Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогч Г.Г , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Б-ийн Ч-д холбогдох 1816003070013 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, Говь-Алтай аймгийн Т...... сумын ..... багт оршин суух, 19....оны 10 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЗ........... регистрийн дугаартай, Ж овогт Б-ийн Ч  гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ч  нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант баг 6-17 тоот хашаанд Г.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ч  нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант баг 6-17 тоот хашаанд Г.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Өдөр нь би хэдэн хүнтэй архи уугаад машинтай Н  гэдэг айлын үүдэнд байсан. Г  ирээд ууж байсан архинаас 2 татсан. Бид хэд мотоциклийг нь Н-гийн хашаанд тавьчихаад явсан. Тэгэхэд На , Га  хоёр буугаад үлдсэн. Э , Г  бид гурав явсан. М-ыг аваад Тайшир дэлгүүрээс орж нэг шил архи нэг ундаатай  аваад Цэрэннадмидынд ирэхэд эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ байсан. Ц  байхгүй байсан. Тэгээд нөгөө архиа машин дотор сууж байгаад уусан. Тэгэхэд Г  танайхан хулгайч гэж хэлсэн. Ц  өмнө нь надад хэлэхдээ Г  танайхыг үхрийн бяруу идсэн гэж хэлсэн шүү гэсэн. Тэгээд чи яагаад намайг хулгайч гэж хэлдэг юм бэ? гээд Г-тэй зодолдоод машинаас гарсан. Гадаа гялаантай байсан. Ц  эхнэртэйгээ ирж намайг салгаад намайг гэр рүүгээ аваад орсон. Гансүх араас орж ирээгүй... Машинаас буугаад барилцаж аваад би гараараа мөр рүү нь цохисон...Гэм буруутай... Тэр өглөө эмнэлэгт явж байна гэж хэлэхээр нь залгахад утсаа авахгүй байсан... Баримтаа авч ирвэл төлнө... Би гараараа цохисон хавирга руу цохисноо санахгүй байна... Бид хоёр ижил согтолттой байсан... Гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хавирганы гэмтэл дээр би өшиглөөгүй. Унаж байхад үүссэн байх... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орой 6 цагийн үед хөдөөнөөс орж ирэхэд айлын хашааны гадаа машин дотор архи ууж байсан. Тэгээд намайг дуудаад архи өгсөн. Тэгээд дэлгүүр орж архи аваад Ц-ынд орсон юм шиг байсан. Тэгээд үг дуугүй машинаас чирж буулгаад толгой тархи руу нүдсэн. Би толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Маргааш нь эмнэлгээр явахад ярих болов уу? гэж бодсон. Тэгэхэд яриагүй. Сүүлд над руу ярихдаа хохирол төлнө гээд ярьсан. Тэгээд өмгөөлөгч авснаас хойш яриагүй. Би нэг сар гаруй гэртээ хэвтсэн. Би маш их гомдолтой байна. Өмгөөлөгчийн хөлс нийт 750.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг өгсөн. Компьютер оношилгоо 70.000 төгрөг болсон баримтыг нь авч амжаагүй байна. Мал хариулгын хөлс 1.200.000 төгрөг болсон. Мал хариулж байсан хүн хөдөө явсан маргааш ирнэ гэж хэлсэн. Мал тооллогын баримт маргааш гарна гэсэн. Нийтдээ 2.028.000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг төлүүлмээр байна... Б.Ч  4 залуутай гарч ирээд зодсон... Бага зэрэг согтолттой байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 18 цагийн үед хөдөөнөөс мотоциклтой орж ирээд гэрлүүгээ явж байхад айлын үүдэн дээр машинтай зогсож байсан Ч  намайг дуудсан. Тэгээд би машин дотор нь орж суусан. Машин дотор сууж байтал Ч  дуусаж байсан 0.75 граммтай архинаас 1 удаа хундаганд хийж өгсөн. Удалгүй бид нар дэлгүүр орох гээд айлын хашаанд миний мотоциклийг хийгээд Тайшир дэлгүүр явсан. Ч-ын машины урд сууж байсан Э гэх залуу дэлгүүр орж нэг шил соёрхол архи, 1 ундаатай авч ирсэн. Машин дотор Эрдэнэ бид суугаад хүлээж байсан. Удалгүй Ц-ын дүү Ч танихгүй хэдэн залуучууд байсан. Шууд намайг машинаас буулгаж байгаад зодсон...” гэх мэдүүлэг/хх 05-06-рт/,

Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 11-ны өдөр Э , Н , Га  бид 4 Ня  гэх айлын хашааны үүдэнд зогсож байтал Г мотоциклтой гудмаар өгсөж байхаар нь би Г-ийг дуудаад өчигдөр машин авсан, хөдөөгүүр сонин сайхан юу байна үхэр мал харж явна уу гэх асуугаад Г-ийг оруулж ирж суулгаад 0.75 граммтай архинаас бид 5 уусан. Г  Ц  чинь ямаа хулгайлсан гэж хэлэхээр нь би надад хамаагүй, өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Удалгүй Намдаг Га хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд М-тай уулзах гээд М-г авсан. Эргээд бид нар Тайшир дэлгүүрээс 1 шил соёрхол архи авсан. Тэгээд Ц-ын хашаанд ороод Э , М , Г  бид 4 авсан архи уусан. Би Ц-ын гэрт ортол эхнэр хүүхэд нь байхаар нь би буцаад машинд орж архи ууж байтал Г  танайхан хулгайч Ц-ыг дууд гээд байсан. Удалгүй Г  бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн.Тэгээд Г бид хоёр хашаан дотор хоорондоо зодолдсон. Г  эхлээд намайг нэг удаа гараараа цохихоор нь би буцаагаад шанааруу нь 1 удаа цохисон. Бид хоёр барилцаж аваад дээр дороо ороод өнхөрсөн. Тэгсэн Ц  гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх 07-08-рт/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Ж , М , Г  гэдэг хүмүүс машин дотор байх шиг байсан. Удалгүй манай нөхөр ирээд хоол идэх гэж байтал манай хүүхэд гэрт орж ирээд аав гадаа зодоон болоод байна гэхээр нь бид нар гарсан. Ж , Г  хоёр барилцаад байж байхад нь манай нөхөр салгасан. Би салгаж аваад Ж-ыг гэртээ оруулсан. Тэгээд Г  явсан. Нарийн гудмаар алхаж байсныг харсан...” гэх мэдүүлэг/хх 11-рт/,

Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Гэртээ байж байтал Ж , Э , Г  гурав ирсэн. Тайшир дэлгүүр ороод 0.75 граммтай архи аваад машин дотор уусан. Ж  Ц-ын ороод гарч ирэхдээ Ц  байхгүй байна гэж гарч ирсэн. Удалгүй Ж  Г  хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэр хоёр машинаас буугаад бие биенийгээ цохиж авсан. Тэгсэн Ц  ах гарч ирээд Г-ийг чи яв зайл гэж хөөсөн. Тэгсэн Ц-ын эхнэр Б  гэрээсээ гарч ирээд Ж-ыг аваад гэрлүүгээ орохоор нь би гэрлүүгээ явсан. Ж  Г-ийн цээжрүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 12-13-рт/,

Насанд хүрээгүй гэрч Ц.О-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Ахынхаасаа бал авчихаад гэрлүүгээ орох гэж байтал Ч  ах хэдэн хүмүүстэй барилцаад зогсож байсан. Тэгээд би гэрлүүгээ ороод аавыг дуудсан. Манай аав Ц  гарч ирээд Ч  ах нөгөө ах хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх 14-рт/,

Гэрч Ч.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “....Г  бид 2-той нийлж архи уусан. Тэгээд байж байтал Ч  Г  2 маргалдаад машинаас буусан... 2-уулаа согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх 15-16-рт/,

Гэрч Х.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай эхнэр Б  манайд Ж  ирсэн байна. Чамайг хүлээгээд байж байна гэхээр нь иртэл манайд хүн орж ирээгүй. Хашаан дотор жижиг марк-2 машинд Г , Ж , М  гэдэг залуу гурвуулаа байсан. Тэгээд би гэртээ сууж байтал манай хүү аав гадаа зодоон болоод байна гэхээр нь гартал Ж , Г  хоёр зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх 17-рт/,

Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Г  бид хоёр машинаас гараад барилцаж аваад бие биенийгээ цохиж эхэлсэн. Удалгүй Ц-ын хүүхэд хажууд ирээд Ч  ах боль гэж хэлээд гэрлүүгээ ороод аавдаа хэлсэн. Бид хоёр дээр дороо оролцоод хашааны гадаа гарсан байсан. Хашааны гадаа гараад цохисон байж магадгүй, хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна. Хашаан дотор маргалдахдаа гараараа мөрлүү нь хоёр удаа, шанааруу нь 2 удаа цохисон. Хашааны гадаа цохисноо сайн санахгүй байна. Бид хоёр өнхрөлдөөд байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтайбаатарын 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №05 “... Г.Г-ийн биед зүүн 6.7 дугаар хавирганы хугарал, дух хамар, зүүн шанаа, эрүү хүзүүний зүүн талд зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний салстад цус харвалт, 42 дугаар шүдний үзүүрийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 27-28-рт/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаадтад мэдүүлсэн: “...6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шүдний үзүүрийн эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... биед үүссэн бүх гэмтэл нь шинэ гэмтэл байсан...рентген зурагт 9, 10-р хавирганы хугаралттай байсан гэсэн. Энэ буруу гарсан байсан. Харин компьютер КТГ дээр 6, 7-р хавирганы хугаралттай гэсэн байсан. Тийм учир компьютер КТГ дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг/хх 37-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр:  Хохирогчийн мэдүүлэг хх5-6рт, гэрч Б.Ч-ын мэдүүлэг 7-8, гэрч Д.Б-гийн мэдүүлэг хх11-рт, гэрч Н.М-ын мэдүүлэг хх12-13рт, гэрч Ц.О-гийн мэдүүлэг хх14,  гэрч Х.Ц-ын мэдүүлэг хх17рт, Б.Ч-ын мэдүүлэг хх18-19рт, шинжээчийн дүгнэлт хх27-28-рт, шинжээчийн мэдүүлэг  хх37-38 зэрэг зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн материалд шинжээчийн дүгнэлтээр 6, 7 дугаар хавирганы хугарал, шүдний цуурал гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хохирогч хүсэлт гаргасан байгаа. Нийт 2.028.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг гаргаж байгаа. Үүнтэй холбоотой өмгөөллийн хөлс 750.000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэрээг нотлох баримтаар өгсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нэхэмжилж байгаа төлбөр гэж ойлгож байгаа. 1 сарын хугацаанд тухайн малчин хөлсөлж малаа маллуулсан. Хавирганы гэмтлийн гол онцлог нь эм тариа хэрэглээгүй, хэвтрийн дэглэм сахих өвчин зовиур байсан. Мал хариулгын талаар баримт авах гэсэн боловч өчигдөр Замын Үүдээс ирсэн тул баримт бүрдүүлж чадаагүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх гэж үзэж байна. Нийт 2.028.000 төгрөгийн хохирол учирсан зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч Б-гийн мэдүүлэг хх11-рт, насанд хүрээгүй гэрч О-гийн мэдүүлэг хх14-рт, М-ийн мэдүүлэг хх15-рт, Х.Ц-ын мэдүүлэг хх17-20-рт, Г.С-ын мэдүүлэг хх23-рт, Ц.Са-гийн мэдүүлэг хх24-рт, шинжээчийн дүгнэлт хх27-рт, Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 4-5 хүн зодсон гэдэг мэдүүлэг нь зөрүүтэй байгаа. Тал талаас нь өшиглөсөн гэхэд биед нь ямар нэгэн зулгарал гэмтэл хөхрөлт байхгүй болсон нь шинжээч эмчийн үзлэг хийсэн актаар харагдаж байгаа. Шинжээчийн мэдүүлэг хх37-рт, багийн засаг даргын тодорхойлолт хх55-рт, ял шалгуулах хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Ч-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Хохирогч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “...1. өмгөөллийн хөлс 750.000 төгрөг, 2. Мал хариулгын хөлс 1.200.000 төгрөг, 3. Эмнэлэгт компьютер оношилгоо 78.000 төгрөг, нийт 2.028.000 төгрөг...”-ийг нэхэмжилсэн бөгөөд хэргийн материалд мал хариулгын хөлсөнд 1.200.000 төгрөг, компьютер оношилгоог 78.000 төгрөгийг төлсөн гэх хохирлын талаарх баримт хавсаргагдаагүй байна. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч нь баримт байхгүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт “...баримт байхгүй хэдий ч тухайн баримтыг үнэлэх эсэхийг шүүгч дотоод итгэлээрээ шийдвэрлэж өгнө үү...” гэж хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргасан байна. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, мэдүүлэг, хавтаст хэрэгт хохирлын талаархи баримтууд байхгүй байгаа зэргийг үндэслэн хохирогч Г.Г-д учирсан хохирлыг шүүх хуралдаанаар тооцоолох боломжгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...өмгөөлөгчид төлөх зардал...” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байгаа хэдий ч хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь нэг тал болох өмгөөлөгч ажил үйлчилгээг гүйцэтгэх буюу өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал болох ажиллуулагч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээж байгаагаас дүгнэхэд хоёр тал харилцан тохиролцсон шинжээрээ Иргэний хуульд заасан Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүхээс томилогдсон өмгөөлөгчид төлөх зардал хамрагдах тул хохирогч Гансүхийн өмгөөлөгчид төлсөн гэх 750000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд хохирогч Г.Г-ийн нэхэмжилсэн 2.028.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зан харилцааны байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Ч  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Ч-ын үйлдэлд тогтоогдоогүй болно.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “.... Хүн зодоод танхайраад байж болдог учир энэ хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү... Хохирогчийн хувьд 2.028.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Илүү мөнгө нэхэмжлээгүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хор уршиг нь өмгөөлөгч авч 750000 төгрөгийн гэрээ нотлох  баримтаар авагдсан, рентген зураг авхуулсан. Тухайн баримт байхгүй хэдий ч тухайн баримтыг үнэлэх эсэхийг шүүгч дотоод итгэлээрээ шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал, улсын яллагч нь “...Шүүгдэгч Б.Ч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулж байна...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна....” гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА