Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00640

 

 

 

 

 

 

 

 

   2024       03          29                                    210/МА2024/00640

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00714 дугаар шийдвэртэй,

 

Д.Дын нэхэмжлэлтэй

Ж.Т, Ж.О нарт холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Д.Д миний 006**** тоот гэрчилгээтэй Зүүн салааны Хустайн аманд байршилтай зуслангийн зориулалттай газарт Ж.Тын дураараа байшин барьсан тул зуны байрыг буулгуулж, газар чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ж.Т маргаж буй газрын жинхэнэ эзэмшигч биш бөгөөд ахынхаа байшинд зуны гурван сар л түр оршин сууж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагч гэх этгээдийг тодорхой заасан байдаг тул Ж.Тт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 253 дугаар захирамжаар тус дүүргийн 25 дугаар хороо, ************** талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 15 жилийн хугацаатайгаар тухайн үеийн газрын зааж албаны даамлын өгсөн газар хашаа байшин барьсан.

Д.Д нь 2014 онд зуслангийн газар эзэмших эрхээ авсан ба тухайн үеийн газрын даамлын заасны дагуу хашаа байшин барьсан. Д.Д-ын эрхийг Ж.О зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. 2015 онд газар эзэмших эрх олгосон. Нэгж талбарын дугаар олгосон боловч эхлээд Ж.О-т зааж өгөөд дараа нь Д.Д-д зааж өгсөн нь газрын албаны алдаатай үйлдэл гэж үзэж байна. Харин  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Ж.О-ын эрх түрүүлж үүссэн үндэслэлээр газрыг чөлөөлөх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэрлэх асуудал гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, З*********717 тоот гэрчилгээтэй, 186************ нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар дээр хууль бусаар барьсан зуслангийн зориулалттай байшинг нүүлгэн чөлөөлөхийг хариуцагч Ж.О, Ж.Т нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О, Ж.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

                  4.1. Ж.От Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ***д 18636*********** нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон.

                  Д.Дд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны аманд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон бөгөөд газрын байршлыг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд зааж өгч баталгаажуулснаар тухайн газарт зуслангийн зориулалттай байшингаа барьсан.

                  4.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт зааснаар Ж.О нь хууль ёсны дагуу тухайн газрыг анх түрүүлж эзэмшсэн бөгөөд “түрүүлж үүссэн эрх хамгаалах” зарчмын дагуу газрыг чөлөөлөх үндэслэлгүй. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад нэг талыг баримтлан Ж.О миний эзэмшлийн нэгж талбарын дугаартай газрыг 2011 оноос хойш бусдад шилжсэн болох нь тогтоогдож байх тул газрын албаны мэргэжилтнээр газар дээр тэмдэгжүүлж, координатжуулан барьсан гэдэг нь няцаагдаж байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

                  Учир нь Ж.О миний эзэмшлийн газрыг бусад этгээдэд шилжүүлсэн асуудлыг шүүхийн шатанд мэндсэн бөгөөд газрын албаны хариуцлагагүй байдлын улмаас иргэн хохирох ёсгүй. 2010 онд газрыг эзэмшүүлэхдээ тус газрыг зааж өгсөн тул би өөрийн зуслангийн зориулалттай байшингаа барьсан.

                  4.3. Д.Дд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17/2448 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар мөн хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсний дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн.

                  Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 8.3 дахь хэсэгт дүгнэхдээ “...Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний маргаан биш гэж дүгнэсэн бөгөөд шүүхэд 30 хоногийн хугацаанд гомдол гаргах эрх нь Газрын маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор тухайн оролцогч талуудын эрхэд хамааралтай тул энэхүү хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.  Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгснөөс хойш шүүхэд хандах 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

                  4.4. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт  “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж, 76.4 дэх хэсэгт “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шүүх хэтрээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

                  Ийнхүү нэхэмжлэгч 2019 онд эрхээ зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд хандаагүй байж байгаад 2023 онд хандсаныг шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гэж үзэж байгаа нь шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа ба нэхэмжлэгчид олгосон газар өмчлөлийн газар бус эзэмшлийн газар тул хуулийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий 10 жилийн хугацаа хамааралгүй.

                  4.5. Шүүх шийдвэрийн үндэслэл, дүгнэлтээ бичихдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, мөн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал”-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйл, 76 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруугаар нэг талд ашигтай байдлаар мушгин тайлбарласан тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

                  Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Ж.Тт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо,************аманд байрлах 006******** тоот гэрчилгээтэй, 1863********нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар дээр хууль бусаар барьсан зуслангийн зориулалттай байшинг нүүлгэн, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Зүүн салаа Хустайн аманд байрлах 006***** тоот гэрчилгээтэй, 1863************* нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Д.Дд эзэмшүүлсэн;

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар захирамжаар 186******** нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай газрыг, мөн 180********** нэгж талбарын дугаар бүхий 106 м.кв талбайтай газрыг тус тус Ж.От эзэмшүүлсэн;

 

3.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 251 дугаар захирамжаар Ж.Оын эзэмшлийн нэгж талбарын 180************, 186******* дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Зүүн салаа *****газрыг Нэргүй овогтой Заяад,  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 339 дүгээр захирамжаар Нэргүй овогтой Заяагаас Чойжил овогтой Тэгшсайханд, 2017 оны А/313 дугаар захирамжаар Чойжил овогтой Тэгшсайханаас Цэндсүрэн овогтой Хадбаатарт газрын эрхийг шилжүүлсэн;

3.4. Ж.Оын 1863*******, 180*********** нэгж талбарын дугаар бүхий газар нь Д.Дын 1863************** *нэгж талбарын дугаар бүхий газартай давхцаагүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

4. Хариуцагч Ж.Т, Ж.О нар нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж, хувийн сууц барьсан байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Учир нь: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” гэж заасны дагуу эзэмшлийн газар дээр байшин барих ёстой. Гэтэл газрын албаны мэргэжилтний зааж өгсөн гэх газар байшин барих нь газар эзэмших эрхийг бий болгох үндэслэл болохгүй. Мөн Ж.О нь 700 м.кв талбайтай газрыг 500 м.кв эсхүл 106 м.кв талбайтай газар гэж андуурч бусдын эзэмшлийн газар дээр зуслангийн зориулалттай байшин барьсан байгааг зөвтгөх боломжгүй юм. Тэрээр өөрийн эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршил, түүний эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа зэрэгт хяналт тавьж хөрөнгө оруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх эрхээ хэрэгжүүлэх байсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Ж.О, Ж.Т нарын дээрх маргаан бүхий газрын эзэмшлийг хуулийн дагуу гэж зөвтгөх боломжгүй.

 

 Иймд Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, ************ аманд байрлах 006**********тоот гэрчилгээтэй, 186**************нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрыг эзэмшигч нь Д.Д болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5. Талуудын хооронд үүссэн маргаан нь газар эзэмших эрхтэй холбоотой, нэхэмжлэгч Д.Д нь 2019 оноос хойш газар эзэмших эрх хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаснаас хойш 2023 онд шүүхэд энэхүү эрхээ хамгаалж, зөрчигдсөн эрх сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6. Д.Дд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон тул тэрээр  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар газрын хууль ёсны эзэмшигчийн хувиар мөн зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эзэмшлийн зүйлээ гаргуулахыг өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй юм. 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2  дахь хэсэгт заасан “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэснийг нэхэмжлэгчийн шаардах эрхээр тодорхойлсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх тул уг алдааг дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00714 дугаар шийдвэрийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106.2” гэснийг “106.1, 106.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОГТСАЙХАН

 

                                                       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА