| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0173/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/80 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Т.П- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П-д холбогдох эрүүгийн 1838001140170 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.П-
Шүүгдэгч Т.П- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын 10 дугаар баг Хөх толгойн - тоотод оршин суух иргэн Б.Э-ын байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.П- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын 10 дугаар баг Хөх толгойн - тоотод оршин суух иргэн Б.Э-ын байшинд нэвтэрч түлхүүр багажны ком, хөрөө, ямааны цул мах зэргийг хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Би гэр бүлийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ үзүүлэх гээд гэрээ эзэнгүй орхиод явсан. Хотоос ирэхэд манай гэрийн байшингийн дээвэр лүү ордог үүдний хаалга онгорхой байдалтай дээш гарахад миний багажны иж бүрдэл 25 кг-ын шуудайтай ямааны мах, орос дружба хөрөө зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай байшингийн дээвэр нь төмөр цоожтой байсан. Энэ цоожийг нь эвдээд онгойлгосон байсан...Би алдсан зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал /,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн …Т.П- надад “Мөнхөө ах гаръя” гэхээр нь Сондор дэлгүүрийн гадаа гарахад жижиг тэрэгнээс багаж гаргаж ирээд намайг “энэ багажийг авах уу, би танд 20.000 төгрөгөөр заръя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй, авч чадахгүй” гэсэн. Т.П- шаргал өнгийн материалаар хийгдсэн дээрээ бариултай уутан цүнхэнд хийсэн багажнуудыг зарна гэж байсан....Т.П- түлхүүр, багаж л байгаа гэсэн. Түүнээс яг дотор нь ямар, ямар багаж байгаа гэж надад хэлээгүй. Би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/,
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "…Би нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот руу яваад ирэхэд манай гэрээс багажны ком, дружба хөрөө, нэг ямааны цул мах алга болсон байсан. Ананд гэдэг цагдаатай очоод Сондор дэлгүүрийн камерийг шүүж үзлээ. Сондорын камерт Баасанпүрэв цүнхтэй багажийг маань бариад явж байна гэсээр ирсэн... Багаж нь шаргал өнгийн ууттай, дээрээ бариултай, хумиад татчихдаг уяатай, үүрдэг хоёр үүргэвчтэй. Хөрөө нь цагаан, алаг өнгөтэй байсан санагдаж байна. Мах нь шуудайтай байсан. Хашин тос нь хөнгөн цагаан кострултай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,
Шүүгдэгч Т.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "…Өнгөрсөн зун Б.Э-тай байшин барилга барьж байхад Б.Э- багажаа байшингийнхаа дээвэр дээр хийдэг байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр Б.Э-ыг хотод байхад нь согтуу гэрт нь очоод байшингийнх нь дээврээс хөрөө, багаж, шуудайтай мах зэргийг авсан...Гудамжинд нэг саарал таксины жолоочид хөрөө, багаж хоёрыг 30.000 төгрөгөөр зарсан...Архинаас болж ийм хэрэгт орсондоо маш их харамсаж байна…гэх мэдүүлэг,
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Т.П- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын 10 дугаар баг Хөх толгойн - тоотод оршин суух хохирогч Б.Э-ын байшинд хууль бусаар нэвтэрч түлхүүр багажны ком, хөрөө, ямааны цул мах зэргийг хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.П-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 253 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.П-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-н цагдан хоригдсон 253 / хоёр зуун тавин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838001140170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР