно. Гэрээний 4.3-т заасан 4.600 ам.доллар буюу Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хаалтын ханшаар 11.274.600 төгрөгийн хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ТББ шүүхэд гаргасан тайлбартаа:С.Д- нь 2013 оны 3 сард өөрийн хүү Д.Буяндэлгэрийг АНУ-д сургуульд зуучилж өгөх талаар манай төвд хандаад 2013 оны 3 дугаар сарын 8ны өдөр гэрээ байгуулсан. Манай байгууллага нь С.Д-ийн хүү Д.Буяндэлгэрийн сурахыг хүссэн мэргэжлийн дагуу АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуульд зуучилж өгснөөр 2014 оны 1 дүгээрсард уул уурхайн чиглэлээр сурахаар явсан.Бидний ажиллагааны үр дүнд Д.Буяндэлгэр нь зохих сургалтын тэтгэлгийг авсан.Бидний хүссэн хэмжээнд хүрсэн тэтгэлгийг авч чадаагүй ч ганц бидний зүгээс хамаарах бус тухайн сургуульд сурч байгаа хүнээс их шалтгаалдаг.Тухайн хүүхдийн хүмүүжил, сурлагын түвшин хир байх, зан харилцаа, хэлний мэдлэг ямар түвшинд байх зэргээс шалтгаалах асуудал. Манай “Г” ТББ-ын үйл ажиллагааны үр дүнд Д.Буяндэлгэр гэдэг хүүхэд МУ-д дээд боловсрол эзэмшээд, энэ мэргэжлээрээ эх орондоо ажиллаж байна.Гэтэл шүүхэдхандаж бидний хийсэн бүхий л ажиллагааг үгүйсгэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00529 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Г ТББ-аас 11.247.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 934 дүгээр магадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00529 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ТББ-иас гэрээний үүргийн хүрээнд 4.600 ам.доллар буюу 11.274.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 4 дүгээр сарын 12 ны өдрийн 934 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс иргэн С.Д- болон “Г” ТТБ-н нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах” гэрээ мөн өдөр хийгдсэн, гэрээний хавсралт “Их дээд сургуулийн гэрээг” тус тус байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүү Д.Буяндэлгэрийг сургуульд холбон өгөх үүргийг хариуцагч, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн болно. Гэтэл 2013 оны 3 сард хийгдсэн гэрээний хавсралтын 3 дугаар зүйлд 1. 4.600 ам.доллар үүнд: ганцаарчилсан болон зөвлөх ярилцлага, оюутны мэдээллийг үнэлэх, Оюутны хувийн хэргийг боловсруулах, бэлтгэх,элсэн ороход үзүүлэх туслалцаа дэмжлэг, 1-20 маягт авах, ИДЭА-н зүгээс үзүүлэх зөвлөх ба дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тэтгэлгийн саналууд авахад ИДЭА төлөөлөх гэх зэрэг зуучлалын цогц үйлчилгээний хөлс болохыг талууд тохиролцсон байдаг. Энэхүү заалтад заагдсан бүх үйлчилгээг нэхэмжлэгчийн хүү Д.Буяндэлгэр нь авснаар АНУ-н Дакотагийн Их сургуульд явах болсон байдаг.

Нэхэмжлэгчийн хүү Д.Буяндэлгэр нь АНУ-ын Дакотагийн их сургуульд суралцаж байх хугацаандаа 2.500 ам.долларын тэтгэлэгт хамрагдсан байдаг ба энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ‘Г” ТТБ-д хандан гаргаж байсан мэдэгдэлд тодорхой авагдсан. Энэ 2.500 ам.долларын тэтгэлэг нь “Г” ТТБ-с Дакотогийн их сургуулиас Д.Буяндэлгэрт хүссэн тэтгэлэг байсан бөгөөд 2 жилийн.хугацааны 2.500 ам.доллар нь гэрээний 2.7-д заасны дагуу “...700-16.000 ам.доллар...” гэж зааснаа биелүүлсэн.

Талуудын хооронд хийгдсэн гэрээ бодитойгоор хэрэгжсэн, үр дүнгээ өгсөн гэж хариуцагч талаас үзэж байх тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч “Г” ТББ-с 4600 ам доллар буюу 11.247.600 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сургалтын тэтгэлэгт  хамруулаагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Д.Буяндэлгэр нь АНУ-ын “Хойд Дакота”-ийн их сургуульд суралцаж төгссөн, зохих тэтгэлэг авсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 3 дугаар сарын 8-ний өдөр байгуулагдсан Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээгээр хариуцагч “Г” ТББ нь Д.Буяндэлгэрийг АНУ-ын Их, дээд сургуулийн өдрийн ангид бакалаврын зэргээр суралцуулж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, нэхэмжлэгч 5100 ам доллар төлөхөөр харилцан тохирч, уг төлбөрийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

Талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т нийцжээ.

Гэрээний 2.7-д “суралцагчийн хүсэлтийг харгалзан IDEA байгууллагаас санал ирүүлсэн сургуулиуд нь 1 жилийн сургалтын төлбөрийг 700-16000 ам доллар хүртэл хөнгөлсөн байх ба суралцах хугацаанд нь жил бүр хөнгөлөгдөнө”, 4.3-т “тэтгэлэг олгогдоогүй тохиолдолд 4600 ам долларыг буцаан олгоно” гэж тус тус заажээ.

Суралцах хугацаанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Д.Буяндэлгэр нь 2500 ам долларын тэтгэлэг авсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

“Хойд Дакота”ийн их сургуулиас Д.Буяндэлгэрийн суралцсан хугацаанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан    гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 934 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 196.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ