Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Д-д холбогдох 1916000720045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт А-н Д.

Шүүгдэгч А.Д 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 00 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо 0-0 тоот хашаанд С-н гэрт И.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Д-н 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 00 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо 0-0 тоот хашаанд С-н гэрт И.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... 2019 оны 02 дугаар сарын 14-нд гэртээ байж байхад С, М 2 ирж дуудаад тэр өдөр баяр болж байна. Гаръя гэсэн. С-д очоод цай уугаад байж байтал С, М 2 та хоёр байж бай. Бид 2 И.Да, Сү хоёрыг аваад ирье гэсэн. Тэр 2 ирээд банш жигнээд идээд байж байтал манай эхнэр Сү 2 муудалцсан. Тэгээд би жирэмсэн хүнийг болиоч гээд эхнэрээ өмөөрөөд Сү-д хэлэхэд өмнөөс янз бүрийн юм хэлээд байсан. И.Да ч гэсэн эхнэрээ өмөөрч босож ирээд И.Да-тай муудалцсан ... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байгаа ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч А.Д-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Дагийн эхнэр Сү, манай эхнэр Су 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Да-тай гэр дотор болон гадаа зодолдсон ... Гараараа толгой шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон, Тэгээд унагааж байгаад толгой хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ66-67/

Хохирогч И.Да-н мөрдөн байцаалтад өгсөн “... Бид нар цай уугаад банш жигнэж идээд сууж байтал С нэг шил архи задалж өгсөн. Тэгээд манай эхнэрт архи хундагалаад өгтөл манай эхнэр би уухгүй гэж хэлсэн. Тэгсэн Су хэзээ ийм болсон юм бэ? уучих гэж хэлсэн тэгээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар нь урдуур нь орж салгаад Д-г эхнэрээ ав гэж хэлсэн. Тэгсэн Д чи манай эхнэртэй юм ярилаа гээд миний нүүр рүү цохиж авсан. Удалгүй С намайг салгаж авахад би эхнэр Сү-ын ардаас гарсан. Гадаа гараад би эхнэрээ гэр рүүгээ явъя гэж хэлтэл ингэж зодуулсан юм чинь цагдаа дуудна гэсэн. Удалгүй гадаа зогсож байтал Да араас гарч ирээд чи намайг зодож амжихгүй шүү гээд толгой, шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Удалгүй цагдаа ирээд бид хэдийг аваад явсан ... ” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/, 

Гэрч Ж.Су-н мөрдөн байцаалтад өгсөн “... Сү бид 2 муудалцсан. Тэгээд Да манай нөхөр 2 эхнэрүүдээ өмөөрөөд хоорондоо муудалцаад тэр гэр дотор бие биенийхээ дээр гараад зодолдоод байсан. Удалгүй цагдаа дуудлаа гээд цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,

Гэрч Э.Сү-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би архи уухгүй гээд урд байсан ширээн дээр тавьтал Су миний хундагалсан архийг аваад чи уучих хоёулаа тулгая гэж хэлэхээр нь бид 2 маргалдаж эхэлсэн. Бид 2 гадаа гараад ярилцаад бие биенээсээ уучлал гуйгаад буцаад гэрт ортол Д, Да-н баруун талын ухархааны тэр хавьд гараараа цохихоор нь би араас нь дагаад боль гэж хэлтэл миний шанаа руу цохисон. Тэгээд манай нөхөр Да чи яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд буцаагаад Да-н шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгээд тэр гэрт байсан хүмүүс тэр 2-г салгах гэтэл Д манай нөхөр рүү дайраад байсан ... Гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд араас Да гарч ирээд хоёулаа явъя гэж хэлээд хашааны үүдэн дээр байж байтал Д араас ирээд Да-н толгой болон нүүр лүү нь гараараа цохисон. Удалгүй цагдаа ирээд тэнд байсан бүх хүмүүсийг аваад явсан... Зүүн талын шанаа руу 1 удаа цохисон. Нүүр лүү 1 удаа гараараа цохисон, баруун талын шанаа руу нь гараараа 1 удаа цохисон. Хоолойг нь боосон...” гэсэн мэдүүлэг /ХХ31-32/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай “...1. Иргэн И.Д-н биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ37-38/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч А.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирогчид хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт А-н Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Д-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирогчид хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНТУЯА