Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00289

 

      2024          02           05                                         210/МА2024/00289  

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03503 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 44,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ““Д" ХХК-ийн эзэмшдэг контентыг ТВ9 телевиз буюу “М” ХХК нь “А” уран сайхны кино нэртэйгээр 2022 оны 06 сарын 21-ний өдөр зөвшөөрөлгүй, урьдчилан тохирсон гэрээ хэлцэлгүй өөрийн эфирээр гаргасан. Энэ үйлдэлд нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын ахлах байцаагчаас “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулиин 8.3 дугаар зүйл 1-д заасны дагуу 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. “Д” ХХК нь БНСУ-ын “К”-тай хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр Тhe great battle буюу "А” уран сайхны киног нийтэд түгээх, дамжуулах зэрэг эрхийг эзэмшдэг бөгөөд тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр багц кинонуудын хамт худалдан авсан болно. Мөн тухайн кинотой ижил төсөөтэй кинонуудаа Монгол Улс дахь IРТV сувгуудаар худалдан борлуулахаас гадна “М” ХХК-тай контент нийлүүлэх 2022 оны 05 сарын 20-ны өдрийн Д-22/017 тоот гэрээ байгуулж 44,000,000 төгрөгөөр зарсан болно. ТВ9 телевиз буюу тусгай “М” ХХК нь “А” уран сайхны киног зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эфирээр гаргаж ашиг олсон гэм буруутай үйлдлийн улмаас манай байгууллагад учруулсан бодит хохирол 44,000,000 төгрөг болно. Үүнээс гадна Юнивишн, Скаймедиа зэрэг сувгуудаар дамжуулан иргэд, олон нийт түрээслэн үздэг. Мөн түүнчлэн, цахим сайт болох рlауmо.mn зэрэг сайтуудаар багцын үнийн дүнгээрээ дамжуулан түрээсэлж үздэг билээ. Бидэнд тодорхой хэмжээний үнийн дүн бүхий бодит хохирол учрахаас гадна тус киног олон сувгуудаар дамжуулан түрээслэн үзэх үзэгчдийн тоо цөөрсөн. Иймд хариуцагчаас гэм хорын хохирол 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй

       3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 44,000,000 төгрөгийг гаргуулж “Д” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 377,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

      4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

      4.1 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн. Киноны зах зээлийн үнэлгээний хувьд хэт өндөр үнэлсэн.

      4.2 БНСУ-ын Contents Panda компанитай “Д” ХХК-ийн гэрээгээр 84 киног авсан ба “Great Battle” кино жагсаалтын 57-д байна. Багцалж авсан мөнгө шилжүүлсэн баримтыг харвал /2022 оны 09 сарын 21-ний өдрийн Голомт банкны баримт/ нэг киноны үнэ 3,900,000 төгрөгөөр тооцож авсан байна.

      4.3. “М” ХХК-тай байгуулсан 5 сарын 20-ны өдрийн 16,000 секундээр бартераар худалдсан 8 киноны жагсаалтад маргаж байгаа “Great Battle” уран сайхны кино байхгүй байна. Гэтэл шүүх 44,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

    5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Киноны зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн гэж хариуцагч тал маргадаг. Үнийн талаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа тодорхой дурдсан байдаг. “Д” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнг хүү, алданги тооцоогүй бодит байдалд нийцүүлж, гэм хорын хохиролд тохируулан 44,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. “Д” ХХК нь 1 киног БНСУ-аас худалдан авч Монголын телевизүүдэд өгөхдөө 1 киног гаргах үнийн дүн нь 110,000,000 төгрөг байдаг ба хамгийн бага үнэлгээ буюу 44,000,000 төгрөгөөр тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2022 оны 09 сарын 21-ний өдрийн Голомт банкны 377,950 төгрөгийн баримтыг үндэслэдэг. Гэтэл энэ баримт нь нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байдаг. Байгууллагын нууцын тухай хуулийн 2 дахь хэсэгт заасны дагуу БНСУ-тай байгуулсан гэрээний хавсралт буюу тухайн киног хэдэн төгрөгөөр худалдаж авсан баримтаа байгууллагын нууцад хамааралтай гэдэг үүднээс гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх үүнийг хүлээн зөвшөөрч зөв дүгнэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

     1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

      2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

      3. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 сарын 23-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 33/

       4. Хэрэгт авагдсан “М” ХХК-д холбогдох 2202000207 дугаартай “Зөрчлийн хэрэг”-ийн материал, түүнд хавсаргасан баримтуудаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

       4.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “А” /The Great Battle/ уран сайхны киноны эрхийг БНСУ-ын “К” компанитай 2021 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан “Олон улсын олон эрхт дистрибьютерийн гэрээ”-ний үндсэн дээр эзэмшдэг. /хх 20-25/

        4.2. Дээрх уран сайхны киног хариуцагч “М” ХХК нь өөрийн эзэмшдэг ТВ9 телевизийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн эфирээр эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд цацсан. /хх 82, 93-94, 96-97, 98-99, 103-106/

        4.3. Улмаар, Оюуны өмчийн газрын Улсын байцаагчийн 2022 оны 08 сарын 02-ны өдрийн 0020280 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг өмнө дурдсан зөрчлийг гаргасан болохыг тогтоож, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудаст “М” ХХК гомдол гаргаагүй. /хх 112/

          5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу зөв тогтоож, бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлөх үүргийг хариуцагч “М” ХХК хүлээнэ гэж дүгнэсэн нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ

      6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “М” ХХК болон “Д” ХХК-ийн байгуулсан 2022 оны 05 сарын 20-ны өдрийн “Контент нийлүүлэх гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас нэхэмжлэгч “Д” ХХК-д учирсан гэм хорын хохирлын хэмжээг буруу тогтоосон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. /хх 7-14/

   6.1. Дээрх гэрээнээс үзвэл 1 ширхэг контент буюу уран сайхны киног 3 удаа цацах эрх нь 44,000,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон. /16,000 секунд х 22,000 төгрөг : 8 = 44,000,000 төгрөг/

     6.2. Хариуцагч “М” ХХК нь өөрийн эзэмшдэг ТВ9 телевизийн 2022 оны 06 сарын 01-ний өдрийн эфирээр “А” уран сайхны киног 1 удаа цацсан байх тул нэхэмжлэгч “Д” ХХК-д учирсан гэм хорын хохирлыг 44,000,000 : 3 = 14,666,666 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

    7. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан Голомт банкны 2022 оны 09 сарын 21-ний өдрийн цахим гүйлгээний баримт нь улсын тэмдэгтийн хураамж төлсөнтэй холбоотой баримт байх тул “...нэг киноны үнэ 3,900,000 төгрөг...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

      Түүнчлэн, хэрэгт авагдсан “М” ХХК болон “Д” ХХК-ийн байгуулсан 2022 оны 05 сарын 20-ны өдрийн “Контент нийлүүлэх гэрээ”-г үндэслэн 1 ширхэг контент буюу уран сайхны киног эфирээр нэвтрүүлэх үнэлгээг тодорхойлох боломжтой байх тул “...8 киноны жагсаалтад маргаж байгаа уран сайхны кино байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

      8. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй боловч шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцжээ.

      9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03503 дугаар шийдвэрийн

         тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-аас 14,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үлдэх 29,333,334 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

        тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...377,950 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...231,283 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Г.ДАВААДОРЖ           

                                           ШҮҮГЧ                                             Д.НЯМБАЗАР